Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Ж.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар /ӨЭД:1672/,

Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000153 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, эрэгтэй, *******тай, халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ******* тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэлгүй. ******* овогт *******ын ******* РД: //.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******тэй хоол унд хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж хогийн шүүрээр толгойн тус газарт 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.******* мэдүүлэхдээ: “...2021 оны 07 сарын 04-ний өдөр хөдөө малдаа 14 цагийн үед яваад 15 цагийн үед гэртээ ирсэн. Манай эхнэр архи уучихсан байсан. Тэгээд жоохон архи үлдсэн байсныг уусан. Тэгээд 2-уулаа архи уусан болохоор хоорондоо маргалдсан. Уул нь би зодъё гэж бодоогүй 30-аад жил хамт амьдрахдаа би уг нь зодож байгаагүй. Архи хэтрүүлж уусан нь буруу боллоо. Ер нь миний буруу гэмшиж байна...” гэж мэдүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.******* мэдүүлэхдээ: “...Хөдөөгөөс таньдаг хүн ирээд архи уучихсан байсан. Нөхрийг ирэхэд цай хоол хийгээгүй байсан. Тэрнээс болоод маргаан үүссэн. Хоол ундаа хийхгүй яасан юм гэхлээр нь би хүн амьтан ирээд цай хоол хийж чадаагүй гэсэн. Биеийн байдал зүгээр гомдол саналгүй...” гэж мэдүүлэв. 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж.*******гийн: “...Би ер нь нөхөртэйгөө хамт малдаа явдаг байсан юм. 2021 оны 07 дугаар сарын 04-ний өглөө малдаа яваагүй гэртэй юм угаах гэж үлдсэн. Тэгээд юмаа угаагаад байж байсан чинь хөдөөнөөс манай хуурай дүү гэх залуу ирсэн тэгэхээр нь гэрт байсан нэг шил Хараа нэртэй 0,75 гр-н архи гаргаж өгөөд хамт уусан. Тэр архиа ууж дуусгаагүй талд нь хүргээд тэр залуу явсан. Тэгээд нээх удаагүй манай нөхөр З.******* хөдөө малаасаа ирээд үлдсэн байсан тал шил архийг уугаад намайг гэртэй юм угаана гэж үлдээд юмаа ч угаасан юм байхгүй цай хоол ч үгүй согтуу байлаа гээд бид 2 маргалдсан. Тэгэхээр нь би чиний малд явах, миний архи уух чамд ямар хамаатай юм гэсэн хана түшүүлээд тавьчихсан байсан хогийн шүүр аваад миний миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд намайг цохихоор нь их согтуу байсан болохоор унахдаа гараа ширээний буланд цохиод уначихсан. Би босох гэсэн чинь босож чадахгүй байсан чинь манай нөхөр гараад явчихсан. Тэгээд удаагүй манай том охин Э. гүйгээд ороод ирсэн. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэгт намайг авчирсан удаагүй бас цагдаа эмнэлэг дээр ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.ын: “...Би 2021 оны 07 дугаар сарын 04-ний өглөө эрт хөдөө явчихаад 15-н цагийн үед гэртэй ирчхээд байж байсан чинь аав буюу З.******* гаднаас ороод ирсэн тэгээд ээж чинь цус нөжгэйгөө холилдчихлоо гээд буцаад гараад явсан би араас нь гутлаа өмсөөд гарсан чинь яваад өгсөн байсан. Тэгээд би аавынх руу яваад орсон чинь миний төрсөн ээж Ж.******* үүдний өрөөний ширээний хажуу талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Эхлээд ороход хамраас нь цус гарсан юм шиг харагдахаар нь хамрыг нь угаасан чинь толгойн орой хэсгээсээ цус гоожиж байсан. Тэгэхээр нь сандраад нөхөр болон хойд айлын ахыг дуудаад гурвуулаа нийлж боосон болоод машинд суулгаад шууд Багахангай дүүргийн эмнэлэг дээр ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7дугаар сарын 15-ны өдрийн 08шэ/385 дугаартай:

1. Ж.*******гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

З.*******ын хаан банкны дансны хуулга /хх-ийн 38 дугаар хуудас/,

Нийслэлийн Статистакийн газрын мал тооллогын гэрчилгээ /хх-ийн 40 дүгээр хуудас/,

З.*******ын согтуурал /1.47 хувь/ болохыг шалгасан тэмдэглэл, фото зураг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ, тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 44-47 дугаар хуудас/,

Нийгмийн даатгалын тэтгэвэр олголтын хуулбар /хх-ийн 49-52 дугаар хуудас/,

Хаан банкны дансны хуулга /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Яллагдагч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******тэй хоол унд хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж хогийн шүүрээр толгойн тус газарт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч З.*******, хохирогч Ж.******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн 08шэ/385 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгч З.*******, хохирогч Ж.******* нар нь 1984 оны 05 сарын 12-ны өдрөөс хойш гэр бүл болсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч З.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул З.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Ж.******* нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул З.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч З.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ялын доод хэмжээг оногдуулах санал гаргасан, З.******* нь улсаас олгох тэтгэвэр тэтгэмж авдаг зэргийг харгалзан түүнд үйлдсэн гэмт үйлдэлд нь тохирсон гэж үзэж торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ .

    Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч З.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1.  З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.*******т мэдэгдсүгэй.
  1. Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол З.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.БАЯСГАЛАН