Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

2022          10            18                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Т.Н******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Н*******т холбогдох эрүүгийн 2215000000231 дугаартай, 163/2022/0222/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Т******* Н*******, ******* аймаг, Бүрд суманд 1984 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 2 дугаар баг, Дэнжийн 01 тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 38 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутагт иргэн Д.О*******гийн эзэмшлийн 1 тооны хязаалан насны үхрийг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000231 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутагт иргэн Д.О*******гийн эзэмшлийн 1 тооны хязаалан насны үхрийг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.О*******гийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед хонио хариулаад явж байтал манай дүү Сүрэнжав утсаар залгаад танай үхрийг хулгайч авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар үхэр, хэн гэж хүн авсан байна гэж асуухад танай үхрийг хулгайгаар авсан гээд нэг хүн манай гэрт ирсэн байна, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгийнхээ гэрт очиход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би ******* сумын цагдаагийн тасаг дээр ирсэн. Намайг цагдаагийн тасаг дээр ирэхэд ******* сумын цагдаа нар надад үхрийн толгой, шир, шийр зэргийг үзүүлсэн. Надад үзүүлсэн толгой, шир, шийр нь манай улаан ягаан зүсмийн гунжин үхрийн толгой, шир мөн байсан. Тэгээд ямар хүн манай үхрийг хулгай хийсэн юм бэ? гэж асуухад нэг хүн байгаа та дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлсэн юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М*******ын өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө эргүүл шалгалтаар ажиллаж байх үед ******* сумын замын хяналтын постын урд хэсэгт шороон замаар нэг жижиг машин засмал зам руу нийлэхээр явж байсан. Тэгэхээр нь би тухайн машиныг зогсоогоод шалгасан юм. Тухайн тээврийн хэрэгсэл улсын дугаартай, Д.Д******* гэх эмэгтэй жолоодож явсан юм. Жолоочийн хажуу талд нөхөр нь гэх нэг эрэгтэй сууж явсан. Ингээд би тухайн хүмүүсийн бичиг баримтыг шалгаад арын багаж хэсгийг нь шалгаж үзэхэд мах ачаад тээвэрлэж явсан. Тэгэхээр нь би ямар учиртай мах юм бэ? гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би арын хаалгыг онгойлгож үзэхэд арын суудал дээр шуудайтай эд зүйл байхаар нь энэ юу юм бэ? гээд тухайн шуудайтай эд зүйлийг үзэхэд улаан зүсмийн үхрийн толгой, шир, шийртэйгээ хамт байсан. Ингээд би та хаанаас үхэр аваад янзлаад явж байгаа юм бэ? гэхэд мэдэхгүй гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би за та хүний үхэр хулгай хийгээд авч явж байгаа юм уу? гэхэд царай нь сонин болж байснаа надад ах нь хүний үхэр хулгайгаар янзлаад аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Булган аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд мэдэгдсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Д*******ийн өгсөн: ...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр малдаа явна гээд өдөр гараад явсан. Би гэртээ байж байгаад 20 цагийн үед малаа хамт хотлуулна гээд урд гэртээ ирсэн. Намайг очиход манай нөхөр Н******* гэртээ байж байгаад машин аваад яваад өгсөн. Тухайн үедээ надад хаашаа явахаа хэлээгүй. Намайг гэрт унтаж байхад шөнийн 02 цагийн орчимд манай нөхөр гаднаас орж ирээд хоёулаа хойшоо гэртээ очиж хоноё гээд бид 2 явсан. Тэгээд замын цагдаагийн хяналтын пост дээр ажиллаж байсан нэг цагдаа манай машиныг зогсоосон. Манай машиныг зогсоогоод тээврийн хэрэгсэл шалгахад манай машин дотроос 1 тооны янзалсан үхрийн мах гарч ирсэн. Би юун үхрийн мах юм бэ? гэж нөхрөөсөө асуухад урд гэрийн хажууд айлын 1 бярууг нядалсан байсан юмаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар шалгасан юм. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

5. Хохирлын үнэлгээ тогтоосон Ашид Билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-622/4528 дугаартай: ...1 тооны хязаалан гунжин эм үхрийн зах зээлийн дундаж үнэ 1.600.000 төгрөгөөр үнэлэв. ...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Н*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: ...би гэрээсээ ертөнцийн зүгээр баруун зүгт ойролцоогоор 2 километр газарт явган алхаж очоод хэвтэж байсан 20 орчим тооны үхэр байснаас хүрэн цоохор зүсмийн эм үхрийг богинохон уяагаар бугуйлдаж бариад улмаар хөтөлж гэрийнхээ хаяанд авчирч байгаад төхөөрч янзалсан. Тэгээд махаа гэрийнхээ гадна зөөж, машиндаа хийсэн. Толгой, арьс, шийр зэргийг махтай нь хамт авсан. Харин малын сэвсийг гэрийн ойролцоо мал төхөөрсөн газарт үлдээсэн. Улмаар гэртээ ороод эхнэрийгээ сэрээгээд хоёулаа ******* сумын төвд байдаг гэртээ очиж хоноё гээд машиндаа суулгаад явсан. Тээврийн хэрэгслийг манай эхнэр жолоодож явсан. Тэгээд ******* сумын цагдаагийн постоор дайраад гартал замын цагдаа зогсоосон. Манай машинд байсан махыг үзэж хараад хулгайн мах гэдгийг мэдсэн. Тухайн үед манай эхнэр хулгайн махыг анх удаа харсан. Мал хулгайлах гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Би хохирогчид 2 сая төгрөгийг бэлнээр төлсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.О*******, гэрч Г.М*******, Д.Д******* нарын өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны №ТХҮ-622/4528 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.Н*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримтаар шүүгдэгч Т.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутагт иргэн Д.О*******гийн эзэмшлийн 1 тооны хязаалан насны эм үхрийг богино уяагаар бугуйлдаж бариад гэрийнхээ ойролцоо жалганд аваачиж нядалж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Н*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эд хөрөнгөд учирсан 1 тооны үхэр буюу 1.600.000 төгрөгийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Т.Н*******ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О*******д 1 тооны бод мал /хязаалан насны эм үхэр/ буюу 1.600.000 төгрөгийн хохирол учирсан нь Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд үхрийн үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 48 дахь талд авагдсан нотариатаар батлуулсан баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Н*******ыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Н*******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Н*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Т.Н*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Н*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 37-44 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулга, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа, малын А дансны бүртгэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сум, 2 дугаар багийн Дэнжийн 01 тоотод мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/121 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Н*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Н*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Т******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Н*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т.Н*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Н*******т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНБААТАР