Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/736

 

2022             10          04                                     2022/ШЦТ/736

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ш.Анужин,

хохирогч *******,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2205022342034 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт*******гийн******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж” бааранд хохирогч *******ийг “агсам тавьж хойноос дагалаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж унаган, толгойг нь хойш газарт савж эрүүл мэндэд нь зүүн талын хөхлөг сэртэн дайрч суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, нүүрний мэдрэлийн зүүн талын сул саажилт, зүүн хөхлөг сэртэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Болсон зүйлийг сайн санахгүй байна. Байнга уугаад байдаггүй учраас тасарсан байсан. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Бааранд бүжиглэж байснаа санаж байна. Тэр өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй, ачаалал даахгүй байгаа. Хувиараа эмчилгээ хийлгэсэн баримтгүй учраас хэрэгт хавсаргаагүй. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад дараа нь “Гэгээн манал” гэх эмнэлэгт хэвтэж байсан. Гэтэл энэ эмнэлэг засварт орсон. 2 дугаар эмнэлгийн Билгүүн гэх эмчээс гуйж өдрийн 30,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээ хийлгэсэн баримт байгаа ч санхүүгийн баримт байхгүй. Ирэх 11 дүгээр сард “Эм жи жи” эмнэлэгт хэнгэрэг нөхүүлнэ. Нөхүүлэхийн тулд тархины гэмтлээ бүрэн эдгэсний дараа ордог юм билээ. Үүнийг нэхэмжилнэ” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Миний болчимгүй алдаанаас болж ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Гэм буруугаа хүлээж байна. Цаашид гарах зардлыг нөхөн төлнө” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Амур” зочид буудлын караокед найз Баттулгын хамтаар ороод 200 грамм виски уусан. Тэгээд бид хоёр тухайн караокеноос 00 цагийн үед гараад “Дурсамж” бааранд ороод 100 грамм виски нэмж уугаад баарны бүжгийн талбай дээр гараад бүжиглэсэн. Тухайн үед би их согтчихсон байсан учраас юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд маргааш өдөр нь 15 цагийн үед гэмтлийн эмнэлэгт ирээд эмчлүүлж байгааг мэдсэн. Тухайн үед миний чихний арын хэнгэрэг цоорсон нүүрэнд саажилт үүссэн ба нэг чих сонсголгүй болж, нүүрний тал хэсэгт саажил.т үүссэн. Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлээд, “Гэгээн манал” нэртэй уламжлалт анагаахын эмнэлэгт хэвтэж нүүр хэсгээ эмчлүүлж байгаа. Мөн өөрийн сонсгол муудсантай холбогдуулж “Эм Жи Жи” гэх чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн чихний хэнгэрэг цоорч, сонсох чадваргүй болсон гэсэн бөгөөд тархины гэмтлээ эдгээж байж чихний эмчилгээ хийлгэж хагалгаанд орох шаардлагатай гэж зөвлөсөн. ...Тухайн үед бааранд байсан үл таних нэг эрэгтэй нь намайг цохиж тухайн гэмтлийг учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-16-17 дугаар хуудас/,

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэдэг хүний эхнэр нь байгаа юм. Бид хоёр хамт амьдраад 13 жил болж байна, дундаасаа 3 хүүхэдтэй. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ ажил дээрээ очиход манай нөхөр “авто засварын газраас машинаа авч чадахааргүй байна, засвар хийгээд удахаар байна, машинаа энд үлдээчихээд очьё” гээд ярьсан ба 19 цагийн үед “би хүнтэй уулзчихаад гэртээ очно” гээд дахиж яриагүй. Шөнийн 02 цаг 10 минутын үед манай нөхөр өөрийн утаснаасаа залгаад “гэмтлийн эмнэлэг дээр байна, юу болоод байгаа юм болоо” гээд яриа нь ойлгогдохгүй яриад байсан ба хажуугаас нь эмч утсыг нь аваад “нөхөр чинь гэмтлийн эмнэлэг дээр байна, хүнд зодуулсан байна, яаралтай ирнэ үү” гэсэн. ...Манай нөхөр толгой, тархи. биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан”  гэсэн мэдүүлэг /хх-25-26 дугаар хуудас/,

 Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлын газрынхантайгаа хамт айлын найранд оччихоод орой 23 цагийн үед “Дурсамж” баар луу ажлын газрын 5 хүнтэй хамт орсон. Тэгээд ажлын газрын хэд гараад явахаар нь******* бид хоёр үлдээд хэсэг бүжиглэж байгаад гарья гэж ярилцаад 1, 1 шил пиво захиалаад, би пиво уугаад ширээнд сууж байтал******* бүжиглэхээр бүжгийн талбай руу түрүүлээд гарсан Би хойноос нь бүжиглэхээр гарч ирээд зогсож байтал бүжгийн талбайн нэг хэсэг хэсэгт хүмүүс бужигнаад явчихсан. Тэгээд хартал үл таних эрэгтэй шалан дээр хэвтэж байсан... удалгүй цагдаа нар ирээд*******г дагуулаад явчихсан” гэсэн  мэдүүлэг /хх-34-35 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №9222 дугаартай: “...*******ийн биед зүүн талын хөхлөг сэртэн дайрч суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, нүүрний мэдрэлийн зүүн талын сул саажилт, зүүн хөхлөг сэртэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-43-44 дүгээр хуудас/,

 Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...шөнийн 00 цаг өнгөрч байхад ажлын газрын ах Баяржаргалтай хамт 10 дугаар хорооллын “Дурсамж” баар луу орсон. Уг бааранд ороод нэг жижиг пиво аваад бүжгийн талбайд бүжиглэж байтал үл таних эрэгтэй бүжгийн талбайд байсан хүмүүсийг өдөж хоргоож явж байгаад над руу ирээд намайг үг хэлээр хараагаад өдөж хоргоогоод байхаар нь би зугтаад тойроод яваад байсан. Би хол бай гээд нэг удаа алгадсан. Тэгтэл тэр эрэгтэй өөрөө хойшоо саваад шалан дээр унаад босч ирээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-49-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн 5751401036 дугаартай данснаас хохирогч *******т хохирол төлсөн талаарх шилжүүлгийн мэдээлэл /хх-127-131 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн хохирогч *******т эм тариа авч өгсөн зарлагын баримт /хх-89 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-91 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-92 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-94 дүгээр хуудас/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-96 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-98 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж HOBBY” бааранд хохирогч *******ийг “агсам тавьж хойноос дагалаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган, толгойг нь хойш газарт савж эрүүл мэндэд нь зүүн талын хөхлөг сэртэн дайрч суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, нүүрний мэдрэлийн зүүн талын сул саажилт, зүүн хөхлөг сэртэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9222 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гийн хохирогч *******ийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан түүний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч *******гийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9222 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардалд баримтаар 2,830,416 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* түүнд 3,795,500 төгрөг төлсөн, түүнчлэн хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг тус тус нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн /хх-132 дугаар хуудас/ болно.

Шүүх хуралдаанд хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх талаар мэдүүлсэн тул өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******ийн эмчилгээ, үзлэг, оношилгоо шинжилгээний зардалд нийт 1,297,900 төгрөг зарцуулсан /хх-107 дугаар хуудас/ байх ба энэ зардлыг дээрх санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Н.Мөнгөнсүх гаргасан байна.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч ******* нь 2022 оны 07 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн ойрын дуудлага дуудаж 48,000 төгрөгийн зардал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмийн эмчилгээ хийлгэж 1,150,900 төгрөгийн зардал, 2022 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэгт орж 15,000 төгрөгийн зардал, тус эмнэлэгт өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэж 84,000 төгрөгийн зардал тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул дээрх 1,297,900 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” /хх-110-111 дүгээр хуудас/ гэжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.

Иймд дээрх зардлыг шүүгдэгч *******гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* уг саналыг хүлээн зөвшөөрсөн, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт*******гийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 1,297,900 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай данс/-т олгосугай.

6.Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч *******т 3,795,500 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА