Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч М.Лхамдоржийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Д.Нямдоржийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шившин овогт Мижиддоржийн Лхамдорж, Улаалзай хөгдүүд овогт Доржийн Нямдорж нарт холбогдох эрүүгийн 2221000000328 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг, “Эрдэнэтолгой” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шившин овогт Мижиддоржийн Лхамдорж /РД: ЖЛ 76081517/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, “Эрдэнэтолгой” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Улаалзай хөгдүүд овогт Доржийн Нямдорж /РД: ЖВ 55042016/.

Шүүгдэгч Мижиддоржийн Лхамдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг, Эрдэнэтолгой гэх газарт оршин суух иргэн н.Өөдөсийн гэрт болон гэрийн гадна иргэн Д.Нямдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож Д.Нямдоржийн биед тархи доргилт, зулай, зүүн бугалга, тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун доод зовхи, цээж, хоёр бугалга, шуу, нуруу бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Доржийн Нямдорж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг, Эрдэнэтолгой гэх газарт оршин суух иргэн н.Өөдөсийн гэрт болон гэрийн гадна иргэн М.Лхамдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа иргэн М.Лхамдоржийн толгойн тус газарт лоомоор цохиж толгойн орой зулай, зүүн чихний омог, эрүүн доор сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Лхамдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Д.Нямдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид 20 гаруй жил айл хөрш байгаа хүмүүс. Тухайн өдөр Лхамдорж намайг айлд сууж байхад хэл амаар доромжилж, цохих гэж завдсан. Айлын хүүхэд уйлаад байсан учир гадаа гарахад Лхамдорж намайг зодож байгаад явсан. Би тухайн асуудлын дараа Баян-Уул сумын эмнэлэгт үзүүлж эм тариа авсан. Маргааш нь Дорнод аймгийн төвд ирж цагдаагийн байгууллагад хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэв. 

Д.Нямдорж мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 17 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг, Эрдэнэтолгой гэх газарт оршин суух Өөдөсийнд морио услах гээд очсон. Тэр айлд сууж байхад улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой Лхамдорж гэх залуу гэрт орж ирээд шууд над руу “Чи хов зөөдөг өвгөн, би тэр хонийг чинь өөрөө нийлүүлсэн, чамайг одоо ална” гээд над руу дайраад миний толгой, бөөр рүү гараараа болон хөлөөрөө цохисон. Би Лхамдоржид хандаж “Айлын гэрт зодолдоод яах вэ, гараад учраа ололцъё” гээд гарсан чинь намайг шууд газарт унагааж мөн адил гар, хөлөөрөө цохисон. ...Зүүн бөөрний орчим өвдөлттэй байна. ...Миний биед Лхамдорж гэмтэл учруулсан тул Дорнод аймгийн төвд ирээд “Итгэл ивээлт” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түүний зардал 545,000 төгрөг, тархины судасны өнгөт эхо оношилгооны 80,000 төгрөг төлсөн баримтууд нь байгаа. Бусад эм тариа, түлш зардлын мөнгийг нэмж өгөх болно. Энэ бүх зардлаа нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 16-19, 20-21/

М.Лхамдорж мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Би Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Эрдэнэтолгой” гэх газарт Энхбат гэх хүний малыг харж амьдардаг бөгөөд манай саахалт айл болох Нямдорж нь Энхбатын аав байгаа юм. Ингээд 2022 оны 07 дугаар сарын сүүл үеэр хонио тоолж үзэхэд дутсан байсан бөгөөд малын эзэн Энхбат ирээд надад хандаж “Манай аав Нямдорж нь таныг зориудаар хонио нийлүүлсэн” гэж хэлсэн. Хонь нийлсэн шалтгаан нь гэвэл хүйтэн бороо орж Нямдорж гэх хүний хонь туугдаж ирээд манай хоньтой нийлсэн. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хониндоо явж байгаад манай нутаг буюу Цагаан-Овоо сум 4 дүгээр баг “Эрдэнэтолгой” гэх газар оршин суух хаягтай Өөдөс гэх нэртэй айлын гэрт очих үед Нямдорж нь тэдний гэрт байж байхаар нь түүнд хандаж "Та дандаа худлаа ярьж хов зөөж байх юм” гэж хэлсэн чинь Өөдөс гэх айлын гэрээс гүйж гараад төмөр лоом бариад үзүүр хэсгээр нь миний толгойг чиглээд хатгах гэхээр нь би хажуу тийшээ болж бултах үед миний зүүн чихийг зүссэн. Намайг үргэлжлүүлэн цохих гээд байхаар нь би Өөдөс гэх айлын гэрээс нь гарсан чинь миний араас дагаж гарч ирээд толгойн зулай хэсэгт гартаа барьж байсан лоомоороо 2 удаа цохих үед нь би Нямдорж гэх хүнийг тэвэрч авсан. Ингээд зууралдаж байх үед би хөл алдаж газарт унасан ба Нямдорж нь миний дээр гараад эрүү хэсэгт маань хазаад байсан. Мөн зууралдаад лоомоороо намайг цохих гээд байхаар нь лоомыг нь авах гэсэн боловч тавихгүй байхаар нь би түүний гарыг нь цохиж байгаад тавиулсан. Ингээд Нямдорж нь хүү Энхбат руугаа залгаж ярих үед нь би Өөдөс гэх айлын гаднаас явсан. Тухайн үедээ миний толгойн зулай хэсэгт язарч цус гоожиж байсан энэ гэмтлийг Нямдорж нь төмөр лоомоор цохиж учруулсан. Мөн зүүн чих маань доод хэсэгтээ сэтэрч унжсан байдалтай байсан ба энэ гэмтлийг Нямдорж лоомоор хатгаж учруулсан. Мөн эрүүнд язарсан байдалтай байсан үүнийг бол Нямдорж хазсан. Би тухайн өдөр эмнэлэгт үзүүлээгүй. Ингээд маргааш нь миний толгой өвдөөд байсан учир сумын төв орж эмнэлэгт үзүүлэх гээд очиж охин Үржинхандтай уулзсан чинь миний шархыг хараад юу болсон талаар асууж би болсон зүйлээ хэлсэн чинь манай охин намайг дагуулж яваад эмнэлэгт үзүүлсэн. Цагаан-Овоо сумын бага эмчид нь үзүүлсэн ба тухайн эмчдээ бол хүнтэй зодолдсон гэж хэлээгүй харин даралтаа үзүүлээд эм бичиж аваад биед учирсан шархаа мотоциклоос унасан гэж хэлсэн чинь манай сувилагчид боолгуулчих гэж хэлсэн. Ингээд сувилагчид нь боолгуулж байсан чинь таны шарх унасан шарх биш байна гээд байхаар нь санаа зовоод хүнтэй муудалцаж цохиулсан гэдгээ хэлсэн...” гэжээ. /хх-ийн 25, 27/

Гэрч Ч.Мишигдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөртэйгөө Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Эрдэнэтолгой” гэх газар хүргэн Балжинням /манай сумынхан Өөдөс гэж дууддаг/-ын малыг түр харж гэрт нь амьдарч байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой Нямдорж гэх өвгөн манайд морь услах гэж ирээд би цай аягалж өгөөд сууж байтал Лхамдорж гэх залуу мотоциклтой ирсэн. Нямдорж Лхамдоржид хандан “Юун хонь нийлүүлсэн юм бэ” гэж хэлэхэд Лхамдорж “Өөрийн чинь тасарсан хонийг өөрийнхөө хонинд нийлүүлчихсэн юм аа, танайх гэж мэдээгүй” гэж хэлсэн. Тэгээд хэрэлдэж байснаа Нямдорж гуай хоёулаа хамаагүй зодолдъё гээд гарч гүйгээд лоом барьж орж ирээд Лхамдоржийн гэдэс рүү лоомоор хатгаж байсан. Хатгахад нь Лхамдорж лоомноос нь барьж аваад барьцалдаад гэрээс гадагшаа гарч зодолдсон. Зодолдож дуусаад Лхамдорж шууд мотоциклоо унаад яваад өгсөн. Нямдорж өвгөн орж ирээд хүүтэйгээ утсаар ярьсан. Зодолдоод дууссаны дараа би гэрийн үүдээр хальт харахад Лхамдоржийн толгой, чихнээс нь цус гарч байсан. Нямдорж гуайд ил харагдах шарх сорви байгаагүй...” гэжээ. /хх-ийн 98-99/

Гэрч Р.Шагдаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Эрдэнэтолгой” гэх газар хүргэн Балжинням /сумын иргэд Өөдөс гэж дууддаг/-ын малыг түр харж гэрт нь амьдарч байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой Нямдорж гэх өвгөн манайд морь услах гэж ирээд би цай уугаад сууж байтал гаднаас Лхамдорж гэх залуу орж ирсэн. Лхамдорж орж ирээд Нямдоржид “Та яагаад хэдэн хүүхдүүдийн дунд хов зөөгөөд явдаг юм бэ” гэж хэлсэн. Гэнэт Нямдорж гарч гүйгээд гаднаас лоом авч орж ирээд Лхамдоржийг лоомоор хатгасан. Хатгахад нь Лхамдорж лоомноос нь барьж аваад барьцалдаад гэрээс гадагшаа гарч зодолдсон. Дээр доороо ороод зодолдож байгаад өөрсдөө больсон. Яг яаж бие биенээ цохиж зодож байгааг хараагүй. Зодолдоод дууссаны дараа Лхамдоржийн толгойноос нь цус гарч байсан. Чихнээс нь бас цус гарч байсан. Нямдоржийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Анх ирэхдээ Лхамдоржийн бие зүгээр ирсэн. Ямар ч цус нөж болсон зүйл байгаагүй...” гэжээ. /хх-ийн 102-103/

Гэрч Н.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны оройн 17 цагийн орчимд ... гэсэн дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь манай аав болох Нямдорж байсан. Тэгээд “Лхамдорж ирээд намайг зодоод явчихлаа” гэхээр нь би “Та хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь “Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Эрдэнэтолгой” гэх газарт оршин суух Өөдөс гэх айлд байна” гэхээр нь би мотоциклоо унаад очиж явтал өөдөөс аав морио унаад ирж байсан. Аавын маань толгой, нүүр цус болсон байсан...” гэжээ. /хх-ийн 30-31/

Гэрч Л.Үржинханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Цагаан-Овоо сумын төвд хадмынхаа гэрт байсан. Манай аав Лхамдорж гэрийн түлхүүр авна гээд над руу ирсэн. Тэгтэл аав Лхамдоржийн нүүр нь хавдсан, эрүүн доор нь мөн адил хавдсан, зүүн чих нь сэтэрсэн, толгойн зулай хэсэгт хагарсан, зүсэгдсэн байдалтай байсан учир “Та наад нүүр амаа яасан юм бэ” гэж асуусан чинь аав “Нямдорж ахтай хонины асуудалтай байсан учир тэр асуудлаар очиж уулзсан чинь намайг лоомоор цохиж зодсон” гэж хэлсэн. Би хариуд нь “Та тэгээд хөгшин настай хүнтэй зодолдсон юм уу” гэж асуусан чинь “Үгүй би зодуулсан, түүнд гар хүрсэн бол эргээд над дээр асуудал бууна шүү дээ, би Нямдорж ахад гар хүрээгүй, зодоогүй” гэж хэлж байсан. Би аавдаа хандаж “Та ийм болтлоо зодуулсан юм чинь цагдаад хандах хэрэгтэй” гэсэн чинь манай аав "Хэрэггүй яах юм бэ” гээд цагдаад хандаагүй учир эмнэлэгт үзүүлж боолт хийлгэсэн...” гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч Б.Жавзандулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мижиддорж овогтой Лхамдорж нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагаан-Овоо сумын 4 дүгээр багаас цагийг нь сайн санахгүй байна үдийн дараа өөрөө эмнэлэг дээр ирсэн. Анх ирээд бага эмч Хорлоод үзүүлээд дараа нь над руу орж ирээд боолт хийлгэсэн, зулай хэсэгтээ цохиулсан байж болох шалбарсан шархтай байсан, зүүн чихний доод хэсэгт 0,5 см хавьцаа хэмжээтэй сэтэрсэн байсан. Би боолт хийж өгөөд явуулсан. Эмнэлэгт анх ирэхдээ мотоциклоос унасан гэж хэлж ирсэн. Боолт хийлгэх явцдаа “Ах нь харин хүнтэй муудалцсан юм аа” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 37/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 520 тоот дүгнэлтэд:

1. Д.Нямдоржийн биед тархи доргилт, зулай, зүүн бугалга, тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун доод зовхи, цээж, хоёр бугалга, шуу, нуруу, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 50-51/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 586 тоот дүгнэлтэд:

1. М.Лхамдоржийн биед толгойн орой зулай, зүүн чихний омог, эрүүн доор сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, хуучин гэмтэл байна гэжээ. /хх-ийн 57-58/

М.Лхамдорж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хонио усалж яваад Цагаан-Овоо сумын 4 дүгээр багт байрлах Өөдөс гэх айлд очсон чинь Нямдорж ах тэдний гэрт сууж байхаар түүнд хандаж “Та яагаад худлаа хов зөөгөөд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Нямдорж ах тэдний гэрээс гүйж гараад гаднаас төмөр лоом барьж орж ирээд үзүүр хэсгээр нь миний толгойг чиглээд хатгах гэхээр нь би хажуу тийшээ болж бултах үед миний зүүн чихийг маань зүссэн. Намайг үргэлжлүүлэн цохих гээд байхаар нь би Өөдөсийн гэрээс гарсан чинь миний араас дагаж гарч ирээд толгойн зүүн зулай хэсэгт гартаа барьж байсан лоомоороо 2 удаа цохих үед нь би Нямдорж гэх хүнийг тэвэрч авсан. Ингээд зууралдаж байх үед би хөл алдаж газарт унасан ба Нямдорж нь миний дээр гараад эрүү хэсэгт маань хазаад байсан. Зууралдаад лоомоороо намайг цохих гээд байхаар нь лоомыг нь авах гэсэн боловч тавихгүй байхаар нь би түүний гарыг цохиж байгаад тавиулсан...” гэжээ. /хх-ийн 67-68/

Д.Нямдорж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Лхамдорж гэх залуу орж ирээд их л ууртайгаар “Юу байна, чи хов зөөдөг өвгөн, чамайг ална, яадаг юм тэр хонийг чинь би тууж байгаад нийлүүлсэн юм, чи юугаа хов зөөж яваад байгаа юм” гэж хэлээд миний толгойн хэсэг болон нүүр хэсэгт цохисон. Ингээд намайг цохиод байхаар нь би гэрээс нь гарч зугтаагаад биеэ хамгаалах зорилгоор тэдний гадна байсан төмөр лоомыг гартаа барьсан. Намайг лоом бариад зогсож байхад над руу ирээд миний биеэс татаж газарт унагаагаад дээр гарч толгой хэсэгт цохиж, хэвлий, нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөөд байсан учир би түүнийг болиулах зорилгоор түүний эрүү хэсгээс нь хазсан...” гэжээ. /хх-ийн 74-75/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/

Д.Нямдоржоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 22, 43-46/

Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 49/

М.Лхамдоржийн толгойд үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54/

Д.Нямдоржийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 76-77/

М.Лхамдоржийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 78-79/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч М.Лхамдоржийн талаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, томографи шинжилгээний дүгнэлт, ХААН банкны орлогын мэдүүлэг, шатахуун болон эмчилгээний төлбөрийн баримт /нийт 7 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Шившин овогт Мижиддоржийн Лхамдорж,  Улаалзай хөгдүүд овогт Доржийн Нямдорж нар нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг “Эрдэнэтолгой” гэх газарт байх Балжиннямын /Өөдөс гэх/ гэрт болон гэрийн гадна хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар М.Лхамдорж нь Д.Нямдоржийн биед тархи доргилт, зулай, зүүн бугалга, тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун доод зовхи, цээж, хоёр бугалга, шуу, нуруу, бүсэлхийд цус хуралт гэмтэл, Д.Нямдорж нь М.Лхамдоржийн толгойн тус газарт лоомоор цохиж толгойн орой зулай, зүүн чихний омог, эрүүн доор сорви гэмтэл буюу харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд Д.Нямдоржийн хохирогчоор өгсөн “...чи хов зөөдөг өвгөн, би тэр хонийг чинь өөрөө нийлүүлсэн, чамайг одоо ална гээд над руу дайраад миний толгой, бөөр рүү гараараа болон хөлөөрөө цохисон. Би Лхамдоржид хандаж “Айлын гэрт зодолдоод яах вэ, гараад учраа ололцъё” гээд гарсан чинь намайг шууд газарт унагааж мөн адил гар, хөлөөрөө цохисон...” гэх, М.Лхамдоржийн хохирогчоор өгсөн “...Нямдорж нь тэдний гэрт байж байхаар нь түүнд хандаж "Та дандаа худлаа ярьж хов зөөж байх юм” гэж хэлсэн чинь Өөдөс гэх айлын гэрээс гүйж гараад төмөр лоом бариад үзүүр хэсгээр нь миний толгойг чиглээд хатгах гэхээр нь би хажуу тийшээ болж бултах үед миний зүүн чихийг маань зүссэн. Намайг үргэлжлүүлэн цохих гээд байхаар нь би Өөдөс гэх айлын гэрээс нь гарсан чинь миний араас дагаж гарч ирээд толгойн зулай хэсэгт гартаа барьж байсан лоомоороо 2 удаа цохих үед нь би Нямдорж гэх хүнийг тэвэрч авсан. Ингээд зууралдаж байх үед би хөл алдаж газарт унасан ба Нямдорж нь миний дээр гараад эрүү хэсэгт маань хазаад байсан. Мөн зууралдаад лоомоороо намайг цохих гээд байхаар нь лоомыг нь авах гэсэн боловч тавихгүй байхаар нь би түүний гарыг нь цохиж байгаад тавиулсан...” гэх мэдүүлгүүд,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ч.Мишигдоржийн “...Нямдорж гуай хоёулаа хамаагүй зодолдъё гээд гарч гүйгээд лоом барьж орж ирээд Лхамдоржийн гэдэс рүү лоомоор хатгаж байсан. Хатгахад нь Лхамдорж лоомноос нь барьж аваад барьцалдаад гэрээс гадагшаа гарч зодолдсон. Зодолдож дуусаад Лхамдорж шууд мотоциклоо унаад яваад өгсөн. Нямдорж өвгөн орж ирээд хүүтэйгээ утсаар ярьсан...” гэх, гэрч Р.Шагдаржавын “...Лхамдорж орж ирээд Нямдоржид “Та яагаад хэдэн хүүхдүүдийн дунд хов зөөгөөд явдаг юм бэ” гэж хэлсэн. Гэнэт Нямдорж гарч гүйгээд гаднаас лоом авч орж ирээд Лхамдоржийг лоомоор хатгасан. Хатгахад нь Лхамдорж лоомноос нь барьж аваад барьцалдаад гэрээс гадагшаа гарч зодолдсон. ...Нямдоржийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Анх ирэхдээ Лхамдоржийн бие зүгээр ирсэн. Ямар ч цус нөж болсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Н.Энхбат, Л.Үржинханд, Б.Жавзандулам нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 520 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 586 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Нямдоржийн биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, М.Лхамдоржийн толгойд үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нар хоорондоо зодолдож харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 520 тоот “Д.Нямдоржийн биед тархи доргилт, зулай, зүүн бугалга, тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун доод зовхи, цээж, хоёр бугалга, шуу, нуруу, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 586 тоот “М.Лхамдоржийн биед толгойн орой зулай, зүүн чихний омог, эрүүн доор сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, З.Нямсүрэн нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Нямдорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч М.Лхамдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, малчин, шүүгдэгч нар нь хоорондоо зодолдож харилцан бие биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирол төлбөртэй холбоотойгоор шүүгдэгч Д.Нямдорж нь Дорнод аймгийн Баян-Уул сумын эмнэлэгт тархины судасны өнгөт эхо оношилгоог хийлгэж, Дорнод аймгийн Хэрлэн суманд байх “Итгэл-Ивээлт” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотойгоор замын болон эмчилгээний зардалд нийт 1,087,500 төгрөгийг нэхэмжилж нотлох баримт /хх-ийн 22, 43-46/-ыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгчээ. Шүүгдэгч М.Лхамдорж нь шүүх хуралдаанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын эрүүл мэндийн төвийн өвчтөн илгээх хуудас, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгойн томографи шинжилгээ хийлгэсэн баримтыг эрүүл мэндийн даатгал, эмчилгээ болон замын зардалд 224,741 төгрөгийг зарцуулсан тухай баримт /нийт 7 хуудас/-ын хамт гаргаж өгөв. Шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч нар хэн алиндаа учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.Лхамдоржоос 1,087,500 төгрөгийг гаргуулж Д.Нямдоржид, шүүгдэгч Д.Нямдоржоос 224,741 төгрөгийг гаргуулж М.Лхамдоржид тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шившин овогт Мижиддоржийн Лхамдорж, Улаалзай хөгдүүд овогт Доржийн Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мижиддоржийн Лхамдорж, Доржийн Нямдорж нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.Лхамдоржоос 1,087,500 /нэг сая наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Доржийн Нямдорж /РД: ЖВ 55042016/-д, шүүгдэгч Д.Нямдоржоос 224,741 /хоёр зуун хорин дөрвөн мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж Мижиддоржийн Лхамдорж /РД: ЖЛ 76081517/-д тус тус олгохоор тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Лхамдоржийн ЖЛ 76081517 регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Нямдоржийн ЖВ55042016 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Лхамдорж, Д.Нямдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА