Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 96

 

2022             11               01                                          2022/ШЦТ/96                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э.Э холбогдох эрүүгийн 2020000540017 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн  2141.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Г овогт Э.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Уртцагаанаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтанд багтсан дэрвэгэр жиргэрүү ургамалын үр буюу 19,0 клограммыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, Улаанбаатар хотын ... тоотод байрлах чингэлэгт хадгалж байгаад 2020 оны 04 дүгээр сард улсын номер дугаар нь тодорхойгүй “Стана” маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн ачиж, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

                                                                ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 онд өөрийн хийсэн хөөргийг Улаанбаатар хотын Ч дүүрэгт байрлах урт цагаан гэдэг газар худалдан борлуулахаар явсан. Тэгээд явахад маш олон дэлгүүр, лангуу байсан. Нэг залуу ирээд би хөөргийг чинь сонирхож байна, бараагаар солих уу гэж хэлсэн. Тэгээд би юу байгаа юм бэ? гэхэд надад луувангийн үр байна солих уу гэж асууж байсан. Ногоо тарьдаг талбайтай хүнд хэрэгтэй зүйл, 1 килограмм нь 15,000 төгрөгөөр бодож өгнө гэж хэлсэн. Тэгээд өөрт чинь хэдэн килограмм байгаа вэ? гэж асуухад 100 гаруй килограмм байгаа гэж хэлсэн. Би хөөргөө үзүүлсэн, нөгөө хүн луувангийн үрээ үзүүлсэн. Би урьд луувангийн үр гэдэг зүйлийг үзэж байгаагүй болохоор фейсбүүкээс хайлт хийж, зурагтай нь харьцуулж үзэхэд адилхан харагдаж байсан учраас мөн юм байна, сольж болох юм байна гэж бодоод солиод авч байсан. Тэгээд ахынхаа чингэлэгт хадгалж байсан. Тухайн үед буюу 2020 онд мөнгөний хэрэг гараад өмнө танилцаж байсан Галиндив гэдэг хүнээс монгол луувангийн үр байна, авах уу гэж асуусан. Тэгтэл Г надтай эргэж холбогдоод наадахыг чинь сонирхож байгаа хүн байна. Чи З сум руу явуулах боломжтой юу? боломжтой бол өнөөдөр явуулчих би худалдан борлуулаад мөнгийг нь данс руу чинь хийе гэж хэлсэн. Тухайн өдөр би У хотын вокзал дээр очиход З сум руу явдаг замын унаа дээр очоод луувангийн үр гэж бодож байсан зүйлээ өгөөд явуулъя гэхэд бид хүн авч явдаг, бараа авч явдаг такси биш, эзэнгүй юмыг авч явахгүй гэсэн. Тэгээд чи өөрөө ачаагаа аваад явж болно гэхээр нь 5 килограмм луувангийн үр гэж бодож байсан зүйлээ аваад З суманд авч ирсэн гэжээ.

Шүүгдэгч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн З сум руу хар өнгийн стана маркийн автомашин хөлсөлж өөрийн бодож байсан луувангийн үрийг тээвэрлэж очсон. Тэр үед иргэн Г Монгол улсын хилээр гаргаж Б-ын Э хотод уг үрийг борлуулаад өгье гэж урьд  өмнө ярьсан байсан учир Г хүлээлгэн өгсөн. Ингээд М улсын хилээр гарах гэж байгаад миний өгсөн үрийг ачааны авто машиныхаа тэвшний урд хэсэгт хана гаргаж нуусан газар нь баригдсан учир цагдаагийн байгууллагад уг хэрэг нь шалгагдах явцад дэрвэгэр жиргэрүү ургамлын үр болох нь тогтоогдсон. ...би анх авахдаа шуудайны амыг нээгээд гартаа атгаад аваад фэйсбүүкээс луувангийн үр гэж хайгаад гарч ирсэн зүйлтэй нь харьцуулж үзэхэд яаг адилхан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150, 2-р хх-ийн 250/

Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д ургамлыг тусгай зөвшөөрөлтэй тус ургамлыг гадаад болон дотоодод экспрот, импорт эрхлэх аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эрхтэй. Харин хувь хүн зөвшөөрлөөр нэвтрүүлж болохгүй. Хувь хүн дэрвэгэр жиргэрүү ургамлыг Улсын хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй. ...дэрвэгэр жиргэрүү ургамлын үр болон үндэсийг экологи, эдийн засгийн үнэлгээг мөн сайдын 2020 оны А/167 дугаар тушаалаар 1 кг нь 50,000 төгрөг байна гэж тогтоосон байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128,140/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42/

Гаалийн ерөнхий газар гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 17-18/

2020 оны 04 сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2222 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 21-22/

2018 оны 03 сарын 01-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай” тушаал /1-р хх-ийн 23/

2020 оны 05 сарын 25-ны өдрийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 54-56/

Шүүгдэгч Э.Э урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 67,76/

2022 оны 03 сарын 09-ны өдрийн Шинжлэх ухааны академи ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 177-179/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3-р хх-ийн 1-6/

2022 оны 06 сарын 04-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын “эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох” тухай тогтоол /3-р хх-ийн 7/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г овогт Э.Э нь 2018 оны 10 дугаар сард Нийслэлийн  Баянгол дүүрэгт байрлах У гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үр 19,0 клограммыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, Нийслэлийн ...тоотод байрлах чингэлэгт хадгалж байгаад 2020 оны 04 дүгээр сард улсын номер дугаар нь тодорхойгүй “Стана” маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн ачиж, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл тээвэрлэсэн үйл баримт болжээ.

Шүүгдэгч Э.Э энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Э.Э зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дэрвэгэр жиргэрүү ургамлыг тусгай зөвшөөрөлтэй тус ургамлыг гадаад болон дотоодод экспрот, импорт эрхлэх аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эрхтэй. Харин хувь хүн зөвшөөрлөөр нэвтрүүлж болохгүй. Хувь хүн дэрвэгэр жиргэрүү ургамлыг Улсын хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй. ...дэрвэгэр жиргэрүү ургамлын үр болон үндэсийг экологи, эдийн засгийн үнэлгээг мөн сайдын 2020 оны А/167 дугаар тушаалаар 1 кг нь 50,000 төгрөг байна гэж тогтоосон байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128,140/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42/, гаалийн ерөнхий газар гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 17-18/, 2020 оны 04 сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2222 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 21-22/, 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай” тушаал /1-р хх-ийн 23/, 2020 оны 05 сарын 25-ны өдрийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 54-56/, 2022 оны 03 сарын 09-ны өдрийн Шинжлэх ухааны академи ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 177-179/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3-р хх-ийн 1-6/, 2022 оны 06 сарын 04-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын “эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох” тухай тогтоол /3-р хх-ийн 7/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Э нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, үйлдэж байгаль, экологид 950,000 төгрөгийн хохирол  учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

Мөн улсын яллагч яллах дүгнэлтэндээ шүүгдэгчийг ховор ургамлын үрийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэжээ.

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг нэг кг тутамд 50,000 төгрөгөөр тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 19 кг Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг  нийт 950,000 төгрөгөөр үнэлж, иргэний нэхэмжлэгч Г.Анхбаяр нь гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 13 дахь заалтад “Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч гэж, энэ хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг  хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг хэлнэ” гэж, энэ хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон эсхүл байгаль орчин чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлж байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Энэ хуулийн тодорхойлолтоос үзэхэд шүүгдэгч Э.Э нь байгалын ургамалд учруулсан хохирлыг нөхөн төлөгч биш болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь уг ургамлыг өөрөө түүж бэлтгэж байгаль экологид гэм хор учруулсан үйлдэл хийгээгүй байна. Шүүгдэгч Э.Э уг ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл, байгаль экологид гэм хор учруулсан хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна гэж үзэв.

 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаар өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэж, шууд хохирлыг төлүүлэх нь зүйтэй байна. Мөн нэн ховор, ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн хүнээс уг ургамлын үнэлгээг хуульд зааснаар 5 дахин өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Иймд шүүгдэгч Э.Э 19 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн үндсийг худалдан авч хадгалсан, тээвэрлэсэн гэж үзэж 19 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үнэ 950,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Э.Э 2018 оны 10 дугаар сард Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Уртцагаан гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтанд багтсан дэрвэгэр жиргэрүү ургамалын үр 19,0 клограммыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, ... тоотод байрлах чингэлэгт хадгалж байгаад 2020 оны 04 дүгээр сард улсын номер дугаар нь тодорхойгүй “Стана” маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн ачиж, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө нь битүүмжлэгдээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан “Дэрвэгэр жиргэрүүг 1 кг-ыг нь 50.000 төгрөгөөр, нийт 19 кг-ыг 950.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд эдгээр 19 кг ургамлыг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, байгаль орчинд учруулсан учруулсан хохирол, төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн, хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан  түүнд 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийдвэрлсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг учрыг мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.8, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Э.Э байгалын ургамалд гэм хор учруулсаны төлбөрт 950,00 /есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ховор ургамлын жагсаалтанд орсон 950,000 төгрөгний үнэ бүхий 19 кг  “Дэрвэгэр жиргэрүү” нэртэй ургамлыг хурааж, улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Д.Ц