Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 212

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч Н.Батгэрэл, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Батгэрэлд холбогдох эрүүгийн 2016 2601 2214 дугаартай хэргийг 2016 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, ээж, эмээ дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн 1-1 тоотод байнга оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 44-46 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадвартай Халхчууд овогт Наранцэцэгийн Батгэрэл РД:ИО91100513,  

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Батгэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 5 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Ч.Пүрэвжавын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж Хьюндай портер маркийн автомашины моторын аппартур, Хьюндай портер маркийн автомашины түлшний шүүр, нокиа маркийн гар утас, шилэн тагтай зузаан керамик таваг, хоолны төмөр сав, будаа агшаагч, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 451.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

        ТОДОРХОЙЛОХ нь:        

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  судлахад: 

Шүүгдэгч Н.Батгэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 5 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Ч.Пүрэвжавын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж Хьюндай портер маркийн автомашины моторын аппартур, Хьюндай портер маркийн автомашины түлшний шүүр, нокиа маркийн гар утас, шилэн тагтай зузаан керамик таваг, хоолны төмөр сав, будаа агшаагч, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 451.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан учруулсан болох нь:...

- хохирогч Ч.Пүрэвжавын:...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 5-5 тоотод байх гэрээсээ гараад хотын байрандаа хоночихоод маргааш нь 12 цагийн орчим гэртээ эргээд ирэхэд манай гэрийн хаалганы хятад хар өнгийн цоож хага цохиод орсон бололтой гэр онгорхой хаалга дэлгээтэй байхаар нь гэртээ ороод эд зүйлсээ шалгахад гэрийн ширээн дээр байсан нокиа маркийн гар утас болон үүдний тамбарт орж үзэхэд портер маркийн автомашины аппартур, түлшний шүүр, гэр дотор авдарт байсан хөнжлийн углаа, даавуу, будаа агшаагч, 3 литрийн багтаамжтай хоолны сав, мөн хайруулын таваг зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл манай хашаанд саяхан буусан Нараа гэх эмэгтэйгийн хүүхэд гэрт орж ирээд эд зүйлсийг хулгайлан авсан байсныг цагдаагийн ажилтнууд олж тогтоосон. Би алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 991 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:...Н.Батгэрэл нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Н.Батгэрэлийн дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Н.Батгэрэлийн Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн өвчин учраас үе шат нь тодорхойлогдохгүй болно. Н.Батгэрэл нь үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Н.Батгэрэл нь хэрэг хариуцах чадвартай байна. Н.Батгэрэлд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлт /хх-21-23/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-14/,

- шүүгдэгч Н.Батгэрэлийн:...2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Барилгачдын баяр болоод Баянгол дүүргийн тэнд байх хувиараа барилгын ажил хийдэг Галаа ах, Бямбаа, Цогтоо нартай хамт хоол идэж нэг газар ганц нэл шил архи, пиво уусан. Тэгээд бид нар тэндээс гараад салаад гэр гэр лүүгээ явсан. Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 5-5 тоотод байх гэртээ ирсэн. Тэгээд намайг гэрт ирэхэд манай гэрт ямар нэгэн хүн байгаагүй, би гэрээсээ гараад өөрт байсан мөнгөөрөө дэлгүүрээс шим нэртэй 0.5 литрийн архи аваад гэртээ ирээд ганцаараа уусан. Тэгээд түүний дараа манай хашаанд байдаг Пүрэвжав гэдэг айлын гэр цоожтой байхаар нь хаалгыг нь газраас чулуу аваад цохиж онгойлгоод гэрт ороод будаа агшаагч, хайруулын таваг портерын түлшний аппаратур, түлшний шүүр, нокиа маркийн шар өнгийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад гэрээс гараад хашаан дотор байх өөрийнхөө амьдардаг байшингийн баруун ард талд байх завсраар хийж нуугаад гэртээ ороод будаа агшаагч, хайруулын таваг зэрэг эд зүйлсийг нь нуугаад байж байтал цагдаа нар ирээд намайг бариад аваад явсан...би тухайн үед архи уусан байсан болохоор нэмж архи уух мөнгө олох санаатай хулгай хийсэн...гэх мэдүүлэг /хх-34/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож, тогтоогдож байна.       

 

Иймд шүүгдэгч Н.Батгэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.       

Хохирогч Ч.Пүрэвжав алдагдсан эд зүйлсээ буцаан авсан /хх-13/, гомдолгүй болохоо мэдүүлсэн /хх-17/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.      

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулан, тухайн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Н.Батгэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Шүүгдэгч Н.Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Батгэрэлийн биечлэн эдлэх 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батгэрэлд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж,  хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

 

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Батгэрэлд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР