Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ж.Б******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б*******од холбогдох эрүүгийн 2215000000202 дугаартай, 163/2022/0224/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Б*******, Булган аймаг, ******* суманд 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б******* нь 2022 оны 06 дугаар сарын 23-25-ны өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн Гүенгийн Амгайн ******* гэх газраас БУА 22-023240 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан модыг бэлтгэхдээ мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж, ******* улсын дугаартай ******* загварын трактор ашиглаж, 4 ширхэг босоо шинэ мод хөрөөдөж, 3.5 м3 хэрэглээний, 2.429 м3 түлээний зориулалттай нийт 5.927 м3 хуурай модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 901.422 төгрөгийн шуур хохирол, 2.704.266 төгрөгийн шууд бус хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000202 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Б******* нь 2022 оны 06 дугаар сарын 23-25-ны өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн Гүенгийн Амгайн ******* гэх газраас БУА 22-023240 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан модыг бэлтгэхдээ мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж, ******* улсын дугаартай ******* загварын трактор ашиглаж, 4 ширхэг босоо шинэ мод хөрөөдөж, 3.5 м3 хэрэглээний, 2.429 м3 түлээний зориулалттай нийт 5.927 м3 хуурай модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 901.422 төгрөгийн шуур хохирол, 2.704.266 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн Гүен гэх газар болсон байв. Уг газар нь ертөнцийн зүгээр хойд талд 12 км зайд байв. Уулын бэлд модыг цагаалан гол хуваасан байдалтай 25 ширхэг бүтэн мод буюу 50 ширхэг мод байв. Гол хуваагаагүй 4 ширхэг мод байв. Модонд тусад нь үзлэг хийхээр тогтов. Мод цагаалсан байсан газраас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 1 км орчим явахад шинээр тайрсан 58 см-н радиустай, 61 см-н өндөртэй шинэс модны хожуул байсныг 1 дугаараар тэмдэглэн байршил тогтоов. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,

3. Модонд үзлэг хийсэн: Гол хуваасан 50 ширхэг мод байв. Гол хуваагаагүй 4 ширхэг мод байв. Уг мод нь шинэс төрлийн, модны урт нь 5 м, 39 см-ээс 8 м, 63 см, модны диаметр нь 9-18 см байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

4. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, ногоон өнгөтэй, зүүн талдаа ногоон өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин хөрөө байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Б*******ийн өгсөн: Би хууль бусаар мод бэлтгэсэн асуудлыг сая мэдлээ. Модны экологи эдийн засгийн үнэлгээний мөнгийг төлчих юм бол надад гомдол, санал байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Рын өгсөн: ******* улсын дугаартай, ******* трактор загварын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг Орхон аймагт ашиглахгүй байхаар холын хамаатан дүү Б*******од хэрэглүүлэхээр 2022 оны 5 дугаар сарын үед өгч явуулсан юм. Би дээрх тээврийн хэрэгслийг 2010 онд Хөвсгөл аймгаас 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ авмаар байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пгийн өгсөн: 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын Баянтөгөл багийн Баян нөхөрлөлийн гишүүдийн хэрэглээнд гоожин авсан. Цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэхэд босоо мод огтлох ёсгүй. Зөвхөн унанги мод болон хорхой идсэн зэргийг авах ёстой. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55, 78-79 дэх тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Үын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болон 05-ны өдөр нийт 2 хоногийн хугацаанд Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Гүен гэх газраас нийт 16 ширхэг модыг нөхөрлөлийнхөө тусгаарлалт хийлгэсэн талбайгаас байгаль хамгаалагч Пгээс гоожин авч Б******* гэх хүнээр мод бэлтгүүлсэн. Би тухайн үед Б******* гэх хүнд амыг зааж өгсөн. Босоо мод авч болохгүй дандаа унанги мод авна шүү гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь сайн санахгүй байна. Ү надтай ирж уулзаад хэдэн мод дундуур нь хуваагаад зүсээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм бэ? гэж асуухад ******* сумын 1 дүгээр багийн Гүен гэх газарт байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ч гэх найзтайгаа тухайн Гүен гэх газарт очиж нийт 25 ширхэг модыг голоор хувааж зүсэж өгсөн. Би 1 ширхэг модыг 5000 төгрөгөөр бензинийг нь Ү өгөөд 25 ширхэг мод зүссэн санагдаж байна. Үлдсэнийг нь Ч зүссэн байх. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Чийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 30-ны үед Г.Ү над руу утсаар холбогдоод та мод тал хуваагаад зүсээд өгөөч гэсэн. Би зөвшөөрч Булган аймгийн ******* сум руу Орхон аймгаас очсон. Үын хамт ******* сумын 1 дүгээр багийн Гүен гэх газарт очиж үнэ хөлсөө тохирч модыг нь 30, 31-ний өдрүүдэд зүсэж өгөөд буцсан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын сүүлээр Ж.Б******* надтай уулзаж мод оосорлоод өгөөч, мод цагаалах гэсэн юм. Би Б*******ын хамт ******* сумын нутагт ууланд очиж трактороор модоо уулын уруу руу цагаалаад ирсэн. Би доор хүлээж байгаад оосрыг нь тайлж өгч байсан. Б******* нөхөрлөлийн мод бэлтгэж байгаа талаараа хэлж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73, 75-76 дахь тал/,

12. Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай: Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Гүенгийн Амгайн бугат гэх газарт талбайн тусгаарлалт хийгдсэн. Мод бэлтгэсэн Гүенгийн Амгайн бугат гэх газар нь ойн ашиглалтын бүсэд хамаарч байна. Мод бэлтгэх эрхийн бичигт цэвэрлэгээний ажлаар гэж заагдсан тохиолдолд босоо мод унагааж болохгүй. Цэвэрлэгээний ажлаар унанги мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн үлдэгдэл үзүүр, дорцов, хожуул гэх мэт модыг бэлтгэж болно. Уг газар дээрээс 42-58 см-ийн диаметртэй 4 мод унагаасан байх тул дээрх моднуудаас унагаасан модыг ялгаж экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа хожуулыг хэмжилт хийж 1 бүтэн модны эзлэхүүнээр тогтоож үнэлгээг гаргасан болно. Монгол орны шинэс ойн сортимент сортын хүснэгийн дагуу 5.927 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 901.422 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 109-113 дахь тал/,

13. Байгаль орчны хяналтын улсын байцаагч хохирлын үнэлгээ тогтоосон 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 901.422 төгрөг болох нь тогтоогдсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу учруулсан хохирол болох 901.422 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 2.704.266 төгрөгийн нөхөн төлбөр болж байна. гэх нөхөн төлбөр тооцсон акт /хавтаст хэргийн 118 дахь тал/,

14. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22188 дугаартай: цахилгаан хөрөө 84.000 төгрөг, ******* улсын дугаартай ******* загварын тракторын зах зээлийн үнэлгээг 2.700.000 төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 89-96 дахь тал/,

15. Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Б*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би Булган аймгийн ******* сумын Баян нөхөрлөлийн дарга Үаас хэрэглээний гоожин авсан. Тэгээд Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Гүенгийн амны Амгаан бугат гэх газраас 4 ширхэг босоо мод унагааж авсан. ...Би мод бэлтгэхдээ нагац ах Сийн хамт явсан. Сундуй ах болохоор хамт явсан боловч яг мод унагаах ажилд оролцоогүй. Би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай трактороор уулнаас чирч уулын бэлд буулгаж ирсэн. Модыг унагаахдаа өөрийн эзэмшлийн хятад хөрөөгөөр хөрөөдөж унагаасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн моторт хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Батнасан, Д.Р, гэрч Г.Ү нарын Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутаг Гүенгийн амгайн бугат гэх газарт 2022 онд ойг цэвэрлэгээний журмаар талбайн тусгаарлалт хийгдсэн, мод бэлтгэх арга, огтлолын төрөл нь цэвэрлэгээний ажлын зориулалтаар авсан боловч Ж.Б******* нь 4 ширхэг босоо мод тайрч бэлтгэснийг гэрчилж өгсөн мэдүүлэг, гэрч С.Сундуй, Б.П, Ц.О, А.Ч нарын тухайн үед Ж.Б******* нь эрхийн бичгээ авсан гэж хэлснээр мод бэлтгэх ажилд тусалж, ******* улсын дугаартай ******* загварын трактороор чирч уулнаас буулгасан, буулгасан модыг дундуур нь зүсэж өгсөн байдлыг тус тус гэрчилж өгсөн мэдүүлэг, түүний бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, хэрэглээний хуурай 5.927 м3 хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь 901.422 төгрөг, нөхөн төлбөр нь 2.704.266 төгрөг болохыг тогтоосон сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт болон Байгаль орчны улсын байцаагчийн акт, хэрэг учралын газарт болон мод, тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ж.Б*******ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Б******* нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичгийг цэвэрлэгээний ажлын зориулалтаар авсан боловч уг модыг бэлтгэхдээ зориулалтын бусаар буюу мод бэлтгэх арга, огтлолын төрлийг зөрчиж дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Ойн цэвэрлэгээ гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгодог.

Шүүгдэгч Ж.Б*******ын мод бэлтгэх арга, огтлолын төрлийг зөрчиж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгал орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 901.422 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 109-113 дахь тал/ учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2.704.266 төгрөгийн /хавтаст хэргийн 118 дахь тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

Шүүгдэгч Ж.Б******* нь байгаль экологид учруулсан хохирлыг төлөөгүй байх тул түүнээс 2.704.266 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Б*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Б*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

Хавтаст хэргийн 134-138 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, малын 2021 оны тооллого зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б******* нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан шууд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгсэл нь Даваажавын Рын өмчлөл, эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 31, 45-46 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Д.Рын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн М-2062 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Д.Рын эзэмшилд үлдээж, шүүгдэгч Ж.Б*******оос Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 2.700.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 5.927 м3 хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний хуурай модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг тооцож, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 84.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн хуучин моторт хөрөөг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б*******оос байгаль экологид учруулсан хохирол 2.704.266 /хоёр сая долоон зуун дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн М-2062 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, ******* улсын дугаартай шар өнгийн ******* трактор загварын тээврийн хэрэгслийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар микрийн 24-38 тоотод оршин суух, Сартуул овогт Даваажавын Р /РД: ФБ59041873/-ын эзэмшилд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг, 5.927 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлээний хуурай модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй, зүүн талдаа ногоон өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн хуванцар хар хайрцагтай CD-ыг хэргийн хадгалах хугацаанд хавсарган хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНБААТАР