Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч С.Болорчулуун,

Хохирогч Ш.Нямхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч С.Мэндсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Тугч овогт Сааралын Мэндсайханд холбогдох эрүүгийн 201610010227 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  3-р баг Амондагийн 1-30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Тугч овогт Сааралын Мэндсайхан /РД: ЕЛ88030208/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч С.Мэндсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Амондагийн гудамжны 1-30 тоотод байрлах хашаанд өөрийн бэр эгч Ш.Нямхүүтэй усны сав өгсөнгүй хэмээн маргалдаж, улмаар зодолдож  бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Мэндсайхан хэрэг бүртгэлтэнд: “...Тэгээд маргалдаж байгаад хоорондоо зодолдсон. Би Ш.Нямхүүг үсдээд зууралдаж байтал Нямхүү миний куртикнээс татаж намайг унагасан. Бид хоёр газарт өнхөрч байгаад би түүний дээр гарч өвдөглөсөн. Ингэж байтал манай эгч Гантуяа ирээд “чи яасан ичдэггүй юм бэ” гээд намайг боль гэж хэлээд бид хоёрыг салгаад гэрлүүгээ явсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

- Шүүгдэгч С.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18 цаг болох гэж байхад би Ш.Нямхүүгийнд орж усны саваа өгөөч гэтэл цаашаа харчихаад дуугарахгүй байсан. Би хэд хэдэн удаа хэлтэл машинд байгаа гэсэн би гаргаад өгөөч худаг хаах гээд байна гэсэн ... тэгээд бид хоёр хэрэлдээд би худаг явсан. Гэтэл худаг хаачихсан байсан. Гэртээ орох гээд явж байтал Ш.Нямхүү зайл гэсэн тэгээд бид хоёр мууталцаж намайг цохих гэхээр нь би хойшоо ухраад үснээс нь зулгаагаад Ш.Нямхүү миний куртикнээс зулгааж бид хоёр унасан тэгээд би дээр нь гарч өвдөглөсөн. Өөр бид хоёрын хооронд юм болоогүй. Би маажиж өшиглөж зодсон зүйл байхгүй. Энэ хүнээс эхэлсэн, энэ хүний яриад байгаа шиг зүйл болоогүй. Үсдэхэд толгой нь зулгарсан байх, бусад гэмтлийг мэдэхгүй. Миний толгой бас хөдөлсөн байсан би бариулсан. Энэ хүн шиг би гомдол гаргаагүй, цагдаа шүүх дээрээ тулна гэж бодоогүй ...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ш.Нямхүү хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ хоолоо хийх гээд буузны мах татаад зурагт үзээд нөхөртэйгээ утсаар яриад сууж байтал нэг хүн юм ярих шиг болсон. Тэгээд эргээд хартал С.Мэндсайхан юм яриад байсан гэтэл усны саваа өгч бай худаг хаалаа гээд гээд элдвээр хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан... намайг үсдэж, нүүр лүү маажиж арагш нь савж унагаад маажиж гээд нүүр лүү дайрахаар нь би хоёр гараараа хаасан. намайг 2-3 удаа газарт өнхрүүлээд дээр гарч өвдөглөөд өвдгөөрөө өшиглөсөн. Энэ үед түүний том эгч С.Гантуяа ирээд “Мэндсайхаан чи болиоч. Би тэгвэл явлаа шүү” гэж хэлээд цааш явсан... нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна. Дахин намайг болон хүүхдүүдийг маань зодож магадгүй би айж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

  - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын           09-ний өдрийн 443 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ш.Нямхүүгийн биед тархи доргилт, дагз хэсэгт үстэй хэсгийн заагт зулгаралт, баруун чихний сувгийн дотор талд зулгаралт, баруун хацарт зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, баруун хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, дагз хэсэгт үстэй хэсгийн заагт зулгаралт, баруун чихний сувгийн дотор талд зулгаралт, баруун хацарт зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, баруун хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 16/,

- С.Мэндсайханы иргэний үнэмлэхний лавлагаа, Замын-Үүд сумын Сүлд багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 20-21/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос С.Мэндсайханы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч С.Мэндсайханы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.Мэндсайхан, Ш.Нямхүү нар нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Амондагийн гудамжны 1-30 тоотод байрлах хашаанд хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн улмаар зодолдож С.Мэндсайхан нь Ш.Нямхүүгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Нямхүүгийн “...бид хоёр маргалдсан... намайг үсдэж, нүүр лүү маажиж арагш нь савж унагаад маажиж гээд нүүр лүү дайрахаар нь би хоёр гараараа хаасан. Намайг 2-3 удаа газарт өнхрүүлээд дээр гарч өвдөглөөд өвдгөөрөө өшиглөсөн... нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 443 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гэхдээ гомдолтой гэх тул тэднийг эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч С.Мэндсайханг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Мэндсайханд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч С.Мэндсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугч овогт Сааралын Мэндсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Тугч овогт Сааралын Мэндсайханыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч С.Мэндсайханд оногдуулсан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.Мэндсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгx С.Мэндсайханд урьд авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ