Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогч

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000355 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэрэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны 22 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг баарны гадна үл ялих зүйлээр маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь “үүдэн хоёр /11, 21/ шүдний булгарал, уруулын салстад язарсан шарх, уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр намайг бааранд бүжиглэж байхад *******ын найз нь өдөж бид маргалдсан. Биднийг гадаа гарахад ******* найзыгаа өмөөрч гүйж ирээд намайг цохисон. Энэ гэмт хэрэг хэн хэн нь согтуу байсны улмаас гарсан. ******* надаас уучлалт гуйж, хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Би шүдний эмнэлгээс зөвлөгөө авсан. Одоогоор баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Цаашид хиймэл шүд хийлгэх шаардлагатай байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд найзуудтайгаа “” гэх бааранд сууж байхад гэх залуу ирээд манай найзтай юм яриад байхаар нь түүнийг яв гэж хэлсэн чинь явахгүй байсан учир би түүнийг заамдаж түлхсэн чинь түүнтэй хамт явж байсан ******* гэх найз нь бас над руу дайраад байсан. Ингээд баарнаас гарах үед над руу дайраад байсан бөгөөд надтай зууралдаж миний өмсөж явсан хагас ханцуйтай цамцыг ураад байхаар нь би түүнийг хавирч газарт унагаасан чинь түүний найз ******* над руу гүйж ирээд миний ам хэсэгт цохисон. Иймд тухайн гэмтлийг ******* гэх залуу учруулсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл гэвэл дээд талын үүдэн 2 шүд цохиулсны улмаас унасан. Би энэ хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хэрэгт хавсаргах эмчилгээний зардлын баримт байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-15/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд найз *******ын хамт ******* сумын 6 дугаар багт байрлах “” нэртэй бааранд орж пиво уугаад сууж байсан чинь гаднаас миний зүс таних гэх эмэгтэй орж ирсэн. Ингээд би гэх эмэгтэй рүү очиж пиво тулгасан чинь түүнтэй хамт явж байсан гэх залуу нь гэх эмэгтэйтэй пиво тулгалаа гээд шууд цохиж газарт унагаасан. Манай найз намайг татаж ширээндээ буцаж суулгасан бөгөөд найз ******* бид хоёр ширээн дээр сууж байгаад удалгүй тамхи татах гээд гарсан чинь гадаа гэх залуу ******* бид хоёр дээр ирээд дахин надтай зууралдаж намайг цохиж газарт унагаасан бөгөөд энэ үед манай найз ******* намайг өмөөрч гэх залуугийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэжээ. /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 572 тоот дүгнэлтэд:

1. ын биед үүдэн хоёр /11, 21/ шүдний булгарал, уруулын салстад язарсан шарх, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хоёр шүдний булгарал нь 52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна, бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд ******* сумын 6 дугаар багт байрлах “” нэртэй бааранд найз ийн хамт ороод 2, 2 шилтэй пиво уугаад бүжгийн талбайд гарч жоохон бүжиглэж байх үед манай найз өөр ширээ рүү найзтайгаа очиж уулзана гэж хэлээд явсан. Энэ үед нь би гадагшаа тамхи татах гээд гарсан бөгөөд гадаа тамхи татаад буцаад ороод ирсэн чинь манай найз гэх хүний найзуудтайгаа сууж байсан ширээн дээр нь очсон байхаар нь би сууж байсан ширээндээ очиж суусан. Ширээн дээрээ суугаад харсан чинь манай найз гэх залуутай маргалдаж хоёр биенийхээ хүзүүнээс заамдаад байж байхаар нь би очоод боль гэж хэлсэн. Би найзыгаа салгаад ширээн дээрээ очоод сууж байсан чинь гэх залуу нь найзуудтайгаа гадагшаа гарсан. ...бид хоёрт хандаж “муу хоёр банди минь дагаад яв” гэсэн учир би түүнд хандаж “зүгээр бай” гэж хэлсэн чинь манай найз гэх залуутай барьцалдаж маргалдаад байхаар нь болиулах гэсэн. Ингээд манай найз ийг нь газарт унагааж нүүр хэсэгт нь өшиглөөд байхаар нь би очиж болиулсан боловч над руу дайраад миний нүүр хэсэгт цохисон учир би түүнийг түлхэж холдуулаад найзыгаа босгоод байж байхад дахин ирээд миний нүүр хэсэгт цохихоор нь би зөрүүлээд түүний нүүр хэсэгт нь цохисон...” гэжээ. /хх-ийн 38-39/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 40-41/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч овогт ******* ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хохирогч үл ялих зүйлийн улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед үүдэн хоёр шүдний булгарал, уруулын салстад язарсан шарх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...найз ******* бид хоёр ширээн дээр сууж байгаад удалгүй тамхи татах гээд гарсан чинь гадаа гэх залуу ******* бид хоёр дээр ирээд дахин надтай зууралдаж намайг цохиж газарт унагаасан бөгөөд энэ үед манай найз ******* намайг өмөөрч гэх залуугийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 572 тоот “...ын биед үүдэн хоёр /11, 21/ шүдний булгарал, уруулын салстад язарсан шарх, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 572 тоот “...ын биед үүдэн хоёр /11, 21/ шүдний булгарал, уруулын салстад язарсан шарх, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор хохирогч нь “...одоогоор надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримтгүй, шүүгдэгчээс надад хохирол төлбөр төлсөн зүйлгүй, цаашид унасан хоёр шүднийхээ оронд хиймэл шүд хийлгэх тул холбогдох зардлыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байх тул энэхүү шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй, холбогдох нотлох баримт байхгүй учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА