Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 183/2019/3443/И |
Дугаар | 001/ХТ2021/00677 |
Огноо | 2021-06-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2021/00677
*****ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02490 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2345 дугаар магадлалтай,
*****ын нэхэмжлэлтэй,
“*****” ТӨХК, *****т тус тус холбогдох
“*****” ТӨХК-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх”,
*****т холбогдуулан “2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг буюу *****од сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, түүний өмгөөлөгч Ч.Ц, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, хариуцагч ***** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Монгол Улсын иргэн ***** нь 2018.10.04-ний өдөр “*****” ТӨХК-ийн гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах Хөдөлмөрийн гэрээг 2018.10.01-2019.10.01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулан тус компанийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэрофорт менежерийн туслах ажилтны үүргийг гүйцэтгэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд ажил үүргээ үр дүнтэй, зохих ёсоор биелүүлсээр ирсэн тул энэхүү гэрээг 2019.10.31-ний өдөр дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгуулсан. Гэтэл 2019.11.06-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.О-Э Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг мөрийтэй тоглоом, казино тоглож ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлсний дотор миний нэрийг дурдаж, улмаар “*****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн Б/808 дугаартай тушаалаар намайг гадаад улсад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан, зохисгүй байдал гаргасан, *****ын хуралдаанаар хэлэлцэн ёс зүйн хэм, хэмжээ зөрчсөн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд намайг ажлаас халсан “*****” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “*****” ХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэрофорт хариуцсан менежерийн туслах ажилд эгүүлэн томилуулах, мөн хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.2-д заасан үндсэн цалин 990,000 вон, амьжиргааны зардалд 2,310,000 вон нийт 3,310,000 вон буюу 7,756,800 төгрөгийн цалинг сард авч байсан. Гэвч 2019.11.12-ны өдөр хууль бус тушаал гаргаж, үндэслэлгүйгээр халсны улмаас цалин хөлс авахгүй хохирч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн төлөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу “*****” ТӨХК-иас 2019.11.12-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, *****ын 2019.11.06-ны өдрийн *****од сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “*****” ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч *****ыг гүйцэтгэх захирлын 2017.12.15-ны өдрийн Б/920 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн 2017.12.29-ний өдрөөс 2018.6.29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт Аэрофорт менежерийн туслахаар түр томилсон. Нислэгийн давтамж нэмэгдэн зорчих урсгал ихсэж, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан *****той харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019.10.01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулсан ба мөн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2020.10.01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ дахин байгуулсан. Засгийн газрын 2019.11.06-ны өдрийн хурлаар нэр бүхий хүмүүсийг гадаад улсад мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэмжээ зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, халах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “*****” ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газрын ажилтан *****ыг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдсон гэж олон нийтэд мэдээлсэн. “*****” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлэгт ажилтны хүлээх үүргийг тодорхойлж өгсөн ба 6.2.11-д “Аливаа байгууллага, хүмүүс, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих”, түүнчлэн 11.9.10-д “компанийн нэр хүндийг гутаах үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох” талаар заасан. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д “ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “*****” ХК-ийн ажилтан буюу нэхэмжлэгчийг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Засгийн газрын 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл болон компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019.11.11-ний өдрийн А-1/3905 дугаар албан бичгээр *****той мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдсон байх тул халах арга хэмжээ авахыг даалгасан. *****той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.6-д “компанийн нэр хүндийг гутаах, ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан болно. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1в, 11.9.10, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн гүйцэтгэх захирлын 2019.7.4-ний өдрийн 01/2386 дугаар албан бичиг, Засгийн газрын 2019.11.06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019.11.11-ний өдрийн А-1/3905 дугаар албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуульд нийцэж буй тул *****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч ***** нь “*****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2019.11.16-ны гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019.12.12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд хандан гаргасан байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг “*****” ХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн *****ыг ямар нэг шийдвэр гаргасан мэтээр тайлбарлаж, хамтран хариуцагчаар татсан байна. Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцэх хууль зүйн үндэслэлийн тухай хөндөн “*****ыг ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан *****ын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засгийн газрын 2019.11.06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэлийг Засгийн газрын шийдвэр гэж үзэн түүнийг хууль бус болохыг тус шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэж, 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж, 65 дугаар зүйлийн 65.1-т “шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, 65.1.1-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн “ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан *****ын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02490 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *****ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Засгийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2345 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч *****ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “...Хариуцагч “*****” ХХК нь ажилтан ***** мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал гаргасан асуудлыг *****ын хуралдаанаар авч хэлэлцэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь компанийн нэр хүнд гутаагдсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв” хэмээн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “Монгол Улсын хуулиар хориглосон үйл ажиллагааг гадаад улсад эрхэлдэг байгууллагаар нэхэмжлэгч үйлчлүүлсэн талаарх бичлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан үйл баримт нь дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд тусгайлан заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажил олгогчийн санаачлагаар цуцлах сахилгын зөрчилд тооцох үндэслэлтэй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ дараах байдлаар төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
***** миний бие 1989 оноос хойш “*****” ТӨХК-д өөрийн амьдралын 30 гаран жилээ зориулан ажилласан бөгөөд 2019 оны 10 дугаар сард БНСУ-д төлөөлөгчийн газрын менежерийн туслахаар ажиллах гэрээний хугацаа дуусах болоход тэтгэвэртээ гарах талаар бодож байтал компанийн зүгээс тухайн үед нислэг, зорчигчдын хөдөлгөөн ихсэж, ажлын ачаалал нэмэгдэж байгаа хэмээсэн тул дахин нэг жилээр ажиллаад тэтгэвэртээ гаръя гэж бодоод ажиллаж байсан боловч 2019.11.12-ны өдөр ажлаасаа халагдсан. Ийнхүү 30 гаран жил ажиллахдаа ямарваа нэгэн зөрчил, дутагдал гаргаж байсангүй. Сүүлийн жил гаран хугацаанд миний бие цалин орлогогүй 1 жил шахам гадаад улсад хүнд нөхцөл байдалд амьдарч байгаад 2020 оны 10 дугаар сард Монголдоо ирсэн бөгөөд энэ шалтгаанаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байлаа. Миний хувьд үүсээд буй уг асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, хэтэрхий олон нийтийн сүлжээн дэх бодит бус мэдээлэлд тулгуурлаж, “менежерийн туслах” ажилтай намайг л буруутгасан хандлагаар хэрэг маргаан шийдвэрлэгдэж өдийг хүрсэнд маш их гомдолтой байна.
Шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн талаар: “*****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар “*****” ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан ***** нь казино тоглож, компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал гаргаж, улмаар уг асуудлыг *****ын хуралдаанаар авч хэлэлцэн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн” гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ийнхүү ажлаас халахдаа “казино тоглож, компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал” гэдгийг шалгаж, тогтоохдоо хууль болон компанид мөрдөгдөж буй ямар ч хэм хэмжээ, дүрэм, журамд үндэслэлгүй нэхэмжлэгчийг “Компанийн нэр хүндийг гутаах” заалтыг хэнийг ч дүрэм, журам зөрчөөгүй байхад буруутгаж болох “ажил олгогчийн дур зоргын асуудал” байхаар хуулийг буруу тайлбарласан. Учир нь “*****” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.04.31-ний өдрийн А/306 дугаар тушаалаар хавсралт №1-ээр “*****” ТӨХК-ийн “Ажилтны ёс зүйн дүрэм”, хавсралт №2-оор “*****” ТӨХК-ийн “Ёс зүйн хорооны ажиллах журам”-ыг тус тус баталсан бөгөөд эдгээр нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно. “*****” ТӨХК-ийн “Ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 1.4.2-т “Ажилтны ёс зүй” гэж компанийн албан үүргийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхтэй холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон харилцааны цогц ойлголтыг”, 1.4.3. “Ажилтны ёс зүйн хэм хэмжээ” гэж компанийн ажилтан нь хууль дүрмээр олгогдсон эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хамт олон, нийгмийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг” ойлгоно, 2 дугаар зүйлд “Ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ”-г зааж өгсөн тул ажилтны аливаа үйлдлийг энэ дүрмээс гадуур “зохистой”, “зохисгүй” гэж үнэлэх ямар нэгэн эрх ажил олгогчид байхгүй, тэгээд ч энэхүү ёс зүйн дүрмийг ажил олгогч өөрөө баталж, мөрдүүлдэг. “*****” ХК-ийн ёс зүйн хорооны ажиллах журмын 1.1-д “*****” ХК-ийн Ёс зүйн хороо нь иргэн, албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас “*****” ХК-ийн ажилтнуудын ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэх эрх бүхий орон тооны бус байгууллага мөн”, уг журмын 5.15-д “Ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ёс зүйн хорооны гишүүнээс өөр албан тушаалтан шалгаж, шийдвэрлэхийг хориглоно” хэмээн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох, цорын ганц эрх бүхий этгээд нь “Ёс зүйн хороо” болохыг зааж өгсөн, *****ыг ёс зүйн зөрчил гаргасан талаар Ёс зүйн хорооны шийдвэр гаргаагүй, ёс зүйн хороо хуралдаагүй. Хэрэгт авагдсан *****ын 2019.11.06-ны өдрийн хуралдааны 49 дүгээр тэмдэглэлээр “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Б-Э, “*****” ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан ***** нар нь гадаад улсад зорчихдоо мөрийтэй тоглоом ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журмын дагуу сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг ...тус тус даалгав” гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2019.11.07-ны өдөр мэдэгдэл хийж, Төрийн албаны тухай хуулийн 40-ийн 2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилсэн. Гадаадад зорчихдоо мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Мөрийтэй тоглоом тоглохгүй байх тухай өөрчлөлт оруулж, энэ тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ хугацаанд иргэд мэдээлэл ирүүлсэн. 10 гаруй мэдээлэл ирсэн. Хоёр мэдээлэл баримтаар нотлогдсон тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Б-Э казино тоглосон нь батлагдсан. Мөн “*****” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан ***** мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ” хэмээн мэдээлэл хийсэн байдаг. Засгийн газрын 2019.11.07-ны өдрийн хуралдаанаар надтай хамт ёс зүйн зөрчил гаргасан гэх Ё.Бат-Эрдэнэ нь одоо ч төрийн албандаа хэвийн ажиллаж байсан. Миний бие энэ хүнтэй аливаа байдлаар барьцсангүй, харин хууль зүйн буруутгах үндэслэл байхгүйг харуулж байгаа үзэж байна. Түүнчлэн ***** нэг ижил асуудалд яагаад ийм хоёр тэс өөр шийдвэр гаргаж байгааг гайхахын зэрэгцээ учрыг ойлгохгүй сууна.
Нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, дүгнээгүй талаар: Анхан шатны шүүх “Амжилт нюс” сайтад хийсэн үзлэгээр 2019.11.07-ны өдрийн дарга нар казино тоглож буй бичлэг дэлгэгдлээ гэх нийтлэлд “...”*****” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан ***** мөрийтэй тоглосон нь баримтаар нотлогдсон...” гэх агуулга бүхий мэдээллийн дотоод хэсэгт 39 секундийн бичлэг тавигдсан байх ба тус бичлэгт сууж байгаа этгээдийг “хариуцагч ***** гэж тайлбарлаж, нэхэмжлэгч няцаагаагүй болно” хэмээн дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас хариуцагч *****ын төлөөлөгчөөс бичлэг дээр байгаа хүн ***** мөн эсэх талаар, энэ хаана ямар газар хэзээ болж байгаа ямар үйл явдал болох талаар тодруулахад, “Тэрийг сайн мэдэхгүй байна. Сайдын зөвлөхөөс надад хэлсэн”, “Тэрийг мэдэхгүй байна” гэж хариулсан байхад анхан шатны шүүх үүнийг “Хариуцагч ***** гэж тайлбарласан, нэхэмжлэгч няцаагаагүй” гэж дүгнэж байгаа нь хэргийг шийдэхдээ баримт, нотолгоонд үндэслээгүй болохыг харуулна. Энэхүү бичлэг дээрх хүн нь ***** мөн эсэх, хаана ямар газар хэзээ, юу хийж буй нь ч тодорхой бус, бичлэгийн зарим хэсгийг бүдгэрүүлж, бүрхийлгэсэн, хаанаас, хэн гэж хүн бичлэг хийсэн, ямар эх сурвалжаас авсан зэргээр бичлэгээр казино тоглож буй нь нотлогдохгүй болохоор анхан шатны шүүх “...”*****” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан ***** мөрийтэй тоглосон” гэх вэб сайтын тайлбарыг үндэслэлээ болгосон. ***** *****ыг “Ёс зүйн дүрэм зөрчсөн” гэж, “*****” ТӨХК нь “компанийн нэр хүндийг гутаасан” хэмээн хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй шийдвэрийг гаргаж казино тоглосон Улсын Их Хурлын гишүүд гэх мэт өндөр албан тушаалтнуудаа хариуцлага тооцолгүй үлдээх арга хэрэгсэл болгон компанидаа 30 гаруй жил ажилласан энгийн хөдөлмөрч ажилтныг улс төрийн золиос болгож ашигласан шийдвэрийг анхан шатны шүүх аялдан дагасан, улам бүр хууль, дүрэмгүй дур зоргын асуудал болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч *****ын *****т холбогдуулан гаргасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр уг хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна.
Мөн нэхэмжлэгчээс хариуцагч “*****” ТӨХК-д холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, “*****” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн Б/808 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1.в, 11.9.10, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6 дахь заалт, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн гүйцэтгэх захирлын 2019.07.04-ний өдрийн 01/2386 дугаар албан бичиг, *****ын 2019.11.06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.11.11-ний өдрийн А-1/3905 дугаар албан бичгийг тус тус үндэслэн “БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт Аэропорт менежерийн туслахаар хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа ***** нь гадаад улсад ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал гаргаж, улмаар уг асуудлыг *****ын хуралдаанаар хэлэлцэн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн тул” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль ёсны байна.
Учир нь шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч ***** нь гадаад улсад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2019.11.06-ны өдөр БНСУ-ын казино буюу мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгч няцаагаагүй буюу үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй тул түүнийг зөрчил гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “..бичлэг дээрх хүн нь ***** мөн эсэх, хаана ямар газар хэзээ, юу хийж буй нь ч тодорхой бус, бичлэгийн зарим хэсгийг бүдгэрүүлж, бүрхийлгэсэн, хаанаас, хэн гэж хүн бичлэг хийсэн, ямар эх сурвалжаас авсан зэргээр бичлэгээр казино тоглож буй нь нотлогдохгүй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн...” гэсэн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1. “Зохигч, ... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэснийг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан нотлох баримтыг /бичлэгийг/ “би биш, казино биш...” гэдэг байдлаар нотлох баримтаар үгүйсгээгүй /хяналтын шатны шүүх хуралдаан дээр би мөн, гэхдээ тоглоогүй, ширээний ард сууж байсан гэсэн тайлбар өгсөн/ тул шүүх “нотлох баримтыг буруу үнэлсэн, нэг талыг баримталсан” гэж үзэхгүй.
Ийнхүү нэхэмжлэгч зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдсон тул маргаан бүхий тушаалын үндэслэлд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, Хөдөлмөрийн гэрээний 8.1. “Ажилтан хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, ... хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 9.4. “Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд. Үүнд:”, 9.4.6. “Компанийн нэр хүндийг гутаах, ...”, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11. “Аливаа байгууллага, хүмүүс, улс оронтой харилца харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг энэ тэргүүнд тавих”, 10.1.1. “Хөдөлмөрийн гэрээ, ... дотоод дүрэм, ... биелүүлээгүй буюу эс биелүүлсэн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд: ... в/ Ажлаас халах”, 11.9. “...ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг хөдөлмөрийн гэрээ болон энэхүү журамд тусгана. Үүнд:”, 11.9.11. “Компанийн нэр хүндийг гутаах...” гэж заасантай тус тус нийцсэн буюу хуулийн урьдчилсан нөхцөлд бодит байдал бүрдсэн байна.
Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн нэхэмжлэгчийн үйлдэл нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан “хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчил” буюу “компанийн нэр хүндийг гутаасан” үйлдэлд хамаарах тул энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий тушаал хууль ёсны, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “нэхэмжлэгч буюу “*****” ТӨХК-ны ажилтны дээрх үйлдлийг ажил олгогч буюу хариуцагч байгууллагын нэр хүндтэй холбоогүй гэж үзэхгүй” юм.
Хариуцагч байгууллагын хувьд тус компанийн гүйцэтгэх захирлын 2017.04.21-ний өдрийн А/306 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ажилтны ёс зүйн дүрэм” /ажилтан уг дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ёс зүйн хорооноос шалган шийдвэрлэдэг/-ээс гадна мөн гүйцэтгэх захирлын 2015.03.23-ны өдрийн Б/170 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам үйлчилдэг ба уг журмын 10-т Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагыг, 11-т Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох,... үндэслэлийг 11.9-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох /сахилгын/ ноцтой зөрчлийг тус тус зохицуулсан, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд уг ноцтой зөрчлийг тусгайлан заасан байх бөгөөд хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журам болон гэрээний холбогдох заалтуудыг үндэслэсэн байх тул “...*****ыг ёс зүйн зөрчил гаргасан талаар Ёс зүйн хорооны шийдвэр гаргаагүй, ёс зүйн хороо хуралдаагүй...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн, “...надтай хамт ёс зүйн зөрчил гаргасан гэх Ё.Б-Э нь одоо ч төрийн албандаа хэвийн ажиллаж байгаа. Миний бие энэ хүнтэй аливаа байдлаар барьцсангүй, харин хууль зүйн буруутгах үндэслэл байхгүйг харуулж байна. ***** нэг ижил асуудалд яагаад ийм хоёр тэс өөр шийдвэр гаргаж байгааг гайхахын зэрэгцээ учрыг ойлгохгүй сууна..” гэх гомдол маргаан бүхий тушаалыг үгүйсгэх буюу гомдлын энэ үндэслэлээр хууль бус гэж үзэх боломжгүйгээс гадна шүүхээс Засгийн газарт холбогдох нэхэмжлэлийг харьяалалын бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул Засгийн газрын тэмдэглэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй.
Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02490 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2345 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ