Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0422

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С” ХХК /РД:******/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нар

Гомдлын шаардлага: ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын
улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0295186 дугаар шийтгэлийн хуудсын зарим хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Л.Б, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нар “С” ХХК-ийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсаар 3 зөрчилд холбогдуулан нийт 69,166,746.40 төгрөгийн төлбөр ногдуулсан. “С” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тодорхойлогдсон 1 болон 3 дахь зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зохих нөхөн татвар, торгууль, алдангиа төлөхөө илэрхийлж байна. Гагцхүү татварын улсын байцаагчийн ...”С” ХХК-ийг 2016 онд 159,649,461 төгрөг, 2017 онд 281,145,600 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн "Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан" гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, дараах үндэслэлээр холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргалаа.

1. Зөрчлийг тогтоогоогүй атлаа шийтгэл ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д "Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ", 4.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ", 4.15 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж тус тус заасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүх баримт буюу шийтгэлийн хуудас, түүний хавсралтуудад манай компанийн 2016, 2017 онд хийсэн худалдан авалтуудын алийг зөрчилд тооцсон нь ойлгомжгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед татварын улсын байцаагч Л.Б, Д.Б нар юуг зөрчил гэж үзэж, хэзээний, хэдэн удаагийн, ямар худалдан авалтыг буруу тайлагнасан талаар огт тайлбар, хариулт хэлээгүй бөгөөд одоог хүртэл манай байгууллага юунд буруутгагдаж байгаагаа ойлгоогүй байна. Дээр дурдсанчлан татварын улсын байцаагч нар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг "өөрөө" нотлох зарчмын дагуу манай компанийг буруутгаж буй буруу тайлагнасан гэх худалдан авалт бүрийг тодорхой дурдаж, хэзээний, ямар бараа, ажил үйлчилгээтэй холбоотой худалдан авалт болохыг тодорхойлох ёстой байсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн холбoгдох заалтуудад манай компанийн эрхэлдэг ажил, үйлчилгээ хамрагддаг. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг ажил, үйлчилгээнээс дурдвал: төв суурин газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод сөөг тарих, тэдгээрийг арчлах, таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн зүлэгжүүлэлт хийх, ногоон массыг бий болгох бүх ажил, үйлчилгээ, импортоор болон дотоодод борлуулан усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, хүрз жоотуу, хэлбэржүүлэгч хайч, усны насос, суулгацын бортого гэх мэт бараа бүтээгдэхүүн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх юм.

2. 3.Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сараас эхлэн мөрдөгдсөн: Шийтгэлийн хуудаст “С” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан гэж дүгнээд, холбогдох хариуцлагыг хүлээлгэжээ. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй", 1.4 дүгээр зүйлийн 3-д "Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасны дагуу 2016, 2017 онд үйлчилж байсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчлийг тодорхойлох ёстой байсан. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул татварын улсын байцаагч нар уг хугацаанаас хойш үйлдэгдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан байх учиртай. Нэхэмжлэгч “С” ХХК нь шийтгэлийн хуудаст тодорхойлсон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн" гэх зөрчил үйлдээгүй боловч шийтгэлийн хуудсын 2 дахь зөрчлийн хүрээнд 44,079,506.1 төгрөгийн нөхөн татвар, 13,223,851.8 төгрөгийн торгууль, 8,815,901.2 төгрөгийн алданги ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д "Зөрчил
шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна" гэж заасан боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Тээвэрчдийн гудамж, Нарны зам-5 тоот хаягт байрлах “С” ХХК-ийн татварногдуулалт, төлөлтөд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нар хяналт шалгалт хийсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ. “С” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргаж хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан. Маргаан таслах зөвлөл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 20/63 дугаар албан бичгээр "Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх үүргээ биелүүлээгүй" гэж дүгнээд гомдлыг буцаасан, улмаар “С” ХХК нь энэхүү хуулийн шаардлагын дагуу 10 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж дахин гомдлоо гаргасан. Дахин гаргасан гомдлын дагуу Маргаан таслах зөвлөл ажиллагаа хийж, ажиллах журмынхаа дагуу биднээс тайлбар, баримт гаргуулж, гомдлыг шийдвэрлэх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр товлосон байсан боловч Маргаан таслах зөвлөлийн магадлагч "2 талаас авах нэмэлт материалаа цуглуулаад дүгнэлтээ бичээд хурлын гишүүдэд явуулсны дараа хурлын тов гарна. Хурал болохоос өмнө мэдэгдэнэ" гэх үндэслэлээр хойшлуулж байсан.

Гэтэл Маргаан таслах зөвлөл илэрхий алдаа гарган, хууль болон зөвлөлийн ажиллах журмаа зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/181 тоот албан бичгээр гомдлыг буцаасан тул маргаан бүхий шийтгэлийн хуудсын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 3ахиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлсэн болно.

Манай компани нь 2020 оны 11-р сарын 27-ны өдөр Монгол шуудан компаниас маргаан бүхий албан бичгийг хүлээн авсан бөгөөд энэхүү хугацаанаасаа тооцож шүүхэд нэхэмжлэлээ гаргалаа.

3. Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтыг томилолтгүйгээр явуулсан. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", 30.1.1-д "татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх гэж заасан боловч татварын улсын байцаагчид 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22 хоногийн хугацаатай томилолтыг сунгуулалгүй, томилолтын хугацаа дууссанаас хойш 27 хоногийн дараа 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл шалгаж, шийтгэл оногдуулсан. Татварын ерөнхий газрын даргын Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.1, 6.5, 6.5.1-д зааснаар татварын хяналт шалгалтын дуусгах үе шатанд шийтгэлийн хуудас бичих, гардуулах, хүргүүлэх ажиллагаа бүрэн хийгдээд дууссан байх учиртай. Мөн нөгөөтэйгүүр татварын улсын байцаагчид хяналт шалгалтаа томилолтын хугацаанд багтааж хийж чадахгүй тохиолдолд дээрх журмын 5.10, 5.11-д заасан журмын дагуу томилолтын хугацааг сунгуулж татварын мэдээллийн санд бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл татвар төлөгч “С” ХХК нь татварын улсын байцаагчийг хуульд хориглосон ажиллагааг явуулж, хууль бусаар шийтгэлийн хуудас бичиж, төлбөр ногдуулсан гэж дүгнэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д "Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасны дагуу 2016, 2017 онд үйлчилж байсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчлийг тодорхойлох ёстой байсан. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул уг хугацаанаас хойш үйлдэгдсэн гэж тогтоогдох зөрчилд энэхүү хуулийг хэрэглэх журамтай.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж татварын улсын байцаагчийн 2019 оны 10-р сарын 24-ний өдрийн 0295186 тоот шийтгэлийн хуудасны 2 дахь зөрчилд хамаарах 44,079,506.17 нөхөн татвар, 13,223,851.87 торгууль, 8,815,901.27 алдангийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...”С” ХХК-д Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл aшиглан хүргүүлнэ." гэж заасныг баримтлан 2019 оны 10 сарын 25-ний өдрийн 0295186 тоот шийтгэлийн хуудасны хувийг холбогдогч “С” ХХК-ийн захирал Д.Дд биечлэн гардуулсан. “С” ХХК нь шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрч Татварын албаны ТAIS программд өрөнд татагдсан.

2016 онд 159,649,461.00 төгрөг, 2017 онд 281,145,600.00 төгрөг, нийт 440,795,061.00 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн "Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх 14.9.Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсвэл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно гэж зааснаар зөвхөн тогтмол зардал / ус, цахилгаан, түрээс гэх мэт тогтмол зардалд гарсан худалдан авалтад хувь тэнцүүлэн ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 2016, 2017 онуудад хийсэн худалдан худалдан авалтыг ойлгомжгүй, татварын улсын байцаагч нарыг гаргасан шийдвэрийг нотлоогүй гэсэн гомдол гаргасан нь татварын улсын байцаагч нарын шийдвэрийг илт буруутгасан ба нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актаар худалдан авалт бүрийг жагсаан баталгаажуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14.9 дүгээр заалтын дагуу хувь тэнцүүлэн бодсон болно.

2. Татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 35190900459 тоот албан томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу албан томилолт, удирдамжийг ерөнхий захирал Д*********н, нягтлан бодогч Ж*********а нарт Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 307 тоот өрөөнд уншиж танилцуулсан. Мөн захирлын бие өвчтэй, нягтлан бодогчийн хүүхэд өвдсөн байгаа гэсэн шалтгаанаар томилолтыг 15 хоногоор сунгаж хийгдсэн ба тухайн үед удаа дараа татварын Хяналт шалгалтыг дуусгах талаар шаардлагыг утсаар хэлж шаардаж ирсэн. Мөн татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.10-д заасны дагуу тасгийн даргад танилцуулан томилолтыг сунгуулж ажиллаж ирсэн. Сунгалтыг олгосон томилолтын ард сунгасан байгаа.

3. ****** тоот регистрийн дугаартай “С” ХХК нь анх 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахдаа үүсгэн байгуулагч Д********гийн гэрийн хаяг болох Чингэлтэй дүүргийн *-р хороо 0* тоот гэсэн гэрийн хаягаар бүртгүүлж хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэгдэн үйл ажиллагаа эрхэлж байгаад Татвар төлөгчийг бүртгэх журмын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/57 тоот тушаалаар Нийслэлийн Татварын хэлтэст шилжсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “С” ХХК-ийн гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0295186 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нар нь “С” ХХК-ийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтөд иж бүрэн хяналт шалгалтыг хийж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0295186 дугаар шийтгэлийн хуудсаар татвараа үнэн зөв тодорхойлж биелүүлээгүй үндэслэлээр 461,111,643.40 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.19 дүгээр зүйлийн 4-т зааснаар 69,166,746.40 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулжээ.

Гомдол гаргагчийн зүгээс ...зөрчлийг тогтоогоогүй атлаа шийтгэл ногдуулсан..., Татварын ерөнхий хуулийг баримтлах ёстой байсан..., хяналт шалгалтыг томилолтгүйгээр явуулсан..., нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж шийтгэл ногдуулсан... гэж тус тус маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

1.    Зөрчлийн тухайд:

“С” ХХК нь 2016-2017 оны чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2016-2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нийт худалдан авалтын жагсаалтаар тус тус тогтоогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно, 15 дугаар зүйлийн 15.9-д Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтын дагуу Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.9-д заасан хасалтыг дараах байдлаар тооцно: үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох албан татварыг хасах, 2.2.3-д энэ журмын 2.2.1-д заасны дагуу хасалт хийх боломжгүй бол хасагдах албан татварын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны албан татвар ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын дүнд хувааж, нийт борлуулалтад эзлэх албан татвар ногдох борлуулалтын хувийг тодорхойлон, уг хувиар тайлангийн хугацааны худалдан авалтад төлсөн албан татварын нийт дүнг үржүүлэн, хасагдах албан татварын дүнг гаргана гэж заасны дагуу хариуцагч нар “С” ХХК-ийн 2016, 2017 оны нийт борлуулалтын орлогын дүнд эзлэх албан татвар ногдох борлуулалтын хувийг 39.8, 40.7 хувиар тодорхойлон уг хувиар хасагдах татварын дүнг гаргасан нь тооцооллын хувьд зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулалтыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болохыг дурдах нь зүйтэй.

2.    Татварын ерөнхий хуулийг баримтлах ёстой байсан гэх гомдлын тухайд:

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж зааж, мөн хуулийн 3 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ, 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө, 8 дугаар зүйлд Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заасан байна.

Дээрх журмаас үзвэл процессын зохицуулалт бүхий хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд татварын байгууллага тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн нь зөв байна.

3.    Хяналт шалгалтыг томилолтгүйгээр явуулсан гэх гомдлын тухайд:

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.3-д Татварын хяналт шалгалт хийх томилолтод ....сунгасан хугацаа... тусган ТХШАЭН-ийн дарга...гарын үсэг зурж, татварын албаны тэмдэг дарна гэж заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нарт “С” ХХК-д хяналт шалгалт хийх удирдамжийг /ХХ-1-67/ 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 35190900459 дугаартайгаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн дарга Б.Мөнхлут олгож, улмаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан нь хэрэгт авагдсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

4.    Нутаг дэвсгэрийн харъяалал зөрчиж хяналт шалгалт хийсэн гэх гомдлын тухайд:

“С” ХХК нь анх 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Үндэсний татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн албанаас /хуучин нэрээр/ 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон гэрчилгээ болон 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шинэчлэн батлуулсан компанийн дүрэмд тус тус компанийн хаягийг Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо гэж бүртгэгдсэн байна.

Татварын ерөнхий хуулийн /2008/ 13 дугаар зүйлийн 13.4.2-т Татварын алба нь татвар төлөгч, татвар суутгагч бүрт регистрийн дугаар олгон хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараахь баримт, мэдээллийг хадгална: .татвар төлөгч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар, 13.6-д Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ гэж зааснаас үзэхэд хаяг өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдэх үүргийг татвар төлөгчид хүлээлгэсэн байна.

Түүнчлэн 2001 оноос хойш Татварын ерөнхий газраас баталсан журмын дагуу татвар төлөгчийн шилжилт хөдөлгөөний харилцааг зохицуулдаг байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хуулийн дээрх заалтын дагуу хаягийн өөрчлөлтөө бүртгүүлээгүй тул Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байхад Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шалгалт явуулсан гэх гомдлыг хангах боломжгүй. Нөгөөтэйгүүр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд Зөрчлийн тухай хуулийн /2017/ 11.19 дүгээр зүйлийн 1.2-т Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, 4-д Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 15 дугаар зүйлийн 15.9, Зөрчлийн тухай хуулийн /2017/ 11.19 дүгээр зүйлийн 1.2, 4 -д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0295186 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “С” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА