Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/774

 

 

 

 

 

     2022          10          18                                     2022/ШЦТ/774

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: П.Отгонбаатар,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Анд доноров овогт*******гийн*******д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005026581987 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Анд доноров овогт*******гийн*******, ...

Шүүгдэгч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди-2” гар утас худалдааны төвийн 40 дүгээр лангууны түрээслэгч*******ээс 2 удаагийн үйлдлээр дансаар 510.000 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Ж-7 маркийн гар утас 1 ширхэгийг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...лангуу дээр байж байтал 30 орчим настай гэмээр танихгүй эрэгтэй хүн ирээд тус бүр нь 190.000 төгрөгөөр зарагддаг 2 ширхэг Самсунг Ж3 загварын гар утсыг үзээд худалдаж авахаар болоод мөнгөө дансаар шилжүүлнэ гэж хэлснээ энэ байгууллагын данс болохоор 4.000.000 төгрөгөөс доош мөнгөн дүнтэй болохоор хаагдчихаад байна, чи энэ данс руу 250.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би тэр даруй өөрийн хаан банк дахь 5830052470 дугаарын данснаас Голомт банкны 2015141782 дугаарын данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Удаагүй дахин над руу ирээд сая банк руу ярьлаа барьцаа мөнгө байршуулахгүй болохоор данс нээгддэггүй гэж байна гэж хэлэхээр нь би итгээд дахин дээрх данс руу 260.000 төгрөг шилжүүлсэн. Энэ үедээ дахин манай лангуу дээр зарагдаж байсан Самсунг Глакси Ж7 загварын гар утсыг үзээд сим картаа хийгээд ярьж байгаад би өөр утсанд шилэн наалт нааж байх хооронд гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би зүгээр байхаар гээд зөвшөөрөөд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзсан ба махлагдуу 170 см орчим өндөр нуруутай онигор нүдтэй хэл яриа хөөрөө сайтай 30 орчим настай гэмээр эрэгтэй хүн байсан. ...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний Голомт банк дахь 2015141782 дугаарын данс руу 250.000 төгрөгөөр нэг удаа 260.000 төгрөгөөр мөн 1 удаа орлого орж ирсэн ба энэ мөнгийг дээрх хүн эгчээсээ гуйж байгаад авлаа эгч яг одоо миний хажууд зогсоод надтай хамт байна, мөнгө алдах юм бол намайг зайлаарай гэж хэлсэн энэ мөнгийг сайтад байршуулаад өгөөч гэж хэлэхээр нь би 10.000 төгрөгийн шимтгэл аваад мөнгийг нь сайтад байршуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч*******ээр өөрөөр нь байршлыг нь сонгуулж хананд нааж байршуулсан 1, 2, 3, 4 дугаарын зурагнуудаас сонголт хийлгэхэд хохирогч******* 1 гэсэн дугаарыг гараараа заав. ...надаас бэлэн мөнгө, гар утас залилаж авсан хүнийг нүүр царайгаар нь хараад эргэлзэх зүйлгүйгээр шууд таньж байна гэж хэлж байв. ...гэрч******* ...Намайг 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хүнсний 4-р дэлгүүрийн автобусны буудал дээр хамт 1xbet сайтад бооцоо тавьж ашиг олвол 50%, 50%-р хувааж авъя гэх санал тавьж уулзсан залуу 3 дугаарын хүн мөн байна. Би царайг нь шууд хараад л таньж байна. Дунд зэргийн нураатай, махлагдуу залуу мөн байна....” гэжээ. /хх-н 41-53/,

Яллагдагчаар *******ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...миний үйлдэл мөн байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 140-141/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 58-64/, депозит дансны хуулганууд /хх-н 74-83/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 93, 96-100, 121/, ялын тооцоо /хх-н 142/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди-2” гар утас худалдааны төвийн 40 дүгээр лангууны түрээслэгч*******ээс 2 удаагийн үйлдлээр дансаар 510.000 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Ж-7 маркийн гар утас 1 ширхэгийг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 660.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч*******, гэрч******* нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ******* нь хохирогч*******ээс гар утас худалдаж авна гэж итгүүлж 510.000 төгрөг дансаар, 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилаж нийт 660.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч *******ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь хохирогчийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч *******өөс 660.000 төгрөг гаргуулж хохирогч*******т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *******ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн ялын санкцтай ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 удгаар зүйлийн 7.1 дэх заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хуулчилсан байна.

Харин нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлсэн ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 29 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарласан ялаар сольсон ба Өршөөл үзүүлэх тухай хуульд урьд нь хамарагдаж байсан байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч ******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгүүлсэн ба 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 238 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ялын тооцоогоор 01 жил, 02 сар, 14 хоногийн ял эдэлж, 9 сар, 16 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх 142/ нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар, 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор онодуулсан 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сар 19 хоног хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцож 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хоногийн хорих ялаар тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 28 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 238 дугаар захирамжаар цагдан хоригдсон боловч ялын тооцоог 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар гаргасан тул цагдан хоригдсон хоногийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс тоолсон болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Анд доноров овогт*******гийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ тогтоолоор оногдуулсан 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 33 хоног хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар, 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 сар, 19 хоног хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий урьд цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 660.000 төгрөг гаргуулж хохирогч*******т олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР