Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0479

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0479

Улаанбаатар хот

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунсоёлын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Н ХХК

Хариуцагч ОАЗД

Гуравдагч этгээд Ц.Э, Ш.О

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/,

гГравдагч этгээд Ц.Э /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 119/2023/0026/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн ОАЗДд холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дүгээр захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунсоёл дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд анхан шатны шүүхэд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан ба учир нь маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2022 оны А/752 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн үндэслэх хэсэгт "Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан 9 иргэнд хавсралт ёсоор газар эзэмших эрх шилжүүлсүгэй" гэсэн байсантай холбоотой юм. Тодруулбал, тус газар дээр байсан үл үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан гэх ямар ч үйл баримт байхгүй байхад үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж авсан мэтээр Засаг дарга захирамж гаргасан. Иймд уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө байсан эсэх, бодитоор шилжсэн эсэхийг тодруулахын тулд иргэн Ш.Оээс иргэн Ц.Эт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан боловч уг асуудлыг хамааралгүй хэмээн үзэж тус хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болсон. Бодитоор үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж аваагүй бол уг захирамжийг гаргасан үндэслэл өөрөө хууль ёсны биш болох үр дагавартай байсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхой болгохоор энэхүү хүсэлтийг гаргасан боловч 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 119/ШЗ2024/0182 дугаартай "Хүсэлт шийдвэрлэх тухай" захирамжаар хүсэлтийг хүлээн аваагүй буюу шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд арга буюу өөрсдийн зүгээс тус маргаан бүхий газарт огт үл хөдлөх хөрөнгө байгаагүйг Google earth сансрын 2017- 2022 онуудын зургийг гарган өгсөн. Маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2020 оны А/262 захирамжаар иргэн Ш. Одончимэгт газрын байршил өөрчлөн эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2020 оны 10 дугаартай "Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах заримарга хэмжээний тухай" тогтоолын 7 дах хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доор газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай гэснийг зөрчсөн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг нотлохоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тус төрийн байгууллагад олгосон газрыг төрийн өмчөөс хэрхэн хассан, тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагч болон гуравдагч этгээдэд мөн л давуу байдал олгож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Бидний олж мэдсэнээр орон нутгийн өмчлөлийн газрыг Засаг дарга дур мэдэн олгосон байж болзошгүй асуудал тогтоогдсон учир энэхүү хүсэлтийг гаргасан байдаг. Бидний зүгээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн бөгөөд тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 119/Ш32024/0083 дугаартай захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасан хугацааг зөрчин 5 хоног гэж зааж хуульд заасан хугацаанаас хэт бага хугацаа олгож нэхэмжлэгчийн эрхийг зөрчин, мөн л хариуцагч, гуравдагч этгээдэд давуу байдал олгож байгаа гэж дүгнэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.5-д "... Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны хойд талд байрлах газарт Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан учраас тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар "Газрын байршил өөрчлөх тухай" захирамжаар Ш.От Цагаанчулуут баг, 7А хороололд 1000 м.кв газрыг 12 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газрын байршлыг өөрчлөн шийдвэрлэсэн" гэж дүгнэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар зөвхөн улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрын байршлыг өөрчлөхийг зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн тоглоомын талбай болгож тохижуулсан гэх үндэслэлээр тухайн иргэнд давуу байдал олгож газрын байршлыг өөрчилсөн нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангахын тулд аливаа үндэслэл бүхэн нь хууль зүйн үндэслэл бүхий тайлбартай байх учиртай.

Хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй тайлбарласнаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангах ба ийнхүү өөрчилсөн асуудалд шүүхээс үндэслэл бүхий тайлбар хийх ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.6-д "... 1000 м.кв газрын хэмжээг Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар "Газрын хэмжээ өөрчлөх тухай" захирамжаар 1850 м.кв болгон нэмэгдүүлж өөрчилсөн нь үндэслэлтэй эсэх асуудлыг шүүх дүгнээгүй. Газрын тухай хуульд талбайн хэмжээ иргэн Ш.Оийн хүсэлтийг үндэслэсэн гэх бөгөөд уг асуудлаар ямар нэгэн дуудлага худалдаа зохион байгуулаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болохыг шүүх дүгнэж, хууль хэрэглээний алдаа гаргасан, эрх зүйн зөрчилтэй болохыг дүгнэсэн хэр нь уг асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь өөр хоорондоо зөрчилтэй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, газрыг Засаг дарга дур мэдэн олгож болох мэтээр дүгнэж, хууль зүйн үүднээс эрх зүйн зөрчил байгаа асуудлыг зөвтгөсөн үндэслэл бүхий тайлбар хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг асуудлыг хэрэвзээ шүүхээс хүлээн зөвшөөрч, эрх зүйн зөрчил биш мэтээр дүгнэвэл цаашид газрын аливаа төрлийн маргаанд Газрын тухай хууль хамаагүй мэт жишиг үүснэ. Тухайн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг бидний зүгээс 2017 оноос хойш гаргаж ирсэн ба энэхүү газрыг эзэмших, тохижилтын ажил хийх ашиг сонирхол бидэнд байсан. Уг хүсэлттэй холбогдуулан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас "... "Төрийн байгууллагын нэгдсэн ажлын байр"-ны зориулалтаар эзэмшүүлсэн газрын байршилтай давхцаж байна" гэх хариуг ирүүлж байсныг бид нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн. Бидний гаргасан хүсэлтэд төрийн байгууллага газар гэх хариуг ирүүлж байсан хэр нь өөр иргэнд тухайн төрийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр шууд эзэмших эрх олгож, талбайн хэмжээг нэмэх зэргээр давуу байдал олгосон нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна. Мөн уг маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй байгаа болохоо бид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ОАЗДд илэрхийлж, хүсэлт гаргаж байсан ба аймгийн Засаг даргын зүгээс 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/572 дугаар албан бичигт "... Засаг дарга нь батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх эрхтэй болно. танай байгууллагын хүсэлтэд дурдсан тухайн газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгасан болохыг үүгээр мэдэгдье" гэсэн байдаг атлаа 2022 оноос өмнө бусдад шууд эзэмшүүлсэн асуудлыг шүүх бодитоор нь дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.17-д "... захиргааны актыг илт хууль бусад тооцуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, Ш.От газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар "Ньютур сафарис" ХХК-ийн кинотеатрын зориулалтаар одоо эзэмшиж буй газар эзэмших, ашиглах эрхэд халдаагүй, Ш.От эзэмшүүлсэн газрыг "Ньютур сафарис" ХХК нь Газрын тухай хуульд зааснаар давуу эрхээр эзэмших эрх хуулиар үүсээгүй, уг маргаан бүхий газар дээр тус компанийн эзэмших эрх түрүүлж үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргээс дүгнэхэд тухайн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна" гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй юм. Бид тухайн газарт газар эзэмших давуу эрхтэй гэж маргаагүйтэй адил иргэн Ш.От ч давуу эрх байхгүй бөгөөд бидэнд давуу эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчиж газар олгосон шийдвэрийг зөвтгөх үндэслэл биш. Түүнчлэн давуу эрх үүсээгүй гэдэг нь бидний ашиг сонирхол байхгүй гэж үзэх, эрх хөндөгдөхгүй гэж дүгнэх үндэслэл биш. Бидний зүгээс тухайн газрыг хууль ёсных нь дагуу эзэмших ашиг сонирхол байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдох бөгөөд бидний эзэмшиж буй газартай хил залгаа, хөрш газрыг ч хууль зөрчиж олгуулдаггүй байх ашиг сонирхол ч бидэнд байж болно. Ашиг сонирхол гэдгийг анхан шатны шүүх давуу эрхтэй холбож хэт явцуу байдлаар тайлбарласанд гомдолтой байна. Дээрх байдлуудаас үзэхэд бидний зүгээс анхан шатны шүүх тус хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлээгүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу тус захиргааны хэрэг маргааныг бүхэлд нь хянаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нэхэмжлэгч Ньютур сафарис ХХК-аас илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Ш.Оийн эзэмшиж буй Зэст багт орон сууцны зориулалттай 1000 м.кв газрын байршлыг өөрчлөн, Цагаанчулуут баг, 7А хороололд эзэмшүүлсэн, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дүгээр захирамжаар тухайн газрын хэмжээг 1850 м.кв болгож нэмэгдүүлсэн, харин 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжаар Ш.Оийн эзэмшиж байсан 1850 м.кв газрыг эзэмших эрхийг Ц.Эт шилжүүлж тус тус шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч нь ... манай кинотеатр болон Содмонгол групп-ийн 54 шатахуун түгээх станцын дундах газрыг Ц.Э нууцлаг байдлаар эзэмших эрхийг олж авсан, тухайн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй, нэхэмжлэгчийг 2017 оноос хүсэлт гаргахад татгалзсан атлаа бусдад эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх ... маргаан бүхий газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 17 дугаар захирамжаар төрийн байгууллагуудын нэгдсэн ажлын байр барих зориулалтаар Орон нутгийн өмчийн алба эзэмшиж байсныг маргаан бүхий 2020 оны А/262 дугаар захирамжаар Ш.От эзэмшүүлсэнтэй тухайн газрыг эзэмшиж байсан Орон нутгийн өмчийн алба маргаагүй байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, ... Ш.Оийн Зэст багт эзэмшиж байсан газарт Баян-Өндөр сумын хүүхдийн тоглоомын талбай барьснаас эзэмших боломжгүй болсонтой холбоотой маргаж буй байршилд газрыг шилжүүлэн эзэмшүүлснийг буруутгах үндэслэлгүй ... газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, алдаа гаргасан боловч илт хууль бус гэж тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо ...Орхон аймгийн Засаг даргын 2022 оны А/752 дугаар захирамжид "Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан 9 иргэнд хавсралт ёсоор газар эзэмших эрх шилжүүлсүгэй" гэсэн боловч үл үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан гэх ямар ч үйл баримт байхгүй. Орон нутийн өмчлөлийн газрыг дур мэдэн бусдад шилжүүлсэн, уудлага худалда төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй байхад бодитой дүгнэлт хийгээгүй, Газрын тухай хуулийн зөрчил байгаа асуудлбг зөвтгөсөн тайлбар хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчих нь хамаагүй мэт жишиг үүсгэнэ, Одончимэгт давуу эрх байхгүй байхад газрыг эзэмшүүлсэн байхад хэт явцуу дүгнэлт хийсэн ... гэх зэрэг үндэслэлээр гаргажээ.

5. Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны бүхий л алдаатай, хууль бус үйл ажиллагааг хянаж, засуулахад чиглэхгүй, харин захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргасан захиргааны актын тухайд хууль зөрчсөн, алдаа байгааг дүгнэсэн боловч тухай алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй байх тул дээрх гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч Ньютур сафарис ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/07 дугаар албан бичгээр кинотеатрын орчны газрыг тохижуулах-ыг хүссэн хүсэлт анх гаргасан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/07-19, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/190, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/270-110, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/034, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/233 дүгээр албан бичгүүдээр орчны тохижилтын талаар хандаж байсан боловч хариуцагч ОАЗД, газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 253, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/2686, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5/2792021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/572 дугаар албан бичгүүдээр ... Төрийн байгууллагуудын нэгдсэн ажлын байрны зориулалтаар эзэмшүүлсэн газрын байршилтай давхцаж байна, ... танай байгууллага 2017, 2018 оны төлбөрийг санхүүжилтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй байх тул ... танай байгууллагаас ирүүлсэн саналыг хүлээн авах боломжгүй байна гэх зэргээр хариуг тус тус өгч байжээ.

8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-д аймгийн Засаг даргын бүрэн эрхийг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх; 21.3.2-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасан.

9. Тухайн газрыг нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан зориулалт болох орчны тохижилт хийж, зүлэг мод тарих, сүүдрэвч хийх, иргэдийн амрах тухтай орчин бий болгох зориулалтаар ашиглуулахаар аймгийн болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх хуульд заасны дагуу тусгаж байгаагүй болох нь хариуцагч Засаг даргаас өгсөн хариунууд болон хэрэгт авагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө, маргаж буй газрыг төрийн байгууллагуудын байр барих зориулалтаар төрийн байгууллага эзэмшиж байсан байдал зэргээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн тухайн зориулалтаар газрыг ашиглах, эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

10. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тусгагдсан захиргааны байгууллагын хууль журмыг зөрчсөн гэх асуудлыг залруулах, Орхон аймгийн газар зохион байгуулалтыг хэрхэн хийх, төлөвлөх нь хуульд заасны дагуу тухайн этгээд өөрөө болон дээд шатны захиргааны байгууллага, эрх бүхий бусад этгээдийн бүрэн эрхэд нээлттэй үлдэх тул энэхүү шүүхийн шийдвэр гарснаар ... аливаа төрлийн маргаанд Газрын тухай хууль журам хамааралгүй мэт жишиг үүснэ гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 119/ШШ2024/0026 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Ньютур сафарис ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунсоёлын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ