Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 3842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Богд-Ар хороолол, 21/А байрны 137 тоотод оршин суух, Порс голд майнинг ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, регистр КЮ87052660, Палам овогт Эрхэмбаатарын Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Цоглог хотхон 201-р байрны 132 тоотод оршин суух,Юнайтед алианс ХХК-ийн төслийн удирдагч ажилтай, регистр ХА86032110, Чонос овогт Эрдэнэбилэгийн Мөнгөнзалаад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Уранбилэг, хариуцагч Э.Мөнгөнзалаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Уранбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны хавар Э.Мөнгөнзалаатай танилцаж, үерхэж хамт амьдарсан. 2008 оны 3-р сарын 17-нд гэрлэлтээ батлуулж , 2008 оны 4 дүгээр сарын 17-нд охин М.Анар маань төрсөн. 2013 оны 12-р сараас салж, тус тусдаа амьдарсан. Э.Мөнгөнзалаа одоо гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн авто машинаасаа өөрт болон охиндоо ногдох хувиа гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Э.Мөнгөнзалаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охиныхоо саналыг уншиж танилцаж, Э.Уранбилэг бид хоёр хүүхдийн асрамжийн тал дээрээ тохиролцсон учир ямар нэгэн маргаан байхгүй. Өмнө Э.Уранбилэг охинтойгоо уулзуулахгүй гэдэг байсан. Одоо уулзаж, цаашид сургаж хүмүүжүүлэх тал дээр нь анхаарах талаар тохиролцсон. Дундын өмчлөлийн авто машинаас ногдох хувь гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Уранбилэг нь Э.Мөнгөнзалаад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Э.Уранбилэг Э.Мөнгөнзалаа нар нь 2008 онд гэр бүл болж, 2008 оны 4 дүгээр сарын 17-нд охин М.Анарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

 

Харин талууд хамт амьдрах хугацаанд бие биедээ халамж анхаарал тавьдаггүй, үзэл бодол таарахгүй байснаас хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2013 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, Э.Мөнгөнзалаа нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хамтран амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ охин М.Анарын ээжтэйгээ амьдарна гэсэн санал, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүү М.Анар нь эхийн асрамжинд байсныг харгалзан түүний асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж эцэг Э.Мөнгөнзалаагаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 4-р сарын 05-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч нь хамт амьдарч байх хугацаанд бий болгосон 68-51 УБД улсын дугаартай Тоёота Королла машины үнээс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч машиныг 3 800 00төгрөгөөр зарсан, энэ үнээс 2 хүнд ногдох хэсгийг гаргуулахад талууд маргаагүй байна.

 

Иймд хариуцагч Э.Мөнгөнзалаагаас 2 533 332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Уранбилэгт олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрхэмбаатарын Уранбилэг, Эрдэнэбилэгийн Мөнгөнзалаа нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 04 дүгээр сарын 17-нд төрсөн охин М.Анарыг эх Э.Уранбилэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.Анарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Э.Мөнгөнзалаагаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Мөнгөнзалаагаас 2 533 332 /хоёр сая таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж Э.Уранбилэгт олгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнгөнзалаагаас 125 683 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА