| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0013/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/12 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007002010091 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******. /РД:/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Э.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн үед тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.ын нүүр, гар луу нь гараараа цохиж, зодох зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* өгсөн: “...Тэр өдөр миний утсанд таньдаг хүнээс мессеж ирсэн. Тэрнээс болж маргаан үүссэн. Тэгээд би гарах гэсэн чинь цамцнаас зуураад байхаар гараа татаж байгаад тохойгоороо санаандгүй цохьсон. Санаатай цохье гэж цохиогүй. Тэр үед нь цагдаа дуудъя гэхээр нь би эгчийгээ дуудчих газар дээр нь асуудлаа шийдчихье гээд тэгсэн ах, эгч нь ирээд цагдаа дуудсан. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.ын өгсөн: “ Би 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө гэртээ нөхөр, 2 хүүхдийн хамт унтаж байгаад сэрсэн. 10 цагийн орчим манай нөхөр *******ын гар утсанд Дарханд байдаг гээд нэг хүүхнээс “явсан уу” гэсэн утгатай чат ирсэн. Би тэрийг нь уншаад нөхөртөө урлаад юун хүүхэн юм бэ, яагаад чамайг явсан уу гээд байгаа юм гэж асуусан чинь чи дандаа намайг хардаж байдаг гээд намайг шууд нүүрний баруун хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохиод авсан. Тэгээд ямар ч хамаагүй хүн гээд хэрэлдээд босоод явсан. Би яагаад чам руу юм бичдэг юм, би тэр хүн рүү чинь чат бичнэ гэсэн чинь намайг дахин цээж болон гар хэсэг рүү цохьсон. Би тухайн үед охиноо тэвэрч байсан учир босоод 00 өрөөнд орсон чинь араас ирээд дахин цохьсон. Би зодоод байхаар нь за за яршиг гээд гэрээс гарах гэтэл хүүхэд аваад ир гээд тэвэрч явсан хүүхдийг булааж авах гээд чадахгүй болохоороо зүүн талын нүдний дээд хэсэгт гараараа цохьсон. Цус гарсан чинь уучлаарай намайг гээд Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэг дээр очоод 4 оёо тавиулсан. Өмнө нь том хүүхдээ гэдсэнд жирэмсэн байх үедээ нөхрөө өөр эмэгтэй хүнтэй унтаж байхыг нь харсан. Тэрнээс хойш хардаад байдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ын гэрчээр өгсөн:: “... Өмнө нь ганц нэг удаа цохиж байсан. Түүнээс ийм хөхөртөл нь зодож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ын өгсөн: “... Би батлагдсан асуумжийн дагуу асуулт асууж хариулт авсан. Тухайн үед тэр эмэгтэй сэтгэл санаа тогтворгүй айдастай жилдээ нэг удаа нөхөртөө зодуулдаг, 2018 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Одоо төрсөн ах, эгч нартайгаа хамт явж байна. Одоохондоо тусдаа амьдарч байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ын өгсөн: “... Гэрт нь орсон чинь зодуулсан байдалтай байсан. Энэ асуудлыг ах дүү нартаа хэлээд ыг дагуулан цагдаагийн байгууллагад хандсан. Намайг тухайн үед гэрт нь ороход 3 хоногийн акт авсан гээд гэртээ байж байсан. Манай гэрт хэд хоног байж байгаад гэр рүүгээ буцаад явсан. , ******* нар нь хоорондоо их ширүүн харилцаатай. Хэн хэнд нь харилцааны асуудал байгаа. Би удаа дараа боль битгий ингэж харилцаж бай гэж хэлж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/291 дугаартай
1. С.ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд доод зовхи, баруун хацарт, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт: “Эрсдлийн үнэлгээ бага” /хх-ийн 21-22 дугаар хуудас,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт: “... хардалтын улмаас миний биед гар хүрдэг байсан. Жилд нэг удаа миний биед гар хүрч байсан. 2018 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийлэл эхэлсэн. Өөрийн төрсөн ах Түвшинбаярын хамгаалалтад байна. гэх /хх-ийн 26-34 дүгээр хуудас/,
Багахангай дүүргийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Э.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-41-47/ дугаар хуудас/,
Э.*******ын “Хаан банк”-ны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
“*******” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн үед тоотод өөрийн гэртээ эхнэр С.тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр гар руу нь гараараа цохиж, зодох зэргээр хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тэгээд би гарах гэсэн чинь цамцнаас зуураад байхаар гараа татаж байгаад тохойгоороо санаандгүй цохьсон. Санаатай цохье гэж цохиогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...чи дандаа намайг хардаж байдаг гээд намайг шууд нүүрний баруун хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохиод авсан. Тэгээд ямар ч хамаагүй хүн гээд хэрэлдээд босоод явсан. Би яагаад чам руу юм бичдэг юм, би тэр хүн рүү чинь чат бичнэ гэсэн чинь намайг дахин цээж болон гар хэсэг рүү цохьсон. Тэвэрч явсан хүүхдийг булааж авах гээд чадахгүй болохоороо зүүн талын нүдний дээд хэсэгт гараараа цохьсон. Цус гарсан чинь уучлаарай намайг гээд Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэг дээр очоод 4 оёо тавиулсан.” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ын өгсөн: “... Гэрт нь орсон чинь зодуулсан байдалтай байсан. Энэ асуудлыг ах дүү нартаа хэлээд ыг дагуулан цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/291 дугаартай: “С.ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд доод зовхи, баруун хацарт, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, ...”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгохоор хуульчилсан.
Э.*******, С. нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 42 дугаар хуудас/-ний хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.*******ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Э.*******ыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хамт амьдарч байгаа, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч С. нь: “Нөхөр болох Э.******* миний бие болох С.аас уучлалт хүсэж эвлэрсэн. Цаашдын амьдрал, үр хүүхдээ бодож гэр бүлийн асуудлаа тайван замаар шийдэж, цаашдаа амьдралын төлөө 2 хүүхдийнхээ төлөө нөхөртөө гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдууллаа.
Шүүгдэгч Э.******* “Одоо ажиллаж байгаа ажлыг түр хугацаагаар хийж байгаа 10, 11 сард үндсэн ажлаа хийнэ. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч “*******” ХХК-нд ажилладаггүй гэх захирал Л.Доржпагматай ярьсан шүүгчийн туслахын тэмдэглэл, шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Одоогоор туршилтын журмаар ажиллаж байгаа, гэрээ байхгүй ээ, тодорхойлолт авъя гэсэн чинь ингэж өгсөн, энэ ажилд 5 сард орсон, цалин миний данс руу ордоггүй. Аавын данс руу ордог. Гол нь би банкинд 17,000,000 төгрөгийн зээлтэй. Тэрийг аав төлдөг юм. Чи дундаас нь авах юм бол үрчих нь гээд аавын дансанд ордог, 400,000 гаруй төгрөгийн цалинтай гэсэн, цагдаагаас тодорхойлолт авчир гэхээр нь цагдаад тодорхойлолтоо уншаагүй шууд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, торгуулийн ялыг өөрөө төлөх боломжгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН