Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0481

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0481

Улаанбаатар хот

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0364 дүгээр шийдвэрийг хариуцагч АМГТГКХД Д.Батмагнайгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н ХХК

Хариуцагч АМГТГКХД

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

 

Хэргийн индекс: 128/2024/0935/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0364 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1477 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. АМГТГКХД Д.Батмагнай дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ..."Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "....нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хайгуулын Элстэй хэмээх 32.9 га өргөдлийн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхацсан буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан хориглосон хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй." гэжээ. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч төрийн захиргааны байгууллага "Номун проект консалтинг" ХХК-ийн гаргасан Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг "Элстэй" нэртэй 32.90 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, өргөдлийн бүртгэлд бүртгэж, зураг зүйн болон холбогдох шүүлтийг хийхэд Зуун модны барилгын элсний ордтой давхцалтай байсан. Тодруулбал, өргөдөлд дурдсан талбай нь эрдсийн хуримтлалтай давхцалтай байхад тогтоогдсонгүй" гэж дүгнэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хяналгүй, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг харгалзалгүй нэхэмжлэгчийг зөвтгөж байгаа шүүхийн дүгнэлт хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс "...MV-013828 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тэмдэглэгээг арилгаагүйн улмаас хүсэлт гаргасан талбайд орд илрэл эрдсийн хуримтлал хүдрийн дүүрэг зангилаатай давхцалтай харагдсан аж." хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-д заасныг үндэслэн өргөдөлд дурдсан талбай нь эрдсийн хуримтлалтай эсэхэд Ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийлгэхэд давхцалтай гарсан тул Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1477 дугаар "дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ХА-11000245 дугаартай өргөдлийг хянан үзсэн мэргэжлийн хэлтсээс дотоод хяналтын хуудсанд зуун модны барилгын элсний ордтой давхцалтай гэсэн нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлтийн татгалзах үндэслэл болсон. Иймд "Номун проект консалтинг" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зарим баримтыг дутуу цуглуулснаас шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1.    Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1477 дугаар дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ******* -ийн өргөдлийн Элстэй нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-110000245 бүртгэлийн дугаартай 32.90 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэжээ.

2.    Анхан шатны шүүх ... шүүхийн үзлэг хийхэд урьд нь Минжит булган гол ХХК-ийн МV-013828 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай байсан нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар газрын хэвлий ашиглах эрх нь дуусгавар болсон, уг талбайн тэмдэглэгээг арилгаагүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайд орд илрэл, эрдсийн хуримтлал, хүдрийн дүүрэг зангилаатай давхцалтай гэж харагдсан аж. ... уг талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4-т заасан хориглосон, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэл муутай болжээ.

3.    Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авсан Нийслэлийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх гэж заасны дагуу хариуцагч Кадастрын хэлтсийн даргад өргөдлийг хүргүүлжээ.

4.    Хариуцагч нь мөн хуулийн 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ гэж заасны дагуу маргаан бүхий дүгнэлтийг гаргасан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөд дараах баримтуудыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна:

4.1.      Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, ...-ний өдрийн захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл Минжит булган гол ХХК нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, эрдсийн хуримтлал бүхий орд байгааг тогтоож, ашиглалт явуулж байсан, одоо захиргааны хэргийн шүүхэд тухайн талбайн талаар маргасан зэрэг нь тогтоогдож байх бөгөөд уг маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байхад энэ талаарх баримтыг цуглуулаагүй байна.

4.2.      Мөн кадастрын мэдээллийн зураг зүйн бүртгэлээс Минжит булган гол ХХК-ийн бүртгэлийг арилгаагүй шалтгаан, тухайн бүртгэл нь бусдын тусгай зөвшөөрлийн талбай гэсэн бүртгэл үү, эсхүл эрдсийн хуримтлал тогтоогдсон талбай-н бүртгэл үү гэдгийг тодруулах нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй дээрх хуульд заасан тохиолдолд хамаарч байгаа эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна.

4.2.1.        Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д "түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;, 4.1.3-д "түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;, 4.1.4-д "түгээмэл тархацтай ашигт малтмалын орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг; тус тус ойлгохоор заасан.

4.2.2.        Эдгээр заалтын дагуу нэгэнт эрдсийн хуримтлал бүхий нөөц нь тогтоогдсон, бусад этгээд ашиглаж байсан ордтой талбайд дахин нөөц байгаа эсэхийг тогтоож ашиглах боломжийг судалж үнэлгээ хийх буюу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэхээр байна.

4.3.         Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн манай үйлчлүүлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж болох сул талбай байсныг хараад өргөдлөө өгсөн гэж хэлсэн гэх тайлбар, хариуцагчаас ирүүлсэн зураглал болон шүүхийн үзлэгээр тухайн талбайг кадастрын мэдээллийн зураг зүйн санд Минжит булган гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаар, хариуцагчийн эрдсийн хуримтлал бүхий орд-оор бүртгэлтэй гэх тайлбар зөрүүтэй, өөрөөр хэлбэл ашигт малтмалын Кадастрын хэлтсийн кадастрын зураг зүйн бүртгэлээс өөр кадастрын мэдээллийн сан байдаг эсэх, хэрэв байдаггүй бол хэзээ, хэний зөвшөөрлөөр тусгай зөвшөөрөл олгох боломжтой байдлаар кадастрын мэдээллийн санд тусгагдсан, энэ нь хариуцагчийг шүүлт хийх үед яагаад өөрчлөгдсөн зэрэг нь тодорхойгүй байх бөгөөд энэхүү байдал нь нэхэмжлэгч хариуцагчийн хооронд маргаан үүсэх үндэслэл болсон байх тул тодруулах шаардлагатай.

5.    Иймд дээрх үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0364 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН                                                         

  ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ