Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2018/00717

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Боржигон овогт Н.А-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн, 50 нас хүрч байна. Улсад 30 жил 3 сар ажилласан. Үүнээс 1988 оны 07 сарын 06-ны өдрөөс 1989 оны 11 сарыг дуустал Луус сумын сургуульд бага ангийн багшаар, 1989 оны 12 сарын 1-ний өдрөөс 1998 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл Мандалговь хотын 2-р сургуульд бага ангийн багшаар, 1998 оны 09 сарын 07-ны өдрөөс 2001 оны 08 сарыг хүртэл Өндөршил сумын сургуульд бага ангийн багшаар, 2001 оноос 09 сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл Өлзийт сумын сургуульд бага ангийн багшаар тасралтгүй ажиллаж байна.

Тухайн үед сургуульд ажиллаж байсан орсон, шилжсэн тушаалаа гаргуулж чадаагүй тул гэрчийн мэдүүлэг, цалингийн цэс, бусад хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 1988 оны 07 сарын 04-ны өдрөөс 1989 оны 11 сарыг дуустал Дундговь аймгийн Луус сумын сургуульд, 1989 оны 12 сарын 1-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь хотын 2-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү  гэв. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.А-г Дундговь аймгийн Луус сумын сургуульд 1988 оны 07 сарын 04-нөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р сургуульд 1989 оны 12 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэг сургуулиас нөгөө сургууль руу шилжин томилогдсон  тушаал нь архивын сан хөмрөгт хадгалагдаагүй  болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 569 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.А  Дундговь аймгийн Луус сумын сургуульд 1988 оны 07 сарын 04-нөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р сургуульд 1989 оны 12 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.     

 

          - БНМАУ-ын Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 09 сарын 30-ны өдрийн 41 дугаартай ‘’Ажлаас чөлөөлөх тухай ’’ тушаалын хуулбар /хх-ийн 6-рт/

           - Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн 1989 оны 12 сарын 11-ний өдрийн 167 дугаартай ‘’Ажилд томилох тухай’’ тушаалын хуулбар /хх-ийн 51-рт/          

           - Улаанбаатар хот Багшийн сургуулиас 1988 оны 06 сарын 25-ны өдөр Н.А-д олгосон №275637 дугаартай 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1998 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 18-21-рт/

           - Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 07 сарын 04-ний өдрийн 58 дугаартай ‘’Тэтгэмж олгох тухай’’ тушаалын хуулбар /хх-ийн 22-рт/

           - Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 03 сарын 25-ны өдрийн 38 дугаартай ‘’Семинарт багш ирүүлэх тухай’’, 1989 оны 05 сарын 29-ний өдрийн 67 дугаартай ’’Пионерийн зусланд ажиллах багш нарын тухай’’ тушаалын хуулбар /хх-ийн 23-24-рт/

           - Дундговь аймгийн Луус сумын Есөн жилийн дунд сургуулийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 17/103 дугаартай тодорхойлолт /хх-ийн 27-рт/

          - Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 02/270 дугаартай тодорхойлолт /хх-ийн 28-рт/

          - Багш нарын 1988 оны ээлжийн амралтын тооцооны хуулбар, 1988 оны 8-12 сар, 1989 оны 4-6 сарын цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 29-40-рт/-ийн хуулбар

           - Т.И , Л.Г  нарын эрхлэн гаргасан Эрдмийн ариун голомт номын хуулбар /хх-ийн 49-50-рт/ Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 08/734 дугаартай лавлагаа /хх-ийн 5-рт/ зэрэг болно.              

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Н.А-г Дундговь аймгийн Луус сумын сургуульд 1988 оны 07 сарын 04-ний өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Мандалговь хотын 2-р сургуульд 1989 оны 12 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР