Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Монгол Улсын нэрийн өмнөөс

   Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Хохирогчийн төлөөлөгч А.*******

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 07 сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, /РД-*******/, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай баг “” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.

Шүүгдэгч  Ц.*******  нь согтуугаар Дорнод аймгийн Хулстай багт 2016  оны  08  сарын  08-ны  өдрийн 12 цагийн орчимд улсын дугааргүй, /хуурамч 88-22 ЧОЗ/ “Тахь” маркийн мотоциклийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох...жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.2.б. "Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албанд тэмдэглүүлсэн байх”, 2.7.а. “согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1 “Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус  зөрчсөний улмаас зам тээрийн осол гаргаж, зорчигч А.******* нас барсан гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний урд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Энэ долоо хоногийн нэг дэх өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг дэвсгэрт байрлах “Трист” гэх газарт өглөө *******, *******, , нартай цуг 0.75 литрийн Түмний хишиг архи 2 шил, 0.75 литрийн Ерөөл архиудыг хувааж уусан юм. Би архи ууж дууссаны дараа *******гийн ах ******* над руу залгаад та хоёр  хадландаа гар гэж хэлэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн 88-22 ЧОЗ дугаартай “Тахь” маркийн мотоциклоо өөрөө жолоодоод *******г ар талдаа суулгаад зүүн урагш чиглэлтэй явсан юм. Намайг хөдлөөд ойролцоогоор 900 метр явж байхад гэнэт миний мотоцикл шарваад онхолдсон. Би газар унаад босоод ирэхэд мотоциклийн хойно ойролцоогоор 2 метрийн зайд ******* ухаан алдсан байдалтай байхаар нь би өөрийнхөө мотоциклтойгоо сумын эмнэлэг руу явсан. Би эмнэлэг дээр очоод болсон явдлаа хэлээд эмнэлгийн машиныг дагаад осол болсон газарт очсон. Тэгээд эмч нар *******г шууд машиндаа оруулаад эмнэлэг руу явсан. Ямар шалтгааны улмаас мотоцикл онхолдох болсныг мэдэхгүй байна. Гэнэт мотоцикл дайвалзаад онхолдсон. ...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаагүй.  ... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Хохирогчийн төлөөлөгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач А.******* нь миний төрсөн дүү байгаа юм. Талийгаач дүү маань Ц.*******ын гэрт 15 настайгаасаа нас бартлаа 10 гаран жил хамт амьдарсан юм. Ц.******* болон тэдний ар гэрийнхэн талийгаачийн маань оршуулгын зардлыг бүрэн дааж, оршуулгын зардалд 3000000 орчим төгрөг зарцуулсанаас гадна 3000000 төгрөг бэлнээр өгсөн. Би , гэх дүү нартайгаа ярилцаж байгаад гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шийдсэн. Ц.*******т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн зц/34 тоот дүгнэлтэд: "1. Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Т.Лхагвасүрэнгийн 2016 оны 9 сарын 26-ны өдрийн ЗЦ/26 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а.” Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох...жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.7.а “Жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.1.“Жолооч...тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ, согтуугаар мотоцикл жолоодон, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах нь ач холбогдолтой/. 3.Хавтаст хэргийн материалтай танилцахад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын схем зураглал, бусад нотлох баримтуудад тээврийн хэрэгслийн тоормосны мөр тогтоогдоогүй, илрээгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Шинжээч  Д., Б., Г. гэжээ /хх-ийн 43-44/,  

   Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 76 тоот дүгнэлтэд: "1.Талийгаач А.*******гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дагз ясанд том сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доор цус харвалт, дух хэсгийн тархины эдийн няцрал, дагз хэсгийн хуйхны цус хуралт, дух, зүүн тохой, зүүн, баруун шуу, баруун бугалга, бүсэлхий нурууны зулгаралт, баруун нүд, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гавлын дагз ясанд том сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, 3.1.3-т зааснаар их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доор цус харвалт, дух хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар  дагз хэсгийн хуйхны цус хуралт, дух, зүүн тохой, зүүн, баруун шуу, баруун бугалга, бүсэлхий нурууны зулгаралт, баруун нүд, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаач нь гавлын дагз ясанд том сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доор цус харвалт, дух хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ.  /хх-ийн 51-53/

Хэрэг учралын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 7-8/, “Тахь” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/, хохирогчийн төлөөлөгч А.******* /хх-ийн 26-27/, гэрч Э.******* /хх-ийн 28-29/, Ү. /хх-ийн 30-31/, Ү. /хх-ийн 37/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 8 сарын 19-ний өдрийн зц/26 тоот дүгнэлт /хх-ийн 41/, өвчний түүх /хх-ийн 70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/, албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл, тодорхойлолт /хх-ийн 92/, талийгаачийн оршуулгын болон бусад зардлын баримтууд /хх-ийн 95-98/, өмгөөлөгч Т.Энхболдын мөрдөн байцаах тасагт гаргасан хүсэлт /хх-ийн 99/, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт зэрэг болон хуулийн дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар Дорнод аймгийн Хулстай багт 2016  оны  08  сарын  08-ны  өдрийн 12 цагийн орчимд улсын дугааргүй, /хуурамч 88-22 ЧОЗ/ “Тахь” маркийн мотоциклийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 2.1.а-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох...жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.2.б. "Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албанд тэмдэглүүлсэн байх”, 2.7.а “согтууруулах ундаа ... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1 “Жолооч...тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож А.*******гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч А.*******, гэрч Э.*******, Ү.  С. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл, тодорхойлолт, замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 8 сарын 19-ний өдрийн зц/26 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 10 сарын 12-ны өдрийн зц/34 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 76 тоот дүгнэлт зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын  үйлдсэн  гэмт  хэрэгт  Прокурорын  газраас  зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ, согтуугаар мотоцикл жолоодон, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан болон эд хөрөнгө битүүмжлэгдэн ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн төлөөлөгч А.*******т 3000000 төгрөг төлсөн, хохирогчийн төлөөлөгч нь "нэхэмжлэх зүйлгүй" гэсэн болохыг тус тус дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг өөрт нь буцаан олговол зохино.  

 

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.*******т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон эд хөрөнгө битүүмжлэн ирээгүй бөгөөд ялтан Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, /мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгч А.*******т 3000000 төгрөг төлсөн/, "нэхэмжлэх зүйлгүй" гэснийг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Ц.*******т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл  цагдаагийн  байгууллагын  саналыг  үндэслэн  хорих  ялыг  биечлэн эдлүүлэхийг ялтанд мэдэгдсүгэй.

6 Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн ялтан Ц.*******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг өөрт нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар  энэ  шийтгэх  тогтоол   нь  танилцуулан  сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.*******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн   304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх   хуулийн  306  дугаар  зүйлийн 306.1 дэх  хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР