Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч Д.Намхайцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бажгар гэлэн овогт Далайн Намхайцэрэнд холбогдох эрүүгийн 2221000000383 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Жавхлант цагаан нуур” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бажгар гэлэн овогт Далайн Намхайцэрэн /РД: ЖЮ 85012211/.

Шүүгдэгч Далайн Намхайцэрэн нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Жавхлант овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Батсүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Намхайцэрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч С.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 11 цагийн орчим Булган сумын 3 дугаар баг, “Жавхлант овоо” гэх газарт байх гэртээ эхнэр Энхцэцэгийн хамт байж байхад манай хойд талд машин дуугарахаар нь би гарч харахад зам дээр цэнхэр өнгийн ачааны машинтай хүн зогссон. Тэгээд намайг хараад таньж Намхай, Балчин нар машинаас бууж ирсэн. Балчин, Намхай нар нь Булган сумын залуучууд учир би танина. Манай гэр рүү ороод Намхай, Балчин хоёр 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирэхээр нь бид гурав тус архийг хувааж уусан. Архи ууж байх хугацаанд манай эхнэр Энхцэцэг шөлтэй хоол хийж өгөөд үхрээ услахаар явсан. Намхай, Балчин бид гурав хоолоо идээд 1 шил архиа ууж дуусаад гэрээс гэрч машины хажуу талд очиж юм яриад сууж байтал Намхай, Балчин хоёр архи байна уу гэж асуухаар нь би авдарт байсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг авч ирээд машины хажуу талд суугаад уусан. Ууж байх хугацаанд Намхай хонь хараад өгчих гэж хэд хэдэн удаа хэлсэн ба архиа ууж дуусахад Намхай намайг хонь хараад өгчих гэж хэлэхээр нь би “Ах нь нүд муу хонь харж чадахгүй” гэж хэлээд Намхай бид хоёр маргалдаж Намхай намайг цохихоор нь би Намхайг бариад авсан. Намхай миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиход Балчин Намхай бид хоёрыг салгасан. Удалгүй манай эхнэр гэрээс гарч ирж Балчин, Намхай нарыг хөөж явуулсан. Тухайн үед миний толгой өвдөөд, шанаа хавдсан, нүүр хөхөрсөн байдалтай байсан. Мөн миний хиймэл нүд унасан. Одоогоор надад ямар нэгэн зовуурь байхгүй. Намхай миний эмчилгээний зардлыг өгч байгаа. Намхай гэх залуу л намайг зодсон. Балчин зодооныг салгаж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-10/

Гэрч Ж.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би үхрээс услахаар явах гэж байхад Намхай надад хандан “эгчээ та надад 300 хонь хараад өгчих, би ээжийгээ амраамаар байна” гэж хэлэхээр нь би “Эгч нь хүний мал харахгүй, Сүхээ ахынх нь нүд муу” гэж хэлээд явган худаг руу яваад үхрээ услаад гэртээ ирэхэд дахиад 1 шил архи гаргаад уугаад сууж байсан. Намхай, Балчин, манай нөхөр Батсүх гурав архиа ууж дуусаад Намхайн машины хажууд юм яриад сууж байхаар нь би гэр рүүгээ ороод удаагүй байхад гадаа зодолдоод эхлэхээр нь гарч харахад Намхай манай нөхөртэй зодолдож байхаар нь би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Намхай их согтолттой байсан...” гэжээ. /хх-ийн 15-16/

Гэрч Ж.Балчиндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагийн орчимд ... Батсүх ахын гэрийн хойгуур явж байхад Батсүх ах саравчныхаа хойд талд зогсож байхаар нь Намхай ороод гаръя гэж хэлээд ороход Батсүх ах эхнэртэйгээ байсан. Тэгээд 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирэхээр нь би Батсүх ах, Намхай бид гурав тус архийг ууж дуусгаад гэрээс гараад явах гэж байхад Батсүх ах 0,5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирээд машины хажуу талд суугаад уусан. Ууж байх хугацаанд Намхай Батсүх ахад хандаж “Хонь хараад өгчих” гэж хэлэхэд Батсүх ах “Жижиг мал харахгүй, хараа муу” гэж хэлэхэд Намхай Батсүх ахтай маргалдаад нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Намхай, Батсүх ах хоёрыг салгах гэхэд дийлдэхгүй зодолдоод байсан...” гэжээ. /хх-ийн 17-18/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 619 тоот дүгнэлтэд:

1. С.Батсүхийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

Д.Намхайцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед би салхинд цохиулаад согтсон ба Батсүх ахыг дүүгийнхээ хонийг хараад өгөөч гэж гуйхад Батсүх ах зөвшөөрөхгүй цааргалаад байсан болохоор согтуудаа “Та их зан гаргалаа” гээд муудалцаж маргалдаж Батсүх ахын нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Батсүх ах зөрүүлээд надтай барьцалдаж аваад миний нүүрэн тус газар нэг удаа цохисон бөгөөд Балчиндорж бид хоёрыг боль гээд салгасан...” гэжээ. /хх-ийн 34-36/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Д.Намхайцэрэнгийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-40/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

С.Батсүхийн Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Бажгар гэлэн овогт Далайн Намхайцэрэн нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Жавхлант овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Батсүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би Батсүх ахыг дүүгийнхээ хонийг хараад өгөөч гэж гуйхад Батсүх ах зөвшөөрөхгүй цааргалаад байсан болохоор согтуудаа “Та их зан гаргалаа” гээд маргалдаж Батсүх ахын нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Батсүх ах зөрүүлээд надтай барьцалдаж аваад миний нүүрэн тус газар нэг удаа цохисон бөгөөд Балчиндорж бид хоёрыг боль гээд салгасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С.Батсүхийн “...Намхай хонь хараад өгчих гэж хэд хэдэн удаа хэлсэн ба архиа ууж дуусахад Намхай намайг хонь хараад өгчих гэж хэлэхээр нь би “Ах нь нүд муу хонь харж чадахгүй” гэж хэлээд Намхай бид хоёр маргалдаж Намхай намайг цохихоор нь би Намхайг бариад авсан. Намхай миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиход Балчин Намхай бид хоёрыг салгасан....” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Ж.Энхцэцэгийн “...Намхай, Балчин, манай нөхөр Батсүх гурав архиа ууж дуусаад Намхайн машины хажууд юм яриад сууж байхаар нь би гэр рүүгээ ороод удаагүй байхад гадаа зодолдоод эхлэхээр нь гарч харахад Намхай манай нөхөртэй зодолдож байхаар нь би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан...” гэх, гэрч Ж.Балчиндоржийн “...Намхай Батсүх ахад хандаж “Хонь хараад өгчих” гэж хэлэхэд Батсүх ах “Жижиг мал харахгүй, хараа муу” гэж хэлэхэд Намхай Батсүх ахтай маргалдаад нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Намхай, Батсүх ах хоёрыг салгах гэхэд дийлдэхгүй зодолдоод байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 619 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Д.Намхайцэрэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Д.Намхайцэрэнгийн үйлдлийн улмаас хохирогч С.Батсүхийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 619 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Д.Намхайцэрэнд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Далайн Намхайцэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Намхайцэрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Намхайцэрэнгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Намхайцэрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Батсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Намхайцэрэн нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Намхайцэрэн нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бажгар гэлэн овогт Далайн Намхайцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Далайн Намхайцэрэнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Намхайцэрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Намхайцэрэн нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Батсүх нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Намхайцэрэнгийн ЖЮ 85012211 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Намхайцэрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА