Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 97

 

2022                  11             01                                                 2022/ШЦТ/97                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

       Нарийн бичгийн дарга М.Х

        Улсын яллагч Л.С

        Өмгөөлөгч С.Э

      Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б холбогдох эрүүгийн 222000093011 тоот хэргийг 2022 оны 10-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,... газарт нутагладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.Б 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн ... тээврийн хэрэгсэл жолоодож  “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.1 “б” дүгээр заалт буюу “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч” ...тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ...тэй байна” 3,4 “в” дүгээр заалт буюу “жолооч” ... мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ... үүргийг хүлээнэ, 3.7 “а” дугаар заалт буюу жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас мотоциклийн ард зорчиж явсан Д.Б унаж, биед нь зүүн чамархайн яс, шанаа яс, баруун, зүүн зулайн яс, хоншоор яс, хамар яс, хоёр талын ухархайн ясны хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

              ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Замдаа явж байхад Д.Б нь миний ард зүгээр суугаад явж байсан. Тэгсэн чинь гэнэт миний зүүн гар тал руу шууд унасан тэгэхээр нь би зогсоод засмал дээрээс холдуулж замын шороон хэсэгт аваачин нүүрийг нь харсан чинь амнаас нь болон чихнээс нь цус гарсан байсан. Тэгээд  би Баярсайханыг үлдээгээд ойрхон байсан шаргын овоон дээр ирж хүний утсаар түргэн тусламж дуудсан” гэжээ.  

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би уг хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл миний төрсөн эцэг маань хөдөө айлд мал хардаг хүн байдаг юм. Осол болох үед би хажууд нь байгаагүй болохоор мэдэх зүйл алга. Аав ямар нэгэн хууч өвчтэй байгаагүй эрүүл саруул хүн байсан. Одоо энэ ослоос болж хүнд гэмтсэн гэрийн асаргаанд байгаа. Энэ хэргээс болж юм ярьж чадахгүй болсон. Ухаан санаа нь орж гарч юу хийж байгаагаа сайн мэдэхгүй, үр хүүхдээ танихгүй маш хүнд байгаа одоо гэрийн асаргаанд хэвтэн эмчлүүлж байна. Ер нь биеийн байдал маш хүнд байгаа. Ар гэрийн зүгээс гомдолтой байна” гэжээ /хх-ийн 112/

Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн гэмт хэргийн улмаас хохирсон Д.Б нь Эрүүл мэндийн сангаас 7739000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн сангаас 7739000 төгрөгний зардал гарсан тул дээрх тусламж үйлилгээний зардлыг яллагдагч Б.Б  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 116-118/

  Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/

Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 13/

Эд хөрөгнө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14/

2022 оны 08-р сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0412 дугаартай шинжээчийн

- Д.Б биед зүүн  чамархай яс, шанаа яс, баруун, зүүн зулай яс, хоншоор яс, хамар яс, хоёр талын ухархайн ясны хугарал, хатуу хальсан дээрх болох дотор цусан хураа, аалзан хальсан доорх цус хуралт, тархины эдийн няцрал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

-Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/

Эмнэлгийн дүгнэлт, мэс заслын өмнөх дүгнэлт /хх-ийн 33-40/

2022 оны 08-р сарын 09-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3858 дугаартай шинжээчийн

- Цусанд 2,8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,8 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/

2022 оны 09 сарын 12-ны өдрийн 16/07 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/

Шүүх сэтгэц гэм судлалын 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-59/

Д.Б ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 64-70/

Д.Б учирсан хохирлын тооцоо, баримт бичгүүд /хх-ийн 71-74/

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хохирлын 1,585,580 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 119/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хүсэлт /хх-ийн 120/

 Шүүгдэгч Б.Б хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 124/

2022 оны 10-р сарын 26-ны өдрийн 45 дугаартай “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 125-126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 сарын 29-ний өдөр ... гэх газарт улсын дугааргүй, хаужи загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.1 “б” дүгээр заалт буюу “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч” ...тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ...тэй байна” 3,4 “в” дүгээр заалт буюу “жолооч” ... мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ... үүргийг хүлээнэ, 3.7 “а” дугаар заалт буюу жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас мотоциклийн ард зорчиж явсан хохирогч Д.Б унаж, биед нь зүүн чамархайн яс, шанаа яс, баруун, зүүн зулайн яс, хоншоор яс, хамар яс, хоёр талын ухархайн ясны хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулжээ.

  Шүүгдэгч Б.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Б согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би уг хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл миний төрсөн эцэг маань хөдөө айлд мал хардаг хүн байдаг юм. Осол болох үед би хажууд нь байгаагүй болохоор мэдэх зүйл алга. Аав ямар нэгэн хууч өвчтэй байгаагүй эрүүл саруул хүн байсан. Одоо энэ ослоос болж хүнд гэмтсэн гэрийн асаргаанд байгаа. Энэ хэргээс болж юм ярьж чадахгүй болсон. Ухаан санаа нь орж гарч юу хийж байгаагаа сайн мэдэхгүй, үр хүүхдээ танихгүй маш хүнд байгаа одоо гэрийн асаргаанд хэвтэн эмчлүүлж байна. Ер нь биеийн байдал маш хүнд байгаа. Ар гэрийн зүгээс гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 112/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гэмт хэргийн улмаас хохирсон Д.Б нь Эрүүл мэндийн сангаас 7739000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн сангаас 7739000 төгрөгний зардал гарсан тул дээрх тусламж үйлилгээний зардлыг яллагдагч Б.Б гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 116-118/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, 2022 оны 08-р сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0412 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/, эмнэлгийн дүгнэлт, мэс заслын өмнөх дүгнэлт /хх-ийн 33-40/, 2022 оны 08-р сарын 09-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3858 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/, 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 16/07 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/, Д.Б ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 64-70/, Д.Б учирсан хохирлын тооцоо, баримт бичгүүд /хх-ийн 71-74/ , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хохирлын 1,585,580 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 119/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хүсэлт /хх-ийн 120/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, бусдын биед хүнд хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр, 1,585,580 төгрөгийг нэхэмжилсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч Б.Б хохирогч Б.Б төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 7,739,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 7,739,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 08 сарын 10-ны өдрийн шүүгдэгч Б.Б эзэмшлийн улсын дугаар номергүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Хаужи маркийн, хар өнгийн мотоциклийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй  болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 7,739,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн санд олгох нь зүйтэй гэж үзэв.

Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,  хяналтын прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Б ял оногдуулахдаа хохирогчид эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд эмчилгээний зардал 7,739,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулах боломжоор хангах,  хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэгт заасан согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардалд 7,739,000 /долоон сая, долоон зуун гучин есөн мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 2022 оны 08 сарын 10-ны өдрийн шүүгдэгч Б.Б эзэмшлийн улсын дугаар номергүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Хаужи маркийн, хар өнгийн мотоциклийг битүүмжилсэн “Эд хөрөнгө  битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц