Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Г.Тунгалаг

              Иргэний нэхэмжлэгч                     *******

             Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Доржпүрэв

                         Шүүгдэгч                                              ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ХААН банкны Зүүнхараа дахь салбарт ахлах теллерийн албан тушаал эрхэлдэг байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг, Баянхангайн 224Б тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг 1 дүгээр хэсэг ******* тоотод түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн ******* ******* /*******/

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ХААН банкны “Зүүнхараа” дахь салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ийг цэнэглэх явцдаа 3 000 000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:… Би 2016 оны 06 дугаар сараас эхлэн Зүүнхараа Хаан банкны салбарт теллерээр ажилласан. 2016 оны 10 дугаар сараас шалгалт өгөөд ахлах теллер болж албан тушаал ахиад 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл ажилласан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр захирал, нягтлан бодогч Тунгалаг нар намайг захирлын өрөөнд дуудсан. ******* 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр АТМ цэнэглэхдээ чи 3 сая төгрөг дутуу хийсэн байна. Яагаад дутуу хийсэн бэ гэхээр нь би банкныхаа ажилтантай зэрэг дутуу хийснийг камер шүүгээд мэдсэн. Чухам яагаад тэр өдрийн касс нь таараад хаагдсан юм бол тухайн өдөр яагаад дутсаныг бид нар гайхсан. Би ахлах теллер болсноосоо хойш байнга 2-3 удаа тулгадаг, эхлээд мөнгөө бичиж очоод компьютер дээрээ шивээд буцаж очиж тулгаад тэгээд теллертэйгээ хамгаалагчтайгаа 3 уулаа кассаа хаагаад лацдаад хамгаалагчаараа хянуулаад түгждэг ийм л журамтай. Би банканд ажиллахдаа ажлын алдаа бол гаргаж байсан тухайн үед корогшин гүйлгээ хийлгэдэг л байсан гэхдээ нэг ч төгрөг ямар ч байдлаар хувьдаа ашиглаж зарцуулж байгаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр түр түдгэлзүүлэх тушаал гарсан байж байгаад 2018 оны 03 дугаар сард аудитын дүгнэлт гарсан ирж танилц гэсэн тэгээд би очоод танилцсан. Тухайн үед аудит Энхтөр, захирал, хуулийн зөвлөх нийт 3-н хүн байсан. Тухайн үед Ууганбаяр захирал ******* энэ бол чиний хариуцаж байсан ажил албан тушаал чинь, энэ дээр алдаа гарсан учраас хариуцлагыг хэн хүлээх бэ гэхээр ахлах теллер чиний хариуцсан эх касс учраас чи өөрөө хариуцлагаа хүлээнэ гэж байсан учраас тухайн үед би аудитын тайлантай танилцсан гэж гарын үсэг зурсан. Тэрний дараа захирал надад чи бид 2 зэрэг тушаал ахиад явсан би сайн ажилтнаа алдмааргүй байна тушаал бууруулаад аваад үлдье ямар саналтай байна гэхээр нь би ажилтайгаа үлдэнэ гэж бодоод тэр хуулийн зөвлөхтэй нь энэ шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орсон тэрний захирамж нь 03 дугаар сарын 28-ны өдөр гараад 04 дүгээр сарын 06-ны өдөр миний халагдах тушаал ашиглан гэж гарсан. Тэгээд би халагдах тушаал ашиглан гэж гарсан байхаар нь маш хүнд цохилтод орсон. Тэгээд би маш өндөр халуураад доошоо цус алдаад эрүүл мэндийн байдал муудсан тэгэхэд би жирэмсэн байснаа мэдсэн тэгээд Улаанбаатар хотод эх нялхаст 04 дүгээр сарын 26-ны өдөр хагалгаанд ороод тэнхэрч амжаагүй байхдаа би нэр төрөө сэргээнэ гээд 04 дүгээр сарын 30-ны өдөр би өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрнээс хойш 2 удаагийн шүүх хурал болсон. Өдий хүртэл нэр төрөө цагаатгах гээд явж байна даа. 2019 оноос хойш 2 хүүхэдтэйгээ ээжтэйгээ хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байгаа тухайн үед бага хүүхэд минь 3 настай, том хүүхэд минь 8 настай байсан одоо бага хүүхэд 8 настай, том хүүхэд 13 настай 5-н жил явж байна. АТМ-д мөнгө илүүдвэл хайрцаг мөнгөөр дүүрээд ажиллах боломжгүй болдог. Тэр үед мөнгөө аваад үлдэх шаардлагатайг нь буцааж хийгээд илүүдсэнээ кассандаа авдаг. Банкнаас цэнэглэж байгаа бол тоогоо оруулж өгдөг тэр нь өөрөө дэвсгэртээрээ цаас хэвлээд өгдөг. Аудитын дүгнэлттэй танилцахаас өмнө захиралтайгаа ярилцаад гаргасан шийдвэр байхгүй юу. Чиний хариуцсан АМТ теллер ч гэсэн тухайн өдрийн касс нь зөрөөд дутсан бол теллер хариуцлага хүлээдэг. Түүнтэй адилхан чиний хариуцсан их касс дутаад байна ******* тэр хариуцлагаа чи хүлээх ёстой гэсэн. Тэгээд би миний хариуцсан ажил учраас би хариуцах ёстой гэж бодсон учраас эвлэрлээр орсон. Эвлэрлээр орсон шалтгаан бол би чамайг ахлахаар чинь авч үлдэхгүй албан тушаал бууруулаад ажилтай чинь аваад үлдье гэхдээ чи энэ хариуцлагаа бүрэн хүлээх ёстой чиний үүрэг гэж байсан. Тухайн үед би хууль зүйн мэдлэггүй нь тэнд гарч ирсэн тэгээд эвлэрлийн гэрээ гарсны дараа намайг ажлаас халсан. Өмнө нь АТМ-д мөнгө дутаж байсан эсэхийг мэдэхгүй яагаад гэвэл банкны давуу тал чинь тухай тухайн өдрөө гүйлгээ нь хаагдаад баримт болдог. Хойшхыг нь мэдэхгүй байна илүүдэл дутагдлыг тухай тухайн үедээ илүүдсэн бол бүртгээд дутсан бол бүртгээд бүртгэл болон тухайн өдрийнхөө гүйлгээг хянуулаад л явдаг байсан. Нягтлан тухайн үед миний баримтыг шалгадаг байсан нягтлан байхгүй бол тооцооны төв хариуцсан мэргэжилтэн шалгадаг байсан. Ер нь бол хариуцлага дээр бол чиний хариуцсан касс дутсан чи л хариуцлага хүлээх үүрэгтэй гэсэн хариуцлага над дээр ирчхэж байгаа юм. Тэрнээс биш би тэр буруутай энэ буруутай гэж хэнийг ч хэлэхгүй. Би хаан банкнаас нэг ч төгрөг ямар ч байдлаар завшиж байгаагүй. Ажиллах хугацаандаа чин  шударгаар юу ч байсан илүү сурчих юм сан юуг илүү мэдчих юм сан гэж л бодож байсан. Тухайн үед маш их шинэчлэл явагдаж байсан учраас тухай тухай үед нь хөл нийлүүлээд явчих юм сан гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Миний ажлын анхны гараа ажилд ороод удаагүй ахлах болоод тухайн ондоо би шилдэг ажилтан болоод маш их урамшсан байсан. Кассын өрөөнд бол тухайн өдрийн теллертэйгээ 2 уулаа лацдаад намайг лац дарахад хамгаалагч гэрэлтүүлээд хардаг тэд тоот лац мөн үү гээд мөн теллерийн лацыг тэд тоот лац мөн үү гээд тэгээд гадна талын төмөр сейфээ хаагаад дахиад лацаа дараад лацныхаа тоог бичээд гарын үсэг зурдаг. Теллер ч гэсэн лацны тоог бичээд гарын үсэг зурдаг. Банк бол шилэн трикотой 5-8 см өсгийтэй, цагаан цамц, юбкатай хантаазтай гадуур хувцас өмсдөггүй цүнх барьж ордоггүй. Кассын өрөөнд гадны хүн огт орох боломжгүй байдаг.Тухайн үед салбар 2 ахлахтай байсан. Миний хийсэн бүх гүйлгээг нягтлан бодогч яг маргааш өглөө нь шалгаад хэрвээ алдаатай дутагдалтай баримт байвал баримтыг нугалаад засаж залруул гээд өгдөг. Нягтлан байхгүй үед Цасчимэг гэж мэргэжилтэн шалгаж гарын үсэг зурдаг. Өдөр өдрийн гүйлгээ дээд шатны албан тушаалтантай хянуулаад явдаг. Теллерийн гүйлгээг ахлах теллер, ахлах теллерийг нягтлан хянадаг...гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Анх 2018 оны 01 дүгээр сард нягтлан Тунгалаг надад хүсэлт гаргаж АТМ-үүдээр дутагдал гараад байна 2 уулаа камертай тулгаж шалгалт хийе гэсний дагуу анх банкин доторх 605 АТМ-т камертай тулгаж шалгалт хийхэд 3 сая төгрөгийг яалт ч үгүй АТМ-н кассет рүү хийгээгүй байсан. Тэгээд эндээс үүдээд бид нар аудитын шалгалт хийлгэе гэсэн хүсэлт гаргаад төвөөс шалгалт ирээд нэмэлт бусад тохиолдлуудыг гаргаж ирсэн байгаа. Нягтлан бид 2-н зүгээс анхны 3 сая төгрөгийг бичлэг байсан болохоор илрүүлсэн байгаа. АТМ-н кассет рүү 300 ширхэг 10000 дэвсгэртийг хийсэнгүй тэр үйлдэл нь яагаад харагдаагүй бэ гэхээр АТМ-д мөнгө илүүдсэнийг суллаж байсан процесс тэгэхдээ 3 сая төгрөгийг бэлнээр АТМ-рүүгээ хийгээд их касс руугаа хийгээд тэгээд илүүдэх ёстой байхгүй юу гэтэл хийж байгаа гүйлгээ дээр тэрийгээ нуун дарагдуулсан. Бэлэн мөнгөөрөө тэр ******* дээр илүүдсэн тэрийгээ тэгээд нуугаад ийм дутагдал үүсгэсэн учраас энийгээ төлж барагдуулах ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм л даа. Бусад тохиолдлууд нь аудитын тайлан болон бусад дүгнэлтүүдээр баталгаажсан байгаа. Анхны тохиолдол нь АТМ-г камерын бичлэгтэй тулгаж шалгасан процесс байгаа камерын бичлэг нь хавтаст хэрэгт бичлэгээрээ хадгалагдаж байгаа учраас *******гаас 3 сая төгрөгийг нэхэмжилж байна. Банк анх ажилтан ажилд авахад бүх бодлого журам бүх хориглох зүйл заалтыг танилцуулдаг тэрийг хүлээн зөвшөөрөөд ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажлаа хийдэг. Үйлдэл яагаад маргааш нь илрэхгүй байгаа гэсэн асуудал яриад байна. Яагаад гэвэл тэр илүүдэл дутагдлыг ажилтан өөрөө тооллогын акт үйлдэх явцдаа нуун дарагдуулаад байгаа учраас тодорхой хугацааны дараа тэр илэрнэ. Өөрийнхөө үйлдсэн актынхаа тоог өөрөө тааруулаад байгаа болохоор нүдээр харах цаасан дээр илрэхгүй тодорхой хугацааны дараа тэр тоо нь ихсээд ирэхээр хяналтаас гараад ирэхээр нуун далдлах учраа олохгүй тодорхой хугацааны дараа илэрч байгаа юмаа. Хүн авч байгаа мөнгөө маргааш нь илрүүлчихье гээд урд өмнө нь авч идэхгүй ш дээ тэрийг ямар нэгэн баримт дээр тохируулж болдог гэдгийг энэ хүн мэдээд тэр корогшин гүйлгээг АТМ дээр амжилтгүй болсон гүйлгээг бид нар акт үйлдээхдээ ажилтгүй болсон гүйлгээгээ хасаад орлого, зарлагаа тусад нь гаргаж байгаад актаа үйлддэг тэгээд тэр дээр тоглолт хийж болдог юм байна гэдгийг ахлах теллер харчхаад байна тэгээд актаа буруу үйлдэж оруулж ирээд байхад бид нар яаж мэдэх үү яаж тулгах уу хэцүү учраас дараа дараагийн шалгалт болон тооллогоор хэсэгчилсэн шалгалтаар тэр илэрнэ. Бид нар нэг хүний ажлыг өдөр болгон бүх баримтаар нь ба бээгүй хянаад суудаг үүрэгтэй биш яагаад гэвэл банк ажилтнууддаа итгэж байна энэ хүн бодлого журмын дагуу ажлаа зөв хийнэ гэдгээ хүлээн зөвшөөрөөд ажлаа хийж байна ийм л процесс явагдаж байгаа.Гүйлгээний баримтад дээр нягтлан, захирал нарт тухайн өдөр гүйлгээ хаагаад касс таарлаа гээд баримтаа үйлдэж байгаа байх маргааш нь хянуулна. Банкны 2-3 теллер ажиллаж байгаа өдөрт 200-300 гүйлгээ хийгдэж байгаа тэр болгон процессыг бүгдийг нь зөв гэж гарын үсэг зурж байгаа биш ерөнхийдөө энэ хүний баримтаа үдэх процесс нь зөв байна гэж байгаа болохоос энэ Дорж их кассаас сая төгрөг аваад цаана нь 2 сая төгрөг үлдсэн байна зөв байна гэж нотолж байгаа үйлдэл биш...гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Зүүнхараа салбарын хариуцаж байсан 4-н АТМ-н касс дахь бэлэн мөнгөнд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн тодорхойгүй байдлаар дутагдал үүссэн учраас аудит хийх байдлаар АТМ-н дутагдлыг хүснэгтээр үзүүлэхэд КА-705 АТМ дээр гүйлгээний дүн 6310000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн үүнээс 1225000 төгрөгийг буцаалт хийснээс зөрүү нь 5085000 төгрөг, КА-221 АТМ дээр гүйлгээний дүн 3393000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 3393000 төгрөгийг үлдэгдэлтэй, КА-797 АТМ дээр гүйлгээний дүн 319000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн үлдэгдэл нь 319000 төгрөг, КА-916 АТМ дээр гүйлгээний дүн 345000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн 118000 төгрөгийн зөрүү гарсан ийм байдалтай байсан. Ингээд шалгаад явах явцад ахлах теллер ******* АТМ-уудыг цэнэглэхдээ кассетыг суллах, АТМ-н бэлэн мөнгийг багасгах зэрэг үйлдэл хийхдээ гүйлгээг санаатайгаар зөрүүлж илүүдэл, дутагдал үүсгэдэг ийнхүү олон удаагийн дуршилт хийж үзсэний үндсэн дээр АТМ-н бэлэн мөнгөнөөс нийт 7 удаагийн үйлдлээр 8400000 төгрөгийг хувьдаа авч ашигласан ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзсэн. Аудит хийх өдрийн байдлаар тус ашиглангийн үлдэгдэл 8400000 төгрөгийг хүснэгтээр харуулбал 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр КА-221 АТМ дээр теллер *******, Лхагвадулам нар цэнэглэлт хийсэн цэнэглэсэн дүн 75.700.000 төгрөг байсан энэ мөнгөнөөс 1 сая төгрөгийн дутагдсан нь  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр илэрсэн 200 ширхэг 5000 дэвсгэрт ашиглагдсан.  2017 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр КА-221 АТМ дээр ахлах теллер *******, теллер Лхагвадулам нар цэнэглэлт хийсэн цэнэглэсэн дүн 58.100.000 төгрөг байсан энэ мөнгөнөөс 500000 төгрөгийн дутагдал илэрсэн. 2017 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр КА-221 АТМ дээр теллер *******, Лхагвадулам нар цэнэглэлт хийсэн цэнэглэсэн дүн 26.500.000 төгрөг байсан энэ мөнгөнөөс 1 сая төгрөгийн дутагдал илэрсэн. 2017 оны 06 дүгээр сарын 20-ний өдөр КА-221 АТМ дээр теллер *******, Лхагвадулам нар цэнэглэлт хийсэн цэнэглэсэн дүн 47.500.000 төгрөг байсан энэ мөнгөнөөс 700000 төгрөгийн дутагдал илэрсэн. 2017 оны 07 дүгээр сарын 10-ний өдөр КА-221 АТМ дээр теллер *******, теллер Сонинхүү нар цэнэглэлт хийсэн цэнэглэсэн дүн 84.000.000 төгрөг байсан энэ мөнгөнөөс 200000 төгрөгийн дутагдал илэрсэн.  2017 оны 07 дүгээр сарын 28-ний өдөр КА-605 АТМ дээр теллер *******, АХА ажилтан Анхтуяа нар цэнэглэлт хийсэн цэнэглэсэн дүн 12.000.000 төгрөг байсан энэ мөнгөнөөс 3 сая төгрөгийн дутагдал илэрсэн. 2017 оны 08 дүгээр сарын 09-ний өдөр КА-605 АТМ дээр теллер ахлах теллер *******, АХА ажилтан Анхтуяа нар АТМ алдаа зааж гацсан үед 2 сая төгрөгийг дутагдал илэрсэн нийт дутагдал 8400000 төгрөг илэрсэн. 8400000 төгрөг яагаад ч дутагдах ёсгүй. Банканд гүйлгээ хийж байгаа харилцагч, гүйлгээ хийж байгаа теллер, АТМ цэнэглэж байгаа ажиллагаа бүгд араасаа баримт дагуулдаг тэр баримт эргээд орой нь их касстайгаа таарах ёстой. Гэтэл оройны их касс тааруулах тэр АТМ бүртгэл хөтлөх явцад илүүдэл, дутагдал гараад тэндээс мөнгө завших явцдаа ямар нэгэн тохиолдол гаргасан бол мэдэх боломж байхгүй эцэст нь 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдөр 3 сая төгрөг дутагдаж салбар мэдсэн тэгээд төв банкны дотоод аудитад мэдэгдсэн тэгээд шалгаад явахад энэ асуудал 8400000 төгрөг болсон. Энэ явцад зөвхөн *******г шалгаагүй хаан банкны 6000 ажилтан, 60 хэдэн салбар бүгд илүүдэхдээ илүүдэж дутагдахдаа дутагддаг гэхдээ АТМ цэнэглэлтэд дээр ийм асуудал маш ховор байдаг. Тэгэхээр энэ хүн тааруулаад байсан учраас өнөөдөр би ашиглаагүй гэж байна. Гэтэл цэнэглэлт дундаас 8400000 төгрөг дутагдсан нь аудитын тайлангаар нотлогдоод байгаа. ******* тухайн үед би АТМ хариуцаж байсан учраас өөрийгөө өмөөрөх арга алга би ямар ч хариуцлага хүлээнэ гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр ******* дутагдлаа хүлээн зөвшөөрч байна төлж барагдуулна гэдгээ хэлсэн. Гэхдээ бид нар аудитын тайлангаар энэ эрүүгийн хэрэг байна, ашиглан байна гэж заагаагүй тиймээс хаан банк *******г чи энийг төлчих гэхэд хүлээн зөвшөөрөөд шүүх дээр очоод эвлэрсэн.Тэгээд бидний зүгээс нэгэнт ийм зүйл болсон учраас хөдөлмөрийн гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй учраас хөдөлмөрийн гэрээг цуцлангуут шүүхэд хандсан. Тухайн үед манайхны алдаа юу байсан бэ гэвэл цагдаад өгөөгүй цагдаад өгөөд шалгуулсан бол ийм зүйл ярихгүй байсан байх. Шүүхээр ороод бүх аудитын тайлан дээр нь Монголын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ийм дутагдал илэрсэн байна гэдгийг тогтоосон. Аудит Энхтөрийн тайлан үндэслэлтэй байна гэхдээ 495000 төгрөгийн зөрүү байна гэдгийг хасаж тооцоод энэ дүнг гаргасан байхгүй юу. Өмнө нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод давж заалдах шатнаас хэрэг буцсан байгаа. Энэ байдлаараа би огт хэрэг хийгээгүй би ашиглаагүй гэдгээрээ асуудлыг өөрийнхөө талд шийднэ гэж би бодохгүй байна нэгдүгээрт. Хоёрдугаарт банк хохирсон уу хохирсон энэ нь ганцхан банкны аудиторын дүгнэлтээр биш давхар хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон. Өнөөдөр улсын яллагчийн зүгээс 3 сая төгрөгийн ашиглан үйлдсэн байна гэж яллах дүгнэлт үлдсэн байгаа учраас бидний зүгээс 3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...гэжээ.

 

Эрүүгийн  182001830098 тоот хавтаст хэргээс:

Гэрч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тэр өдөр ахлах теллер *******, Анхтуяа нар илүүдэл мөнгийг суллаж авсан. Уг АТМ-ын 10.000-ын дэвсгэртүүд байрладаг хайрцгаас 2393 ширхэг 10 000-ын дэвсгэрт гарч ирсэн. Уг дэвсгэртүүдээс 1393 ширхгийг буцааж АТМ рүү хийх ёстой байснаас эхлээд 1000 ширхэг 10.000-ын дэвсгэртийг хийж, хэсэг хугацааны дараа буюу 20 орчим минутын дараа нэмж 93 ширхэг 10 000-ын дэвсгэртийг хийсэн. ******* 1300 ширхэг 10 000 төгрөгийн дэвсгэртийг их касс руу зузаатгаж авах ёстой байсан боловч 1000 ширхгийг хийж 300 ширхгийг хийгээгүй байсан. Нэгэнт тухайн АТМ-ыг суллаад буцааж цэнэглэлтийн тооцоог оруулахдаа 1393 ширхэг 10 000-ын дэвсгэртээр цэнэглэсэн тухай мэдээллийг оруулсан байсан. Мөн камерын бичлэгээс харахад ******* өөрийн хариуцдаг бэлэн мөнгөний касс дээрээ мөнгөө 2-3 удаа нягталж шалгасан. Нэг удаа нягталж шалгахад тооцоо зөрүүгүй таарч байсан бол дахин дахин тэрийг шалгах шаардлагагүй юм л даа. Гэтэл мөнгөний тооцоо нь зөрсөн тул 3 000 000 төгрөг илүү гарсан бол шууд захирал болон нягтлан нарт кассан дахь мөнгө зөрсөн тухай даруй мэдэгдэж зөрөөг хайх үйл ажиллагаа явуулдаг юм. Гэвч ******* тэр тухайгаа мэдээгүй илүүдэл мөнгийг кассанд дарчихсан байна. Энэ байдлаараа АТМ-ээс мөнгө завшсан гэж үзэж байгаа юм. Уг үйлдлээс өөр хэд хэдэн удаагийн үйлдэл илэрснээс шалтгаалж манай банкны зүгээс төв банк руугаа мэдэгдэж дотоод аудит хийлгэсэн байсан. ...Би уг банканд 13 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд дээрх шиг тохиолдол огт гарч байгаагүй юм. ...Хамтарч АТМ-ын мөнгийг цэнэглэж, аль алиндаа хяналттай ажиллах үүрэгтэй юм. Гэвч хяналтаа сайн тавиагүй, хажууд нь өөр мөнгөн дэвсгэртийг тоолж, *******гийн үйлдэлд анхаарал хандуулаагүй юм уу гэж ойлгож байгаа....Мөнгөний ширхгийг илүү дутуу тоолж хийсэн тохиолдолд дараа нь зөрөө нь бэлэн тооллогоор гарч ирдэг юм. Тоололтын алдаа гараад 200 ширхэг гэж бичвэл бэлэн мөнгө нь дутна. *******гийн хувьд АТМ-ээ суллахдаа кассет руу хийх ёстой бэлэн мөнгөө дутуу хийсэн. Ингэснээр өөрийнх нь хариуцаж байсан их кассанд уг АТМ руу хийгээгүй үлдсэн мөнгө бэлнээрээ илүүдэж байсан. Тэр илүүдэл мөнгийг удирдлагуудад мэдээлэлгүй нуун дарагдуулж ашигласан болно. ...Тухайн камерын харах тусгал нь ердөөсөө л тэр учраас аваачиж тавьсан мөнгөө дараа нь яасныг харуулсан дүрс бичлэг байхгүй юм. Ахлах теллер зөвхөн камерын тусгал доор үйл ажиллагаа явуулах ёстой. Камерын тусгал хаана ямар байдлаар тусч байгааг ч мэдэж байх ёстой юм.”гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 30-31, 197-р тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...автомат теллер машин өөрөө данстай бөгөөд уг дансанд хийх мөнгөний дүнг ахлах теллер өөрөө тооцоолж, мөн ямар мөнгөн дүнг дансанд хийж байгаагаа ахлах теллер өөрөө хийдэг юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...2017 оны 02 сараас "Хоёр хүү" худалдааны төвийн АТМ-ээс мөнгө дутаж эхэлсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 28-нд салбарын орлого, зарлагын АТМ-ээс 3 000 000 төгрөгийн дутагдал үүссэн юм. Жишээ нь АТМ-д алдаа гараад залруулга хийгддэг болохоор тухайн үед нь нарийвчлан тооллого хийгээгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар банк дотор байрладаг гурван АТМ-ийн нэг нь болон "Хоёр хүү" худалдааны төвийн гадна талд байрлах АТМ-ийн дутагдал, илүүдлийн данс нийт 8 000 000 гаран төгрөгийн дутагдалтай байгааг нягталсан юм. Ийм учраас би ажил үүргийн дагуу яагаад мөнгө дутсан шалтгааныг олохоор шалгаж ажиллахад 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр салбар дотор байрлах орлого, зарлагын АТМ-ийг 3 000 000 төгрөгөөр дутуу цэнэглэлт хийсэн болох нь камерын бичлэг болон гүйлгээний баримтаар нотлогдож байсан юм. Ийм байдал илэрсэн учраас төв банкны дотоод аудитын газраар нарийвчилсан шалгалт хийлгэхээр хандсан юм. ...Би түүнийг мөнгө завшсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Нарийвчилсан шалгалтыг сайтар хийсэн. Бүх талаас нь хийсэн бөгөөд АТМ-ийн мөнгөн цэнэглэлт дээр л ажиллаад байна гэж таамаг дэвшүүлээд шалгахад яалт ч үгүй дээрх байдлаар мөнгө завшдаг болох нь тогтоогдсон юм.” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 39-40-р тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн ажилтны мөнгө завшсан болохыг Аудитын тайлан /тусгай/-д тодорхой бичсэн байгаа. Ер нь АТМ машинд гүйлгээний түүх бичигддэг юм. Үүнийг нь "лог" гэж нэрлэдэг юм. ******* бол ажлаа сайн мэддэгийн хувьд АТМ машинаас дээрх мөнгийг хэрхэн яаж авахаа мэдэж, хяналтын ажилтнуудад АТМ-ын тооцоо зарим тохиолдолд илүүдэж, зарим тохиолдолд дутаж, эргээд зөрүү нь баланслагдсан байдаг гэдгийг итгүүлж ирсэн байдаг. Миний хийсэн шалгалтаар ******* мөнгө завшсан болох нь тогтоогдсон. Түүний үйлдлийн талаар буюу энэ мэдүүлэгт тавигдсан асуултын дагуу тайлбар бичиж өгч болох юм. ...Алдаа гарах боломжтой. 20 000 төгрөгийн дэвсгэртээс эхэлж тоолох байснаа 1000-тын дэвсгэртээс тоолчхоод цахим тохируулгад алдаа зөрөө гаргах боломжтой. Гэхдээ энэ нь бол санамсаргүй тохиолдлоор хийгдчих боломжтой юм. *******гийн үйлдэл бол санаатай үйлдэл юм. ...Нэг удаа өөр нэгж дээр АТМ-ыг цэнэглэхдээ кассетанд хийх мөнгийг сольж хийснээс шалтгаалаад жишээ нь 20 000 төгрөг авах үйлчлүүлэгчийн мөнгө нь 5 000 төгрөг гарч ирэх жишээтэй юм. Энэ тохиолдолд мэдээж үйлчлүүлэгч банканд гомдол өгүүлэл гаргана. Ингэж мөнгө солигдсон нь илэрч байсан юм. Гэхдээ одоогийн АТМ-үүд мөнгөн дэвсгэртээ өөрөө таньж алдаа заадаг болсон тул тэр дороо засагддаг болсон юм. Орлого хийх үедээ мөнгөн дүнг буруу хийсэн тохиолдолд АТМ цэнэглэгч өөрөө тухайн үед нь засварлах боломжтой. Харин буруу дүнг мэдээлэл программд оруулсныг тэр дор нь хянадаг хяналт бол байхгүй. Яг АТМ цэнэглэж байхад цаанаас онлайн сүлжээ, камерын хяналтаар хянадаггүй, тэр дор нь хянах боломжгүй юм. Буруу дүн оруулсныг нь дараа хянасан тохиолдолд ахлах теллер ******* бусад АТМ цэнэглэгч программд алдаа гарсан байх, дараа нь залруулагдчихна гэсэн байдлаар ойлгуулдаг байсан байна. Ер нь алдаа гарсан тохиолдолд эргэн залруулагдаж баланс нийлдэг юм.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 42-43-р тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Орлогын мөнгөн дүнг хүний үйл ажиллагааны алдаанаас шалтгаалаад буруу оруулах эрсдэл байдаг. Гэхдээ бүх үйл ажиллагаа хяналттай байдаг учраас алдаа гарвал тэр дор нь алдаа нь засварлагдах боломжтой юм. Хэрэв тухайн үед хяналтууд сул байснаас шалтгаалаад алдаатай хийсэн тохиолдолд тэр дороо засварлагдахгүй байх эрсдэл байж болох юм. ******* өөрөө тухайн ажлыг хариуцаж байгаа учир хэрэв мөнгө завшсан бол хэрхэн яаж завшсаныг нь миний хувьд мэдэх зүйл байхгүй. ...ажлын алдаа гаргасныг нь хэлэхээр алдаагаа залруулах гэж худлаа хэлдэг тохиолдол бол байсан...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 41-р тал/,

           

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Автомат төгрөгийн машинд *******г ажиллахаас өмнө болон дараа ийм алдаа гарч байгаагүй. Гэхдээ банк л болсон хойно банкны ажилтан өөр хүний нэр дээр зээл авч байсан зэрэг мэр сэр явдал бол байсан. Гэхдээ *******гийн хийсэн үйлдэл гарч байгаагүй болно. ...Уг асуудал бол өөрийнх нь санаатай үйлдэл, яагаад санаатай гэвэл АТМ-ын гүйлгээний хуулгыг ******* өөрөө санаатайгаар засварласан. Засварласан асуудал нэг биш хэд хэдэн удаа гарсан байсан. Энэ АТМ-ын хуулга нь тухайн үед эксел программ дээр гардаг байсан тул алдаатай хийгдсэн гүйлгээг хасахдаа дутуу хасаж засварлан төөрөгдүүлсэн байсан. Мөн хамгийн сүүлийн АТМ дутуу дүнгээр цэнэглэхэд касст нь мөнгө илүүдэх ёстой байтал илүүдээгүй таарсан гэж хаасан байсан. Тэгэхээр уг үйлдлүүдээс болон гаргасан тайлбаруудыг нь харахад санаатай хийсэн нь харагдаж байна. Энэ нь аудитын шалгалтаар хангалттай илэрсэн байгаа болно" гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 205-р тал/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн ХААН банкны Зүүнхараа салбарын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны КА-221, КА-605 дугаар бүхий хоёр АТМ-н гүйлгээ нэг бүрийг лог, журнал, АТМ-ын илүүдэл дутагдал тохируулах дансны хуулга, АТМ цэнэглэлт, АТМ-д орсон гарсан мөнгөн дэвсгэртийн баримтуудыг тулган шалгахад болон тус салбарын АТМ ын бэлэн мөнгөний машинаас нийт 8 400 000 төгрөг дутагдсанаас АТМ-ын илүүдэл дутагдал тохируулах дансны хуулгаар 495 000 төгрөгийг хасч тооцохоор байна. Иймд ХААН банкны Зүүнхараа салбарт нийт 7 905 000 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан байна. ...ХААН банкны "Зүүнхараа" салбарт ахлах теллерээр ажиллаж байсан *******гийн хариуцсан АТМ-н касс дахь бэлэн мөнгөнөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 7 905 000 төгрөгийн дутагдал гарсан байна" гэсэн дүгнэлт, дэлгэрэнгүй тооцоог хавсралт №1, /1-р хх-ийн 128-131-р тал/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд ХААН банкны Зүүнхараа салбарын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны КА-221, КА-605 дугаар бүхий хоёр АТМ-ын цэнэглэсэн болон сулласан мөнгөн дүн, АТМ-ны лог журналын мөнгөн дүн, АТМ-ны илүүдэл дутагдал тохируулах дансны хуулга, АТМ цэнэглэлт, АТМ-д орсон болон гарсан мөнгөн дэвсгэртийн санхүүгийн баримтуудыг тулган шалгахад тус салбарын АТМ бэлэн мөнгөний машинаас нийт 8 400 000 төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна. Үүнээс АТМ- ны илүүдэл дутагдал тохируулах дансны хуулгаар 495.000 төгрөгийг хасаж тооцож, 7 905 000 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. Иймд ХААН банкны Зүүнхараа салбарт нийт 7.905.000 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан байна. ...Дахин шинжилгээгээр ХААН банкны "Зүүнхараа" салбарт ахлах теллерээр ажиллаж байсан ******* нь хариуцсан АТМ-ны касс дахь бэлэн мөнгөнөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 7 905 000 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Харин ямар аргаар завшсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй болно" гэсэн дүгнэлт, ХААН банкны “Зүүнхараа” салбарт ахлах теллерээр ажиллаж байсан *******н дутагдлын тооцооны хавсралт №01 хүснэгт /2-р хх-ийн 68-71-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

         

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн “ ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ХААН банкны “Зүүнхараа” дахь салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ийг цэнэглэх явцдаа 3 000 000 төгрөгийг завшсан” гэх уг хэргийг урьд өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаартай яллах дүгнэлтээр *******д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хаан банкны Зүүнхараа салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 7 905 000 төгрөгийг завшсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №167 дугаартай шийтгэх тогтоолоор “Бусдын хариуцуулсан эд хөрөнгөөс 7 905 000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож *******г 10 сая төгрөгөөр торгох ял оноож 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүгдэгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №12 дугаартай магадлалаар “Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №78 тоот дүгнэлтийн “Дүгнэлт” хэсэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 2 дугаар асуултад хариулт өгөөгүй, хариулт өгөөгүй шалтгаанаа дурдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1-д Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:...1.6-д...шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт... гэсэн заалтыг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д ...шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт бүрээр.., гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Түүнчлэн хавтаст хэрэгт /1-р хх-ийн 72-110-р ху/ авагдсан санхүүгийн баримтууд эрүүгийн хэрэгт ямар хамааралтай болох, *******гийн гэм буруутай үйлдэл эдгээр баримтуудаар хэрхэн, яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй буюу мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасныг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газар хүлээн авч 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №5/01 дугаартай прокурорын тогтоолоор “*******г 7 905 000 төгрөгийг завшсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Улсын Ерөнхий прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №500/655 дугаартай гомдол гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны №1/22 дугаартай прокурорын тогтоолоор Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан гомдлыг хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №5/01 дугаартай прокурорын тогтоолыг шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №01 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 7 905 000 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан болохыг тогтоосон боловч уг мөнгийг ямар албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж дутсан болохыг тогтоож чадаагүй байна....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ******* нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №01 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд гомдол гаргасан ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №11 дугаартай прокурорын тогтоолоор  гомдлыг хүлээн авахаас татгалзсан. ******* нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №34 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”-т гомдол гарган Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 09-ний №02 дугаартай тогтоолоор *******гийн гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №04 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын “Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн 183001830098 дугаартай хэргээс ******* нь 4905000 /дөрвөн сая, есөн зуун таван мянга/ төгрөгийг завшсан гэх хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №01/а дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №18 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн прокурорын газарт гомдол гаргасан ба Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяраас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №08 дугаартай прокурорын тогтоолоор “Иргэн ******* би гэмт хэрэг хийгээгүй учир хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж өгнө” гэсэн гомдлыг хүлээн авч өмнө нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн *******д холбогдох хавтаст хэргээс үзвэл: “ХААН” банкны Зүүнхараа салбарт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 7 905 000 төгрөгийн бэлэн мөнгөний зөрчил дутагдал гарсан, уг дутагдал нь “ХААН” банкны Зүүнхараа салбарт ахлах теллерээр ажиллаж байсан *******гийн хариуцсан АТМ-ны касс дахь бэлэн мөнгөнөөс нийт 7 905 000 төгрөгийн дутагдал гаргасан болох нь”: ...Гэрч, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг/1-р хх-ийн 30-31,197-р тал/,Гэрч гийн мэдүүлэг/1-р хх-ийн 32-33-р тал/, Гэрч ийн мэдүүлэг / 1-р хх-ийн 39-40-р тал/, Гэрч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43-р тал/, Гэрч ийн мэдүүлэг/1-р хх-ийн 41-р тал/, Гэрч ын мэдүүлэг/1-р хх-ийн 205-р тал/, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг/3-р хх-ийн 13-р тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт, ХААН банкны "Зүүнхараа" салбарт ахлах теллерээр ажиллаж байсан *******н дутагдлын тооцооны хавсралт №01 хүснэгт /2-р хх-ийн 68-71-р тал/, Мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр "камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл", гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 190-196-р тал/, ХААН банкны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/305 дугаартай албан бичиг, тайлбар /2-р хх-ийн 62-64-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа боловч, “завших” гэдэг нь итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байгааг ойлгох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг ******* үйлдсэн гэж үзэх боломжгүй буюу *******гийн гэм буруутай үйлдэл дээрх баримтуудаар нотлогдоогүй, *******н үйлдэл гэмт хэргийн шинжгүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ нотлогдоогүй буюу ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ХААН банкны “Зүүнхараа” дахь салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ийг цэнэглэх явцдаа 3 000 000 төгрөгийг хэрхэн яаж өөрийн эзэмшилдээ бүрэн авч, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, хууль бусаар эргэлтэд оруулсан буюу завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, *******г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй *******гаас 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 3 ширхэг /CD/ хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Балжмаа овогтой *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагийн *******д холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  сум дундын прокурорын газарт буцаасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын *******гаас 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ******* нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 3 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

6. *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.