| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2018/02780/и |
| Дугаар | 3741 |
| Огноо | 2018-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 3741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайран дүүрэг, дүгээр хороо, Аюуш дугаар гудамж, тоотод оршин суух, Боржигин овогт Нарантуяагийн Сумъяа /РД: УБ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 16 дугаар байр, 13 тоотод оршин суух, Боржигон овогт Болдын Баяр /РД: ЧР79073118/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайран дүүрэг, 25 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамж, 246 тоотод оршин суух, Боржигин овогт Даваадоржийн Баярмагнай /РД: ЧС84041871/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, давхар 8 дугаар байр, 9 тоотод оршин суух, Хиад боржигин овогт Доржпаламын Оргилбаяр /РД: ЦИ85101619/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31/1 дүгээр байрны 33 тоотод оршин суух, Хар ямаат овогт Сэрчингийн Үүрцайх /РД:ОЙ75052313/ нарт холбогдох,
Нэхэмжлэгч Н.Сумъяагийн хариуцагч Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр, С.Үүрцайх нараас 53,430,831 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баярын нэхэмжлэгч Н.Сумъяагаас 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баярмагнайгийн нэхэмжлэгч Н.Сумъяагаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Сумъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Б.Баяр, хариуцагч Д.Баярмагнайнитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч Б.Баяр нарын өмгөөлөгч Н.Баттогтох, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нэхэмжлэгч Н.Сумъяа би хариуцагч Б.Баяртай найз нөхдийн харилцаатай бөгөөд намайг 2015 оны 7 дугаар сард Япон улсруу явах гэж байхад найз Б.Баяр ирээд найзаа машинаа барьцаалаад зээл аваад өгөөч, чамайг Японоос ирэхэд зээлийн мөнгийг төлөөд машиныг чинь барьцаанаас чөлөөлөөд аваад өгье, найз нь тендерийн ажил авах гээд мөнгө хэрэг болоод байна гэж гуйхаар нь өөрийн өмчлөлийн Лексус-570 маркын авто машинаа Скай ворлд финанс ББСБ-д барьцаалж 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд Н.Сумъяа би гарын үсэг зурж, мөнгийг Б.Баярын данс руу шилжүүлсэн. Ингээд намайг Япон улсаас ирэхэд зээл төлж, миний машиныг барьцаанаас чөлөөлөөгүй байсан ба үүнээс хойш 6 сар өнгөрсөн боловч машиныг авч өгөөгүй. Ингээд би зээлээ төлж машин авч өгөхийг шаардахад Б.Баяр нь уг 90,000,000 төгрөгийг Д.Баярмагнайд, Д.Баярмагнай нь Д.Оргилбаярт, Д.Оргилбаяр нь С.Үүрцайх гэгчид дамжуулан шилжүүлсэн байсан. Улмаар бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр, С.Үүрцайх нарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн жил гаруй хугацаанд шалгаад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү эрүүгийн хэргийг шалгах явцад хохирогч Н.Сумъяа надаас болон яллагдагч нараас нийт 143,413,660 төгрөгийг Скай ворлд финанс ББСБ-д зээлийн гэрээний үүрэгт төлж, миний автомашиныг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд үүнээс 119,500,000 төгрөгийг яллагдагч нар төлсөн болохыг тогтоосон. Иймд Н.Сумъяа миний бие зөрүү 23,913,000 төгрөгийг Скай ворлд финанс ББСБ-д төлсөн байх тул хариуцагч нараас нэхэмжилж байна.
Мөн би зээлийн гэрээний барьцаанд байсан Лексус 570 маркын машинаа барьцаанаас чөлөөлөхдөө Хас банк ХХК-иас 80,000,000 төгрөгийн, жилийн 23.40 хувийн хүүтэй зээл авч барьцаалагч Скай ворлд финанс ББСБ-д 72,082,660 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлж барьцаанд байсан машинаа авсан бөгөөд Хас банкны зээлийн хүүнд өнгөрсөн хугацаанд 29,517,831 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр, С.Үүрцайх нараас нийт 53,430,831 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татсан С.Үүрцайхын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул С.Үүрцайхыг хамтран хариуцагчаар татахаас татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 53,430,831 төгрөгийг хариуцагч Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Баяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.Баяр би 2015 оны 07 сард иргэн Н.Сумъяагаас 90,000,000 төгрөгийг барилгын ажилын баталгаанд байршуулна гэж авсан нь үнэн бөгөөд уг 90,000,000 төгрөгийг иргэн Д.Баярмагнайд шилжүүлэн өгсөн. Д.Баярмагнай нь Д.Оргилбаярт өгсөн, Д.Оргилбаяр нь С.Үүрцайхд өгсөн. Иймд Н.Сумъяагийн нэхэмжилж буй мөнгийг би хариуцагч үндэслэлгүй гэж үзэж байна.
2015 оны хавар Д.Баярмагнай сургууль, цэцэрлэгийн тендерийн ажилд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Энэ талаар Н.Сумъяад хэлж түүнээс мөнгө авахаар болсон. Олсон ашгаа Н.Сумъяа бид хоёр 70/30 хувиар хувааж авахаар тохирсон. Н.Сумъяагаас авсан мөнгө миний дансанд 2 хоносон. Тэгээд л н.Баярмангайн дансанд мөнгө шилжүүлсэн. Н.Сумъяагаас мөнгө зээлж аваагүй учраас төлөхгүй.
Хариуцагч Д.Баярмагнай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2015 оны 7 дугаар сард би өөрийн найз Б.Баяраас 90,000,000 төгрөг шилжүүлж авсан. Б.Баяр нь найз Н.Сумъяагаас зээлж авсан. Авсан даруйдаа 1 ч төгрөг дутаалгүй Д.Оргилбаярын дансанд шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ хүнээс хүүтэй авсан мөнгө шүү, баталгаандаа байршуулаад эхний санхүүжилтээсээ буцааж төлөөрэй гэж хэлсэн. Уг барилгын ажил эхлээгүй тул мөнгөө буцааж авах гэтэл өнөөдөр, маргааш өгнө гэж явсаар хугацаа өнгөрч, хүү, алдангид цувуулж өгсөөр 62 сая төгрөгийг Д.Оргилбаяр буцааж өгсөн болно. Энэ өрийг төлөхийн тулд Б.Баяр бид 2 өөрсдийн машин болон байраа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж нийт 120 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлөөд байна. Иймд энэ хэргийн хариуцагчийг зөв тогтоолгох хүсэлттэй байна.
Хариуцагч Д.Баярмагнайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Анх хариуцагч Д.Оргилбаяр компанидаа тендер авсан. Тендерийн ажилд урьдчилгаа 150,000,000 төгрөг байршуулах шаардлагатай болсон. Энэ ажлаас 100,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой гэж Б.Баяртай уулзсан. Б.Баяр нь Н.Сумъяаг танилцуулж, Н.Сумъяагаас 90,000,000 төгрөг авахаар болсон. Ашиг сонирхолгүйгээр хүн өөрийнхөө машиныг 100,000,000 төгрөгийн барьцаанд барьцаалуулна гэж байхгүй. Өөрт нь ашигтай байж, бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ажил бүтэхгүй болж, Д.Оргилбаярын үйлдэл залингийн гэмт хэргийн шинжтэй болсон. Н.Сумъяагийн машины хүү, алдангийн төлбөрөөс би тухайн үед төлөлцөж байсан. Би Н.Сумъяатай гэрээ байгуулаагүй, мөнгө өгч, авалцаагүй, зээлийн харилцаанд ороогүй. Иймд надаас зээлийн төлбөр нэхэх үндэслэл байхгүй гэв.
Хариуцагч Д.Оргилбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Н.Сумъяа нь Д.Оргилбаяр надад холбогдуулан 53,430,831 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд дараах тайлбарыг гаргаж байна. Д.Оргилбаяр би Н.Сумъяатай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсгээгүй ба ямар ч өр төлбөр байхгүй. Н.Сумъяагаас нэг ч төгрөг зээлж болон өөр бусад хэлбэрээр авч байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж намайг шалгасан боловч прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Иргэний хуулийн ямар үндэслэлээр надаас 53,430,831 төгрөг шаардаад байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баярмагнайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан болон хариуцагч Б.Баяр нарын өмгөөлөгч Н.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Баярмагнай, Н.Баяр нар хожоогүй. Зээлийн төлбөрөөс нэг л хүн хожсон. Тэр бол шүүх хуралдаанд ирээгүй байгаа хариуцагч Д.Оргилбаяр. Д.Оргилбаяр бүх мөнгийг кармалчихаад өгөх ёстой хүнд нь өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар прокурорын тогтоол хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэж гарсан. Скай ворлд финанс ББСБХХК-д зээлийн төлбөрт 143,000,000 төгрөг төлсөн гэсэн баримт байхгүй. Прокурорын тогтоолыг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн 23,000,000 төгрөгийн шаардлага нотлогдохгүй байна. 2015 оны 6 дугаар сард талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эрх зүйн харилцаа дуусах ёстой байсан. Нэхэмжлэгч талд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс шаардах эрх үүссэн байсан. Гэтэл өнөөдөр 2018 оны 12 дугаар сард Иргэний хуулийн 72, 75.2.1, 76 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоолно. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Б.Баяр, Н.Сумъяа нарын зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллахаар тохиролцсон. Хариуцагч нар 100,000,000 төгрөгийг 70/30 хувиар хувааж авъя гэсэн учраас талууд хамтран ажиллахаар тохиролцсон гэх мэдүүлэг үндэслэлтэй байна. Хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Талууд хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, эрх үүргээ хувиарласан. Ажил бүтэлгүйтсэн. Хэн хэн нь ашиг хүртэж чадаагүй. Хамтран ажиллахаар тохирсон эрсдэлийг адилхан үүрэг ёстой. Талууд ямар ч эрсдэл гарсан нэхэмжлэгчийг хохиролгүй болгож Н.Сумъяагийн машиныг заавал авч өгөхөөр тохирсон. Энэ үүргийнхээ дагуу Н.Сумъяагийн машиныг ямар ч байсан авсан. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдож чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Талуудын хооронд хамтран ажиллах тохиролцоогоор эрх зүйн харилцаа үүсэж, эрсдэлийг хувааж төлөх ёстой. Хариуцагч Б.Баяр, Д.Баярмагнай нарын илүү төлсөн мөнгөөр Н.Сумъяа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэв.
Хариуцагч Б.Баяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
2015 онд Д.Баярмагнай надтай ирж уулзаад Ричголден бүүлс ХХК нь улсаас концессын гэрээгээр авсан ажлуудаас морингийн даваанд сургууль барих 1,7 тэрбум төгрөгийн ажлыг нь авахын тулд гүйцэтгэлийн баталгаа болгож 90,000,000 төгрөгний хэрэг байна. Чи энэ мөнгийг гаргаад хоёулаа хамтарч ажиллаад ажлаа авсаны дараа чиний оруулсан мөнгийг эхэлж өгөөд цаашид олсон ашгаа хувааж авъя гэж санал тавьсан. Ингээд надад мөнгө байхгүй байсан болохоор би Д.Баярмагнайг өөрийн найз Н.Сумъяатай танилцуулж өгснөөс өөр зүйлгүй билээ. Ингээд Н.Сумъяа, Д.Баярмагнай нар харилцан тохиролцсон. Сүүлд нөгөө ажил нь бүтэлгүйтэж Н.Сумъяа намайг болон Д.Баярмагнай нарыг цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүссэн юм. Ингээд би цагдаад өдөр шөнөгүй дуудагдаж, хорино энэ тэр гэхээр нь цагдаагийн дарамтаас айсандаа огт аваагүй мөнгөний төлөө, Н.Сумъяа, Д.Баярмагнай нарыг танилцуулсныхаа төлөө 15,000,000 төгрөг өгсөн. Иймд энэхүү 15,000,000 төгрөгийг Н.Сумъяагаас нэхэмжилж байна. Мөн Н.Сумъяагийн эгч нь 2015 оны 5 дугаар сард надаас 5,000,000 төгрөг зээлсэн. 2015 оны 9 дүгээр сард Н.Сумъяа надаас 9,000,000 төгрөг тус тус зээлсэн. Иймд нийт 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сумъяагаас гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Н.Сумъяа болон түүний өмгөөлөгч Б.Гантөмөр хариуцагч Б.Баярын сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа:
Би Б.Баяраас 9,000,000 төгрөг авсан гэдгээ санахгүй байна. Хэрэв Б.Баяраас 9,000,000 төгрөг би авсан бол баримтаа гаргах хэрэгтэй. Мөн Н.Сумъяагийн эгч надаас 5,000,000 төгрөг зээлсэн гэлээ. Уг мөнгийг Н.Сумъяагаас биш, эгчээс нь нэхэмжлэх хэрэгтэй. Н.Сумъяа эгчийнхээ зээлсэн мөнгөний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Б.Баяр нь өөрийн дансанд 90,000,000 төгрөг хүлээж авснаараа зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээх ёстой. Энэ үүргийнхээ дагуу 15,000,000 төгрөг төлсөн гэв.
Хариуцагч Д.Баярмагнай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би Н.Сумъяатай Б.Баяраар дамжуулан танилцсан бөгөөд Ричголден бүүлс ХХК нь улсаас концессын гэрээгээр авсан ажлуудаас морингийн даваанд сургууль барих 1,7 тэрбум төгрөгийн ажлыг авахын тулд гүйцэтгэлийн баталгаа болгож 90,000,000 төгрөгийг Ричголден бүүлс ХХК-ийн дансанд байршуулах шаардлага гарсан. Ингээд тус ажилд Н.Сумъяа бид хоёр хамтран ажиллахаар тохиролцож 90,000,000 төгрөгийг Н.Сумъяа гаргаж дээрх ажлын урьдчилгаа болох 70 хувийн хөрөнгө орж ирэхээр эхний ээлжинд Н.Сумъяагийн гаргасан 90,000,000 төгрөгийг өгч, ажлаа дууссаны дараа олсон ашгийг хувааж авахаар Н.Сумъяатай тохиролцсон. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байхад хорино, барина гээд байхаар нь айсандаа илүү дутуу хүү, алдангид 14,500,000 төгрөгийг төлсөн. Нэгэнт хамтран ажиллахаар тохиролцсон байж ашиг олвол хувааж аваад эрсдэл гарвал би бүгдийг нь төлнө гэдэг нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд илүү төлсөн 14,500,000 төгрөгийг иргэн Н.Сумъяагаас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Н.Сумъяа болон түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нар хариуцагч Д.Баярмагнайгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нар Н.Сумъяагийн авто машиныг Скай ворлд финанс ББСБ ХХК-иас авч өгөх үүрэгтэй. Хариуцагч Д.Баярмагнай энэ төлбөрт л 14,500,000 төгрөг төлсөн. Хэрэв Н.Сумъяаг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл түүний хөрөнгө нэмэгдсэн байх ёстой. Гэтэл Н.Сумъяагийн хөрөнгө 14,500,000 төгрөгөөр нэмэгдээгүй. Машин дээр нэмэх нь 14,500,000 төгрөг гэж байхгүй. Хариуцагч Д.Баярмагнай Б.Баяраас 90,000,000 төгрөг авч, захиран зарцуулсан. Д.Баярмагнай нь 90,000,000 төгрөг захиран зарцуулсныхаа хариуцлагыг хүлээж, 14,500,000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар хариуцагч Д.Баярмагнайн зээлийн төлбөрт 14,500,000 төгрөг шилжүүлсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд нийцсэн үйлдэл. Хариуцагч нар бизнес хийхээр Н.Сумъяагаас мөнгө зээлсэн. Мөнгөө алдчихаараа зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж ярьж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж цагдаа, прокурор төлбөр төлөхгүй бол хорино гэж айлгаж сүрдүүлсэн учраас би мөнгө төлсөн гэж ярьж болохгүй. Хариуцагч нарыг Эрүүгийн хэрэгт хохирлоо төл гэсэн учраас эдгээр хүмүүс хохирлоо төлсөн. Хариуцагч нарын Н.Сумъяатай зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Н.Сумъяа Д.Баярмагнайгаас авсан 14,500,000 төгрөгийг Скай ворлд финанс ББСБ ХХК-д тушааж, зээлийн төлбөрөөс хасуулсан. Иймд хариуцагч н.Баярмагнай 14,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Сумъяа нь хариуцагч Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр, С.Үүрцайх нарт холбогдуулан 53,430,831 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Баяр нь нэхэмжлэгч Н.Сумъяад холбогдуулан 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Д.Баярмагнай нь нэхэмжлэгч Н.Сумъяад холбогдуулан 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч Д.Оргилбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав нь ...Д.Оргилбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хариуцагч Д.Оргилбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно /хх-224 тал/.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг:Нэхэмжлэгч Н.Сумъяагийн хариуцагч Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр, С.Үүрцайх нараас 53,430,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Н.Сумъяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Үүрцайхаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Үүрцайхд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй /хх-39 тал/.
Нэгэнт нэхэмжлэгч нь хариуцагч С.Үүрцайхаас татгалзсан тул хариуцагч С.Үүрцайхд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, эрх үүрэг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Хариуцагч Б.Баяр нь найз Н.Сумъяагийн өмчлөлийн Лексус-570 маркын 54-66 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Скай ворлд финанс ББСБ ХХК-ийн барьцаанд тавиулж 90,000,000 төгрөгийг 92 хоногийн хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, Скай ворлд финанс ХХК-тай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ201356 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаартай тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна /хх-5-7, 130-131 тал/.
Хариуцагч Б.Баяр нь нэхэмжлэгч Н.Сумъяагаас 90,000,000 төгрөгийг барилгын ажлын баталгаанд байршуулна гэж авсан, уг мөнгийг дансандаа 2 хонуулаад Д.Баярсайханд шилжүүлсэн, Д.Баярсайхан нь Д.Оргилбаярт шилжүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгч Н.Сумъяа, хариуцагч Б.Баяр нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Н.Сумъяа нь бусдад залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр, С.Үүрцайх нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 болон 159 дугаартай тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх тогтоолд хохирогч Н.Сумъяа болон яллагдагч Б.Баяр, Д.Баярмагнай, Д.Оргилбаяр, С.Үүрцайх нар нь нийт 143,413,660 төгрөгийг Скай ворлд финанс ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлж, барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд үүнээс 119,500,000 төгрөгийг яллагдагч нар төлсөн болохыг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл Скай ворлд финанс ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэгт нийт төлсөн төлбөрөөс 23,913,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сумъяа төлсөн болохыг тогтоосон. Энэхүү тогтоолтой яллагдагч нар нь танилцсан бөгөөд хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Н.Сумъяагийн хариуцагч Б.Баяр намайг Японоос ирэхэд буюу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэхэд миний машиныг барьцаанаас чөлөөлөөд аваад өгье гэхээр нь итгээд өөрийн машиныг Скай ворлд финанс ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавьж, 90,000,000 төгрөг зээлж өгсөн, ... эхний сарын зээлийн хүүг Б.Баяр төлсөн гэх тайлбарыг хариуцагч Б.Баяр нь үгүйсгэхгүй байх тул хариуцагч Б.Баярыг 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгч Н.Сумъяагийн авсан зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Н.Сумъяа, хариуцагч Б.Баяр нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хариуцагч Б.Баяр нь зээлийн хүү төлөх үүрэг үүсэхгүй боловч нэхэмжлэгч Н.Сумъяагийн өмнө хүлээсэн үүрэг болох 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгч Н.Сумъяагийн авсан зээлийн төлбөрийг Скай ворлд финанс ББСБ ХХК-д төлөөгүйгээс нэхэмжлэгч нь 23,913,000 төгрөгийг Скай ворлд финанс ББСБ ХХК-д төлсөн байх тул нэхэмжлэгчийг тэр хэмжээгээр хохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Сумъяа нь хариуцагч Б.Баяраас Скай ворлд финанс ББСБ ХХК-д нэмж төлсөн 23,913,000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Хэдийгээр хариуцагч Д.Баярмагнай, Д.Оргилбаяр нар нь нэхэмжлэгч Н.Сумъяагаас 90,000,000 төгрөгийг аваагүй, эрүүгийн журмаар шалгагдаж байх хугацаандаа нэхэмжлэгч Н.Сумъяагийн нэр дээр байгаа зээлийн төлбөрийг төлж байсан, төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байх боловч уг баримтуудыг үндэслэн Н.Сумъяа болон Д.Баярмагнай, Д.Оргилбаяр нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Баярмагнай, Д.Оргилбаяр нараас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 23,913,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний барьцаанд байсан Лексус 570 маркын машинаа барьцаанаас чөлөөлөхдөө Хас банк ХХК-иас 80,000,000 төгрөгийн, жилийн 23.40 хувийн хүүтэй зээл авч, Скай ворлд финанс ББСБ-д 72,082,660 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлж барьцаанд байсан машинаа авсан бөгөөд Хас банкны зээлийн хүүнд өнгөрсөн хугацаанд 29,517,831 төгрөгийг төлсөн тул хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээг өгсөн байх боловч уг гэрээний дагуу авсан зээлийн зориулалт нь эргэлтийн хөрөнгийн зориулалттай байхаас гадна энэхүү зээлийн гэрээний дагуу авсан 80,000,000 төгрөгийг Скай ворлд финанс ББСБ-ийн зээлийн төлбөрт төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Скай ворлд финанс ББСБ-ийн зээлийн төлбөрт 23,913,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг хариуцагч төлсөн гэж тайлбарлан тэднээс 23,913,000 төгрөгийг нэхэмжилсэн хэрнээ дахин Хас банкнаас зээл авч 72,082,660 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлж барьцаанд байсан машинаа авсан бөгөөд Хас банкны зээлийн хүүнд өнгөрсөн хугацаанд 29,517,831 төгрөгийг төлсөн гэж эргэлийн хөрөнгийн зориулалтаар авсан зээлийн хүүгээ хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Баяраас 23,913,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сумъяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,517,831 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Д.Баярмагнай, Д.Оргилбаяр нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Хариуцагч Б.Баярын нэхэмжлэгч Н.Сумъяад холбогдуулан гаргасан 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Д.Баярмагнайгийн нэхэмжлэгч Н.Сумъяад холбогдуулан гаргасан 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б.Баяр нь 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Н.Сумъяагийн эгч нь надаас 5,000,000 төгрөг зээлсэн, мөн Н.Сумъяа 2015 оны 9 дүгээр сард надаас 9,000,000 төгрөгийг зээлсэн боловч өгөөгүй гэх үндэслэлээр Н.Сумъяагаас нэхэмжилж байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хэрэгт хариуцагч Б.Баяр нь 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Н.Сумъяагийн эгчид 5,000,000 төгрөг зээлүүлсэн болон нэхэмжлэгч Н.Сумъяад 2015 оны 9 дүгээр сард 9,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэх баримт авагдаагүй байх ба хариуцагч нь энэ нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч Б.Баяр нь Н.Сумъяагаас авсан 90,000,000 төгрөгнөөс нэг ч төгрөг дутаалгүй Д.Баярмагнайд шилжүүлсэн. Гэтэл эрүүгийн хэргийн шалгах явцад цагдаагийн байгууллага хорино гээд байсан учраас аваагүй мөнгөнийхөө төлөө 15,000,000 төгрөгийг Н.Сумъяад өгсөн тул Н.Сумъяагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 15,000,000 төгрөгийг шаарджээ.
Иргэний хуулийн Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.
Хариуцагч Б.Баяр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа Н.Сумъяад 15,000,000 төгрөгийг төлсөнийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж үзэхээр байх тул уг 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй гэж үзлээ. Иймд хариуцагч Б.Баярт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Сумъяагаас 15,000,000 төгрөг шаардах эрх үүсэхгүй юм.
Мөн хариуцагч Д.Баярмагнай нь нэхэмжлэгч Н.Сумъяагаас нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа Н.Сумъяад төлсөн гэх 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сумъяагаас гаргуулахаар шаардаж байх ба үндэслэлээ...Н.Сумъяа бид 2 хамтран ажиллахаар тохиролцсон байж ашиг олохоор хувааж аваад эрсдэл гарвал би бүгдийг хариуцах нь шударга бус юм. Тиймээс Н.Сумъяаг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна гэж тайлбарлаж байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Н.Сумъяа, хариуцагч Д.Баярмагнай нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх байдал тогтоогдохгүй байх ба энэ талаар баримт хэрэгт аваргдаагүй байна.
Хариуцагч Д.Баярмагнайгийн эрүүгийн хэргийг шалгах явцад төлсөн гэх 14,500,000 төгрөг нь нэхэмжлэгч Н.Сумъяагийн автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөхөд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Сумъяаг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр Хариуцагч Б.Баярын нэхэмжлэгч Н.Сумъяад холбогдуулан гаргасан 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Д.Баярмагнайгийн нэхэмжлэгч Н.Сумъяад холбогдуулан гаргасан 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийгудирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баяраас 23,913,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сумъяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,517,831 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Д.Баярмагнай, Д.Оргилбаяр нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баярын нэхэмжлэгч Н.Сумъяагаас 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч Д.Баярмагнайгийн нэхэмжлэгч Н.Сумъяагаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Үүрцайхд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Сумъяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583,060 төгрөг болон хариуцагч Б.Баяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,000 төгрөгийг, хариуцагч Д.Баярмагнайгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баяраас улсын тэмдэгтийн хураамжид 277,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сумъяад олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА