Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210700000220 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, "*******" ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан  ******* овогт *******ын ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд , тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.ийг "архи уулаа оройтож ирлээ" гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр гар луу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн, зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч Б.*******ийн “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр найз нөхрийн хамт архи уусан халамцуу байсан. Би дуугай юм хэлээгүй өнгөрсөн. Манай эхнэр найз нараа дагуулаад гэрээс гарсан. Орой 21 цаг өнгөрч байхад бүүр илүү согтуу гэртээ ирсэн. Тэгээд надад агсан тавиад шоронгийн хадаас, ялтан, муу сүрьеэ, дох гэх мэтээр элдвээр харааж эхэлсэн. Би өдөржин ажилласан болохоор ядраад унтах гэж байхад агсан тавиад орилоод байсан. Би миний хань унтчих гэж зөндөө хэлсэн. Гэрийн баруун урд хэсэгт суусан орилж чарлаад байсан. Би унтчих гээд ор луу чангаасан чинь ширээн дээр байсан сэнжтэй аяга аваад миний зүүн мөр хэсэгт шууд цохисон. Тэгээд над руу дайраад байхаар нь цааш түлхсэн чинь зуухны хажууд байсан галын дэгээ төмрийг аваад над руу дайрсан. Би галын дэгээ төмрийг булааж аваад зүүн гар луу нь нэг удаа цохисон..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л. өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр найзынхаа гэрт очиж ууж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Энэ үед би халамцуу байсан манай нөхөр эрүүл байсан. Манай нөхөр намайг оройтож гэртээ ирлээ архи уулаа гэж уурласан. Би өмнөөс нь хэрэлдсэн. Тэгээд би уурлаад нөхөр лүүгээ зуухны хажууд байсан галын дэгээ төмөр авч цохих гэсэн нөхөр булааж аваад миний зүүн гар луу хоёр удаа цохисон. Тэрнээс хойш зүүн гар бугуй хэсгээрээ хавдаж өвдөж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 493 дугаартай Л. биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч З.  “...Би энэ айлтай сүүлийн 6 жил хөршийн холбоотой байгаа манай урд талын гудамжны айл байгаа юм. Өөрийн амьдралын төлөө тэмцэж байгаа эр хүн гэж боддог манай тэр хавын хүмүүс бүгд хэлнэ дээ. Өглөө 5 цагт ажилдаа явдаг, орой 18 цагт ирдэг ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээж байгаа. Төмрийн үйлдвэрт ажилладаг залуу байгаа юм. Эхнэр Л. нь жаахан түргэн зантай хааяа тэр хавын хүүхнүүд нийлээд ууж байгаа харагдаад байдаг. Гэртээ ажилгүй л байдаг. Өмнө нь ******* эхнэр хүүхдээ зодож цохиж байхыг мэдэхгүй байна. Эвсэг найрсаг харилцаатай гэр бүл шиг санагддаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д. “...Би 2020 онд Б.*******тэй нэг хувийн байгууллагад хамт ажиллаж байсан. Тэгээд тэднийхээр орж гардаг найзууд болсон. Б.******* нь өмнө  нь хамт ажиллаж байхдаа архи уудаг байсан. Архинаас гараад жил гаран болж байна гээд архи уудаггүй байсан. Надтай эелдэг сайхан харьцаж бусдыг хүндэлдэг сайн залуу юм шиг санагдсан. Б.******* нь өглөө ажилдаа яваад орой ирдэг болохоор нээх уулзалдаж чадахгүй байдаг. Гэрээсээ ганцаараа ажил хийж эхнэр хүүхдээ тэжээдэг их хөдөлмөрч залуу. Харин эхнэр Л. нь архи дарс ууж харагдаагүй. Гэртээ хүүхдээ хараад ажилгүй л байдаг. Өмнө нь ******* эхнэр хүүхдээ зодож цохиж байхыг мэдэхгүй байна. Эвсэг найрсаг харилцаатай гэр бүл шиг санагддаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б. “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Багахангай  дүүргийн 1 дүгээр хорооны 3 дугаар байранд байх байрандаа засвар хийж байгаад 4 дүгээр байранд байх гэртээ очсон чинь манай эхнэр гэртээ байхгүй байсан. Тэгээд утас руу нь залгасан чинь *******ийнд байна гэсэн. Тэгээд авах гэж очсон чинь *******ийн эхнэр Л., тэгээд танихгүй 3 хүүхэн байсан. Тэд нар нийслэл нэртэй 2,5 литрын пиво уугаад сууж байсан. Би машин барьж явсан болохоор тэр пивонаас нь уугаагүй шууд эхнэрээ аваад гарсан. Бид 2 шууд гэртээ хариад унтаж амарсан. Болсон явдал нь энэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,    

             Аюулын зэргийн үнэлгээний маягт: Аюулын зэрэг бага / хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас/,

             Хохирогч Л. гарын рентген зураг 2 ширхэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

             Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

             Багахангай дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,  

             Нийслэлийн ны тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

              Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

              Б.*******, Л. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

              “” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,   

              Б.*******ийн ХААН БАНК-ны дансны хуулга, тодорхойлолт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд , тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.ийг галын дэгээ төмрөөр гар луу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 493 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л. өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Б.******* нь Л.ийг галын дэгээ төмрөөр гар луу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Л. нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:           

  Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрч хамт амьдарч байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

    Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч Б.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

        1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.*******эд мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН