Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 26

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/

          Шүүгдэгч Г.О

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолтой, Г.От холбогдох 1929001140060 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан, ам бүл 10, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ................ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Г.О /РД:................/.

          Г.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 16-50 АЧ дугаарын чиргүүлтэй, 86-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч М.О ыг дайрч амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.                     

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн  3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Г.О-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг ялаас чөлөөлж, хохирогч А.Мөнгөнцоож нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч  Г.О, иргэний хариуцагч Итакер ХХК-ний зүгээс хохирол төлбөрт нийт 22665000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №628290 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүч/- төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэлдээ: ... “Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг ялаас чөлөөлж” шийдвэрлэсэн шийдвэр нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ялтанд ял завшуулсан.

Шүүгдэгч Г.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг ялаас чөлөөлсүгэй.” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ялтанд ял завшуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

   Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тус хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялын санкц байхгүй хэрэг байгаа. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, торгуулийн арга хэмжээ хэрэглэх гэсэн  ерөнхий ангийн заалтыг барьж ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. 6.7 дугаар зүйл дээр хорих ял гэж хууль тогтоогчид шууд заасан байдаг. Гэтэл 27.11 дүгээр зүйл нь хорих ялгүй хэрэг байдаг. Иймд 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь буруу байсан гэж үзэж байна.          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхийг, мөн хуулийн 5 дугаар хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхийг нь шийтгэх тогтоолдоо дурдаж өгөөгүй зэрэг хууль зөрчсөн зөрчлүүд байгаа учраас анхан шатны шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичиж ирүүлсэн байгаа гэв.                    

Шүүгдэгч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд: Тайлбар байхгүй гэв.  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа:  Хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байна. Энэ дээр бол иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхийг нь шийтгэх тогтоолдоо дурдаж өгөөгүй орхигдуулсан байна. Энэ заалтыг бичээгүй ч шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар бол шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш гомдол гаргах эрхийг ерөнхий байдлаар хуульчлаад өгсөн байгаа учраас эрхийг хязгаарласан зүйл байхгүй байна гэж өмгөөлөгч миний бие үзэж байна гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Г.Оыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар үнэлж, Эрүүгийн хуулийн зөв хэрэглээгүйгээс шийтгэх  тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх, шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

  1. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, хорих ялыг тодорхой хувиар багасгаж хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд, харин тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд тусгайлан заажээ. 

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын оногдуулахаар заагаагүй байхад хорих ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан, Г.О-ыг ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж заасантай нийцээгүй тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.          

Анхан шатны шүүх шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлоогүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялаас чөлөөлөх тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар гэмт хэрэгт заасан, ямар төрлийн ялаас, ямар хэмжээгээр чөлөөлж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заах нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болохыг цаашиданхаарвал зохино.

Түүнчлэн шүүх Г.О-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй гэж шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж тодорхойлох хэсэгтэйгээ зөрчилдсөн, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан байна.    

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл,  7.1 дүгээр зүйлд заасан журам нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх заалт биш боловч хэрэглэсэн тохиолдолд зөв тайлбарлан хэрэглэх шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцнэ.                                                  

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулаагүй байхад ял оногдуулж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.  

Мөн шүүх шийтгэх тогтоолдоо давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий зарим этгээдийг нэрлэн заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Харин мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул хэргийг шүүхэд бус, прокурорт буцаах дараах үндэслэл тогтоогдож байна.

1. Шүүх нь хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан эсэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг нэг бүрчлэн хянаж, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлээгүйгээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож чадаагүй байна. Тухайлбал, Г.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх, эрхтэй тохиолдолд ямар ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй талаар шинжээч томилон дүгнэлт гаргуулсан ажиллагааг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шинжилгээ хийлгэх үндсэн агуулга, зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзэх бөгөөд уг дүгнэлтийг Г.Оыг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцээгүй шийдвэр гэж үзнэ. /хэргийн 91,105, 218-219 дугаар хуудас/

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “жолоочийн түр зөвшөөрөл” гэх “олгосон огноо 2019-05-01, үнэмлэх хүчинтэй хугацаа 2019-07-30 хүртэл”гэх мэдээлэл авагдсан баримт байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүгдэгч Г.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан “үнэмлэхийн төлөв “хүчинтэй” гээд “үнэмлэх олгосон 2018/12/25, үнэмлэх хүчинтэй огноо 2028/12/25” гэж бичигдсэн Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар тогтоогдсон гэх  боловч энэ нотлох баримтыг анхан шатны шүүх шинжлэн судалсан байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй тул  уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. /хэргийн 213 дугаар хуудасны  ар тал/

Иймд Г.Оыг гэмт хэрэгт холбогдох тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэхийг шалган тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарч, түүний гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Дээрх хоёр баримтад тээврийн хэрэгслийн ангиллын талаарх мэдээллүүд хоорондоо зөрүүтэй бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.  

Мөн хэргийн 17-18, 19-20 дугаар хуудсанд “Замын Цагдаагийн алба, зам тээврийн осол дээр тогтоосон акт” гэх 2 адилхан нэртэй баримт байх бөгөөд үүнийг шүүх хуралдаанд улсын яллагч нь шинжлэн судлуулж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдсан байх  боловч ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна./хэргийн 17-18, 19-20, 213, 218 дугаар хуудас/

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчаар  Итайкар ХХК-ийг татан оролцуулсан боловч хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байгааг шүүхээс тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт ажил олгогч Итайкар ХХК болон ажилтан Г.О нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил олгогч компаний талаарх мэдээлэл авагдаагүй байна.

Компанийн тухай мэдээлэл тухайлбал, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх эрхийн гэрчилгээ, гэрээ, жолоочтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нь нотлох баримтаар хэрэгт зайлшгүй цугларсан байх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд мөн эсэхийг тогтоох үндэслэл болохын зэрэгцээ прокуророос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичих хяналтын эрх зүйн хэлбэрээ хэрэгжүүлэх, ингэснээр хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчим хэрэгжих болохыг шүүх, прокурор, мөрдөгч нар анхаараагүй байна.

Хуулийг нэг мөр хэрэглэх нь Прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг мөн. Монгол Улсын Зам, тээврийн  сайдын 2013 оны “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээний тухай” 11 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг, дөрөвдүгээр хавсралтаар гэрээний загварыг тус тус  баталжээ.  Уг гэрээний загварын 5.1 дэх заалтын 5.1.6-д “...2 ба түүнээс дээш удаа зам тээврийн осол гаргасан” тохиолдолд Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг цуцлахаар, Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэхэд тавигдах шаардлагад жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй жолоочоор тээврийг тээвэрлэлтийг гүйцэтгүүлж, эрхийн гэрчилгээг 3 жилээр олгож, гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж хэрэгжилтийг дүгнэсний үндсэн дээр 1 жилийн хугацаагаар тухай бүр сунгаж байхаар тус тус заасан байх ба энэ нөхцөл байдал иргэний хариуцагчид үүссэн эсэхийг шалган тогтоох нь прокурорын үйл ажиллагааны дээрх зарчимд нийцэх байжээ.

3. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоол нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар тусгах шаардлагыг хангаагүй байна.

Г.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “... 16 цагийн үед ... түлшээ авч уурхай явах гээд арагшаа ухраад... хартал хүн хэвтэж байсан...” гэж тэмдэглэгдсэн байхад мөрдөгч Г.Гантөр нь Г.О-ын мэдүүлсэн гэмт хэрэг гарсан байж болох цаг хугацаанаас өмнө буюу мөн өдрийн 12 цаг 45 минутанд Д.Б-аас энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл байх ба шүүх уг хоёр мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 88, 72-73 дугаар хуудас/

Иймээс мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэх байх ба хэргийн үйл баримтыг нотлох баримтаар бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Мөрдөгч Г.Гантөр нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 50 минутаас 22 цаг 10 минут хүртэл хугацаанд хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг явуулсан, мөн өдрийн 19 цаг 45 минутаас 20 цаг 25 минут хүртэл хугацаанд Г.О-аас гэрчийн мэдүүлэг авсан нь гэрчийн мэдүүлгийн болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүдээр нотлогдож байна. /хэргийн 06-08, 67-69  дугаар хуудас/

Ингэж нэг хугацаанд хоёр өөр төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нэг мөрдөгчийн үйл ажиллагаа, түүний бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүхшийдвэрийнхээ үндэслэл болгосон боловч уг нотлох баримтуудын эрх зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Дээр дурдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй,  мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй ч мөрдөгч, эрх бүхий этгээд нь шийдвэрээ утга найруулгагүй, ойлгомжгүй байдлаар  бичсэн байгааг магадлалд тэмдэглэж өгөх нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд.

Хэргийн 06-08 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 50 минутанд эхэлж, 22 цаг 10 минутанд дуусгасан “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-ийн 07 дугаар хуудсанд “...23-88 ач дугаартай хүрэн өнгийн чиргүүлийн ард мөргүүлсэн гэх хэвтэж байсан гэх бөгөөд уг хүний хэвтэж байсан гэх газрыг Б үсгээр тэмдэглэж Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хадны төвд байрлах “Хайрхан” эмнэлэг рүү эмч Л.Дуламсүрэнгийн хяналтанд албаны 07-66 УБҮ маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөн хүргүүлсэн байх байв...” гэсэн тэмдэглэлээс ямар нөхцөл байдлыг тогтоож байгаа, хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь тодорхой харагдахгүй байна. Автомашины улсын дугаар, марк, төрөл нь тус тусдаа ойлголт байхад Г.О-ын жолоодож байсан гэх тээврийн хэрэгслийг 07-66 УБҮ маркийн тээврийн хэрэгсэлгэж бичжээ.

Мөн үзлэгийн дээрх тэмдэглэлд “...Талийгаачийн цогцсыг 02 цаг 10 минутанд стана маркийн 31-02 улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ханбогд сум дахь цогцос хадгалах байрлуу зөөвөрлөсөн болно.” гэж бичигдсэнээс үзвэл хохирогч хэргийн газарт нас барсныг зөөвөрлөсөн мэт ойлгогдож байх боловч Г.О-ын “ .... талийгаачийг эмч, цагдаагийн хамт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн, талийгаач эмнэлэгт нас барсан талаар...” гэх яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг,  гэрч Ш.Ж-ын “....цагдаагийн машинд тухайн хүнийг оруулж өгсөн..” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад авагдсан мэдээллээс хохирогч эмнэлэгт хүргэгдсэн байж болох үйл баримт тогтоогдож байх боловч эмнэлгийн тусламж авсан  эсэх, хэзээ, хаана нас барсан нь тодорхой тогтоогдохгүй байна.

Түүнчлэн мөрдөгч нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолдоо “...автомашинд дайрагдсан байдалтай хүн эмнэлэгт хүргэгдсэн байдалтай нас барсан гэх хэрэг бүртгэлтийн 192900114 дугаартай хэргийг Ганхуяг овогтой Г.О үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж, мэргэжилтэн нь  Замын Цагдаагийн алба, зам тээврийн осол дээр тогтоосон актандаа  “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын ОНХЗХХ-ийн гэрээт цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Х.Хишигбаатар би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 20 минутын үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Хайрхан баг Цагаан хад гэх газарт Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талд сайжруулсан шороон замын зогсоолд Итайкар ХХК-ийн Норд Бенз маркын 86-43 УНЗ улсын дугаартай 16-50 АЧ чиргүүлийн дугаартай нүүрс тээврийн хэрэгслийг Ганхуяг овогтой Г.О /РД:.............../ нь ухрах үйлдэл хийхдээ Мэдэхгүй овогтой М.О  /РД:............../ мөргүүлсэн байж болзошгүй гэх зам тээврийн осол гаргасан байв” гэж  агуулга, найруулга зүйн хувьд ойлгомжгүй мэдээлэл бүхий шийдвэр гаргасан байна. /хэргийн 03, 17 дугаар хуудас/

Иймд мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй шийдвэрээ хэл зүй, өгүүлбэр зүйн дүрмийн хувьд алдаагүй бичиж байвал зохино.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.От холбогдох 1929001140060 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

            2.  Дээд шатны прокурорын эсэргүүцлийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.        

            3. Хэргийг прокурорт очтол Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

      

                       

 

                    

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                       Т.БЯМБАЖАВ