Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2021/0208/З |
Дугаар | 128/ШШ2021/0346 |
Огноо | 2021-05-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2021/0346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Х” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Д, Б.Х нар
Гомдлын шаардлага: ...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х, Н.Д нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Х, Н.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Х” ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х, Н.Д нар нь “Х” ХХК-ийн 2012-2016 оны санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, татварын тайланд татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийгээд:
1. "Оногдуулсан шийтгэл"-ийн 14,312,381.20 төгрөг,
2. "Хохирол"-ын 47,707,937.30 төгрөг,
3. "Нөхөн төлбөр"-ийн 9,541,587.50 төгрөг, нийт 71,561,906.70 төгрөгийг ...бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгасугай." гэсэн ******** дугаар бүхий 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон ойлгомжгүй "Шийтгэлийн хуудас" гэгч баримт үйлдсэн байна. Уг баримтынхаа "ШИЙДВЭРЛЭХ НЬ: хэсгийн 1 дэх заалтад "Холбогдогч “Х” ХХК-ийн гаргасан зөрчилд торгох шийтгэл ногдуулсугай" гэсэн нь 2 дахь заалттайгаа авцалдаагүй бөгөөд тэрхүү шийтгэлийг нь хэрхэн яаж биелүүлэх нь ч тодорхойгүй захиргааны акт болжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэж гаргаж байгаагаа дурдсан ч уг зүйлд заасан шаардлагыг хангаагүй энэхүү "Шийтгэлийн хуудас", түүнд заасан зөрчлийн талаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаcaн боловч тус зөвлөл 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тоот тогтоолоор ****** дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан байна.
Иймд:
1. Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан,
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл болон 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй,
3. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр cарын 02-ны өдрийн ******* тоот тогтоолоор Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөж журмын тухай хуулийн дагуу хүчингүй болгоогүй захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х, Н.Д нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х, Н.Д нар нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Х” ХХК-тай холбогдох татварын хяналт шалгалтын ажлыг явуулж, шалгалтын явцад тухайн компанид татварын зөрчил илэрсэн тул Монгол Улсын хууль дүрэм журмын дагуу батлагдсан загвар бүхий ******* дугаартай "Шийтгэлийн хуудас"-ийг үйлдсэн.
Нэхэмжлэл гаргагч нь уг зөрчлийн хуулиар шалган шийдвэрлэгдсэн шийтгэлийн хуудсын үг өгүүлбэрийг ойлгомжгүй тул хүчингүй болгож өгөхийг дурдсан байна.
Шийтгэлийн хуудсыг тухайн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7-д заасан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална" гэж заасны дагуу батлагдсан хэвлэмэл шийтгэлийн хуудсанд бөглөж ******** тоот ШИЙТГЭЛИЙН ХУУДАС-ыг бичсэн. Хавсралтаар:
1. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /ЗШША-2/
2. Холбогдогчоос авсан мэдүүлэг
3. Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай
тэмдэглэл
4. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл
5. Засгийн газрын 2017 оны ******* дүгээр тогтоолын хавсралт №01 Баталгаа
6. Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил
7. Hогдуулсан төлбөрийн тооцоо /XШ-06(02)/
8. Татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо /XШ-07/
9. Ярилцлагын тэмдэглэл /гэрээт нягтлан бодогч Ц.Б/
10.Татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл /ХШ-09/
11.Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулсан актыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр батлуулан хэвлэж гардуулах гэсэн боловч тухайн үед дуудаад ирээгүй, захирал *** нь БНХАУлс руу яваад ирэхгүй байсан учир шийтгэлийн хуудсыг шуудангаар илгээсэн. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус компанийн менежер П.У Ц.Б нар шийтгэлийн хүлээн авснаа ирж мэдэгдсэн.
Тус компанийн гол маргаантай асуудал болох татварын хяналт шалгалтаар нийт 500,909,091.90 төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд:
1 2015 онд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харилцагч өөрийн компанийн нэг болох ****** регистрийн дугаартай “О” ХХК-нас 374,545,454.60 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 37,454,545.30 төгрөгийн нөхөн татвар, 11,236,363.70 төгрөгийн торгууль, 7,490,909.10 төгрөгийн алданги, нийт 56,181,818.30 төгрөгийн төлбөр ногдуулсан. Энэ зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй" гэж заасныг зөрчсөн бөгөөд тус компани нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан гэж тайлбар өгсөн боловч уг тайлангаар нотлогдоогүй. “О” ХХК-ийн ******* тоот падаантай холбоотой шинжээчийн дүгнэлт гараагүй болно. Энэ компани нь Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст харьяалагддаг.
2. 2016 онд “М” ХХК-иас Тоyota Land Cruiser 200 маркийн автомашиныг 126,363,636.40 төгрөгөөр худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 10,253,391.80 төгрөгийн нөхөн татвар, 3,076,017.50 төгрөгийн торгууль, 2,050,678.40 төгрөгийн алданги, нийт 15,380,087.70 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн татварын нийт дүнгээс хасахгүй", 14.6.1. суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг; гэж заасныг зөрчсөн байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “Х” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Д Б.Х нарт холбогдуулан гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Д, Б.Х нар нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот томилолтын дагуу “Х” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар нийт 500,909,091.90 төгрөгийн зөрчилд 47,707,937.30 төгрөгийн нөхөн татвар, 14,312,381.20 төгрөгийн торгууль, 9,541,587.50 төгрөгийн алданги, нийт 71,561,906.70 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагч “Х” ХХК нь дээрх шийтгэлийн хуудастай холбоотойгоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2020 оны 11 дүгээр cарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, ******* тоот тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч “Х” ХХК нь татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ ...Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл болон 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, ... Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр cарын 02-ны өдрийн ******* тоот тогтоол нь Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг хэрэглээгүй, ... татварын байцаагчийн актаар зөрчлийг илрүүлэхээс өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж өгсөн гэж, хариуцагч татварын улсын байцаагч нар гомдлыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “О” ХХК-иас 374,545,454.60 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан, “М” ХХК-иас Тоyota Land Cruiser-200 маркийн автомашиныг 126,363,636.40 төгрөгөөр худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж тодорхойлон маргажээ.
Нэг. Татварын улсын байцаагчид нь 2015 онд 374,545,454.60 төгрөгийн хий бичилттэй падаан ашиглан төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 37,454,545.50 төгрөгийн нөхөн татвар, 11,236,363.70 төгрөгийн торгууль, 7,490,909.10 төгрөгийн алданги, нийт 56,181,818.30 төгрөгийн төлбөр оногдуулсан зөрчлийн тухайд,
“Х” ХХК нь О******* ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот падаанаар 374,545,454.55 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалын худалдан авалт хийсэн гэх боловч уг падаанд худалдан авсан бараа материалын нэр, төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ зэргийг заагаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр, төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ ...-ийг тусгасан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Х” ХХК нь дээрх НӨАТ-ын падаанаар 374,545,454.60 төгрөгийн худалдан авалт хийсэн, худалдан авсан бараа материалын үнийг төлсөн, түүнчлэн бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагчийг буруутгах, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. 126,363,636.40 төгрөгийн зөрчилд 10,253,391.80 төгрөгийн нөхөн татвар, 3,076,017.50 төгрөгийн торгууль, 2,050,678.40 төгрөгийн алданги, нийт 15,380,087.70 төгрөгийн төлбөр оногдуулсан зөрчлийн тухайд:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д "суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй гэж заасан.
Гэтэл “Х” ХХК нь 2016 онд “М” ХХК-аас Тоyota Land Cruiser 200 маркийн автомашиныг 126,363,636.40 төгрөгөөр худалдан авч, төлсөн татварыг хасч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгасан нь гомдол гаргагч компанийн НӨАТ тайлан, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд нь татварын улсын байцаагчид гэж хариуцлага хүлээлгэснийг буруутгах, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Гурав. Бусад үндэслэлийн тухайд
Гомдол гаргагч “Х” ХХК нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл болон 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, ... Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг хэрэглээгүй, ... татварын байцаагчийн актаар зөрчлийг илрүүлэхээс өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж өгсөн гэж тодорхойлсон.
Татварын улсын байцаагч Н.Д, Б.Х нар нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот томилолтын дагуу “Х” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ****** тоот шийтгэлийн хуудсаар нийт 71,561,906.70 төгрөгийн төлбөр оногдуулсан.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан бөгөөд хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж, мөн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус заасан.
Энэхүү маргааны хувьд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэглэгдэхгүй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг хэрэглээгүй гэх гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Гомдол гаргагчаасманай компани байцаагчийн актаар зөрчлийг илрүүлэхээс өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж өгсөн байхад хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байх ба Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж буй татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тайлагнах ёстой байтал “Х” ХХК нь энэ хэсэгт ямар ч дүн тайлагнаагүй бөгөөд дотоодын зах зээлд борлуулсан барааны борлуулалтын орлого хэсэгт 99,281,090.90 төгрөгийн орлого тайлагнасан байна.
Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд татвараа тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Гомдол гаргагчийн зүгээс Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан гэж маргаж байгаа боловч дээрх хуулийг хэрхэн буруу тайлбарласан талаар үндэслэлээ тодорхойлоогүй тул шүүх энэхүү үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй.
Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулага 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн/ 74 дүгээр зүйлийн 74.1-д /Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна/ гэж заасныг үндэслэн 2015 оны 374,545,454.60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 37,454,545.50 төгрөгийн нөхөн татвар, 11,236,363.70 төгрөгийн торгууль, 7,490,909.10 төгрөгийн алданги ногдуулж, 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 126,363,636.40 төгрөгийн зөрчилд ногдох 12,636,363.60 төгрөгийн нөхөн татвараар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах 2,382,971.80 төгрөгийн үлдэгдлийг бууруулж, үлдэх 102,533,918.00 төгрөгийн торгууль, 2,050,678.40 төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд “Х” ХХК нь Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж заасны дагуу үүргээ биелүүлэлгүйгээр О******* ХХК-иас бараа материал худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглан Нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь тогтоогдож байна.
Гомдол гаргагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д ...Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; гэж заасан байх бөгөөд дээрх баримтуудаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.1 дэх заалтыг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х, Н.Д нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Х” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА