Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Э.М******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М*******д холбогдох эрүүгийн 2215000000241 дугаартай, 163/2022/0220/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Э******* М*******, Булган аймаг, Булган суманд 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн ******* гэх газарт улсын дугааргүй хөх өнгийн ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчигч О.У*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000241 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.М******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн ******* гэх газарт улсын дугааргүй хөх өнгийн ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчигч О.У*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газар байх ба ******* сумын төвөөс 30 км-н зайд хойд зүгт байрлах ба ******* гэх давааны баруун зүгээс зүүн тал руу давсан шороон зам байв. Уг газарт тээврийн хэрэгслийн мөр байх ба эвдэрсэн эд анги байхгүй байв. Мөн уг газарт 3 хэсэг бүхий цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. гэх газарт гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8 дахь тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь цэнхэр өнгийн ******* загварын тээврийн хэрэгсэл байх ба хэвийн ажиллагаатай, ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.У*******ын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11-12 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багийн нутаг Лхагвахүүгийн гэрт очсон. Тухайн айлд архи ууж байгаад хүргэн М*******тай хамт адуу харах гээд гэрийн зүүн талд байрлах ******* гэх даваа өгсөж явсан. Тэгээд явж байтал замын жижиг хувил ороод иртэл мотоцикл цохигдож би мотоциклийн зүүн гар тал руу нүүр хэсгээрээ газар унасан. Тэгээд нэг ухаан орсон чинь ******* сумын эмнэлэгт хэвтэж байсан. ...Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэхэд зүүн талын нүд хагарч авхуулсан. Зүүн хацрын товгор яс цуурсан байсныг хадуулсан, хамрын голын яс хугарсан, зүүн талын нүд тойрч нэлээн олон оёдол тавьсан. Эмч надад миний хагалгаанд нийт 6 ширхэг бэхэлгээ хийсэн гэж хэлсэн. Тухайн үед явж байхдаа хамгаалах малгай өмсөөгүй байсан. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн бүх зардлыг М******* даасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дахь тал/,

5. Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай: Жолооч Э.М******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в) Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7.а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчсөн байна. ...Э.М******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй, мэргэшсэн жолооны сургалтад хамрагдаж жолоодох эрхийн үнэмлэх авалгүй тээврийн хэрэгслийг жолоодсон, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсний улмаас осол гарсан байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12652 дугаартай: О.У*******ын биед дух яс, хоншоор яс, зүүн нүдний ухархайн доод, гадна, дотор хана, зүүн хацар яс, хамар яс, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний алимны урагдал, зүүн нүдний хараагүйдэл, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал /2022.09.06-ны өдрийн зүүн нүдний алим мэс заслаар авагдсан байдал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 4.7.31.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид зүүн нүдний хараагүйдэл гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд Э.М*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би Булган аймгийн ******* сумын нутагт өөрийн нутгийн залуу болох У*******ын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар У*******ын хамтаар адуу хайгаад хөдөө зам дээр мотоциклтой явж байх үед замын ховилд шидэгдэж улмаар осол болсон. Тэгээд би босож ирээд харахад У*******ын хөмсөг хэсгээс цус гарч байсан. Тэгэхээр нь мотоциклоо босгож, асаагаад У*******ын гэрт нь очиж машиныг нь аваад улмаар У*******ыг суулгаад сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Улмаар Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн бөгөөд би эмчилгээний бүх зардлыг даасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.У*******ын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.М*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Э.М******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн ******* гэх газарт улсын дугааргүй хөх өнгийн ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.У*******ын биед дух яс, хоншоор яс, зүүн нүдний ухархайн доод, гадна, дотор хана, зүүн хацар яс, хамар яс, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний алимны урагдал, зүүн нүдний хараагүйдэл, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.У*******ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд мотоцикл тэнцвэрээ алдаж замын хажуу талын ховилд орж шидэгдэх үед гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.М*******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.М******* жолоодож хөдөлгөөн хийсэн, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Э.М******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч О.У*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй.

Шүүгдэгч Э.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд гарсан хохирогчийн эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан байна. Үүнийг хохирогч хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ тус тус илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Э.М*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.М*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 48-55 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.М******* нь Булган аймаг, Булган суманд 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4/119 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.М*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.М*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Э******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.М*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.М*******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.М*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Э.М*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР