Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0492

 

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0492

     Улаанбаатар хот

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0080 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б ХХК

Хариуцагч НЗД

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

 

Хэргийн индекс: 128/2023/0445/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0080 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Аж ахуй нэгжийн орлогийн албан татварын тухай хууль /2006/-ийн 10 дугаар зүйлийн 10.1.18 17 дугаар зүйлийн 17.2.5, 21 дүгээр зүйлийн 21.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламэнт байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус баримтлан Б ХХК-аас Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-**************** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль 41,114,187,15 төгрөгийн алданги нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгээс торгууль, алданги болох 102,785,468 төгрөгийг хүчингүй болгож, нөхөн татвар болох 205,570,935,76 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт .... Нэхэмжлэгч "Б" ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө, авлага, бусдад төлөх төлбөрийн хамт худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,048,557,298 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100,000,000 төгрөгийн моторын цех борлуулсны орлогоос 2 хувийн албан татварыг суутган авч төлөөгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татварыг суутган авч төлөөгүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системээр тогтоогджээ .." гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч талын зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар, НӨАТ-ын 10 хувийн татварыг тус тус төлсөн гэдэг нотлох баримтууд болох "Б" ХХК-ийн Голомт банкны 2011, 2012 оны дансны хуулга, төлбөр шилжүүлсэн талаарх банкны мемориал баримтуудыг шүүхэд гаргаж өгч, нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч эдгээр баримтуудыг үнэлээгүй, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Энэ нь нөхөн ногдуулалтын актад дурдсан 100,000,000 төгрөгийн моторын цех гэдэг нь улсын бүртгэлд бүртгэлгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх боломжгүй балгас болсон амбаар байсан бөгөөд үүнийг татварын улсын байцаагч нар шалгаж, харгалзан үзээгүй, албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй, мөн нөхөн ногдуулалтын актад дурдсан 1,048,557,298 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн тухайд манай компани нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар болон НӨАТ-ын 10 хувийн татварыг 2011 оны 01 улиралд буруу тооцож, бага дүнгээр төлсөн байсныг 2012 оны 1-р улиралд залруулж, тухайн үедээ үндсэн дүнгээр нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татварыг суутган төлсөн, НӨАТ-ын 10 хувийг мөн төлсөн ба одоо татварын өр төлбөргүй болно. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа болон нийтийн тээврийн үйлчилгээ нь НӨАТ-аас чөлөөлөгдөх ажил, үйлчилгээнд хамаарах бөгөөд манай компанийн зүгээс НӨАТ төлөөд байгаа нь дээрх 1,148,557,298 төгрөгийн НӨАТ-ыг төлсөн явдал юм. Татварын улсын байцаагч нарт болон анхан шатны шүүхэд үүнийг бид тайлбарласан боловч харгалзан үзээгүйгээс гадна 2008 оны Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.6-д заасан нэг орлогод 2 буюу давхар татвар ногдуулахгүй" гэсэн татварын зарчим, хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 18, 19, 20 дахь дүгнэлтүүдийн тухайд авч үзвэл манай компани нь 2012 онд өмнөх хувьцаа эзэмшигч болох БНСУ-ын иргэн Ким Сон Жинь-ээс хувьцаа шилжүүлэн авах процесс явагдаж байсан ба энэ үед буюу компанийн нягтлан бодогч алдаа гаргаж 2012 оны 4-р улирлын санхүүгийн тайландаа 677,440,600 төгрөгийн хөрөнгийг Э" ХХК-д шилжүүлсэн байдлаар тайлагнасан хэдий ч 2013 оны 1-р улирлын тайландаа уг алдаагаа засаж тайландаа дээрх 677,440,600 төгрөгийн хөрөнгийг залруулан тайлагнасан байдаг. Манай компани болон Э" ХХК-ийн хооронд хөрөнгө шилжүүлэх талаар ямар ч гэрээ хэлцэл байгуулагдаагүй, мөн дээрх үнийн дүн бүхий хөрөнгө бодитоор Э" ХХК-д шилжээгүй, зөвхөн санхүүгийн тайланд нягтлан бодогчийн алдааны улмаас тайлагнаснаас өөр зүйл болоогүй юм. Иймд 677,440,600 төгрөгийн хөрөнгө шилжүүлсэнд НӨАТ ногдуулсан нь үндэслэлгүй юм.

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт ".... Түүнчлэн Татварын ерөнхий хууль /2019он/-ийн 15 дугаар зүйлийн 15.4-т Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гаргах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана" гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн дүгнэлт гарч цагдаагийн байгууллагад шилжүүлсэн өдрөөс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Прокурорын тогтоол гарч, түүнийг гардан авсан өдрийг хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж тоолохоор байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна ...." гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Ц, Б.М нарын 2013 оны ***** дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж 2013 оны 05 сарын 01-ний өдрийн 1/*** тоот албан бичгээр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлснээр татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 сарын 02-ны өдрийн *** дүгээр Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай" прокурорын тогтоол гарах хүртэл хугацаанд татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй уг *** дүгээр тогтоолыг гардаж авсан 2020 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл 7 жил 13 хоногийн хугацаанд татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзжээ. Анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт хууль хяналтын байгууллага шалгаж эцсийн шийдвэр гарах хүртэл хугацааг тодорхойлсон болохоос түүнийг гардаж авах хүртэл гэсэн үг, утга санаа огтхон ч байхгүй тул Нийслэлийн прокурорын газрын 2013.12.02-ны өдрийн *** дүгээр тогтоол гарсан өдрөөс татварын хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь зогссон байна. Нийслэлийн прокурорын газрын 2013.12.02-ны өдрийн *** дүгээр тогтоолыг 7 жил 13 хоногийн дараа гардаж авч байгаа нь татварын байгууллагын үйл ажиллагаа, ажлын уялдаа холбооноос шалтгаалж байгаагаас нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болоогүй мөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25, 43 дугаар зүйлийн 43.4, 75 дугаар зүйлийн 75.1.2, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт тус тус зааснаар татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, үйлдсэн захиргааны актад хяналт тавих нь татварын албаны үүрэг юм. Иймд 2013 оны ***** тоот татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг цагдаа, прокурорын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэл-ээр 2013.12.02-ны өдрийн *** дугаартай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хааснаар татварын хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Нийслэлийн прокурорын газрын 2013.12.02-ны өдрийн прокурорын тогтоол гарснаар дахин шинээр тоологдож эхэлсэн бөгөөд уг хугацаанаас тооцоход хөөн хэлэлцэх хугацаа нь 2008 оны Татварын ерөнхий хуулиар 2018.12.02-ны өдөр, 2020 оны Татварын ерөнхий хуулиар 2017.12.02 өдөр тус тус алинаар дууссан байхад дээрх нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0080 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.О нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-**************** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль 41,114,187,15 төгрөгийн алданги, нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Анхан шатны шүүх ... хуульд заасны дагуу илэрсэн зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь зөв, харин торгууль, алдангийг өршөөж багасгах үндэслэлтэй гэж дүгнэж, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг бууруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

4. Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... татварын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, прокурорын 2013 оны *** дүгээр тогтоол гарснаас хойш Татварын ерөнхий хуульд заасан 5 жил, шинэчилсэн найруулгад заасан 4 жил-ийн хугацаа өнгөрсөн, хууль зөрчиж нөхөн татвар, хариуцлага ногдуулсан байхад шүүх энэ талаарх Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 15.4-т заасныг буруу тайлбарласан хэрэглэсэн гэснийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

4.1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж,

15.4-д Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж,

Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно гэж тус тус зохицуулжээ.

4.2. Нийслэлийн татварын газрын улсын байцаагч нар тус компанийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, зөрчил илрүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар дүгнэлт үйлдэж, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/*** дүгээр албан бичгээр Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн боловч Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.3. Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны *** дүгээр тогтоолыг Нийслэлийн татварын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/*** дугаар албан бичгээр хүссэний дагуу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авсан, татварын улсын байцаагч нар тус компанийн 2009-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтыг явуулж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

4.4. Уг прокурорын тогтоол гарснаас хойш 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт эхлэх хүртэл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг тогтоол гарснаар татварын хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон, үүнээс хойш Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/-ын 15 дугаар зүйлийн 15.1-д заасан татварын хөөн хэлэлцэх 4 жил-ийн хугацаа дууссан байна. Гэтэлтатварын улсын байцаагч нар нь уг хуулийн заалт болон Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчиж тус компанийн 2009-2012 оны зөрчилд 2022 оны НА-**************** дүгээр актаар нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/0079 тогтоолоор Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх заалтыг хэрхэн зөв ойлгож хэрэглэх талаар тайлбарласныг уг хэргийг шийдвэрлэхдээ нэг мөр хэрэглэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0080 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Татварын ерөнхий хууль Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.О нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-**************** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын ... үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ