Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 143

 

Т.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00468 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т 2009 оноос ус шахах станцын операторчоор ажилласан. Ажил олгогчийн зүгээс намайг шалтгаангүй ажил тасалсан гэж  2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/71 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө би ажлаасаа буусан, 18-19-ний өдрүүдэд графикт амралттай байхаар байсан. Тэр үед манай хэсгийнхэн амралтын өдрүүдээр хөдөө явахаар тохиролцсон ба оператор н.Наранчимэг, н.Оюунгэрэл хоёр явахгүй, бид хоёр ээлжээ аваад үлдье гээд хэсгийн инженер н.Ууганцэцэг зөвшөөрөөд явцгаасан. Тухайн үед би удирдлагын зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан. Ээлж солихын хувьд н.Ууганцэцэг инженер хэлэхдээ “20-ны өдрийн 8 цагийн гараанд н.Наранчимэгийг гаргачихъя, та ирээд хэрэгтэй үед нь гараад өгчихгүй юу, ээлжийг чинь солиод зохицуулчихлаа” гэж хэлсэн. Урьд нь ч гэсэн бидэнд хувийн ямарваа нэг ажил гарахад сольж гарчихаад дараа нь буцаад гараад өгдөг байсан. Тэгээд 8 дугаар сарын 18-ны орой Өвөрхангай руу гарцгаасан ба 20-ны өдөр 15 цагийн үед буцацгаасан. Явж байхад машинаас гал гарсан ба галыг галын хор, усаар унтраах гэтэл унтраагүй, тэгсэн жолооч аккумляторынхоо нэг утсыг салгасан чинь унтарчихсан. Машинаа асаачих санаатай шөнийн 2 цаг хүртэл ноцолдсон. Тэгээд ерөөсөө болохгүй байна, өглөөг хүлээхээс өөр аргагүй боллоо гээд өглөө болоход, н.Ууганцэцэг инженер н.Мөнхсайхантай хамт “төв рүү ямар ч байсан яриад энэ талаар хэлээд ажлаа зохицуулъя” гээд явсан. Удалгүй нэг буцаж ирээд “утасны сүлжээ барьдаггүй, ойрхон нэг айл байсан байна, тэр айл руу очоод утсаар нь н.Мөнхцэцэг инженерт машин тэрэг эвдэрчихлээ, өнөөдөртөө ямар байсан амжаад очно, машин тэрэг болохгүй бол Улаанбаатар явдаг автобусаар гэсэн яваад очно, сумын төв рүү хүргүүлэх гээд байж байна" гээд холбоо барьчихлаа гэсэн. Өдөр 15 цагийн үед наашаа хөдлөөд 21-ний шөнө Багануурт орж ирсэн. Би ус хангамжийн инженер н.Ууганцэцэгийн шууд удирдлаган дор ажилладаг, хэсгийн инженер удирдаад, ерөнхий инженер н.Мөнхцэцэгт мэдэгдээд, замдаа байгууллагын даргатай таараад бүх удирдлагууд мэдсэн болохоор биднийг явахыг зөвшөөрсөн юм байна гэж бодсон. Ямар ч шалтгаангүй ажил таслаагүй, хэрвээ дарга явахыг зөвшөөрөөгүй гэдгийг мэдсэн бол явахгүй байсан. Ажлаас халагдсан тушаалыг тэр өдрөө гардаж авсан. Иймд Багануур-Ус ОНӨААТҮГ-т холбогдох ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2  496  740 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Цалингаа нарийн сайн бодоогүй, сард багцаагаар 8 гараа, 24 цагаар гардаг. Багцаагаар бодож хэлж байна. Зөвшөөрөлгүй явсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын цэвэр усны хэсгийн ажилчид удирдлагын зөвшөөрөлтэйгөөр 2017 оны 8 дугаар сарын 18-ны орой Өвөрхангай аймаг руу аялалаар явсан. Ингэж явахдаа чөлөө зөвшөөрөлтэй явсан болохоос биш ажил таслаагүй гэсэн байна. Ус шахах станцын операторч Т.У- нь цэвэр ус хангамжийн хэсгийн хүмүүстэй нийлээд Өвөрхангай аймаг руу аялалаар явсан. Ажилтан Т.У- нь энэхүү аялалаар явахдаа байгууллагаас албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтан 2 хүртэлх хоногийн чөлөөг ажилтны хүсэлтээр байгууллагын захирал чөлөөний хуудсаар олгоно гэснийг зөрчиж, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний гараа, 20-ны өдрийн оройн гараа нийт 24 цагийн ажил, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан. Т.У- нь хоёр хоногийн ажил тасалсан нь байгууллагын Зөвлөлийн хуралд хэлсэн өөрийнх нь тайлбар мэдүүлэг, ус хангамжийн хэсгийн 2017 оны 8 дугаар сарын цагийн хуваарийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Харин Т.У-ийн дээрх зөрчил нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг тус тус зөрчсөн тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн болно. Т.У-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хувьд нэгэнт тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас тушаалын хуулийн үндэслэлийг тайлбарлаж тайлбараа хийж байна. Ус хангамжийн операторч Т.У- нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг руу аялалаар явсан байдаг, ингэж явахдаа Т.У- нь байгууллагын удирдлагаас албан ёсны чөлөө аваагүй, 24 цагийн ажил таслалттай, өөрөөр хэлбэл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг үйлдсэн байгаа. Энэ зөрчил нь манай байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.18 дахь заалт буюу тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш хоног ажил таслахыг хориглоно гэсэн заалт, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7 дахь заалтад заагдсан 2-оос дээш хоног тодорхой шалтгаангүйгээр ажил таслах бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон. Ингээд нэгэнт зөрчил нь тогтоогдсон учраас байгууллагын зүгээс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, арга хэмжээ авч, ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажилтныг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Нөгөө талаар нэхэмжлэгчийн ярьж байгаа аялалын түүхүүд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй, ач холбогдолгүй зүйлүүд гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч өөрөө аялалд явснаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ хүний ажлын таслалт нь тухайн байгууллагын цагийн хуваарь, захирлын зөвлөлийн хуралдаан буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний хуралдаан дээр гаргасан тайлбар, мөн тухайн өдөр байгууллагын захиргаанд хандаж гаргасан өөрийнх нь өргөдөл зэргээр энэ үйл баримт тодорхой тогтоогдож байгаа. Иймд ажил тасалсан үйл баримт хангалттай тогтоогдож байгаа учраас ажилтны ажил таслаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж няцаалт хийж байна. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэгэнт батлагдсан ээлжийн графикийг нэхэмжлэгчийн шууд удирдлага буюу Т.Ууганцэцэгийн хүслээр өөрчлөх ямар ч боломжгүй. Тухайн байгууллага өөрийн гэсэн хөдөлмөрийн дотоод журам, дүрэмтэй байгаа. Энэ дагуу байгууллагын ажилчид хөдөлмөрийн дотоод журамтайгаа танилцсан. Энэ журамд 2 ба түүнээс дээш хоногийн чөлөөг ямар албан тушаалтнаас авах вэ гэдэг зохицуулалтыг нарийн заасан байгаа. Байгууллагын чөлөө олгох асуудлыг зөвхөн захирлын зөвшөөрлөөр буюу н.Буддорж захирлын зөвшөөрлөөр олгодог журамтай. Үүнийг тухайн ажилтан маань мэдсээр байж зөрчиж, байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн 2 хоног аяллаар явж ажил тасалсан зөрчилд ажлаас халах хариуцлагын арга хэмжээ авч байгааг хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Бас нэг зүйл бол ажилтан маань ажил таслаагүй гэдгээ тайлбарлахдаа ажлаа Наранчимэг гэдэг хүнээр нөхүүлээд хийгээд явсан гэсэн тайлбарыг гаргаж байсан, үүнтэй холбоотой тайлбар хийхэд энэ хүний эзгүйд Наранчимэг гэдэг хүн энэ хүнийг орлоод гарсан ямар ч гараа байхгүй байна гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэгт н.Наранчимэгийн 11 дүгээр сарын 23-ны өдөр гарсан гараа байгаагаас энэ хүний оронд нөхөөд гарсан ямар ч үйл баримт байхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У-ийг Багануур-Ус ОНӨААТҮГ-ын ус шахах хэсгийн операторчийн ажилд эгүүлэн тогтоож, Багануур-Ус ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2.272.165 төгрөгийг гаргуулж нзхэмжлэгч Т.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У-ийн дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Багануур-Ус ОНӨААТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсө болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 51  305 төгрөг гаргуулж улсын орлого болгож, хариуцагчийн зүгээс нотлох баримтаар ирүүлсэн SD-ийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 103/ШШ2017/00468 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, шүүх хэрэглэх ёсгүй хэмжээг хэрэглэснээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байдаг.

А. Анхан шатны шүүх Т.У-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах хэд хэдэн дүгнэлтэд үндэслэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байгаа бөгөөд эдгээр дүгнэлт нь хууль зүйн хувьд байж боломжгүй тул энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.

Анхан шатны шүүх шийдвэртээ “...Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7 дахь заалт буюу “ажилтан тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш өдер ажил тасалсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүтээр зүйлийн 1.5 дах хэсэгт “Ажилтан ус хангамжийн инженер Т.Ууганцэцэгийн удирдлагын доор ажиллана” гэсэн заалтаас харахад, ажилтан Т.У- нь байгууллагын удирдлагаас /захирал/ чөлөө аваагүй нь буруутгах үндэсгүй” гэсэн дүгнэлтийг хийжээ. Дээрх шүүхийн дүгнэлтийн агуулгаас хархад ажилтанд чөлөө олгох асуудлыг шууд удирдлага олгоно гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийжээ. Харамсалтай нь хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8 дах заалтад “...ажилтанд 2 хүртэл өдрийн чөлөөг. чөлөөний хуудсаар, 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг Захирлын тушаалаар олгоно” гэж тус тус зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага ажилтандаа чөлөө олгох асуудлыг дан ганц байгууллагын Захирал олгохоор, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсан байхад, шүүх хөндлөнгөөс эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Шүүхийн эрхэм зорилгод нийцэхгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ажилтан Т.У- болон тухайн аялалд явсан бусад ажилчдын хувьд Налайхын Оргил худалдааны төв дээр байгууллагын дарга М.Буддоржтой таарч “Сайн яваарай” гэж хэлээд гар бариад салсан зэрэг үйл баримтыг ерөнхийд нь дүгнэж үзхэд удирдлагаас чөлөө авсан гэж ойлгохоор нөхцөл байдал байсан, ажилчдыг ямар ч зөвшөөрөлгүй явсан гэж шууд дүгнэх боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Шүүхийн дээрх хоёр дүгнэлт нь хоорондоо нь харьцуулж үзэхэд илт зөрүүтэй, 1 дэх дүгнэлт нь ажилтанд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэм хэмжээг иш татаж хийсэн боловч тэр нь тухайн харилцааг шууд зохицуулсан хэм хэмжээ биш, уг харилцааг нарийн зохицуулсан хэм хэмжээ буюу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтыг шүүх үндэс болгож хэрэглээгүй, 2 дах дүгнэлт нь 1 дах дүгнэлтийг илт үгүйсгэсэн боловч хийсвэр зүйл дээр шүүх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн 2 дах дүгнэлтэд байгаа...ажилтан Т.У- нь...Налайхын Оргил худалдааны төвд дарга М.Буддоржид таарсан, гар барьсан зэрэг үйл баримт хавтаст хэрэгт хэрхэн тусгагдаж, яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй...зүгээр л нэг нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарт шүүх энэхүү дүгнэлт хийж байгаад туйлын их харамсалтай байгаа.

Шүүхийн хийсэн 3 дах дүгнэлт: Ажилтан Т.У-ийн ажил тасалсан шалтгаан нь тодорхой шалтгаантай тэрээр аялалд яваад буцаж явах замд тээврийн хэрэгсэлд нь гал гарч гэмтлийн улмаас машин эвдэрсэн нь гэрч Г.Оюунгэрэл, Д.Мөнгөнцоож, М.Наранцацрал, Т.Ууганцэцэг нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийсэн байна.

Ажилтан Т.У- нь байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэсгийн ажилчидтай хамт аялалд явсан, санаатайгаар ажиллаа орхиж явсан эдгээр зөрчил үйл баримтад үндэслэж байгууллагын зүгээс Т.У-т хариуцлага тооцож, арга хэмжээ авсан байгааг шүүх ойлгоогүй хэрэг үү. Өөрөөр хэлбэл, Т.У- байгууллагын зөвшөөрөлтэй яваад ажил тасалсан бол өөр хэрэг, түүнээс биш ажилтан Т.У- ажил үүргээ ухамсарлаагүй хөдөө, хол газар аялалд яваад түуний машин эвдэрсэн шалтгаанд байгууллага буруугүй бөгөөд шүүх үйл явдал хоорондын шалтгаант холбоог зөв тогтоож чадаагүй байна.

Иймд шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэгч Т.У- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон дотоод дүрэм, журмыг зөрчсөн гэж маргаж байна.

 

Ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/71 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дахь хэсгийн 13.1, хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7, Захирлын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Т.У-ийг Ус шахах станцын операторчины үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 2 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч Т.У- нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны орой Цэвэр ус хангамжийн хэсгийн хүмүүстэй нийлж Өвөрхангай аймаг руу аялалаар явсан ба явахдаа байгууллагаас албан ёсоор чөлөө, зөвшөөрөл аваагүй, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний гараа, 20-ны  өдрийн оройн гараа, нийт 24 цагийн ажил тасалсан зөрчил гаргасан тул түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан байна.

 

Талуудын тайлбар болон гэрч Г.Оюунгэрэл, Д.Мөнгөнцоож, М.Наранцацрал, Т.Ууганцэцэг, С.Мөнхсайхан нарын мэдүүлгээр “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын ус хангамжийн хэсгийн ажилчид хэсгийн инженер Т.Ууганцэцэгийн удирдлаган дор 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж Өвөрхангай аймаг руу аялалаар явахаар ярилцаж инженер Т.Ууганцэцэг ажилтан Т.У-ийн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 8 цагийн гараанд ажилтан н.Наранчимэгийг гаргахаар шийдвэрлэж уг өдөр ажил тарсны дараа Өвөрхангай аймаг руу явцгааж, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Багануур руу буцаж явах замд тээврийн хэрэгсэлд нь гал гарсны улмаас машин эвдэрч 21-ний шөнө Багануурт ирсэн үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 50-56, 105-106 дугаар тал/ Үүнийг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж заасан байна.

 

Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь хэсэгт “ажилтан ус хангамжийн инженер Т.Ууганцэцэгийн шууд удирдлаган доор ажиллана”, 4.6 дахь хэсэгт “...ажилтан гэнэт өвдөх, гачигдал гарах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд өөрийг нь шууд удирдах албан тушаалтанд яаралтай мэдэгдэж зохицуулалт хийлгэнэ.” гэж, Ус хангамжийн хэсгийн ус шахуургын станцын операторчийн ажлын байрны тодорхойлолтод “Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаал нь ус хангамжийн инженер”, мөн Байгууллагын дотоод журмын 8.8 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн ажилтанд хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлага гарсан, гачигдал тохиолдсон үед ажилтны хүсэлтээр 2 хүртэл өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар, 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг захирлын тушаалаар олгоно” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Т.У- нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан шууд удирдлага болох хэсгийн инженертэй ярьж тохиролцон хамт олны хүрээнд зохион байгуулагдсан зугаалганд явсан нөхцөл байдлыг ажил олгогчийн зөвшөөрөлгүй явсан гэж шууд дүгнэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу сууж явсан тээврийн хэрэгсэл нь эвдэрснээс ажилдаа ирж чадаагүй нь хөдөлмөрийн гэрээний 5.2.3-ын 7 дахь заалтанд заасан тодорхой шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлд  хамаарахгүй гэж шүүх үзсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                   

                                                                                               С.ЭНХТӨР