Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/773

 

 

 

 

 

    2022          10          18                                     2022/ШЦТ/773

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: П.Отгонбаатар,

Шүүгдэгч: ******* өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт******* Энхжинд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205028002148 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,******* овогт******* Энхжин, ....

 Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр*******ийн биед нь халдаж тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн сарвуунд зулгаралт, хоёр нүдний доод зовхи, хамар зүүн сарвуу, хамар, зүүн, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Хардалтын улмаас биш, манай эхнэр нилээн уудаг болсон. Ээж, аав нь байхад уусан орж ирдэг. Шөнө орой орж ирдэг. 8 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа явлаа гэж гарчхаад уусан орж ирэхээр нь би тэсээгүй. Бид хоёр хэрэлдээд би алгадсан. Гэхдээ анх танилцахад хамар нь гэмтэлтэй байсан. Хамар чинь “яагаад ийм юм” гэж асуухад “арван жилдээ ийм байсан” гэж хэлж байсан. Би 2 удаа алгадсан” гэв.

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхрөөсөө гар утсаа аваад жижиг өрөөндөө орж дүү******* рүү залгах гэтэл миний утсыг булааж авахдаа дээрээс унахдаа миний бэлэг эрхтэн рүү өвдгөөрөө өвдөглөсөн. Тухайн үйлдэл нь санамсаргүй байдлаар болсон. Би утсаа авчихаад тольтой шүүгээний хажууд сууж байтал нөхөр маань дахиж ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь хоёр хүүхэд байна, битгий хэрүүл маргаан хийгээд бай гэж хэлэхэд миний нүүр рүү 3 удаа алгадсан. Энэ үед хүүхдүүд хажууд байсан ба бага хүү маань уйлахаар нь би хүүхдээ тэвэрч тайвшруулж байгаад би гарчхаад ирье гэж хэлээд гар утсаа аваад гэрээсээ гараад дүү******* рүү залгаж болсон асуудлын талаар хэлж дуудахад удалгүй ирээд дүү******* манай гэр рүү орж нөхөрт та яагаад манай эгчийг зодож байгаа юм бэ гэж хэлээд хэрүүл маргаан хийхээр дүүгээ дуудаж гаргаад найз Номинчимэгийг дуудаж хамт гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд хамар орчим битүү хавдартай байгаа учраас хаванг буулгасны дараа нарийн шинжилгээ өгөхөд хамар яс зөрүүгүй хугаралтай таславч бага зэрэг мурийлттай гэж оношлогдсон. ******* нь урьд өмнө нь биед бэртэл гэмтэл учруулахаар цохиж зодож байгаагүй. 2022 оны 5 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна, намайг хардаад миний гар утсыг шалгаад хана руу түлхэж хоолой боож байсан. Дээрх үйлдлүүдийг гаргах бүрт нь цагдаад дуудлага өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эгч утсаар залгаад уйлаад Энхжин намайг зодчихлоо гэхээр нь би босоод Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 203 тоотод очиход эгч маань байрныхаа гадаа нүүр нь хавдчихсан уйлаад сууж байхаар нь яасан юу болсон талаар асууж асуухад гэртээ байгаа гэхээр нь би ганцаараа ороод манай эгчийг ямар учраас цохиж зодсон талаар асуухад Намуунаа ажилтай гэж гарч явчихаад оройтож орж ирэхдээ уучихсан орж ирэхээр нь би уурлаад 2-3 удаа алгадсан гэж хэлэхээр нь эгчийг хоёр хүүхэдтэй нь авч явна гэхэд хоёр хүүхдээ өгч явуулахгүй Намуунааг дуудаад оруулаад ир гэж Энхжин хэлэхээр нь би гарч Намуунаа эгчийг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Намуунцэцэгийг найз Нараагийн гэрийн гаднаас очиж авахад зүүн талын шанаа нь хавдчихсан, хамар хоёр хацартайгаа тэгшрээд хавдчихсан, уйлчихсан байдалтай байсан. Тэндээсээ хөдлөөд явж байхдаа*******ээс юу болсон талаар асуухад нөхөр болох ******* зодсон гэж хэлэхээр нь би гэртээ дагуулж очоод гэртээ орохоор байрныхаа лифтэнд суугаад гэрэлд харахад*******ийн хамар нь хөхөрч хавдсан байхаар нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай юм байна гэж бодоод гэмтлийн эмнэлэг рүү дагуулж очоод үзүүлэхэд гэмтлийн эмч рентгений зураг авснаа хавдартай учраас хугарал байгаа эсэх нь тодорхой харагдахгүй байна хавдраа буулгаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж зөвлөөд гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Шинжээчийн 12034 тоот дүгнэлтэд: “...А.Намуунцэцэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн сарвуунд зулгаралт, хоёр нүдний доод зовхи, хамар, зүүн сарвуу, бэлгийн зүүн их уруулд цус хуралт, хамар, зүүн хацар, бэлгийн зүүн их уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 33-34/,

Яллагдагчаар *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-н 30/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-н 33-38/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-45, 62-64/, хохирогчийн хүсэлт /хх-н 69/ зэрэг болно.

 Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр*******ийн биед нь халдаж тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн сарвуунд зулгаралт, хоёр нүдний доод зовхи, хамар зүүн сарвуу, хамар, зүүн, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гар бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч*******, гэрч*******,******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ******* нь хохирогч*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

Шүүгдэгч *******, хохирогч******* нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдардаг зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөн хохирогчийн “...2022 оны 5 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна, намайг хардаад миний гар утсыг шалгаад хана руу түлхэж хоолой боож байсан. Дээрх үйлдлүүдийг гаргах бүрт нь цагдаад дуудлага өгч байгаагүй..” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч*******ийг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хохирогчид гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч******* нь мөрдөн байцаалтын шатанд “...Хэрэв хамрын таславчний мэс ажилбарт орвол хагалгааны зардлыг гаргуулна...” гэж мэдүүлсэн ба хавтаст хэрэгт хохирлыг баримт гаргаж өгөөгүй тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч******* овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч******* нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР