Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Х.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Ховор-Эрдэнийн Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000218 дугаартай хэргийг 2021 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, цахим хяналт удирдлагын төвийн программ хангамжийн инженер офицер, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1-р хороо, 2-86 тоотод оршин суух хаягтай /одоо 2-р байрны 80 тоотод оршин суудаг гэх/,

урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Ховор-Эрдэнийн Төгөлдөр /РД:НЦ93031213/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Төгөлдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 5-44 тоотод хохирогч А.Эрдэнэсүхийг "чи манай найзын амьдралаар тоглосон" хэмээн түүний нүүрэн тус газарттолгойгоороо мөргөн, мөн 2-3 удаа гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн нүдний салстанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Төгөлдөрийн өгсөн “....Тухайн өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирчихээд байж байтал хадам эгч Давьгидмаа над руу утсаар залгаад эгч нь гэрээсээ нүүчихсэн байгаа. Чи ирэхдээ нэг шил архи аваад хүрээд ирээрэй, мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би архи аваад ороход манай ангийн хүүхэд Цэнгүүнээ, Эрдэнэсүх нар архидаад сууж байсан. Тэгээд би ороод хоол халааж идчихээд надад архи өгөхөөр нь би уугаагүй. Өөрийнхөө авч ирсэн архинаас уусан. Удалгүй гаднаас Эрдэнэсүхийн ах нь орж ирсэн. Эрдэнэбаатар нь орж ирэнгүүтээ намайг шоронгийн писда юу хийж байгаа юм гэсэн. Тиймэрхүү өнгө аястай байхаар нь явъя даа гэж бодсон. Тэгээд за ганц эмэгтэй хүнийг хаяад яах вэ? гэж бодсон. Эрдэнэсүх, Цэнгүүнээ бид 3 манай ангийн охины талаар яриад маргахад Цэнгүүнээ намайг цохисон. Тэгээд би гараад явахад намайг араас боож унагаагаад дээрээс дэвссэн. Тэгэхээр нь би эргэж хараад татаж байгаад мөргөөд цохичихсон юм. Тэгээд намайг өглөө ажил дээр байхад ээж нь утасдаад чи манай хүүхдийг зодсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаас над руу залгасан....” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Эрдэнэсүхийн “..2021 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчимд найз Цэнгүүний хамт явж байхад Цэнгүүний найз Дагий гэх хүүхэн утсаар дуудаж “та хоёр ирж хоол ид” гэсэн. Тэгээд би Цэнгүүний хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 5-р байрны урд талаасаа 2-р орцны 5-р давхарт урд зүгрүү харсан хаалгатай нэг өрөө байранд буюу Дагий гэх хүүхний гэрт орсон. Тэгээд бид гурав хоолоо идээд, архиа уугаад сууж байсан чинь Дагийгийн гар утас байн, байн дугараад байсан. 22 цагийн орчим Дагийгийн гэрт Төгөлдөр цэнхэр гялгар уутанд ороосон 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архитай орж ирсэн. Би согтоод буйдан дээр нь хэвтээд хэсэг унтаад өгсөн. Тэгсэн нэг сэрсэн чинь Төгөлдөр “чи миний ангийн охины амьдралаар тоглосон пизда” гээд миний өмсөж явсан фотволконы энгэрээс заамдаж татаж босгоод 3 удаа мөргөсөн. Би зөрүүлж барьж авах гэсэн чинь Төгөлдөр дээд хэсгээрээ нүцгэн байсан учраас би барьц авч чадаагүй. Миний нүүрлүү гараараа 4-5 удаа цохисон. Би тухайн үед манараад өмнөөс нь цохиж чадаагүй. Миний баруун нүднээс цус гарсан. Дагий бид хоёрыг салгаад “чи дандаа ингэж хүнд гай болдог биздээ, гар, зайл” гээд Төгөлдөрийг гэрээсээ хөөгөөд байсан. Төгөлдөр надруу чамайг ална гээд дайраад байхаар нь би гэрээс зугтаагаад гарсан. Тухайн үед гэрт ганцхан Давьгидмаа л байсан. Бүх зүйлийг харсан. Тухайн үед Х.Төгөлдөр дээгүүрээ нүцгэн, доод хэсэгтээ шорт өмссөн байсан. Намайг цохих үед би барьж авах гэж маажсан байх. Зодоон болох үед Эрдэнэбаатар байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ч.Чулуунцэцэгийн “...Би өөрийн хүү А.Эрдэнсүхийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны орой Төгөлдөр гэх хүнд зодуулсан талаар хуулийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний хүү тухайн үед Төгөлдөрт зодуулж ирэхэд би цагдаад гомдол гарга гэж хэлсэн чинь ажил төрөлгүй болчихно, яах юм гээд гэртээ 3 хоног хэвтсэн. Тэгсэн толгой нь өвдөөд бөөлжөөд, хамар нь хугарсан, нүд нь хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Цэнгүүний “...Бид нарыг хоолоо идээд, архи уугаад сууж байхад гаднаас Төгөлдөр жагсаал хувцастайгаа, гартаа цэнхэр гялгар уутанд хийсэн Соёрхол нэртэй архи авч орж ирсэн. Архи дуусах үед Эрдэнэсүх би жаахан хэвтээд босьё гэж хэлээд оруулахад нь унтаад өгсөн. Тэгсэн Төгөлдөр "хөөе Эрдэнэсүхээ бос пизда, чи миний ангийн хүүхдийн амьдралаар тоглосон" гээд байсан. Би тэр үед "хүний амьдрал чамд ямар хамаа байна" гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гарья, харья гэж хэлсэн. Тэгсэн би явахгүй ээ гээд Төгөлдөр үлдсэн. Би Дагийгийн гэрээс гараад гэртээ ирсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч  Н.Давьгидмаагийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагийн үед найз Б.Цэнгүүн, А.Эрдэнэсүх нарыг манайд хүрээд ир, хоол ид гэж дуудсан. Тэгээд Б.Цэнгүүн, А.Эрдэнэсүх нар архиа уугаад дуусаагүй байх үед гаднаас Төгөлдөр халамцуу нэг шил архи барьсан орж ирсэн. Б.Цэнгүүн нь Төгөлдөртэй муудалцаж байгаад явлаа гээд манай гэрээс гараад явсан. Тэр үед Төгөлдөр буйдан дээр унтаж байсан Эрдэнэсүхийг “босоод ир муу банди минь” гээд татаж босгоод муудалцаад эхэлсэн. Тэгээд Төгөлдөр Эрдэнэсүхийг “чи муу миний найзын амьдралаар тоглосон” гээд агсраад татаж босгоод нүүрлүү нь гурван удаа мөргөсөн. Энэ үед Эрдэнэсүхийн хамарнаас цус гарсан. Дахин гараараа Эрдэнэсүхийн нүүрлүү нь 1-2 удаа цохисон. Би салгах гэж дундуур нь орсон. Би уурлаад Төгөлдөрийг гэрээсээ хөөсөн. Эхлээд манай гэрээс Эрдэнэсүх гараад явсан. Дараа нь Төгөлдөр гарсан. Манай гэрээс гарахдаа Эрдэнэсүхийн хамарнаас цус гарсан, хамраа дараад гараад явсан. Төгөлдөр ямар нэгэн бэртсэн, гэмтсэн зүйлгүй хувцасаа өмсөөд гарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 487 дугаартай “...А.Эрдэнэсүхийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

           Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

         Х.Төгөлдөрийн цээж болон хүзүү, нурууны фото зураг /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

             Х.Төгөлдөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

             Төрийн банкны дансны хуулга /хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудас/,

             Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

              Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Төгөлдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 5-44 тоотод хохирогч А.Эрдэнэсүхийг "чи манай найзын амьдралаар тоглосон" хэмээн түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөн, мөн 2-3 удаа гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн нүдний салстанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Х.Төгөлдөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Эрдэнэсүх, гэрч Ч.Чулуунцэцэг, И.Давьгидмаа нарын өгсөн мэдүүлэгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Х.Төгөлдөр нь хохирогч А.Эрдэнэсүхийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөн, мөн 2-3 удаа гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн нүдний салстанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч Х.Төгөлдөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Эрдэнэсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч А.Эрдэнэсүх нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул Х.Төгөлдөр нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

             Шүүгдэгч Х.Төгөлдөр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

     Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч Х.Төгөлдөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

       1. Боржигин овогт Ховор-Эрдэнийн Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Төгөлдөрийг  1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Төгөлдөр нь оногдуулсан 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Х.Төгөлдөрт мэдэгдсүгэй.

           4. Шүүгдэгч Х.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Төгөлдөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН