Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0987/з |
Дугаар | 221/МА2016/0512 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2016/0512
2016 оны 7 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2016/0512 | Улаанбаатар хот |
Иргэн С.*******, Н.Даваажав нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч С.*******, Н.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор, иргэн С.*******, Н.Даваажав нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар “Газрын үр шим” ХХК-д ашиглуулсан 2 га газрын иргэн С.*******, Н.Даваажав нарын оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн С.*******, Н.Даваажав нар нь “Газрын үр шим” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан газар ашиглах зөвшөөрлийг 2 иргэний оршин суугаа газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******, Н.Даваажав нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 289 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан хариу тайлбарыг үл хайхарсан байна.
Тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “Удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.
Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь:
-Хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.
-1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл эдгээр иргэд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.
- Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;” үүргээ биелүүлээгүй.
2. Иргэн С.*******, Н.Даваажав нарын оршин суугаа гэх газар нь “Газрын үр шим” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2012/30 тоот газар ашиглах гэрчилгээ бүхий 2.0 га газартай давхцалтай байна. “Газрын үр шим” ХХК нь тус газар ашиглах эрхийг хууль ёсны дагуу авсан байна. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй юм.
3. “Газрын үр шим” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор ашиглах эрх үүссэн байна.
4. Нэхэмжпэгч С.*******, Н.Даваажав 2-ын хэнийх нь эрх ашиг хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна.
Иймд С.*******, Н.Даваажав нарт газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №289 дүгээр шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд “Газрын үр шим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэг. Үйл явдлын талаар тойм
“Газрын үр шим” ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Уг үйл ажиллагааныхаа хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн “Зайсангийн ам” нэртэй газарт 2 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар олгосон бөгөөд 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр №2012/60 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ авч, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “Газрын үр шим” ХХК-ийн хоорондын гурвалсан гэрээг хууль тогтоомжийн дагуу байгуулсан билээ.
Ийнхүү ашиглах эрх олж авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн газрын төлбөрөө хугацаанд нь төлсөөр ирсэн.
Өөрөөр хэлбэл “Газрын үр шим” ХХК нь хууль тогтоомжид заасан журмын дагуу ашиглах эрхийг олж авсан хууль ёсны эзэмшигч юм.
Хоёр. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг, нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасны дагуу Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ “Газрын үр шим” ХХК нь газар ашиглах эрх олгосон.
Тодруулбал “Газрын үр шим” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгогдсон гэрээ, гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий газрыг ашиглаж байгаа хууль ёсны ашиглах эрх бүхий этгээд юм.
Гэтэл нэхэмжлэгч иргэд ямар нэгэн зөвшөөрөл, бичиг баримтгүй дур мэдэн хашаа барьж уг газар дээрээ удаан амьдарсан тул би ашиглах эрхийг авах ёстой, бидний амьдарч байсан газар дээр давхцуулан газар ашиглах эрх олгосон байна гэсэн үндэслэлээр “Газрын үр шим” ХХК-ийн хууль ёсны ашиглах эрх бүхий газрын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжпэл гаргаж байгаа нь “Газрын үр шим” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Гурав. БОНХАЖ яамны сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А-272 дугаар тушаалаар “Газрын үр шим” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн эсэх талаар.
Нэхэмжлэгч иргэд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа уг газарт удаан жил амьдарсан гэдэг бөгөөд БОНХАЖ яамны сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байсан.
Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг олгосон боловч нэхэмжлэгч иргэдэд олгоогүй, өөр компанид кадастрыг давхардуулан газар ашиглах эрх олгосон байх нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж маргадаг.
Дээр дурдсанчлан “Газрын үр шим” ХХК нь газар ашиглах зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу олж авсан бөгөөд уг газрыг 2004 оноос эхлэн иргэн болон хуулийн этгээдэд газар ашиглах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр ашиглуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Иргэн Ц.Дашдолгор нь дээрх газрыг 2007 оноос хууль тогтоомжийн дагуу ашиглах эрх олгох эрх бүхий төрийн байгууллагаас олгосон гэрээ, гэрчилгээний үндсэн дээр ашиглаж байсан бөгөөд 2012 онд өөрийн 100%-ийн өмчлөлийн компани руу шилжүүлсэн байна.
Тодруулбал иргэн Ц.Дашдолгорын ашиглах эрх бүхий газрыг “Газрын үр шим” ХХК-д шилжүүлэхдээ холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлөөр буюу БОАЖ-ын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны А-272 дугаар тушаалаар шилжүүлэн авсан бөгөөд “Газрын үр шим” ХХК нь дур мэдэн бусдын ашиглах эрх бүхий газрыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа асуудал биш юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар ашиглагчид хориглох үйл ажиллагааг зааж өгсөн бөгөөд 39.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах" гэж заасан. Энэ нь газар ашиглах эрх олж авсан этгээдэд хамаарах зохицуулалт бөгөөд газар ашиглах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар ашиглаж буй этгээд өөрийн ашиглах эрх бүхий газрыг бусдад ашиглуулахыг хориглосон зохицуулалт болохоос ашиглах эрх олгодог этгээдэд хамаарахгүй юм.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д, 36 дугаар зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох эрх бүхий этгээд нь төрийн захиргааны төв байгууллага буюу БОНХАЖЯам бөгөөд газар ашиглах эрх шилжүүлэх тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь тус яамны хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарна гэж үзэж байна.
Гэтэл шүүхээс “... “Газрын үр шим” ХХК-ийн захирал Ц.Дашдолгорт буцаан олгохыг хүссэн хүсэлтийг үндэслэн “Газрын үр шим” ХХК-д олгосон БОНХАЖ-ын сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/212 дугаар тушаал “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байна. Тодруулбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэснийг зөрчсөн бөгөөд хуулийн дээрх хориглосон заалт нь бусдад шилжүүлж болохгүй гэсэнтэй утга нэг гэж тайлбарлан хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалт нь ямар нэг салаа утгагүйгээр шууд хориглосон зохицуулалт бөгөөд газар эзэмшигч ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргах, төрийн захиргааны байгууллага шилжүүлсэн шийдвэр гаргах эрхтэй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дөрөв. Нотлох баримт дутуу цуглуулсан болон нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд:
БОНХАЖСайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажпын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг тушаалын үндэслэл нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэсэн байна.
Мөн хариуцагчийн тайлбарт дурдсанаар БОНХАЖ сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрх олгохоор болсон байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй бөгөөд хэрэгт БОНХАЖСайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар хийгдэх ажлын хүрээ заагыг тодруулсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл авагдаагүй.
Мөн нэхэмжлэгч нар нь уг газарт ашиглах эрх олгохыг хүссэн хүсэлтийг БОНХАЖЯ-нд ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч нарын үндэслэлгүй тайлбарыг баримтлан "... нэхэмжлэгч С.*******, Н.Даваажав нараас оршин сууж байгаа газраа ашиглах зөвшөөрөл олгохыг 2008, 2011 онуудад БОНХАЖЯ, дүүргийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргаж хандаж байсан талаарх тайлбарыг хариуцагч маргаж үгүйсгээгүй бөгөөд дээрх иргэдийн цаг хугацааны хувьд эхэлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2012 оны А/272 дугаар тушаалаар “Газрын үр шим" ХХК-д ашиглуулсан 2 га газартай давхацсан гэж үзэж бусад оршин суугчдын адил 2015 оны А/235 дугаар тушаалын зохицуулалтад хамруулж газар ашиглах эрхийг баталгаажуулан гэрчилгээжүүлээгүй нь хууль бус гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн “Газрын үр шим” ХХК нь тус газрыг зохих зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа болох, иргэдийн хууль бус үйл ажиллгааны улмаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа болох, уг газрын 2004 оноос эхлэн иргэн хуулийн этгээдэд гэрээ гэрчилгээний үндсэн дээр ашиглуулж байсан талаарх нотлох баримтууд авагдсан байхад шүүхээс эдгээр нотлох баримтыг үнэлэхгүйгээр “нэхэмжлэгч Монгол Улсын үндсэн хуульд заасан үндсэн эрхээ баталгаатай эдлэх үүднээс тухайн газрыг сонгож удаан хугацаанд амьдарсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №289 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар “Газрын үр шим” ХХК-д ашиглуулсан 2 га газрын дээрх 2 иргэний оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад зөв дүгнэлт хийж, үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
Иргэн С.*******, Н.Даваажав нар 2005 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амьдарч эхэлсэн бөгөөд маргаан бүхий газарт 2008 оноос оршин сууж байгаагаа тус дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 1120616 дугаар тодорхойлолтоор нотолсоны зэрэгцээ 2008, 2011 онуудад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, дүүргийн Газрын албанд удаа дараа хандаж оршин сууж байгаа газраа баталгаажуулахаар хүсэлт гаргаж хандсан болох нь тогтоогджээ.
Гэтэл дээрх иргэдийн оршин сууж байсан газрыг оролцуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар “Газрын үр шим” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь “Сүрэн алт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07/09 дугаар шийдвэрээр хувьцаа эзэмшигч, “Газрын үр шим” ХХК-ийн захирал Ц.Дашдолгорт буцаан олгохыг хүссэн хүсэлтийг үндэслэн “Газрын үр шим” ХХК-д шилжүүлж олгосон” гэсэн агуулга бүхий хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлтэй адил “газар эзэмших эрхийг шилжүүлэх” зохицуулалт байхгүй, мөн хуульд газар ашиглагчийн эрх гэсэн зүйлд газрыг шилжүүлэх эрхийг газар ашиглагчид олгоогүй бөгөөд энэ нь тухайн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх бүхий этгээд зөвхөн өөрөө зориулалтын дагуу тухайн газрыг ашиглуулахаар хууль тогтоогч хязгаарлалт хийж өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд байрших 2 га талбай бүхий газрыг 2004 оноос удаа дараа иргэн, аж, ахуйн нэгжийн хооронд шилжүүлж байсан захиргааны байгууллагын шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэснийг зөрчсөн бөгөөд хуулийн дээрх хориглосон заалт нь бусдад шилжүүлж болохгүй гэсэнтэй утга нэг гэж тайлбарлан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалт нь ямар нэг салаа утгагүйгээр шууд хориглосон зохицуулалт бөгөөд газар эзэмшигч ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргах, төрийн захиргааны байгууллага шилжүүлсэн шийдвэр гаргах эрхгүй байна” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалыг “Газрын үр шим” ХХК-д шинээр газар ашиглуулахаар шийдвэрлэсэн захиргааны акт гэж үзнэ. Иймнхүү шинээр газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ тухайн 2 ирэгний оршин сууж буй газартай давхцуулан эзэмшүүлсэнээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж, ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР