Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 213

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,     

Нарийн бичгийн дарга Х.Дашням,  

Улсын яллагч Б.Гантулга,

Шүүгдэгч Б.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1988 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.     

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан холбооны мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид салааны ахлагч ажилтай, ам бүл-1, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөөний гудамж 5а байр, 0 тоот хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 37-31 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тангуд овогт Баярцогтын Энхбаатар, РД:ЖЭ83100776, 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Энхбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 37-31 тоотод иргэн Б.Сайнбаярын эзэмшлийн автомашины толийг хугалж, санаатайгаар гэмтээн 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлахад:        

Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 37-31 тоотод иргэн Б.Сайнбаярын эзэмшлийн автомашины толийг хугалж, санаатайгаар гэмтээн 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь... 

- иргэн Б.Сайнбаярын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гаргасан гомдол /хх-4/,

- иргэн Б.Сайнбаяраас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авсан тайлбар /хх-5/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-7/,

- хохирогч Б.Сайнбаярын:..2016 оны 07 дугаар сарын 11-ний өглөө Гантулга бид 2 хүй долоон худаг орчихоод өдөр 13 цаг өнгөрөөгөөд Толгойтод байдаг дүүгийнх нь гэрт очсон. Очих болсон шалтгаан нь Гантулгын дүү Соёлоогийн төрсөн өдөр нь болж байсан юм. Тэгээд дөнгөж очоод гэрт нь ороод суутал Энхбаатар орж ирээд ахтайгаа муудалцаад байж байснаа над руу дайраад наад шар гичийгээ яах гэж дагуулж ирсэн юм, янхан гэх зэргээр над руу дайраад байсан. Тэгсэн чинь ах нь чи наад хүн рүүгээ битгий дайраад бай гэсэн чинь би тэр машиныг чинь хага цохичихье гээд гүйж гараад миний машины 2 толийг хуга цохичихсон байсан. Тэгээд би тэр дор нь цагдаа дуудаад ирж өргөлдөө өгсөн. Би ямар шалтгааны улмаас толь хугалсныг мэдэхгүй байна, ахтайгаа маргалдаантай байсан юм шиг байна лээ. Тэгээд ахдаа гаргасан уураараа машины толь хугалсан юм шиг байна лээ. Энхбаатар халамцуу байсан, их л ууртай байсан. Ахтайгаа зодолдоогүй, намайг ч гэсэн цохиж зодсон асуудал байхгүй. Миний тоёото приус-20 машины 2 ширхэг толь хугарсан. 1 ширхэг толь нь 180.000 төгрөгийн үнэтэй нийлүүлээд 360.000 төгрөгөөр үнэлж байна. 2 талын толь хагараагүй, жолоочийн талын толь сууриараа хугараагүй салсан, харин жолоочийн эсрэг талын толь сууриараа хугарсан. Машиныхаа толийг бүтэн болгож авмаар байна. Толины мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-10-12/,

- гэрч Б.Бадамхандын:...тэр өдөр манай эгчийн төрсөн өдөр болдог юм. Тэгээд бид нар хорхог хийгээд сууж байтал манай ах Гантулга Сайнаа гэдэг хүүхэнтэй ороод ирсэн. Тэгсэн чинь Энхбаатар Гантулга ахаас машины мөнгө өг ломбарднаас над руу утасдаад хэцүү байна гэсэн чинь Гантулга ах чиний тэр надад ямар хамаатай юм тэрийг чинь хаясан ч яадаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Энхбаатар уурлаад ахтай маргалдаж байгаад миний эд зүйл юм биш харин та нарынх юм уу гээд хашааны гадаа зогсож байсан машиных нь толийг өшиглөөд хугалчихсан. Тэгээд л цагдаа ирээд Энхбаатарыг аваад явсан. Энхбаатар өөрөө Портер машинтай тэр машиныг нь Гантулга мөнгөний хэрэг болоод ломбарданд тавьчихсан юм. Тэгээд сүүлдээ мөнгийг нь өгөхгүй нөгөө ломбарднаас нь Энхбаатар луу залгаад нэхээд байгаа юм байна лээ. Тэгээд мөнгөө нэхээд уурласан юм...гэх мэдүүлэг /хх-15-16/,

- гэрч Б.Соёл-Эрдэний:...Миний төрсөн дүү маань байгаа юм. Миний дүү ааш зангийн хувьд гайгүй залуу байгаа юм, янз бүрийн ааш авир гаргаад байхгүй даруухан. Тийм их хэрэглээд байхгүй, агсам согтуу тавиад байхгүй. Тэр өдөр бид нар Энхбаатарын гэрт цуглаад миний төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Тэгж байтал манай ах ирээд Энхбаатар тэр хоёр маргалдсан. Тэгж байснаа Энхбаатар гараад машиных нь толийг хугалчихсан, яагаад тэгсэн гэхээр ах Энхбаатарын машиныг ломбарданд тавьчихаад мөнгийг нь өгөхгүй тэр мөнгийг нь ломбарднаас Энхбаатараас нэхээд байгаа юм. Тэгээд л маргаан үүссэн... гэх мэдүүлэг /хх-17-18 хуудас/,

- шүүгдэгч Б.Энхбаатарын:...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай том эгч Соёл-Эрдэнийн төрсөн өдөр болсон, тэгээд бид нар тэмдэглэх гээд ах дүүсээрээ цуглачихаад байж байсан. Тэгээд өглөөнөөс хойш хонь, мал янзлаад байцгааж байтал үдээс хойш манай ах Гантулга өөрийн нууц амраг Сайнаа гэдэг хүүхэнтэй ирсэн. Тэгээд би гадаа юм хийж байгаад гэртээ ортол манай ах манай гэрийн хойд орон дээр сууж байхаар нь би шууд очоод заамдаж аваад гар зайл пизда минь гээд гэрээсээ гаргасан. Тэгээд би гадаа гараад миний машиныг авч өг миний машин, машин биш юмуу гээд гадаа зогсож байсан Сайнаа гээд ахтай цуг явж байсан хүүхний машиных нь 2 толийг нь өшиглөөд хугалчихсан. Тэгээд нөгөө 2 яваад өгсөн би гэртээ орсон. Удаагүй байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Манай ах Гантулга тэр Сайнаа гэдэг хүүхэнтэйгаа хамт 2016 оны 02 сард миний эзэмшлийн 25-97 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Портер машиныг мөнгөний хэрэг боллоо гэж гуйгаад “Альфамарал” ХХК гэдэг авто ломбарданд 0.7%-ийн хүүтэй 800.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд эхний 3 зээлээ төлөөгүй над руу ломбард нь яриад байхаар нь би төрсөн ах гэж бодоод хүлээгээд л байсан. Тэр хооронд манай ах Гантулга ломбарданд эхний 3 сарын хүүг нь л өгсөн, үндсэн зээлээсээ нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд ломбардны хугацаа 2016 оны 06 сард дуусаад над руу яриад мөнгөө өг гэж шаардсан. Тэгээд сүүлдээ ах утсаа ч авахгүй болсон тэгснээ миний машиныг Дорнод аймагт унаж очоод тэндээ үлдээчихээд ирсэн байсан. Тэгээд би өөрөөсөө мөнгө гаргаад машинаа 7 сард очиж авчирсан. Би одоо хүртэл ломбардны зээлээ төлөөгүй хүүг нь өгөөд л яваад байгаа. Ийм учир шалтгааны улмаас би уурлаад ахтайгаа муудалцаад тэр хүүхний машины толийг хугалсан юм. Миний машиныг барьцаалаад зээл авах үед Сайнаа гэдэг хүүхэн хамт ирээд мөнгө аваад явж байсан. Тэр хүүхэн бол манай ахтай нууц амрагийн холбоотой хүүхэн байгаа юм, манай ах өөрөө эхнэр 3 хүүхэдтэй. Би тэр өдөр 3 лааз пиво, 100 гр орчим архи уусан байсан. Би уурлаад л толийг нь хагалснаас биш тэр 2-ыг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Энхбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Энхбаатар нь хохиролд 360.000 төгрөг /хх-74/ төлжээ.  

Шүүгдэгч Б.Энхбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.                                 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн хураагдсан зүйлгүй.               

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь: 

   

            1. Шүүгдэгч Б.Энхбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарт 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарын эдлэх 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.          

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж,  хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Энхбаатар урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР