Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1276

 

 

         2022        10         14                                     2022/ШЦТ/1276

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

`

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунгэрэл,

шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.02.28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнхүүд 8 нэрийн барааны дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл-5 эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар хороолол 00-000 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт Дгийн Оыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүгдэгч Д.О нь Ж.Б, Т.Г нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх-Үүд дэлгүүрийн гадна В.Нг “дэлгүүрт хүүхэд рүү бэлэг эрхтнээ гаргасан” гэх шалтгаанаар цохиж зодож, зүүн талын гуя руу нь хутгалан түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

              - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Мөнхүүд дэлгүүрийн гадна үл таних хүнд зодуулж гэмтсэн” тэмдэглэл /1 х.х-1/,

              - Хохирогч В.Нгийн “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би гадуур ажилтай явж байгаад ажлаа дуусчихаад Яармагт байдаг дүүгийндээ очих гээд явж байгаад замаараа Драгон дээрээс дамжихаар болсон юм. Тэгээд Драгон дээрээс дамжих гээд байж байтал Драгоны урд талд миний таньдаг хэдэн жолооч нартай тааралдаад тэд нартай хамт хоол идчихээд тэд нараас салаад Драгоны хойд талын дэлгүүрээс ундаа авах гээд явж байтал үл таних хоёр эрэгтэй нэг хөгшин настай ахыг газар унагачихсан байхаар нь би та хоёр наад хөгшин настай хүнийг болиоч гэтэл тухайн хоёр залуу намайг барьж аваад хойшоо чирч авч яваад Мөнх-Үүд гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадна дагуулж ирээд намайг хэд хэдэн удаа цохиж байхдаа миний толгой руу цохиход миний толгой эргээд доошоо суусан. Тэгтэл нэг залуу нь тухайн дэлгүүрийн эзнийг дуудаж гаргаж ирээд энэ Говь-Алтайн залуу ганцаараа явж байна гэж хэлээд намайг нийлээд ахиад хэд хэдэн удаа цохиж байтал тэр дэлгүүрийн эзэн нь миний төмсөг рүү өшиглөөд камергүй газар аваач гэж хэлтэл тухайн хоёр залуу нь намайг чирээд тухайн дэлгүүрийн зүүн талд байрлах хүүхдийн тоглоомын хажууд очтол дэлгүүрийн эзэн залуу нь нөгөө хоёр залууг хоёр гарыг нь сайн барьж бай гэтэл тэр хоёр нь миний гараас барихад дэлгүүрийн эзэн залуу нь миний нүүр рүү хоёр гурав удаа өшиглөж цохиход миний үүдэн хоёр шүд унасан. Тэгтэл тэр дэлгүүрийн эзэн залуу нөгөө хоёр залуугаар миний хоёр гарыг бариулж байгаад халааснаасаа улаан иштэй тонгорог гаргаж ирээд миний зүүн талын гуя руу хутгалчихаад тэр гурав явчихсан. Би өдөр нь гадуур явж байхдаа 100 граммын Хараа нэртэй архи авч уусан. Өөр нэмж архи уугаагүй. Тухайн зодуулж байх үед бараг эрүүл байсан.” гэх мэдүүлэг /1 х.х-32/,

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.01.11-ний өдрийн 1406 дугаартай “В.Нгийн биед тархи доргилт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд, доод уруул, хацар, хамар, доод эрүү, хүзүү, зүүн гуянд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гуяны шарх, цус хуралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин тархи доргилт баруун дээд 1-р шүдний булгарал, дээд, доод уруул, хацар, хамар, доод эрүү, хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /1 х.х-70/,

              - Шинжээч Б.Бын “дээд, доод уруул, хацар, хамар, доод эрүү, хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бүх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хуучин гэмтэл байгаагүй. 1 шүдний булгарал тархи доргилт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ер нь бол шүдний булгарал гэмтэл нь уруул, амны хэсэгт хүч үйлчилсний улмаас учирсан гэж ойлгоно. Тархины доргилт нь толгойд үүсгэгдсэн гэмтлүүдийн улмаас учирсан гэж ойлгоно” гэх мэдүүлэг /1 х.х-74/,

              - Камерын бичлэгт үзлэг хийсэн “Үзлэг хийж буй камерын бичлэг нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эв-Эрдэнэ нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн гадна талыг харуулсан камерын бичлэг байв. Хяналтын камерын цагаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 04 минутад эхэлж байв. Тухайн хяналтын камерын урд зүгээс хар хөх өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй хүн мөн цагаан саарал өнгийн саравчтай малгайтай, хөх цэнхэр өнгийн куртиктэй хар бараан өнгийн куртиктэй, шаргал өнгийн гуталтай хоёр эрэгтэй хүн хар бараан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй хар бараан өнгийн гуталтай эрэгтэй хүнийг чирээд Мөнх-Үүд болон Эв-Эрдэнэ нэртэй дэлгүүрүүдийн гадна дагуулаад ирж байх бөгөөд тухайн хоёр саравчтай малгайтай этгээдүүд нь дагуулж ирсэн иргэнийг заамдан авах бөгөөд Мөнх-Үүд нэртэй дэлгүүрийн урд буланд хэвтэж байсан ягаан хүрэн өнгийн дээлтэй, шаргал өнгийн бүстэй хүн ирэх бөгөөд хар хөх өнгийн саравчтай малгайтай этгээд нь Мөнх-Үүд нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн үүдийг нээх бөгөөд тухайн дэлгүүрээс нүдний шилтэй, хар бараан өнгийн куртиктэй, дотуураа эрээн өнгийн ноосон цамцтай, хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй хүн гарч ирэх бөгөөд цагаан саарал өнгийн малгайтай этгээд нь баруун гараараа 4 удаа толгойн тус газар цохисны дараа мөн цагаан саарал өнгийн малгайтай эрэгтэй болон нүдний шилтэй иргэн баруун гараараа нэг нэг удаа цохиж байв. Үүний дараа хар хөх өнгийн саравчтай малгайтай этгээд нь зүүн гараараа тухайн чирч ирсэн иргэнийг 2 удаа цохих гэтэл толгойн дээгүүр нь өнгөрч байх бөгөөд цагаан саарал өнгийн малгайтай этгээд нь 1 удаа баруун гараараа толгойн тус газар нь цохиход хар хөх өнгийн малгайтай этгээд нь тухайн чирч дагуулж ирсэн иргэнийг татан унагаахад нүдний шилтэй эрэгтэй тухайн хоёр саравчтай малгайтай этгээдүүдийг хоёр гараараа холдуулахад цагаан саарал өнгийн малгайтай этгээд нь тухайн газар сууж байсан иргэний толгойн тус газар хоёр удаа баруун хөлөөрөө өшиглөж байв. Үүний дараа хар хөх өнгийн саравчтай малгайтай этгээд нь газар сууж байгаа иргэний толгойн тус газар 1 удаа өшиглөж байх дараагаар нь ягаан хүрэн өнгийн дээлтэй хүн 3 удаа толгойн тус газар цохиж байв. Газар сууж байсан иргэний өгзөг рүү цагаан саарал өнгийн малгайтай этгээд нь зүүн хөлөөрөө хоёр удаа өшиглөхөд тухайн газар сууж байсан иргэн босож ирэх ба босож ирэхэд нь мөн цагаан саарал өнгийн малгайтай этгээд нь цээжин тус газар 4 удаа цохиход хар хөх өнгийн малгайтай этгээд нь босож ирсэн иргэнийг татаж ахин газар унагаж толгойн тус газар нь зүүн хөлөөрөө нэг баруун хөлөөрөө нэг удаа тус тус өшиглөх бөгөөд цагаан саарал өнгийн малгайтай этгээд нь ахин 4-5 удаа толгой цээжин тус газар цохиж араас нь хоёр удаа өшиглөж байв. Үүний дараа дэлгүүрээс гарч ирсэн нүдний шилтэй эрэгтэй тухайн иргэний зүүн хөлөн тус газар баруун хөлөөрөө нэг удаа өшиглөх бөгөөд хувцсаа тайлан дэлгүүр рүүгээ орж байв. Үүний дараа 17:09:01 цагт тухайн нүдний шилтэй этгээд нь дэлгүүрээс гарч ирэн дэлгүүрийнхээ хаалгыг хаагаад түгжин ертөнцийн зүгээр хойш явж байгаа хяналтын камерын бичлэг бичигдсэн байв. /1 х.х-12/

              ...хоёр дахь камерын бичлэг нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 236 байранд байрлах Бадрах СӨХ-н хяналтын камерын бичлэг байв. Хяналтын камерын цагаар 17:02:51 цагт эхэлж байх бөгөөд тухайн хяналтын камерын баруун дээл буланд Мөнх-Үүд нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүр нь цагаан шаргал өнгөтэй, түүний хойд талд байрлах Эв-Эрдэнэ нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүр нь улаан хүрэн өнгөтэй харагдаж байх ба 17:02.51 цагт тухайн хоёр дэлгүүрийн голоос тухайн зодуулсан гэх иргэн гарч ирэн ертөнцийн зүгээр хойш алхан Эв-Эрдэнэ дэлгүүрийн зүүн хойд талд зогсож байх ба 17:03:41 цагт тухайн хоёр дэлгүүрийн голоос хар хөх өнгийн саравчтай малгайтай, цагаан саарал өнгийн саравчтай малгайтай хоёр этгээд нь гарч ирэн тухайн хоёр дэлгүүрийн голд зогсох ба 17:04:06 цагт тухайн хоёр этгээд цаашаа явж байв. Үүний дараа 17:04:15 цагт тухайн хоёр дэлгүүрийн голоос Мөнх-Үүд нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн этгээд нь гарч ирэн зогсох ба 17:04:30 цагт тухайн нүдний шилтэй этгээд нь хар хөх өнгийн саравчтай малгайтай этгээдийн хамт хойшоо зодуулж байсан иргэний зүг алхаад явж байх ба 17:04:41 цагт тухайн дэлгүүрээс гарч ирсэн нүдний шилтэй этгээд нь зодуулж байсан иргэний биен тус газар баруун гараараа далайж хүрч байгаа байх бөгөөд тухайн этгээдүүд 17:05:01 цагт хойд зүг чиглээд явж байгаа хяналтын камерын бичлэг бичигдсэн байв.” гэх тэмдэглэл /1 х.х-13/,

              - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 х.х-10/,

              - Гэрч Б.Оийн “Би яг хэзээ гэдгийг санахгүй байна... улаан өнгөтэй дээлийг өмсөөд бие засах гээд явж байтал миний араас үл таних өндөр биетэй шар царайтай 40-45 орчим насны эрэгтэй миний урдаас бэлэг эрхтэнээ гаргаад “ах нь чамд архи авч өгье улаан буудал руу явъя” гээд миний гараас барихаар нь би “хуц зайл” гэж хэлээд гарыг нь тавиулаад явж байтал манай нөхөр болох Ж.Б түүний хуурай ах Гүнчин ах хоёр гарч ирэхээр нь би тэр хоёр дээр очоод тэр хүн “буудал оръё нэг шил архи авч өгье” гээд байна гэж хэлээд би шар дэлгүүрийн үүд рүү ганцаараа явсан. Тухайн шар дэлгүүрийн нэрийг Мөнх-Үүд гэдэг юм. Тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Тухайн үл таних хүн над руу бэлэг эрхтэнээ гаргасныг бол сайн санаж байна. Надад их сэжгийн санагдсан. Би тухайн бэлэг эрхтэнээ гаргасан хүнийг ганц удаа цохих гэж оролдсон бараг цохиогүй” гэх мэдүүлэг /1 х.х-61/,

              - Яллагдагч Д.Оын “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх-Үүд гэх нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн эхнэр Г.Очгэрэлийн хамт тус дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед миний бие хүнсний дэлгүүртэй ганцаараа байж байтал дэлгүүрийн гадна хүмүүс шуугьж байгаа чимээ гарахаар нь дэлгүүрээс гарч хартал зүс таних Ж.Б, Т.Г нар нь мөн зүс таних В.Нтай маргалдаад зогсож байхаар нь би явж очоод нөгөө гурваас юунаас болж маргалдаад байгаа талаар асуухад Ж.Б “энэ п...а манай эхнэр Тунгалагийг гудамжинд явж байхад нь “буудал оръё гэж хэлээд өдөж хоргоосон” гэж хэлсэн. Тэгэхэд би “чи п...а яахаараа хүн айлгаж оролдох гэж байдаг юм бэ” гэж хэлтэл Т.Г В.Нгийн нүүр рүү Т.Г гараа атгаж байгаад цохих үед би хажуугаас нь В.Нгийн баруун хацар руу нь гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхэд Ж.Б, Т.Г нар нь үргэлжлүүлэн В.Нтай зууралдаж цохиход В.Н газарт уначихсан. Тэгэхээр нь би явж очих хооронд Ж.Б В.Нгийн толгой руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөхөд В.Н миний хиймэл шүд уначихлаа аваад өгөөч гэж хэлэхэд нь Ж.Б хиймэл шүдийг өшиглөөд холдуулчихсан. Би тэр үед явж очоод В.Нгийн хөл рүү нь нэг удаа өшиглөөд “чи хүчин хийх гээд энэ хавиар яваад байдаг юм уу эндээс хурдан босоод зайл” гэж хэлээд татаж босгоход Т.Г хажуугаас хүрч ирээд нүүр рүү нь дахин нэг удаа гараараа цохиход амнаас нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарч байсан. Тэгээд би В.Нг “одоо чи эндээс хурдан яв” гэх зэрэг үгийг хэлэхэд “миний ард том гарууд байдаг юм шүү та нарыг хэлж байгаад алуулна” гэхээр нь тэр мөчид миний уур хүрч “тэгвэл чамайг одоо алчихъя” гээд дэлгүүрт ороод улаан өнгийн иштэй хутгыг авч гарч ирээд айлгая гэж бодоод гарч ирэхэд В.Нг Т.Г хашаа налуулчихсан нуруу руу нь 2 удаа цохиж байхыг нь би харсан. Тэгээд би дахин явж очоод В.Нгийн нуруу руу нь гараараа нэг удаа цохиход В.Н “та нарыг алнаа” гээд өөдөөс эсэргүүцэх үед зүүн гуя руу нь нэг удаа хутгалчихаад хутгаа аваад би холдоход Ж.Б миний хутгыг гараас булааж аваад надад эргүүлж өгөөгүй. “Тухайн хутгыг хаана хаячихсан юм бэ” гэхэд “би мэдэхгүй байна” гэж байсан. Тэгээд тэндээс би В.Нг хөөж явуулчихаад дэлгүүр рүүгээ эргэж ганцаараа орсон” гэх мэдүүлэг /1 х.х-93/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.Оын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч Д.Отай бүлэглэсэн гэх Ж.Б, Т.Г нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан ба тэдэнд холбогдох хэргийг Д.От холбогдох хэргээс тусгаарлаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн шүүгдэгч Д.Оын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсныг дурьдах нь зүйтэй.

              Шүүгдэгч Д.О нь Ж.Б, Т.Г нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх-Үүд дэлгүүрийн гадна В.Нг “дэлгүүрт хүүхэд рүү бэлэг эрхтнээ гаргасан” гэх шалтгаанаар цохиж зодож, зүүн талын гуя руу нь хутгалан түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бөгөөд тухайн үйлдэл нь гэнэт үүссэн, хувийн сэдэлттэй шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна.

              Иймд шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Д.О нь хохирогч В.Нгийн хохирол төлбөрт 1797393 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 5 сая төгрөг нэхэмжилсэн болон хохирогч В.Нгийн шүдний төлбөрт 2500000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1700000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлүүд нь нотлох баримт хангалтгүй цугларсан байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Д.О нь урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр биелүүлсэн болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 х.х-98/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /1 х.х-100/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн байх тул урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болно.

Шүүгдэгч Д.О нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг санаачилгаараа төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн /олон нийтийн газарт биеэ зохисгүй авч явсан/ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан нөхцөл байдал харагдаж байна. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан нь харагдаж байгаа. Эдгээр байдлыг харгалзаж үзэж улсын яллагчаас оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгийн торгуулийг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч нь “хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашдаа дахин алдаа гаргахгүй амьдрах болно” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, бусдад төлбөргүй болсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгуулийн ялын хэмжээг 600 нэгжээр тогтоож оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх хутгыг олж ирүүлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дгийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Дгийн От 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.От оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.О нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, шүүгдэгч Д.О нь хохирогч В.Нгийн хохирол төлбөрт 1797393 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Пүрэвсүрэнгээс сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилсэн болон хохирогч В.Нгийн шүдний төлбөрт 2500000 төгрөг, ажилгүй байсан цалин 1700000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Д.От мэдэгдсүгэй.

9. Хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг Д.От холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ