Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/790

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Хохирогч ***ийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбулган /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2644/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт ***-ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205022331950 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *** ХХК-нд цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг *** дугаар хороо, *** байрны *** тоотод оршин суух /РД:***/,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 450,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 250,000 төгрөгийн торгох ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/553 дугаартай захирамжаар өршөөн хэлтрүүлсэн, *** овогт ***-ын ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн орчимд хохирогч ***ийн ардаас гараараа түүний хүзүү хэсгээр боож хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр буюу “Дуугарах юм бол булна шүү, ална шүү” гэж хэлэн заналхийлж түүний өмчлөлд байсан 100.000 төгрөгийн үнэ бүхий цүнхтэй Повер банк, Ай фоне 6 загварын гар утасны утасгүй чихэвч зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Би 2022 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хүүхдийн зуугаас Баянгол дүүрэг 24 хороо, ***- руу алхах замд Нарны гүүр даваад алхаж байхад хутга тулгаж миний цүнхийг дээрэмдсэн...” тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2022 оны 06 сарын 23-ны өдрийн 02 цаг 07 минут 00 секундэд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд хохирогч ***э алхаж, хойноос нь үл таних хүн дагаж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2022 оны 6 сарын 23-ны өдрийн 02 цаг 07 минут 04 секундэд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд хохирогч ***ийг хойноос дагаж байсан үл таних хүн барьж авч байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2022 оны 6 сарын 23-ны өдрийн 02 цаг 07 минут 10 секундэд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд хохирогч ***э нь тухайн үл таних хүнтэй ноцолдож, зугтаах оролдлого хийж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2022 оны 6 сарын 23-ны өдрийн 02 цаг 07 минут 19 секундэд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд хохирогч ***ийг тухайн үл таних хүн ертөнцийн зүгээр баруун тийш буюу *** компанийн ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан хаалга руу чиглээд дагуулан явж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2022 оны 6 сарын 23-ны өдрийн 02 цаг 07 минут 41 секундэд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд хохирогч ***ийг тухайн үл таних хүн ертөнцийн зүгээр баруун хойшоо дагуулж яваад *** компанийн ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан хаалганы цаагуур орж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2022 оны 6 сарын 23-ны өдрийн 02 цаг 08 минут 02 секундэд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд буюу *** компанийн ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан хаалганы цаагуур хохирогч ***э ертөнцийн зүгээр баруун хойд талаас ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд зогсож байсан тээврийн хэрэгслийг чиглээд гүйж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2022 оны 6 сарын 23-ны өдрийн 02 цаг 08 минут 09 секундэд хохирогч ***э ертөнцийн зүгээр баруун хойд талаас гүйж ирээд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд зогсож байсан тээврийн хэрэгсэлд сууж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 15-18, 20-26 дахь тал),

4. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ны ***-ы салбарт *** үйлчилгээний ажилтан хийдэг. 2022 оны 6 дугаар сарын 15-наас Төв банкнаас ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бүжгийн сургалтад хамруулж эхлэхээр нь би сонирхоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100-н *** төвийн 1 давхарт байдаг *** нэртэй бүжгийн клубт элсэж ороод 7 хоног бүрийн 1, 3 дахь өдөр орой 20 цагаас 22 цаг хүртэл бэлтгэл хийдэг болсон. 2022 оны 6 дугаар сарын 22-ны орой тухайн бүжгийн клубтээ очиж бэлтгэлээ хийж дуусгаад байж байтал манай бүжгийн клубийнхэн хамтдаа танилцаад шар айраг ууж сууя гэхээр нь би 22 цагаас 01 цаг хүртэл тухайн клубтээ сууж байгаад 01 цаг өнгөрч байхад би *** гэх эмэгтэйтэй ойрхон амьдардаг болохоор бид хоёр хамт *** төвөөс гарч гэр лүүгээ алхсан. Тэгээд алхаж байгаад нарны гүүр даваад *** ертөнцийн зүгээр зүүн тал руу буюу Нарын хороолол руу чиглэж алхаад би нарны гүүрнийхээ баруун талаар өөрийн гэр болох ***- тал руу алхаад явж байтал ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд тал буюу *** компанийн ертөнцийн зүгээр зүүн талд алхаад явж байтал гэнэт 1 үл таних эрэгтэй хүн хойноос миний хүзүү хэсгээс бариад авахаар нь би сандраад салгах гээд ноцолдож байтал нөгөө үл таних эрэгтэй хүн зүүн гараараа миний хоолойг боогоод баруун гартаа нэг үзүүртэй зүйл барьчихсан /би тэр зүйлийг нь хутга л гэж бодсон/ миний хүзүүнд тулгаад “дуугарах юм бол булна шүү. Ална шүү” гэж хэлээд *** компанийн үүд хэсэг рүү чирээд алхаад байхаар нь би “Ахаа та миний утсыг аваад зүгээр намайг явуулчхаач гуйж байна” гэхэд юу ч дуугарахгүй шороон зам руу намайг чирээд алхаад байхаар нь би тухайн хүнийг эсэргүүцэж ноцолдож байгаад зугтаж гүйхэд тухайн эрэгтэй миний цүнхийг гартаа бариад миний хойноос гүйх шиг болохоор нь би *** компанийн ертөнцийн зүгээр зүүн талд зогсож байсан нэг машин руу шууд ороод суусан. Тэгээд нөгөө миний цүнхийг дээрэмдсэн гэх эрэгтэйг харахад тухайн эрэгтэй миний цүнхийг бариад *** компанийн ертөнцийн зүгээр хойд тал руу гүйгээд яваад өгсөн. Миний алдсан гэх цүнхэнд 1 ширхэг remax брэндийн повер банк /ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй/, 1 ширхэг Pro 6 загварын утасгүй чихэвч /ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй/, 1 ширхэг Type С оролттой USB cable /ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, тасарсан зүйл байхгүй/, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 ширхэг автобусны карт, 1 ширхэг Хаан банкны виза карт, 1 ширхэг Эфэс дэлгүүрийн бонус карт, 1 ширхэг И Март дэлгүүрийн бонус карт, 1 ширхэг нүдний тэнэ /Focallure брэндийнх/, 1 ширхэг нүүрний крем /Lorieal брэндийнх/, 2 ширхэг нүүрний багс /брэндийг нь мэдэхгүй/, 1 ширхэг хуурай пудр /брэндийг нь мэдэхгүй/, 3 ширхэг гэрийн түлхүүр тус тус байсан. Би алдсан гэх цүнхнийхээ брэндийг нь мэдэхгүй байна. Олон жилийн өмнө 75,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би алдсан гэх 1 ширхэг remax брэндийн повер банкаа 55,000 төгрөгөөр, 1 ширхэг Pro 6 загварын утасгүй чихэвчээ 60,000 төгрөгөөр, 1 ширхэг Type С оролттой USB cable-аа 5,000 төгрөгөөр, 1 ширхэг Focallure брэндийн нүдний тэнэ 6,000 төгрөгөөр, 1 ширхэг Lorieal брэндийн нүүрний кремээ 13,000 төгрөгөөр, 2 ширхэг нүүрний багсаа 5,000 төгрөгөөр, 1 ширхэг хуурай пудрээ 15,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн хүн намайг чирээд шороон зам руу дагуулаад орох гэж байхад нь би эсэргүүцээд зугтааж байхдаа бараан хөлөө эвгүй гишгээд миний хөл өвдөөд байхаар нь би ГССҮТ-д очиж үзүүлэхэд миний баруун хөлийн шагай хэсэгт 1 яс хугарсан байна гэсэн. Намайг чирээд *** компанийн төв хаалганы хажуугаар ертөнцийн зүгээр хойд тал руу шороон зам руу алхаж байхад нь би эсэргүүцээд зугтах гэж байхад миний баруун шанаа хэсэг рүү зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48 дахь тал),

5. Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 01 цаг 30 минутаас хойш байх манай найзын эзэмшлийн цагаан өнгийн Aqua загварын тээврийн хэрэгсэлд найзын хамтаар буу халаад сууж байсан ба нэг эмэгтэй хажуугаар явж байхдаа нэг дуугарах шиг болохоор нь юу болсон бэ гэж чангаар орилоход нь нэгнийгээ сугадсан байдалтай эрэгтэй, эмэгтэй хоёр цааш алхаад чимээгүй явж байхаар нь би хоёр согтуу хосууд явж байгаа юм болов уу гэж бодоод тоогоогүй үлдээсэн байсан. Төд удалгүй ***гийн тэнд хоёр нөхөр ноцолдоод эмэгтэй хүний чанга дугарах чимээ гараад нэг эмэгтэй хүн машинд ороод ирэхэд нь “юу болсон бэ” гэж асуухад нэг хүн намайг авч явах гээд дээрэмдсэн гэхэд нь би тухайн сууж байсан машинаа асаагаад ***гийн хажуугаар гараад шороон замаар жоохон явж байгаад зогссон. Учир нь барилга баригдаж байсан, мөн явах боломжгүй зам байсан. Тухайн дүү охины цүнхийг хайгаад олдохгүй байхаар нь охин дүүг тайвшруулаад байж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 163-165 см орчим өндөртэй, туранхайвтар, хөх өнгийн жинс богино ханцуйтай цамц л байсан. Малгайгүй байсан, бусад зүйлсийг нь анзаарч чадаагүй. Машин дотор би найзтайгаа буу халаад сууж байхад тухайн охин орилоод машинд орж суугаад туслаарай гэж хэлэхэд нь тухайн охинд тусалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

6. “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Power bank-50,000 төгрөг, Утасгүй чихэвч /pro 6/-50,000 төгрөг, бусад зүйлс дээр үнэлгээ тогтоох боломжгүй болно” гэх тайлан (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

7. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Намайг 2022 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***- руу нарны гүүр даваад алхаж байхад хутга тулгаж, цүнхийг дээрэмдсэн гэх хүн 2 дугаартай эрэгтэй мөн байна гэж *** овогтой ***-ыг зааж энэ залуу яг мөн байна бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна гэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-38 дахь тал),

8. Шүүгдэгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Нарны гүүрний баруун талд шинээр баригдаж байгаа барилга руу хойноос урагш чиглэлтэй явж байтал урд талд нэг эмэгтэй хүн явж байхаар нь очоод хүзүүг нь боогоод халаасанд байсан машины түлхүүрээ хүзүүнд нь тулгаад цүнхийг нь аваад зугтаасан бөгөөд тухайн цүнхийг нь тэр *** орчим хаяад явсан бөгөөд дотроос нь ямар нэгэн зүйл аваагүй, би согтуудаа тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд яах гэж тухайн хүний цүнхийг авсан гэдгээ ч мэдэхгүй байна. Согтуудаа мөнгөгүй болчхоод мөнгөтэй болох гэж тэгсэн байхаа, би үнэхээр согтуу байсан учир ийм үйлдэл гаргасан. Тэр эмэгтэйн цүнхийг авсан чинь тэр эмэгтэй зугтаагаад яваад өгсөн би ч ажил руугаа явсан. Би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад ажлынхаа гурван хүнтэй хамт пабад орж суусан. Нэлээн уугаад тасарсан. Тус пабын ажилтан “Манайх хаалаа. Одоо ингээд гараарай” гэсэн. Намайг пабаас гарахад миний халаасанд утас, түрийвч байхгүй, зөвхөн машины түлхүүр байсан. Миний гар утсыг намайг хаячиж магадгүй гээд манай ажлын ах аваад явсан байсан. Тэгээд би урагшаа Нарны гүүр рүү машиндаа очиж унтахаар явж байтал урд нэг эмэгтэй хүн явж байсан. Тухайн үед надад тэр хүнийг дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Хүчирхийлэх зорилготой араас нь очсон. Би араас нь очоод ***ийг хүзүүдээд машиныхаа түлхүүрийг хоолойд нь тулгасан. Ална шүү гэж хэлээгүй. “Чимээгүй байгаарай. Дуугарвал ална шүү” гэж хэлсэн. Тэгээд би ажлынхаа хашаа руу ороод машиндаа унтсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Гэм буруутай үйлдэлдээ маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор *** ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), үл хөдлөх хөрөнгөгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 111-113 дахь тал), шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нийт 5 ширхэг баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                          

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгчийн үйлдэл дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн шинжийг хангасан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах...”,

хохирогчийн ***ийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган “... шүүгдэгчийн үйлдэл хохирогчийг хүчиндэх санаа зорилготой байсан, ингэхдээ бие махбодод харгис хэрцгий аргаар халдаж хохирол учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэм буруутайд тооцуулах...”,

 шүүгдэгч ***ы өмгөөлөгч Б.Дашдорж “...шүүгдэгчийн үйлдэл эд хөрөнгийг авах санаа зорилго байгаагүй, хохирогчийг хүчиндэхээр араас дагаж явсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах...” дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд зааснаар хүчиндэх, хүчиндэхийг завдах гэмт хэргийн хувьд хохирогчийн бэлгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, хийхийг завдсан шинжийг шаардана.  

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг, мөн анх цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд бусдад дээрэмдүүлж цүнхээ алдсан талаарх үйл баримтыг дэлгэрэнгүй мэдүүлсэн, гэрч ***- нь хохирогч дээрэмдүүлсэн гээд машинд орж ирсэн, хохирогчтой хамт шүүгдэгчийн араас явсан, хохирогчийн цүнхийг хайсан, олоогүй, цагдаа дуудсан гэсэн үйл баримтын талаар мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжуудаас үзэхэд шүүгдэгч *** нь хохирогч ***этэй хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хийсэн, эсхүл энэ гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж дүгнэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...шүүгдэгчийн үйлдэл эд хөрөнгө авах санаа зорилго байгаагүй, хохирогчийг хүчиндэх зорилготой байсан...” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтад нийцсэн гэж дүгнэв. 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Довтолгоон нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илрэх бөгөөд мөн хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлсэн үйлдлээ биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан хууль бус ажиллагаа байдаг.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд тал буюу *** компанийн ертөнцийн зүгээр зүүн талд алхаад явж байтал гэнэт 1 үл таних эрэгтэй хүн хойноос миний хүзүү хэсгээс бариад авахаар нь би сандраад салгах гээд ноцолдож байтал нөгөө үл таних эрэгтэй хүн зүүн гараараа миний хоолойг боогоод баруун гартаа нэг үзүүртэй зүйл барьчихсан /би тэр зүйлийг нь хутга л гэж бодсон/ миний хүзүүнд тулгаад “дуугарах юм бол булна шүү. Ална шүү” гэж хэлээд *** компанийн үүд хэсэг рүү чирээд алхаад байхаар нь би “Ахаа та миний утсыг аваад зүгээр намайг явуулчхаач гуйж байна” гэхэд юу ч дуугарахгүй шороон зам руу намайг чирээд алхаад байхаар нь би тухайн хүнийг эсэргүүцэж ноцолдож байгаад зугтаж гүйгээд ...*** компанийн ертөнцийн зүгээр зүүн талд зогсож байсан нэг машин руу шууд ороод суусан. Тэгээд нөгөө миний цүнхийг дээрэмдсэн гэх эрэгтэйг харахад тухайн эрэгтэй миний цүнхийг бариад *** компанийн ертөнцийн зүгээр хойд тал руу гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 01 цаг 30 минутаас хойш байх манай найзын эзэмшлийн цагаан өнгийн Aqua загварын тээврийн хэрэгсэлд найзын хамтаар буу халаад сууж байсан ба ...***гийн тэнд хоёр нөхөр ноцолдоод эмэгтэй хүний чанга дугарах чимээ гараад нэг эмэгтэй хүн машинд ороод ирэхэд нь “юу болсон бэ” гэж асуухад нэг хүн намайг авч явах гээд дээрэмдсэн гэхэд нь би тухайн сууж байсан машинаа асаагаад ***гийн хажуугаар гараад шороон замаар жоохон явж байгаад зогссон. Учир нь барилга баригдаж байсан, мөн явах боломжгүй зам байсан. Тухайн дүү охины цүнхийг хайгаад олдохгүй байхаар нь охин дүүг тайвшруулаад байж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Би 2022 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хүүхдийн зуугаас Баянгол дүүрэг 24 хороо, ***- руу алхах замд Нарны гүүр даваад алхаж байхад хутга тулгаж миний цүнхийг дээрэмдсэн...” гэх тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 6 сарын 23-ны өдрийн 02 цаг 07 минут 04 секундэд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд хохирогч ***ийг хойноос дагаж байсан үл таних хүн барьж авч байгааг харуулав. ...02 цаг 07 минут 10 секундэд ...хохирогч ***э нь тухайн үл таних хүнтэй ноцолдож, зугтаах оролдлого хийж байгааг..., ...02 цаг 07 минут 41 секундэд ...хохирогч ***ийг тухайн үл таних хүн ертөнцийн зүгээр баруун хойшоо дагуулж яваад *** компанийн ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан хаалганы цаагуур орж байгааг..., ...02 цаг 08 минут 09 секундэд хохирогч ***э ертөнцийн зүгээр баруун хойд талаас гүйж ирээд БГД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ы автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд зогсож байсан тээврийн хэрэгсэлд сууж байгааг, ...02 цаг 8 минут 29 секундэд ...хохирогч Болор-Эрдэнэ суусны дараа уг тээврийн хэрэгсэл тухайн үл таних хүн хохирогчийг дагуулж явсан гэх маршрутын дагуу явж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан “...Намайг 2022 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***- руу нарны гүүр даваад алхаж байхад хутга тулгаж, цүнхийг дээрэмдсэн гэх хүн 2 дугаартай эрэгтэй мөн байна гэж *** овогтой ***-ыг зааж энэ залуу яг мөн байна, бусад хүмүүсийг урьд нь харж байгаагүй юм байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгчийн “...архи уугаад тасарсан, гэм буруутай үйлдэлдээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хэрэг учрал болсон 2022 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн орчимд шүүгдэгч *** нь хохирогч ***ийн ардаас зүүн гараараа хоолойг боож, баруун гартаа барьсан машины түлхүүрийг хүзүүнд нь тулгаж хүч хэрэглэсэн, “дуугарах юм бол булна шүү, ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж түүний гар цүнхийг авч, зугтаасан, хохирогч ***э, гэрч ***- нар шүүгдэгч ***ы хойноос маршрутын дагуу явсан боловч гар цүнхээ хайгаад олоогүй үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

Камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд уг үйл баримт нь 1 минут 25 секундийн хугацаанд болж өнгөрсөн байх ба шүүгдэгч ***ы хохирогчийн хоолойг боосон, хүзүүнд машины түлхүүр тулгаж дуугарах юм бол булна шүү, ална шүү гэж сүрдүүлсэн, улмаар хохирогчийн барьж явсан гар цүнхийг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *** нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын эрүүл мэнд, өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүгдэгч ***ыг “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ хянах чадвар алдсан нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсон гэж шүүх дүгнэлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч “Дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүгдэгч ***д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд зөвхөн хорих ялын санкцтай, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг байна.

Шүүх, шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлыг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой байна гэж дүгнэсэн.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***эд эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учирсан болох нь “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Хохирогч ***э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч гэмт хэргийн улмаас 2,142,272 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн. (хавтаст хэргийн 117 дахь тал)

Шүүхийн шатанд шүүгдэгч *** нь хохирогч ***эд хохирол хор уршигт тооцон 2,150,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан Банкны шилжүүлгийн мэдээлэл, мөн хохирогчийн өмгөөлөгчийн “...хохирогч тухайн мөнгийг Б.Цэнд-Аюуш гэх хүний дансаар дамжуулан шүүгдэгчээс авсан...” гэснээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий хэргийн үйл баримтыг тогтоосон байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх буюу Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ***аас хохирогч ***эд гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож 2,150,000 (хоёр сая, нэг зуун тавин мянга) төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА