| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2022/0223/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/232 |
| Огноо | 2022-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/232
2022 10 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Чимэдрэгзэнд холбогдох эрүүгийн 2215000000251 дугаартай, 163/2022/0223/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Төмөрхадуурын Чимэдрэгзэн, Булган аймаг, Дашинчилэн суманд 1978 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Мон лаа, 1-47 тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 44 настай, эрэгтэй, РД: ГД78041774.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн нутагт байх өөрийн гэртээ З.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215000000251 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн нутагт байх өөрийн гэртээ З.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чимэдрэгзэнгийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Түмэнжаргалын өгсөн: Би 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн цахилгаан тэжээлийн байранд ажил дээрээ байж байгаад сумын төв рүү үсээ засуулах гээд алхаад орж ирсэн юм. Тэгээд сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн хараа архи аваад сумын төвийн баруун талд байдаг Чимэдцэрэнгийнд очоод хашаанд ортол Чимэдцэрэн, Доржготов, Баярхүү нар барилгын ажил хийж байхаар нь би очиж тусалсан. Тухайн үед би авч явсан архиа гаргаагүй, куртикэндээ ороогоод тавьчихсан байсан. ...Тэгээд би хүмүүс тарахаар нь таньдаг болохоороо Чимэдрэгзэнгийн гэрт ороод баруун талынх нь орны урд суутал Чимэдрэгзэн чи хүмүүс ажил хийлгэхгүй архидлаа гээд над руу уурлахаар нь би анх архи өгөөгүй, намайг ирэхэд халамцуу байх шиг байсан ш дээ гэж хэлсэн. Үүнээс болоод хэрүүл болсон. Тэгэхэд Чимэдрэгзэн уурлаад намайг заамдаж авсан. Тэгээд бид хоёр гэрт нь барьцалдаж аваад ноцолдох үед намайг унагаагаад миний баруун нүд рүү гараараа 2-3 удаа цохихоор нь чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэж хэлсэн. Намайг гэрт хэрүүл хийлээ гээд боогоод гэрээсээ гаргасан. Энэ үед миний зүүн хөлийн шагай хэсэгт өвчтэй, хөндүүртэй явж болохгүй болчихсон бас баруун нүд хавдаад юм харж болохгүй болчихсон байсан. Тэгээд миний хөл хөндүүртэй явж болохгүй байхаар нь Чимэдцэрэнгийн гэрт орж хэвтсэн. ...Намайг зодсон Т.Чимэдрэгзэн нь миний эмчилгээ, эмнэлэгт үзүүлэхээр явсан зардалд 140.000 төгрөг төлсөн. Одоо миний биеийн байдал зүгээр, нүд эдгэсэн, өөр ямар нэгэн өвчин зовиур байхгүй, эрүүл болсон. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Т.Чимэдрэгзэнд гомдолгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11, 14 дэх тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Сүхтөмөрийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна, 19 цагийн үед миний төрсөн ах Түмэнжаргал над руу нэлээн олон удаа утсаар залгасан байсан. Тухайн үед би ажилтай байсан болохоор утсыг нь авч чадаагүй. Тэгээд орой 21 цагийн орчимд миний төрсөн эгч Ариунцэцэг утсаар залгаад Түмэнжаргал ахыг Чимэдрэгзэн зодчихсон байна гэж манай охин надад хэллээ чи очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ машинаа унаад гараад явж байтал манай ах Түмэнжаргал сумын төвд гудамжинд баруун нүд нь хөхөрч хавдсан, зүүн хөл нь шагай хэсгээрээ гишгэж чадахгүй доголсон байдалтай явж байсан. Би ахыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед манай ах Түмэнжаргалаас бага зэрэг архи үнэртэж байсан. Тэгээд би ахыгаа хараад уурлаад Чимэдрэгзэн рүү утсаар залгахад Чимэдрэгзэн надад би ахыг чинь зодчихсон нүд рүү нь цохисон муухай зүйл болчихлоо уучлаарай гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Ариунцэцэгийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Баяннуур сумаас Булган аймагт ажлаар явж байсан чинь 19-20 цагийн орчимд манай охин Номундарь над руу утсаар залгаад Түмээ ахыг Рэгзэн ах зодчихлоо нүд нь аймар болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би юу болсон юм гэж асуусан чинь Түмээ ах согтуу Рэгзэн ахынд орсон чинь зодчихсон байна гэсэн. Ингээд би дүү Сүхтөмөр рүү утсаар юу болсон талаар мэдээдэх гэж хэлсэн. Үүний өмнө Түмээ ах над руу залгаад Рэгзэн намайг зодчихлоо миний нүд хавдсан, хөл явж болохгүй байна гэж утсаар хэлэхээр нь та Сүхтөмөрийг дуудаад хүргүүлэхгүй юу гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12588 дугаартай: З.Түмэнжаргалын биед баруун нүдний алимны салст, дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
6. Шүүгдэгч Т.Чимэдрэгзэнгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би Баяннуур суманд өөрийн гэртээ байж байхад Түмэнжаргал гаднаас орж ирээд орон дээр суусан. Тухайн үед Түмэнжаргалын согтуу байсныг мэдэлгүй чи яагаад манай ахын гэрээр орох болгондоо согтуу ирээд байдаг юм бэ?, манай ахыг уруу татаад байдаг юм биш биз дээ гэхэд Түмэнжаргал нь босож ирээд чи яахаараа миний урдаас юм хэлдэг юм бэ? гэсэн. Би гэрээс гаргах санаатай түлхтэл надад дийлдэхгүй бид хоёр ноцолдсон. Тухайн үед миний хүзүүний гинжийг таслахаар нь уур хүрээд би баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Улмаар түлхээд гэрээсээ гаргаад яв гээд хөөж байгаад явуулсан. Би хохирол барагдуулж эмчилгээний зардалд 140.000 төгрөгийг бэлнээр өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч З.Түмэнжаргал, гэрч З.Сүхтөмөр, З.Ариунцэцэг, шүүгдэг Т.Чимэдрэгзэн нарын гэмт хэргийн талаар болон хохирол, хор уршгийн талаар, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн нутагт байх өөрийн гэртээ З.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь баруун нүдний алимны салст, дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэнгийн хохирогчийг цохисон, түлхсэн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Чимэдрэгзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч З.Түмэнжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч Т.Чимэдрэгзэн, хохирогч З.Түмэнжаргал нар харилцан тохиролцож гэм хорын хохиролд 140.000 төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан байна.
Хохирогч З.Түмэнжаргал нь шүүгдэгч Т.Чимэдрэгзэнд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Чимэдрэгзэнг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Т.Чимэдрэгзэнгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Чимэдрэгзэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 45-49 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь Булган аймаг, Дашинчилэн суманд 1978 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Мон лаа, 1-47 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/124 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Чимэдрэгзэнгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Чимэдрэгзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрхадуурын Чимэдрэгзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чимэдрэгзэнг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чимэдрэгзэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Т.Чимэдрэгзэн нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР