Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ц.Ш******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ш*******т холбогдох эрүүгийн 2215000000240 дугаартай, 163/2022/0221/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Ц******* Ш*******, Булган аймаг, ******* суманд 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 34 настай, эрэгтэй, РД: ГМ88122716.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ш******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн Захын ар гэх газраас 3 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж 1.569 м3 түлээний хуурай модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000240 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Ш******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн Захын ар гэх газраас 3 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж 1.569 м3 түлээний хуурай модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, байгаль экологид хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ш*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Захын ар гэх газрын баруун талын энгэр газарт байх ба ******* сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-ийн зайд байв. Уг газарт 3 ширхэг босоо мод огтолж унагаасан байна. Модны хожуул хэсгийг 1-3 хүртэл дугаараар дугаарлан тэмдэглэв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,

3. Модонд үзлэг хийсэн: Булган аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах цагдаагийн хэсгийн хашаанд байрлах Ц.Ш*******ын бэлтгэсэн модонд үзлэг хийхээр тогтов. Уг модыг 1-20 хүртэл хар өнгийн маркераар дугаарлаж хэмжилт хийхэд 1.28 метрээс 1.46 м-ийн урттай, 17-53 см-ын өргөнтэй, нарийн тал нь 14 см-ээс 48 см-н хэмжээтэй, нийт 20 ширхэг мод байв. гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

4. Хөрөөнд үзлэг хийсэн: Уг хөрөө нь цагаан өнгийн их бие буюу банктай, банкны таг нь улаан өнгөтэй, хөрөөний маниулын таг нь улаан өнгөтэй, бариул хэсэг нь хар өнгөтэй, банкин дээр “Монгол дахь албан ёсны борлуулагч Нарантуул зах контейнер 45, утас: *******, *******” гэсэн бичиглэлтэй байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Б.Солонгын өгсөн: Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Захын ар гэх газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй, зөвшөөрөлгүй газар байгаа юм. Байгаль экологид учруулсан хохирол нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

6. Гэрч Э.Дамдинрагчаагийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутгаас өвлийн түлээний модоо авах гээд Сэргэлэн, Данхаараа нартай хамт өөрийн эзэмшлийн 78-73 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ууланд гарсан. Ш******* ах 3 ширхэг босоо мод унагааж голоор нь тайрч машинд ачихад бэлдээд байж байтал ******* сумын цагдаа ирж бид нарыг шалгасан юм. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч мод бэлтгэх ёстой Бумбаны ам гэх газраас модоо бэлтгэлгүй өөр газраас мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

7. Гэрч Э.Сэргэлэнгийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* сумын 1 дүгээр багийн Захын ар гэх газраас Ш******* болон манай хамаатны дүү Дамдинрагчаа нь түлээний мод авна гэхээр нь Ш*******, Дамдинрагчаа бид 3 ууланд гараад Ш******* нь хуурай босоо 3 ширхэг мод хөрөөдөж унагаагаад машинд ачихад бэлэн болгоод байж байтал сумын цагдаа, ой хамгаалагч нар ирсэн юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

8. Ойгоос бэлтгэсэн модны экологид эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай: Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн шинэс хуурай түлээний мод байна. Тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 126.009 төгрөг байна. 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 80.312 төгрөг, тухайн бэлтгэсэн 20 ширхэг модны хэмжээ 1,569 м3 бөгөөд өсгөх итгэлцүүрээр бодоход 126.009 төгрөг болж байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

9. Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн: Уг модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 126.009 төгрөг болох нь тогтоогдсон байна. Уг дүгнэлтийг үндэслээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол 126.009 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 378.027 төгрөгийн нөхөн төлбөр болов. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Ш*******ын яллагдагчаар өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай хүргэн Дамдинрагчаа, манай аавын ахын хүүхэд болох Сэргэлэн нарын хамтаар Хойд захын ар гэх газарт түлшний мод бэлтгэхээр явсан. Тэгээд би ууланд очоод улмаар 3 ширхэг босоо модыг унагааж ачихад тааруулж хөрөөдөж байх үед сумын хэсгийн төлөөлөгч Өлзийдалай болон Байгаль хамгаалагч гэх хүмүүс ирсэн. Улмаар зөвшөөрөлгүй газар мод бэлтгэсэн гээд модыг маань хурааж авсан. ...Би тухайн өдөр мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Гэхдээ Хойд захын ар гэх газраас биш Бумбаны ам гэх газраас мод бэлтгэх ёстой байсан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн моторт хөрөө зэргээр хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Б.Солонго, гэрч Э.Дамдинрагчаа, Э.Сэргэлэн, нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлт, байгаль орчны улсын байцаагчийн хохирлын үнэлгээг тогтоосон акт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Ц.Ш*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ц.Ш******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Захын ар гэх газраас 1.569 м3 хэмжээтэй буюу 3 ширхэг босоо шинэс төрлийн түлээний хуурай босоо мод хөрөөдөн бэлтгэж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Ш*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Ш******* нь эрх бүхий байгууллагаас БУА 22-023327 дугаарын мод бэлтгэх эрхийн бичиг авсан атлаа мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газраас босоо мод хөрөөдөж бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Ш*******ын эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр аргаар мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон,  прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Ш*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 126.009 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 378.027 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Ц.Ш******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 86 дахь талд авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Харин дээрх хохирлыг төлбөл зохих дансанд тушаагаагүй байх тул төрийн сангийн 100900013441 дугаартай данснаас 378.027 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Ш*******ыг төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Ш*******ыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ш*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ц.Ш*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ш*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 71-76 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулга, цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний зөрчлийн талаарх бүртгэлийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ш******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Ш******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4/120 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Ш*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 1,569 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 20 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай модыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн их бие буюу банктай, банкны таг нь улаан өнгөтэй, хөрөөний маниулын таг нь улаан өнгөтэй, бариул хэсэг нь хар өнгөтэй моторт хөрөөг хурааж, улсын орлого болгов.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ш******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц******* Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ш******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ш*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 1,569 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 20 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 266.000 /хоёр зуун жаран зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн их бие буюу банктай, банкны таг нь улаан өнгөтэй, хөрөөний маниулын таг нь улаан өнгөтэй, бариул хэсэг нь хар өнгөтэй моторт хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ш******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ш*******ын байгаль экологид учруулсан хохиролд төлсөн 378.027 /гурван зуун далан найман мянга хорин долоо/ төгрөгийг төрийн сангийн 100900013441 тоот данснаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР