Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 126/2024/0001/З |
Дугаар | 221/МА2024/0491 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0491
2024 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2024/0491 | Улаанбаатар хот
|
.Бямбацогтын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 093 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Д.Бын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч ХАТСЗД
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 126/2024/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 093 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Тосонцэнгэл сумын Засаг дарга холбогдуулан гаргасан Д.Б миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгж талбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэлх талбайд буюу газарт эргэлт, ашиглалтын зурвас газрыг хэмжин зааж өгөхгүй, эргэлт ашиглалтын зурвас газраас ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Д.Б миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгж талбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл хэмжээтэй газарт тариалангийн талбайн эргэлт ашиглалтын зурвас газраар эзэмшиж ашиглах эрхийг Д.Бод олгохыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. ...Анхан шатны шүүх дүгнэхдээ Д.Бод Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 дугаар тогтоолоор 50 га газрыг багийн хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга эзэмшүүлэхээр шийдвэрлэж олгосон байгаа нь Газрын тухай хуульд нийцүүлж газраа эзэмшиж ашиглах ёстой болохоос Тариалангийн тухай хуульд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 2.1-д Тариалангийн тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийн заалтыг баримтлан тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгож байгаа нь түүнийг тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нь Тариалангийн тухай хууль хамаарахгүй гэж шүүх дүгнээд байгаад гомдолтой байна.
Д.Б надад 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нэгж талбарын 6711001818 дугаартай газар эзэмшүүлэхээр олгосон газрын зориулалт нь ҮР ТАРИАНЫ УСАЛГААГҮЙ ТАРИАЛАН гэсэн зориулалтаар давуу эрхээр олгогдсон газар. Давуу эрхээр газар эзэмшиж байж та хуульд заасан бусад эрхийг эдлэхгүй, тийм эрх олгохгүй гэж хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт хийж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт л үр тариа тариалах тариалангийн зориулалтаар эзэмшиж тариалангийн хуулиар олгогдсон үндэслэл журмын дагуу л би нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.2. Би тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй 50 га газартаа бүхэлд нь үр тариа үр тариа тариалж ашиг шим хүртэхийг хүсэж байгаа бөгөөд уг 50 га талбайд тариалсан үр тариагаа хураах тарих, арчлах, бусдын мал амьтнаас талхлагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор л эргэлт ашиглалтын зурвас газрыг хариуцагчаар заалгаж албажуулан зөвхөн эргэлт ашиглалтын зурвас газраар л ашиглахыг хүссэн, мөн уг заалгаж авсан газраа бусад эргэн тойронд байгаа газар эзэмшигч нартай хамтдаа эргэлт ашиглалтын зурвас газраар ч эзэмшиж ашиглах боломжтой болно гэж тайлбарлаж байсан болохоос өөрийн эзэмшлийн 50 га газар дээр нэмж газар эзэмшихийг хүсээд байгаа хэрэг биш. Шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаас өөр байдлаар дүгнэлт хийж байгаад гайхаж байна. Мөн тухай газар бусдын эзэмшлийн газартай давхцаагүй байхад давхацсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн Тосонцэнгэл сумын Тээлийн ам буюу 3-р багийн нутаг дэвсгэр дээр олон иргэд тариалангийн болон хүнсний ногоо тариалах газар эзэмшдэг бөгөөд малчдын малын бэлчээр нутаг бас хамаарагддаг. Энэ байдлаас болж малчид бусад газар эзэмшигч нарын хооронд газрын эргэлт ашиглалтын зурвас газар ашиглах талаар маргаж үл ойлголцолд хүрээд байгаа учир би уг нөхцөл байдлыг ойлгомжтой тодорхой байлгах үүднээс энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Тариалангийн тухай хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилготой хэрэгжиж байгаа хууль гэж би ойлгож байна. Мөн хуулийн 3.1.2-т тариалангийн талбай гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа нэгж газрыг хэлнэ гэж заасны дагуу би тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон 50 га хэмжээтэй нэгж газартаа бүхэлд нь буюу 50 га талбайд үр тариа тариалах хүсэлттэй байгаа тул уг нэгж талбараас гаднах эргэн тойронд байгаа газарт эргэлт ашиглалтын зурвас газрыг заалгаж уг зориулалтаар эзэмшихийг хүссэн.
Мөн хуулийн 4.1-д тариалангийн зориулалтаа эзэмшүүлсэн, ашиглуулсан төрийн өмчийн газарт тариалан эрхэлнэ гэж заасны дагуу төрөөс уг нэгж талбар бүхий газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн. Гэвч анхан шатны шүүх Газрын тухай хуульд үндэслэн олгосон нэгж талбар бүхий тариалангийн газрыг эзэмшиж ашиглах нь Тариалангийн тухай хуульд хамааралгүй гэж дүгнэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Тариалангийн тухай хуулийн 11.1-д тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт ашиглалтын зурвас газартай байж болно гэж заасан. Мөн 11.2-д заасан заалтыг анхан шатны шүүх нэмж газар эзэмших гээд байгаа юм байна гэж дүгнээд байна. Би нэмж газар эзэмшихийг хүсээгүй, тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа 50 га газрынхаа эргэн тойронд байгаа хэсэг газарт л эргэлт ашиглалтын зурвас газраар эзэмшиж, ашиглах боломж олгож заалгуулахыг хүссэн. Гэвч анхан шатны шүүх хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэж, миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу ойлгож дүгнээд байна гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээж авч хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үүгэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв:
1. Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тариалангийн зориулалтаар эзэмшиж буй 50 га газрын гадна хэсэгт эргэн тойрон 100 м хүртэлх газрыг эргэлт, ашиглалтын зурвас газрыг зааж өгөхгүй, уг газрыг ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,эргэлт, ашиглалтын зурвас газраар ашиглах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Анхан шатны шүүх ... Тариалангийн тухай хуулийн 11.1, 11.2-т зааснаар эргэлт- ашиглалтын зурвас газар нь иргэний эзэмшиж байгаа тариалангийн газарт хамаарахаар заасан тул эзэмшиж буй газартаа эргэлт ашиглалтын зурвас буюу техник тоног төхөөрөмжөө байрлуулж ажиллуулах боломжтой ... уг зориулалтаар газрыг нэмж ашиглуулах боломжгүй гэж үзсэн хариуцагчийн үйл ажиллагаа үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
3. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... Газрын тухай хуульд Тариалангийн хуулийн 2.1-д Газрын тухай хууль тогтоомжоос бүрдэхээр заасан байхад Тариалангийн хуульд хамраалгүй гэж шүүх хуулийг буруу хэрэглэсэн ... миний нэхэмжлэлийг буруу ойлгож шийдвэрлэсэн. Би газар нэмж эзэмших талаар нэхэмжлээгүй, харин Тариалангийн тухай хуулийн дагуу эргэлт- ашиглалтын зурвас газрыг заалгаж авч, тэр зориулалтаар тоног төхөөрөмжөө тавьж ашиглах гэсэн юм.... ... бусдын газар давхцаагүй байхад давхацсан гэж буруу дүгнэсэн ... гэжээ.
4. Анхан шатны шүүх маргааны гол үйл баримт буюу нэхэмжлэгчийн эргэлт ашиглалтын зурвас газрыг нэмж ашиглуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй-г хууль бус гэж үзсэнтэй холбоотой Газрын тухай хуулиар эзэмшиж буй тариалангийн зориулалтаар олгогдсон газрын хил хязгаарын дотор Тариалангийн тухай хуульд заасан эргэлт - ашиглалтын зурвас газар нь хамаарах талаар хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
5. Учир нь Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт-ашиглалтын зурвастай байж болно гэж, 11.2-т Тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн газарт хамаарна гэж заасны эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн газарт хамаарна гэж тодорхой заасан байх тул тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа газраасаа гадна эргэлт - ашиглалтын зурвас газрыг ашиглах эрх олгохыг нэхэмжлэгч шаардах эрхгүй, Засаг даргад тариалангийн газраас гадна зурвас газрыг зааж өгч ашиглуулах үүрэггүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг буруу ойлгож, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхгүй.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байгаа 50 га газартай бусдын газар давхцаагүй боловч эргэн тойрон илүү хашаалсан газар нь 67,4 га байгаа талаар, илүү хашсан газрыг бусад иргэн, хуулийн этгээд эзэмшиж, ашиглах талаар маргасантай холбоотой анхан шатны шүүх газрын давхцалын талаар дурдсан боловч энэ нь маргааны гол үйл баримтад хамааралгүй, үүнийг шийдвэрийн үндэслэлээ болгоогүй байна.
Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2024/0093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ