Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2021/0146/З |
Дугаар | 128/ШШ2021/0395 |
Огноо | 2021-06-04 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2021/0395
2021 06 04 128/ШШ2021/0395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц***********н Э***********н (РД:************)
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: С*******рын О********* (РД:***********), Боловсролын зээлийн сан,
Нэхэмжлэлийн шаардлага: ...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай талбайн Ү-220**** дугаар улсын бүртгэл, 00028*** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ц.Эн********н намайг С.О******лын хамт бүртгэхийг даалгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э********н, түүний өмгөөлөгч Б.М*********д, гуравдагч этгээд С.О******лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******а, түүний өмгөөлөгч Б.Х*******а, гуравдагч этгээд Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******р, гэрч Б.С******г, С.С*****р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай Y-2205051575 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь одоогоор 100 хувь С*****рын О*****л /У******/-ын нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд Ц*****дийн Э********н миний бие хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, 50 хувиар өмчлөх эрхийг хэрэгжүүлэх ёстой юм. Миний бие С.С*******р /одоогийн өмчлөгч С.О******лын аав/-тай тохиролцож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг "Ж*********д" XХК-д бүрэн төлж барагдуулаад гэрчилгээ гарна гэж хүлээж байсан. С.С*******р нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 607 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгийн тухайд эхнэр Ч.Б*******тай эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Шүүхийн шийдвэрт "Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар байгуулсан эд хөрөнгө хуваах гэрээг баталсугай" гэж, нотариатчаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээнд ...3. Гранд плазад байгаа 52.06 м.кв талбайтай (6-5 тоот) үйлчилгээний хэсгийг С.С*******р нь бусадтай хамтран өмчилдөг бөгөөд өөрийн нэрээ татан хүү О*******лыг уг үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр оруулж..." гэж тусгагдсаны дагуу С.С*******рын хүү C.О*******л үл хөдлөх эд хөрөнгийг надтай хамтран өмчлөх ёстой байсан.
Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой процесс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явагдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2427 дугаар албан бичигт "...Эд хөрөнгө хуваах тус гэрээнд төлбөр төлөгч С.С*******р нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо "Гранд плаза"-гийн 6-5 тоотод байрлах 52.06 м.кв талбайтай үйлчилгээний хэсгийг бусадтай хамтран өмчилдөг бөгөөд өөрийн нэрээ татаж хүү С.О******лыг уг үйлчилгээний талбайн өмчлөгчөөр оруулж улмаар уг түрээсийн орлогыг С.О******лдоо зориулахаар тусгажээ. Иймд дээрх үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг С*******рын О*******л, Б*******вын С*******г (миний эхнэр) нарын нэр дээр гаргаж, гэрчилгээг манай албанд ирүүлнэ үү" гэж тодорхой дурдагдсан боловч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хамтран өмчлөгч миний эрхийг ноцтой зөрчиж, зөвхөн С.Оpгилын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэн, гэрчилгээ гаpган олгожээ.
Энэ талаарх баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан гомдлоо гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 8/8320 дугаар албан бичгээр "Иргэн С.О******л нь БШУЯ-ны Боловсролын зээлийн сантай хамтарсан гэрээ, барьцааны гэрээ байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна, шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэх хариуг ирүүлсэн
Улмаар энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй Б.С*******гээр дамжуулан нэхэмжлэлээ гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 8650 дугаар шүүгчийн захирамжаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 866 дугаар тогтоолоор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Анхан шатны шүүх "...нэг талаас С.С*******р, нөгөө талаас Ц.Э********н нар гарын үсэг зурсан" гэж, Давж заалдах шатны шүүх "...нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд маргаж буй акт нь шүүхэд хандаж байгаа этгээд болох нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүнд чиглэгдсэн байхыг хуулиар шаардсан...Тодруулбал 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн хамтран эзэмших гэрээг нэг талаас С.С*******р, нөгөө талаас Ц.Э********н нар байгуулж, гарын үсэг зурсан,...Ц.Э********н нь өөрийнхөө төлөөлөгчөөр Б.С*******гийг томилоогүй байна" гэж дүгнэж, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг Ц. Э********н намайг байх ёстой хэмээн тодорхойлсон байх тул өөрийн нэрээр ийнхүү нэхэмжлэлээ дахин гаргаж байгааг хүлээн авна уу.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гардан авч танилцсан бөгөөд шүүхээс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэлээ гаргах ёстой гэж дүгнэснийг хүлээн авч 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргалаа.
Нэхэмжлэгч Ц.Э********н миний бие Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулан ажлын албаны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2427 дугаар албан бичгийн дагуу Гранд плаза төвийн худалдаа үйлчилгээний төвийн талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг С.О******л, Б.С*******г (Ц.Э********н) нарын нэр дээр гарсан гэж ойлгож байсан бөгөөд С.О******лын ээж тухайн талбайг түрээслүүлж, түрээсийн төлбөрийн талыг бидэнд өгдөг байсан ч 2020 оноос өгөхөө больж, харьцахаа огт больсон. Үүний дараа би өөрийн найз С.О******лын аав С.С*******рт 2020 оны 07 сарын cүүлээр энэ тухай хэлж, лавлуулахад гэрчилгээ зөвхөн С.О******лын нэр дээр гарсан юм байна гэдгийг мэдэж надад хэлсэн. Улмаар хуучин эхнэр Б.С*******гээр (учир нь миний бие хөрөнгийг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан бичгийн дагуу Б.С*******гийн нэр дээр бүртгэгдэх ёстой гэж ойлгож байсан. Б.С*******г бид хоёр нэг гэр бүл байсан бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн хувьд нэгдмэл сонирхолтой) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2020 оны 08 дугаар сарын 18-ны хандаж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08/8320 дугаар албан бичгээр хариу авч, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Улмаар шүүх Б.С*******г нэхэмжлэгч биш, Ц.Э******н нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн тул ийнхүү дахин нэхэмжлэлээ гаргаж байraar хүлээн авна уу.
Хэдийгээр маргаан бүхий захиргааны акт, бүртгэл нь 2013 оных боловч, энэ тухай буюу нэг өмчлөгчийн эрхийг зөрчсөн, хууль бус бүртгэл байсан гэдгийг 2020 оны 7- 8 сарын үед мэдсэн гэдгийг шүүх анхаарч үзнэ гэж найдаж байна. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж гаргасан гомдол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 8/8320 дугаар албан бичиг (хавсаргасан баримтын 11, 12)-ийг хавсарган өгсөн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан, маргасан зүйл байхгүй. Урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, хариу авсныхаа дараа шууд шүүхэд нэхэмжлэлээ гарrаcан.
"000282332 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг захиргааны акт биш, актын шинжийг агуулаагүй гэж үзжээ. Миний бие Y дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээ аль алинтай маргаж байгаа бөгөөд тус маргаан бүхий гэрчилгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг хэн өмчлөх ёстойг тодорхойлж байгаа бөгөөд гэрчилгээг хүчингүй болгуулж, өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээг шинээр гаргуулснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноо хуульд нийцнэ гэж үзэж байна.
Иймд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай Ү-2205051575 дугаар бүхий улсын бүртгэл, 000282332 дугаар бүхий гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ц.Э********н намайг бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ
Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайван өргөн чөлөө 46 дугаар байр Гранд плаза худалдаа, үйлчилгээ, оффисийн цогцолборын 6-5 зориулалттай, тоот, 52.06 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг бүртгүүлэхээр иргэн С.О******л /У**********3/ нь 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлэг, төлбөрийн баримт, өргөдөл, иргэний болон төрсний гэрчилгээний хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Ж*********д XXK-ний 441/13, 442/13 тоот албан бичгүүд, 2006 оны 5 дугаар сарын 5-ний өдрийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, фото зураг, 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн 298 дугаартай гүйцэтгэх хуудас, 2013 оны 4-р сарын 24-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 607 дугаар шийдвэр, 2013 оны 4-р сарын 23-ны өдрийн эд хөрөнгө хуваах гэрээний хуулбар, 2010 оны 5-р сарын 25-ны өдрийн Улсын комиссын акт, 2013 оны 10-р сарын 23- ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2/2427 тоот албан бичиг, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11-р сарын 18-ны өдрийн 1710 тоот хариу албан бичиг, хаяг олгосон албан бичиг, эд хөрөнгийн план зураг гэх зэрэг нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн 000282332 дугаартай гэрчилгээ бичиж, эрхийн улсын бүртгэлийн Y2205051575 дугаарт бүртгэсэн байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн БШУЯ-ны Боловсролын зээлийн сантай байгуулсан барьцаа бүртгэлтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үүрэг дуусгавар болсон бүртгэл тус газарт бүртгэгдээгүй байгаа болно. Yүргийн гүйцэтгэлийн талаар УБЕГ-аас Захиргааны eрөнхий хуулийн 27-д заасны дагуу албан бичгээр тодруулга авсан бөгөөд 2020 оны 9-р сарын 10-ны өдрийн 640 тоот хариу албан бичигт Гэрээний хугацаа дуусах хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшилд аливаа өөрчлөлт оруулахгүй rэсэн хариу өгсөн байна. /УБЕГ-ын 2020 оны 9-р сарын 18-ны өдрийн 8/8820 тоот албан бичиг/
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагч талын эрх ашиг хөндөгдөх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 17-р зүйл 17.5-д заасны дагуу гуравдагч этгээдээр БШУЯ-ны Сургалтын төрийн санг оролцуулж өгнө үү.
"Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйл, 13.9-т Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ Yүргээ зерчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг бөгөөд хэрэв иргэд хоорондын эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байгаа бол иргэн С.О******л нь хариуцах үүрэгтэй болно. /Тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар.../
Мөн мэдүүлгийг иргэн С.О******л нь зөвхөн өөрийн нэр дээр авахаар байсан бөгөөд холбогдох нотлох баримтуудад иргэн дангаар гаргасан Ц.Э********н хамтран өмчлөгчөөр орох тухай байхгүй байгааг шүүх анхааралдаа авна уу.
"Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 14 дүгээр зүйл мөн хуулийн 17.18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Улсын бүртгэлийн ерөнхий хууль" болон "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль" бусад хууль дүрэм журам зөрчөөгүй бүртгэл хийгдсэн байна. Тухай үед мөрдөгдөж байсан хуулиар.../
Уг хэрэг маргаан нь захиргааны хэрэг маргаан гэхээс илүү иргэд хооронд yүссэн хэрэг маргаан гэж харагдаж байгаа тул иргэн С.О******л нь уг маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 17-р зүйл 17.5-д заасны дагуу гуравдагч этгээдээр О.О*******лыг оролцуулж өгнө үү.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 106-р зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа: ...Би иргэн Ц.Э********нгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Б********хийн тус шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа бөгөөд нэмэлтээр дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн челөө гудамж 46 байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот хаягт байрлах үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг иргэн С.О******лын өмчлөлд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051575 дугаарт бүртгэсэн байдаг.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугaар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах үндэслэлүүдийг дурдсан, 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт хавсаргах нотлох баримтыг зааснаас гадна УБЕГ-ын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 3-т "Мэдүүлэг хүлээн авах", 4.4-т Шинээр баригдсан барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд тавигдах шаардлагыг тус тус заасан байдаг.
Иргэн С.О******лын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт нь дээрх хууль, журамд заасан шаардлагад нийцсэн, мен хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.О******лын өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Иргэн Ц.Э********н нь тус үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх байсан бол тухайн үед иргэн С.О******лын гаргасан мэдүүлэг дээрх хуулийн 13.5-д "Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:", 13.5.1-д "тухайн этгээд уг ул хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг:" гэж заасны дагуу өмчлөх эрхтэйгээ нотолсон баримтаа хавсарган ирүүлэх байсан ба мэдүүлгийн хамтран өмчлөгч хэсгийг бөглөх шаардлагатай байсан.
Ийм учраас иргэн Ц.Э********н нь өөрийгөө хохирсон гэж үзвэл дээрх хуулийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө." гэж заасны дагуу мэдүүлэг гаргасан С.О******л хариуцах үүрэгтэй байх тул Ц.Э********нгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд С.О******л нь хариу тайлбартаа: ...Тус шүүхэд хэлэлцэгдэж буй Ц.Э********нгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргaаны хэрэгт иpгэн С.О******л намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан тухай и-мэйлээр мэдэгдсэнийг хүләэн авч, нэхэмжлэлийн шаардлагатай танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна.
Миний эцэг С.С*******р нь "Ж*********д групп"-тэй Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффисийн цогцолбор барилгын 6 давхрын 6-5 тоот, 52,06м.кв талбай бүхий үйлчилгээний танхимд "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулж, гэрээний Yyprээ бүрэн биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.
Миний эцэг С.С*******р, эх Ч.Б*******а нар 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тэдний хооронд байгуулагдсан "Эд хөрөнгө хуваах гэрээ", Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.04.24-ний өдрийн 607 дугаар шийдвэр, ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2013.09.13-ны өдрийн 2/1998 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг үндэслэн Ж*********д групп нь дээрх С.С*******ртай байгуулсан гэрээг цуцалж, С.О******л надтай /намайг төлөөлж асран хамгаалаагүй ээж Ч.Б*******а/ 2006.05.05-ны өдрийн 060505 тоот "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-г байгуулсан бөгөөд миний нэр дээр ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулах тухай 2013.10.07-ны өдрийн 441/13, 442/13 дугаар албан бичгүүдийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн билээ.
Ийнхүү Улсын бүртгэлийн ерөнхий газраас С.О******л намайг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ, оффисийн цогцолборын 6-5 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 52.06 м.кв талбай бүхий ул хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-2205051575 дугаарт бүртгэж, 2013.11.06-ны өдөр улсын бүртгэлийн 000282332 дугаартай гэрчилгээг олгосон.
Улсын бүртгэлийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, С.О******л миний "Ж*********д групп"-тэй байгуулсан 2006.05.05-ны өдрийн 060505 дугаар "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ" хүчин төгөлдөр хэвээр байгаа, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 607 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь чухам ямар баримтыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох ёстой, 50 хувиар өмчлөх эрхийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлдээ "ШШГЕГ-ын харьяа ажлын албаны албан бичигт "... үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг С*******рын О*******л, Б*******вын С*******г нарын нэр дээр гаргаж, гэрчилгээг манай албанд ирүүлнэ үү" гэж тодорхой дурдагдсан боловч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хамтран өмчлөгч миний эрхийг ноцтой зөрчсөн" хэмээн дурдсанаас үзэхэд Б.С*******г гэх хүний биш Ц.Э********н миний эрх хөндөгдөөд байна гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэлд дурдагдсан "С.О******лын ээж тухайн талбайг түрээслүүлж, түрээсийн төлбөрийн талыг бидэнд өгдөг байсан" гэх тайлбар нь огт үндэслэлгүй бөгөөд миний ээж Ч.Б*******а нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөр өгдөггүй байсан бөгөөд өгөх үүргийг ч хүлээдэггүй.
Мөн нэхэмжлэгч нь хууль бус, эрх ашгийг нь хөндсөн гэж үзэж буй 2013 оны бүртгэлийг 2020 оны 7-8 сарын үед мэдсэн гэх атлаа шүүхэд 2021.02.08-ы өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Нэг гэр бүл байсан гэх Б.С*******гийн гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авахаас татгалзсан явдал нь Ц.Э********нгийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах, хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна
Иймд, нэхэмжлэгч Ц. Э********нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа: ...Иргэн Цэндийн Э********н нь Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай талбайн Y-2205051575 дугаар улсын бүртгэл, 000282332 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ц.Э********нг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс гэж заасан байна. Харин Боловсролын зээлийн санг энэхүү захиргааны хэрэгт гуравдагч оролцох талаар мэдэгдэх хуудас ирүүлсэн.
Боловсролын зээлийн сан нь 1993 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд сургалтын төлбөрийн зээл олгох, тэдэнд туслах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ыг баталсан. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад "Сургалтын зээлийг тухайн их сургуулиас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан олгоно гэж заасны дагуу С*******р овогтой О*******л нь холбогдох шалгуурыг хангасан тул 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр "Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний хавсралт гэрээ "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ'-г байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор гэрээнд заасан барьцаа хөрөнгийг барьцаалуулахыг хүссэн бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг шүүхээр шийдвэрлүүлэх замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч уг гэрээг байгуулсан байна. /барьцааны гэрээний 1.2 дахь хэсэг/
Тус гэрээний 2.4-т" Барьцааны зүйл барьцаалагчийн өмчлөлд эс бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшилд байна. Барьцааны өмчлөлийн зүйлийг өөрчлөх тохиолдолд заавал барьцаалагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тухайн барьцаа өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
2.7-д "Барьцааны харилцан нь барьцаалуулагчийн эс бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль ёсны өмчлөл мөн бөгөөд энэхүү барьцааны зүйлд нэхэмжлэл үүсээгүй, хуулийн шаардлага хангасан байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр уг гэрээ дуусгавар болно." гэж тус тус заасан болно.
С*******р овогтой О*******л нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн A/215 дугаар тушаалаар Америкийн Нэгдсэн University of Colorado at Boulder" их сургуульд инженер мэргэжлээр Улаан Улсын суралцахаар 3ээлд хамрагдахаар батлагдаж Боловсролын зээлийн сантай 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өдөр "Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ", гэрээний хавсралт гэрээ "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ"-г байгуулсан. С*******рын О*******л нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө /Ү-2205051575/-г барьцаалсан болно. Тухайн үед өмчийн ямар нэг маргаан байгаагүй бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогддог.
Энэхүү гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа тул манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг үүгээр мэдэгдье. Гэрээний хугацаа дуусах хүртэл үл хөдлөх хөрөнгийн эзэмшилд аливаа өөрчлөлт оруулахгүй байх саналыг хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э********нгээс ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай талбайг хамтран өмчлөх эрхтэй, улсын бүртгэлийн байгууллага зөвхөн С.О******лын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус болсон... гэж,
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, улсын бүртгэгч хуульд заасан журмын дагуу бүртгэсэн, хэрэв хуурамч баримт бичиг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн бол буруутай этгээд хохирлыг төлөх ёстой... гэж,
Гуравдагч этгээд С.О******лын зүгээс ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэй, улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлоо гаргаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Б.С*******г гэх хүний биш Ц.Э********н миний эрх хөндөгдөөд байна гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна... гэж,
Гуравдагч этгээд Боловсролын зээлийн сангийн зүгээс ...гэрээний хугацаа дуусах хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшилд аливаа өөрчлөлт оруулахгүй байх саналыг хүргүүлж байна. С.О******л нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан. Тухайн үед өмчийн ямар нэг маргаан байгаагүй бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. Манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа... гэж тус тус маргасан.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар, бодит нөхцөл байдлыг судлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Э********н нь анх 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн хамтран эзэмших гэрээг С.С*******ртай байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Ж*********д ХХК-иас ирүүлсэн баримт болон гэрч С.С*******рын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гуравдагч этгээд С.О******лын аав С.С*******р нь үл хөдлөх эд хөрөнгийг бусадтай хамтран өмчилдөг тухайгаа дурдаж, өөрийн өмчлөх эрхийг хүүдээ шилжүүлэх, хүүгээ хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх үүрэг хүлээж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 607 дугаар шийдвэрээр эд хөрөнгө хуваах гэрээгээ батлуулж байжээ.
Улмаар энэхүү шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх явцад хариуцагчийн зүгээс алдаатай, хууль зөрчсөн бүртгэл хийсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2427 тоот албан бичигт ...өмчлөх эрхийн гэрчилгээг С*******рын О*******л, Б*******вын С*******г нарын нэр дээр гаргаж, гэрчилгээг манай албанд ирүүлнэ үү. Хавсралт 15 хуудас гэж дурдаад С.С*******рын нэхэмжлэлтэй, Ч.Б*******ад холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг хүргүүлжээ.
Гуравдагч этгээд С.О******л 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан гаргасан өргөдөлдөө Өмчлөгчдийн тоо 2, хамтран өмчлөгчид: 1. Б*******в С*******г (эцгийн нэр, нэрийг дарсан) гээд өргөдлийнхөө ард Б.С*******гийн иргэний үнэмлэхийг хуулбарлан нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд уг мэдүүлгийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөглөсөн болох нь шүүх хуралдаан дээрх тайлбараар тогтоогдоно.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 11.1.1-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянан үзэх, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргах, 12 дугаар зүйлийн 12.4-д Улсын бүртгэгч дараах эрхтэй, 12.4.1-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах, 12.5-д Улсын бүртгэгч дараах үүрэгтэй, 12.5.1-д эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх, 13 дугаар зүйлийн 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, 13.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг, улсын бүртгэгчийн эрх, үүрэг, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлэг гаргах журмыг хуульчилжээ.
Гэтэл улсын бүртгэгч энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээр дурдсанчлан эргэлзээ бүхий олон асуудлыг хянан үзээгүй, баримт бичиг, мэдүүлэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зарчим зөрчигдөх шалтгаан болжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 11.5.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11.5.2-т энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 11.5.11-д улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх гэж улсын бүртгэгчийн эрх, үүргийг хуульчилсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.2-т Улсын бүртгэгч нь холбогдох хууль болон энэ журамд тусгайлан заасан эсвэл бие даан шийдвэрлэхэд бэрхшээлтэй, маргаантай, нарийн төвөгтэй асуудлыг холбогдох тасаг, хэлтэс, газрын даргад танилцуулж, зөвлөлдөн чиглэл авч ажиллана. Шаардлагатай бол хэлтэс, газрын дарга нь Улсын ерөнхий бүртгэгчид танилцуулж шийдвэрлүүлнэ, 3.2-т Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна, 4.3-д Энэхүү журмын 4.1, 4.2-т зааснаас бусад эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтална..., 4.3.2-т тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, өмчлөгч нь иргэн бол өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд өргөдөл гаргагчаар гарын үсгийг зуруулж, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч хавсаргана, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна гэж тус тус журамласан. Хэдийгээр ийнхүү улсын бүртгэгчид хуулиар бүрэн эрх олгогдож, бүртгэлийн үйл ажиллагаа журамлагдсан ч улсын бүртгэгч бүртгэлийн үйл ажиллагаанд өөрийн үүргийг хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан бичиг, гуравдагч этгээд С.О******лын өргөдөл, Б.С*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээ зэргийг анхааралгүй, тэдгээрт эрх зүйн дүгнэлт өгөлгүй бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан нь хамтран өмчлөгч Ц.Э********нгийн эрхийг зөрчсөн байх бөгөөд хариуцагчийг буруутгах үндэслэл болно.
Нэхэмжлэгч Ц.Э********н нь Б.С*******гтэй гэр бүл байсан тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хэний нэр дээр бүртгэлтэй байхаас үл шалтгаалан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцогдоно гэж үзсэн талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа дурдаж, Б.С*******г гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байгааг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гуравдагч этгээд С.О******л үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхдээ Б.С*******гийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсарган, өргөдөлдөө хамтран өмчлөгч хэмээн дурдаж, С.О******лын ээж Ч.Б*******а 2017 оныг хүртэл талбайг түрээслэн төлбөрийг гэрч Б.С*******гийн дансаар шилжүүлж байснаас дүгнэхэд гуравдагч этгээд нь Ц.Э********нгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөвшөөрч байжээ гэж дүгнэхээр байна.
Нэхэмжлэгч Ц.Э********н 2020 оны 7 дугаар сарын сүүлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө зөвхөн С.О******лын нэр дээр бүртгэгдсэн гэдгийг аав С.С*******раас нь мэдсэн гэж тайлбарладаг бөгөөд гэрчүүд болох Б.С*******г, С.С*******р нар ижил мэдүүлэг өгсөн. Өмнө нь мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх тухай гуравдагч этгээдийн хүсэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Улмаар нэхэмжлэгч нь захиргааны үйл ажиллагааг мэдсэн даруйдаа 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 09 дүгээр сарын 18-ны өдөр хариу авсан бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 866 дугаар тогтоолоороо ...Нэхэмжлэл гаргагч Б.С*******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзэхэд Б.С*******г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч биш бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл нь нэхэмжлэгчид хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн хамтран эзэмших гэрээ-г нэг талаас С.С*******р, нөгөө талаас Ц.Э********н нар байгуулж, гарын үсэг зурсан, харин нэхэмжлэл гаргагч Б.С*******г энэхүү гэрээнд оролцоогүй, мөн ... хамтран өмчлөгч нь Б.С*******г мөн гэдгийг тогтоосон баримтууд гэж үзэх үндэслэлгүй, Ц.Э********н нь өөрийн төлөөлөгчөөр Б.С*******гийг томилоогүй байна... гэх дүгнэлт хийсэн байна. Үүнээс дүгнэхэд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэг л эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаж, цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тухайлан Ц.Э********нг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах шаардлагыг биелүүлэх ёстой гэж үзэхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д ...энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэл илтэд тогтоогдохгүй, улсын бүртгэлийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбар гаргасаар байхад шүүх энэ зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь хуульд нийцэхгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.С*******гийг бүртгүүлэх тухай С.С*******рын хүсэлтийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/2251 дугаар албан бичиг хүргэгдсэн байх бөгөөд энэ талаар үйл баримт гэрч С.С*******рын мэдүүлгээр тогтоогдоно.
Гуравдагч этгээд Боловсролын зээлийн сан нь С.О******лтой байгуулсан гэрээний үүрэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байгаа ч энэ нь барьцааны гэрээний өмнөх захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд хамааралгүй, тухайлбал 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн улсын бүртгэлийг шүүх дүгнэхэд саад болохгүй юм.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр гуравдагч этгээд Боловсролын зээлийн сангийн барьцааны эрх зөрчигдсөн гэж үзвэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан дагуу, Иргэний хуульд заасан гэрээний нийтлэг зохицуулалтын хүрээнд учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанаас 1 цагийн өмнө ирж хэргийн материалтай танилцаад, үргэлжлүүлэн шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтээ шүүгчийн туслахад илэрхийлсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан. Шүүхээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлах үндэслэл байгаагүй бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, санал гаргаагүй тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдааны дараа ...нэхэмжлэгчийг биечлэн оролцуулсан атлаа гуравдагч этгээдийг оролцуулаагүй... гэх гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй, учир нь шүүх санаачлагаараа нэхэмжлэгчийг биечлэн оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 12.5, 12.5.1-д заасныг тус тус баримтлан Ц.Э********нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай талбайн Ү-2205051575 дугаар улсын бүртгэл, 000282332 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.О******л, Ц.Э********н нарыг хамтад нь бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргаж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА