| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-12-01 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Цагаатгах тогтоол
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч А.*******,
насанд хүрээгүй хохирогч Э.*******, хууль ёсны төлөөлөгч Л.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000184 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр******* төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******, тоотод оршин суух хаягтай,
Урьд 1988 оны 06 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх,
Дорнод аймгийн ардын хэсгийн 7 дугаар шүүхийн таслан сэргийлэх тогтоолоор 1990 оны 05 сарын 04-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 02 сарын 24-ны өдөр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйлээр 3 жилийн хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.1 дүгээр зүйлээр торгох ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 04 сарын 08-ны өдрийн 128 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар нийт 6 удаа ял шийтгүүлсэн,
******* овогт ******* ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дагавар охин Э.*******ийг гичий, пизда янхан гэж хэл амаар доромжилсон,
2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод 23 цагийн орчим Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ дагавар охин Э.******* лүү гутал шидэж баруун тохойг нь онож гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Д.******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хороо Нуурын 1-08 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.*******ийг янхан, гичий, банзал, явдаг жорлон гэж хэл амаар доромжилж харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
2021 оны 08 дугаар сарын 11-ний орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо Нуурын 1-08 тоотод Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.*******ийг хэл амаар доромжилж, чамайг ална хэмээн хутга гаргаж араас нь хөөж айлган сүрдүүлэн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүхийн Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр гэх залуутай хамт хог ухаад хог нь дээрээс зэс олсон. Зэсээ хуулаад тэрийгээ тушаагаад тай 2 шил архи авч уусан. Тэгээд гэр лүүгээ явж байх замдаа хогон дээрээс олсон хутгатайгаа гэр лүүгээ авч явж байгаагаа санаад буцаагаад тавих гэж яваад эхнэртэйгээ дэлгүүрийн үүдэнд таарсан. Тэгээд би эхнэрийгээ би чамтай хамт архи уухгүй, надад 1 шил архи аваад өгчих айлд ороод унтчихъя гэж хэлсэн юм. Тэгсэн чинь танихгүй залуу чи эхнэрээсээ архи нэхээд байхдаа яадаг юм гэхээр нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд тэрэнтэй хэрэлдсэн. Тэрнээс би эхнэр лүүгээ хутга барьж дайрч, хөөсөн зүйл надад байхгүй” гэв.
Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Тухайн үед би дэлгүүрээс гарч ирээд *******тэй дэлгүүрийн гадаа таарсан. Тэгээд ******* уурлаад хутга гаргаж ирээд байсан. Хутга гаргахаар нь би шууд цаашаа яваад өгсөн. Тэр үед цагдаа дуудсан байна лээ” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э. шүүхийн хэлэлцүүлэгт: “Ер нь бол аав архи уусан ихэнх үедээ агсам тавьдаг. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дүүтэйгээ хамт хоол хийх гээд лууван арилгах гэж байхад чи ээжтэйгээ утсаар ярьсан уу? гээд уурлаад эхэлсэн. Тэгээд би дүүгээ өмөөрөөд ногоо арилгаж байна гэж хэлэхэд элдэв бусаар хараагаад эхэлсэн. Тэгээд бүүр болохгүй байхаар нь хамаатныхаа эгчийг дуудсан. Тэр эгчийг ч бас хараагаад байхаар нь цагдаа дуудаад өгсөн. Дараа нь хэдхэн хоногийн дараа гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Хажууд нь нэг пүүз байхад тэрийг аваад над руу шидсэн. Тухайн үед ээж хамт байсан. 2021 оны 03 дугаар сард ээжийг доромжилсон асуудлыг би мэдэхгүй, хамт байгаагүй. Архи уусан үедээ хэл амаар доромжилж, орилж агсам тавьдаг. Бид нарыг зоддоггүй. Би хааяа архи уугаад байхаар нь яваарай гэж хөөдөг. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.гийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.*******ийн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д. мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт /хх-ийн 15-18 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаархуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэвэр /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэвэр /хх-ийн 48 дугаар хуудас/, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай шийтгэвэр /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 34 дугаартай тогтоол /хх-ийн 131-134 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.*******, насанд хүрээгүй хохирогч Э.*******, хууль ёсны төлөөлөгч Л.******* нар хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаар тогтоосон байдал
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод дагавар охин Э.*******ийг гичий, пизда, янхан гэж хэл амаар доромжилж, агсам тавьж, орилж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан болох нь Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэврээр /хх-ийн 46-47 дугаар хуудас/;
2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод өөрийн гэртээ 23 цагийн орчим Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дагавар охин Э.******* лүү гутал шидэж баруун тохойг нь онож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэврээр /хх-ийн 48 дугаар хуудас/;
Д.******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хороо Нуурын 1-08 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.*******ийг янхан, гичий, банзал, явдаг жорлон гэж хэл амаар доромжилж танхайрсан болох нь Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай шийтгэврээр /хх-ийн 49-51 дүгээр хуудас/;
2021 оны 08 дугаар сарын 11-ний орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо ******* Бор-Үзүүрийн гэр хороололд Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.*******ийг хэл амаар доромжилж, чамайг ална хэмээн хутга гаргаж араас нь хөөж айлган сүрдүүлсэн болох нь:
Улсын яллагч дүгнэлтдээ: Д. үйлдсэн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, яллагдагч Д. өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март дүгнэлтдээ: ... Д.******* нь “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дагавар охин Э.*******ийг гичий, пизда янхан гэж хэл амаар доромжилсон” гэх үйлдэлдээ Багахангай дүүргийн шүүхээр орж 14 хоногийн баривчлах шийтгэл эдэлж байсан. Мөн “2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод 23 цагийн орчим Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ дагавар охин Э.******* лүү гутал шидэж баруун тохойг нь онож гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх үйлдэлдээ тус шүүхээр орж 10 хоногийн баривчлах шийтгэл авсан. Мөн ******* нь “2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хороо Нуурын 1-08 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.*******ийг янхан, гичий, банзал, явдаг жорлон гэж хэл амаар доромжилж харгис хэрцгий харьцаж догшин авирласан” гэх үйлдэлдээ баривчлах шийтгэл авсан. Шүүгдэгч Д.******* нь хийсэн үйлдлүүддээ баривчлах шийтгэл авч, түүнийг эдэлсэн байгаа. Гэтэл прокуророос энэ үйлдлүүдийг дахин давтаж 1, 2, 3, 4 гэсэн үйлдлүүдээр дахин давтаж яллаж оруулж ирж байгааг нь прокурор нь яллах дүгнэлтээ буруу гаргасан байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж яллаж оруулж ирж байгааг нь буруу байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Д.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Д. “дагавар охин Э.*******ийг гичий, пизда, янхан гэж хэл амаар доромжилж, агсам тавьж, орилж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан”, “дагавар охин Э.******* лүү гутал шидэж баруун тохойг нь онож, гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “хамтран амьдрагч А.*******ийг янхан, гичий, банзал, явдаг жорлон гэж хэл амаар доромжилж танхайрсан”, “хамтран амьдрагч А.*******ийг хэл амаар доромжилж, чамайг ална хэмээн хутга гаргаж араас нь хөөж айлган сүрдүүлсэн” зэрэг үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах дараах үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд:
1. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ... үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Гэтэл шүүгдэгч Д. “дагавар охин Э.*******ийг гичий, пизда, янхан гэж хэл амаар доромжилж, агсам тавьж, орилж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан”, “дагавар охин Э.******* лүү гутал шидэж баруун тохойг нь онож, гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “хамтран амьдрагч А.*******ийг янхан, гичий, банзал, явдаг жорлон гэж хэл амаар доромжилж танхайрсан”, “хамтран амьдрагч А.*******ийг хэл амаар доромжилж, чамайг ална хэмээн хутга гаргаж араас нь хөөж айлган сүрдүүлсэн” зэрэг үйлдлүүдийн зөвхөн “дагавар охин Э.******* лүү гутал шидэж баруун тохойг нь онож, гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх шинжид хамаарч бусад үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна.
2. Шүүгдэгч Д. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.*******ийг янхан, гичий, банзал, явдаг жорлон гэж хэл амаар доромжилсон, дагавар охин Э.*******ийг гичий, пизда, янхан гэж хэл амаар доромжилж, агсам тавьж, орилж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдлүүдэд шүүхээс тус тусад нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан танхайрах зөрчил үйлдсэн гэж дүгнэн шийтгэл оногдуулсан байна.
Гэтэл үүнээс “эхнэр А.*******ийг янхан, гичий, банзал, явдаг жорлон гэж хэл амаар доромжилсон” үйлдлийг “харгис хэрцгий харьцан догшин авирласан” гэж прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ дүгнэсэн байна.
Мөн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн эсрэг танхайрах зөрчлийг удаа дараа үйлдсэн байх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил болон гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх хууль зүйн ойлголт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдолд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг хангана.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга” тус хэсгийн заалтад заасан үйлдлүүдийг үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д. хувьд танхайрах зөрчлийн шинжтэй 2 удаа үйлдлийг хамтран амьдрагч А.*******ийн эсрэг, дагавар охин Э.*******ийн эсрэг танхайрах болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл тус бүр нэг удаа үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Энэ нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг “байнга” гэсэн хуулийн нөхцөлийг хангахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000184 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д. цагаатгах үндэстэй.
2021 оны 08 дугаар сарын 11-ний орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо ******* Бор-Үзүүрийн гэр хороололд Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.*******ийг хэл амаар доромжилж, чамайг ална хэмээн хутга гаргаж араас нь хөөж айлган сүрдүүлсэн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг 11 см, бариул 10 см, нийт 21 см урттай 1 /нэг/ ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000184 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д. цагаатгасугай.
2. Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бор модон иштэй ажлын хэсэг 11 см, бариул 10 см, нийт 21 см урттай 1 /нэг/ ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН