Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Д.Ёндондүйчир,

Шүүгдэгч Я.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хадныхан овогт Ядмаагийн Батсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000164 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум 3 дугаар баг Хөх толгойн 3-3-29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хадныхан овогт Ядмаагийн Батсүрэн /РД:ВЙ86061113/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ядмаагийн Батсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 5-32 тоотод Д.Ёндондүйчиртэй “ахаа гэж хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж зүүн хөл рүү нь хавсарч унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Батсүрэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахиж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Ахыгаа хүндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдсан. Ах чинь намайг ахаа гэж дуудаж байхад чи намайг чи гэлээ гэж муудалцсан. Тухайн үед гэмтэл учруулан гэж бодоогүй. Миний буруу гэмшиж байна...” гэж мэдүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хохирогч Д.Ёндондүйчир: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Батсүрэн гэх хүнтэй 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 30 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ах нь намайг ахаа гэж байхад чи гээд байсан. Намайг хүндлээгүй тэрүүнээс болж ийм зүйл болсон. Хоёулаа барилцаж аваад намайг хавсарч унагаасан. Би унахдаа цонхны тавцан мөргөөд унасан. Тэгээд 00-н өрөөнд нь цусаа угаасан. Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн Хонгороо гэх цагдаа ирсэн. Баярсүрэн намайг эмнэлэг дээр аваачиж миний духыг оёулсан. Би хохирол гомдолгүй. Батсүрэн нь миний хэлсэн эм тариаг бүгдийн авч ирж өгсөн. Ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Би эхлээд заамдаж аваад алгадсан тэгэхэд Батсүрэн намайг хавсраад унагаасан өөр зохиж зодсон зүйл болоогүй...” гэж мэдүүлэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шинжээч эмч, эмгэг судлаач их эмч, цагдаагийн алах дэслэгч С.Төгсбуянгийн “... 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6643 дугаартай "Я.Батсүрэнгийн биед зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 31-32 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шинжээч эмч, эмгэг судлаач их эмч, цагдаагийн алах дэслэгч С.Төгсбуянгийн “...2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6641 дугаартай "Д.Ёндондүйчирын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 33-34 хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Оюун-Эрдэнийн "...2021 оны 07 дугаар сарын 22 өдөр 17-н цагийн үед хүргэн ах Я.Мөнх-Эрдэний найз болох Д.Ёндондүйчир гэх ах гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд юм ярьж сууж байгаад манай нөхөр Я.Батсүрэн дэлгүүр явж нэг шил Хараа нэртэй 750 гр архи авчираад задалсан. Тэр архийг нь манай хүргэн ах Я.Мөнх-Эрдэнэ, манай нөхөр Я.Батсүрэн, Д.Ёндондүйчир 3 хувааж уучихаад юм ярьж сууж байгаад Ёндондүйчир болон манай нөхөр Я.Батсүрэн 2 гал тогоонд ороод юм яриад зогсож байсан. Тэгээд би том өрөөнд хүргэн ах Я.Мөнх-Эрдэнэ, бэр эгч Болормоо нартай юм яриад сууж байсан чинь гал тогооны өрөөд чимээ гархаар нь яваад очсон чинь Д.Ёндондүйчирын толгой хэсгээс цус гарсан байсан, манай нөхрийн чихнээс нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд Д.Ёндондүйчирийг хүргэн ах Я.Мөнх-Эрдэнэ, бэр эгч Болормаа нар цусийг нь угаах гээд нойл ороод дотор талаасаа хаалгаа цоожилчихсон. Манай нөхөр уучлалт гуйх гэсэн юм гээд хаалгыг нь нүдсэн чинь хүргэн ах Я.Мөнх-Эрдэнэ өөдөөс нь гарч ирээд чи яах гээд байгаан юм бэ цаашаа байж бай гээд холдуулсан. Тэгээд удалгүй хаалга тогшоод цагдаа орж ирээд Ёндондүйчирийг эмнэлэгрүү авч яваад манай нөхөр Я.Батсүрэнг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-н 20 хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Болормаагийн "...Тэгээд би том өрөөнд нөхөр Я.Мөнх-Эрдэнэ, хадам дүү Я.Батсүрэнгийн эхнэр Н.Оюун-Эрдэнэ нартай юм яриад суунгаа утсаараа оролдоод байж байсан чинь гал тогооны өрөөд чимээ гарахаар нь яваад очсон чинь Д.Ёндондүйчирын толгой хэсгээс цус гарсан байсан, манай хадам дүүргийн чихнээс нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд Д.Ёндондүйчирыг манай нөхөр Я.Мөнх-Эрдэнэ, бид 2 цусийг нь угаах гээд нойл ороод хаалгаа хаачихсан байсан. Тэгсэн чинь Я.Батсүрэн би уучлалт гуйя гээд хаалга нүдээд байхаар нь манай нөхөр Я.Мөнх-Эрдэнэ өөдөөс нь гараад цааш нь аваад явчихсан. Тэгээд би цусыг нь тогтоох гээд угаасан чинь тогтохгүй байсан. Тэгээд удалгүй хаалга тогшоод цагдаа орж ирээд Ёндондүйчирийг эмнэлэгрүү авч яваад манай хадам дүү Я.Батсүрэнг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-н 23 хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Я.Мөнх-Эрдэнийн "...Манай дүү Я.Батсүрэн нь Ёндондүйчирийг ёок чи гэсэн чинь чи ахынхаа найзыг чи гэж дуудлаа гээд маргалдаж байсан. Тэгээд гайгүй болчихоор нь би гайгүй байлгүй дээ гэж бодоод сууж байсан чинь гал тогооны өрөөнд юм унах чимээ гархаар нь очоод үзсэн чинь тийм юм болчихсон байсан. Хэн нь хэнийгээ юугаар яаж цохисон талаар бид нар хараагүй. Би тэр хоёрыг маргалдаж зодолдож байхад хажууд нь байгаагүй тэр 2 гал тогооны өрөөнд маргалдаж зодолдсон бид хэд том өрөөнд байсан..." гэх мэдүүлэг /хх-н 27 хуудас,/

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас,

Я.Батсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,

Хаан банкны дансны хуулга /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.Батсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 5-32 тоотод Д.Ёндондүйчиртэй “ахаа гэж хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж зүүн хөл рүү нь хавсарч унагааж духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шинжээч эмч, эмгэг судлаач их эмч, цагдаагийн алах дэслэгч С.Төгсбуянгийн “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №6641 дугаартай дугаартай дүгнэлт, шүүгдэгч Я.Батсүрэн болон хохирогч Д.Ёндондүйчирийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон гэрч Н.Оюун-Эрдэнэ, Ж.Болормаа, Я.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн зөрүүгүй мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Я.Батсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Я.Батсүрэн нь хохирогч Д.Ёндондүйчиртэй маргалдаж зүүн хөл рүү нь хавсарч унагааж духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Я.Батсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Ёндондүйчир нь эмчилгээний зардалд шаардлагатай эм тариаг авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Я.Батсүрэн нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Я.Батсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрийг даруй төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан түүнийг ялаас чөлөөлөв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Батсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хадныхан овогт Ядмаагийн Батсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Я.Батсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Я.Батсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Я.Батсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН