| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0807/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/846 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/846
2022 11 02 2022/ШЦТ/846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Т.А /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн “2211 00000 1676” дугаартай, 186/2022/0807/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ханбогд Хурд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эмэг эх, эцгийн хамт, хххх тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 02 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3-47 тоотод хохирогч Б.Ттэй маргалдаж, түүний эрүүг архины шилээр зүсч биед нь эрүүнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Тгийн:..би 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө гэртээ найзуудтайгаа хамтдаа архи дарс ууцгаасан. Ингээд өнөөдөр оройн 21 цагийн үед манай найзууд болох Баатарчулууны Тамир, Алтансүх гэдэг багын найзууд ирсэн. Тэгээд бид гурав бааранд суусан. Архи ууж байгаад дараагаар нь манай гэрт ирцгээсэн. Тэгээд гаднаас ирэхдээ нэг шил архитай ирээд түүнийгээ ууж байгаад маргалдаж байсан. Тэгээд манай найз А нь архины шилний хагархайгаар намайг цохиж аваад миний нүүрэн хэсэгт гэмтэл шарх учруулсан. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би өөрөө дүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэгт очоод цэвэрлэгээ хийлгэж боолт тавиулаад ирсэн. Бид гурав оройн 22 цаг 30 минутын үед Баянбүрдийн хажуудах нэгэн пабд орсон. Тэр газартаа нэг шил 0.75 гр Эдэн нэртэй архи ууж байгаад тэр газраасаа гараад шууд манай гэрт ирцгээсэн. Гэртээ ирээд бас нэг Эдэн архи аваад ууцгаасан. Тэгж байтал А нь надтай маргалдаж байсан. Юунаас болоод маргаж байснаа одоо би санахгүй байна. Би гадаа гараад иртэл араас дагаж гарч ирээд маргалдаад, хашаан дотор хэрүүл хийж байсан. Манай найз Алтансүх нь надтай маргалдаж байгаад архины шилний хагархай хэсгээр миний эрүүний доод хэсэгт нэг удаа зүсэж гэмтэл шарх учруулсан гэх мэдүүлэг. /ххийн 16 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Тамирын:..2022 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Алтансүх гээд найз маань хөдөө ажлаасаа ирээд ойрд уулзаагүй болохоор орой 22 цаг өнгөрч байхад Баянбүрдийн тэнд байдаг Танан кафед уулзаад нэг шил 0,75 литртэй Эдэн архи авч хувааж ууцгаагаад 00 цаг дөхүүлээд нөгөө газар хаах болохоор гараад Тэмүүжингийн гэр болох Чингэлтэй дүүргийн 9-р хороо Дэнжийн 3-47 тоот гэрт нь очсон. Бид гурав тэр кафегаас 1 шил 0,75 грамтай Эдэн аваад гарсан. Тэр архи Тэмүүжингийн үүдний амбаарт суугаад хувааж уугаад сууж байтал Тэмүүжин Алтансүхийг мөнгө төгрөггүй, зээлээ төлдөггүй гуйлгачин гэж хэлсэн чинь Алтансүх уурлаад тэр хоёр үүдний тамбараас гараад зодолдсон. Тэгээд би араас нь гараад очиход хоорондоо зодолдож байхаар нь би наанаас нь очоод одоо зодолдохоо боль, нэгнээ яах гэж гуйлгачин энэ тэрээр нь дуудаж байдаг юм гээд салгасан. Тэгсэн Тэмүүжин цаашаа яваад нэг төмөр дээр суусан чинь эрүүн доороос нь цус гараад юм бариад гараараа дарсан байсан гэх мэдүүлэг./хх-ийн 24 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Пүрэвсүрэнгийн:...гэрт үүдний өрөөнд манай нөхөр Тэмүүжин, Алтансүх нар архи ууж сууж байгаад гараад явсан. Хашаанд эхлээд нөхөр Тэмүүжин гарсан. Араас нь Алтансүх архины шил хагалаад гарсан. Би тэгээд Тамирааг сэрээгээд араас нь гартал тэр хоёр гадаа зогсож байсан. Алтансүх нь архины шилний хагархайгаар нүүрэн хэсэгт нь зүсээд авсан. Би болиочээ гэж хэлээд салгасан. Сүүлд нь нөхрөө гэрт оруулж ирээд харахад Алтансүх нь нөхрийн эрүүний доор хэсэгт нь шилээр зүссэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-20 дугаар тал/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13214 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Тгийн биед эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хурц ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоо.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболор гэжээ. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 64 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, тус шүүхээс хохирогч Б.Ттэй утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.
3.2.Шүүгдэгч Т.А нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 02 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 3-47 тоотод хохирогч Б.Ттэй маргалдаж, улмаар түүний эрүүг архины шилээр зүсч биед нь эрүүнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Тгийн:..тэгээд манай найз Алтансүх нь архины шилний хагархайгаар намайг цохиж аваад миний нүүрэн хэсэгт гэмтэл шарх учруулсан. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн…гэх мэдүүлэг. /ххийн 16 дугаар тал/,
- гэрч Б.Тамирын:...Тэмүүжин Алтансүхийг мөнгө төгрөггүй, зээлээ төлдөггүй гуйлгачин гэж хэлсэн чинь Алтансүх уурлаад тэр хоёр үүдний тамбараас гараад зодолдсон. Тэгээд би араас нь гараад очиход хоорондоо зодолдож байхаар нь би наанаас нь очоод одоо зодолдохоо боль, нэгнээ яах гэж гуйлгачин энэ тэрээр нь дуудаж байдаг юм гээд салгасан. Тэгсэн Тэмүүжин цаашаа яваад нэг төмөр дээр суусан чинь эрүүн доороос нь цус гараад юм бариад гараараа дарсан байсан гэх мэдүүлэг./хх-ийн 24 дүгээр тал/,
- гэрч Э.Пүрэвсүрэнгийн:...гэрт үүдний өрөөнд манай нөхөр Тэмүүжин, Алтансүх нар архи ууж сууж байгаад гараад явсан. Хашаанд эхлээд нөхөр Тэмүүжин гарсан. Араас нь Алтансүх архины шил хагалаад гарсан. Би тэгээд Тамирааг сэрээгээд араас нь гартал тэр хоёр гадаа зогсож байсан. Алтансүх нь архины шилний хагархайгаар нүүрэн хэсэгт нь зүсээд авсан. Би болиочээ гэж хэлээд салгасан. Сүүлд нь нөхрөө гэрт оруулж ирээд харахад Алтансүх нь нөхрийн эрүүний доор хэсэгт нь шилээр зүссэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-20 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13214 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ттэй маргалдаж, түүний эрүүг архины шилээр зүсч түүний биед хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13214 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Т.Аийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогч Б.Т нь шүүгдэгч Т.Атэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Т.Аийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.ШүүгдэгчТ.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ