Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/742

 

2022             10          05                                     2022/ШЦТ/742

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2203004000432 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт  ял шийтгэлгүй,******* овогт************** /Регистрийн дугаар: **************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь “А” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 9 дүгээр байрны урд замд “Suzuki” маркийн 32 86 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Надад тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын жолооны үнэмлэх байхгүй. Тухайн үед барьж байсан мотоцикл миний эзэмшлийнх, хохирогчийн эмчилгээний зардалд 2,400,000 орчим төгрөг, сүүлд нэмж нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг төлсөн. Миний хайхрамжгүй үйлдлээс болж ийм зүйл болсон. Хохирогчоос уучлалт гуймаар байна” гэв.

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-13 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...13 дугаар сургуулийн мопед зүүн тийш нэртэй бичлэг эхлэхэд гадаа цаг агаар тогтуун бөгөөд 13 дугаар сургуулийн хойд зам зүүнээс баруун тийш чиглэлд явсан нь бүрэн харагдаж байна. Бичлэгийн цаг 2022.07.08-ны 17:51:20 цаг зааж байна. 18:36:20 цагт зүүнээс баруун тийш чиглэсэн урсгалын үргэлжилсэн цагаан шугамыг даваад мотоциклтэй хүн явж байгаа нь харагдаж байна. 18:36:23 цагт дэлгэцийн доод талаас эмэгтэй хүн гарч ирээд зорчих хэсэг рүү хойноос урагш чиглэлд зам хөндлөн гарч байна. 18:36:29 цагт мотоцикл явган хүн мөргөж дэлгэцээс гарч байна” гэсэн тэмдэглэл /хх-18 дугаар хуудас/,

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би замын хойноос гарах үед зүүнээс баруун зүгийг чиглэн явсан урсгалын машин түгжрэлтэй, харин эсрэг буюу баруунаас зүүн зүгийг чиглэн явсан урсгал хоосон байсан. Би аминдаа эсрэг урсгалаар машин ирж байгаа эсэхийг хараад л алхсан чинь тэр мотоцикл гэнэт шууд давхиж ирээд намайг мөргөсөн. Жолооч нь толгойдоо хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Миний хувьд би гарцгүй газраар зам хөндлөн гарах гэж яваад осолд орсон гэдгээ мэдэж байгаа, гэхдээ тэр мотоциклын жолооч үргэлжилсэн цагаан зураас дээгүүр давж зам дээгүүр эсрэг урсгалаар орж ирээд намайг мөргөж унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9817 дугаартай: “...*******ийн биед гавлын баруун талд лямбда заадас дагасан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-45-46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2379 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн хоёр хажуу хэсэг гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн баруун, зүүн хэсэгт 28х45см, 26х44см хэмжээтэй талбайд зурагдаж, үрэгдсэн гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд тээврийн хэрэгслийг хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осол гарахад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь үүсээд удсан гэмтэл байна. Зурагдаж, үрэгдсэн гэмтлүүд нь осолд нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны механизм ажиллаж байна. Туршилтаар тоормосны мөр зам дээр үүсэж байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь “Мотоцикл” ангилалд хамаарна. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-51-53 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 866 дугаартай: “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.5.Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх-67 дугаар хуудас/,

Хохирогч *******ийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-25-31 дүгээр хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 04/3781 дугаартай албан бичиг, хавсралт /хх-93-94 дүгээр хуудас/,

“Suzuki” маркийн 32 86 УБ улсын дугаартай мотоциклийн гэрчилгээний хуулбар /хх-74, 96 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сузуки маркийн 32 86 УБ дугаартай мотоциклийг 2019 оны үед орж ирсэн мотоциклийг худалдан аваад өөрийнхөө нэр дээр 32 86 УБ дугаартай авсан. Түүнээс хойш 1 жил орчим зун унаж ашиглаж байгаад шинээр нь шахуу танихгүй хүнд 2,300,000 төгрөгөөр зарсан. Нөгөө хүн нь мөнгөө бүрэн төлөөд шилжүүлэн авна гэсэн боловч ажил болохгүй байсаар байгаад алга болсон. Одоо хаана явааг нь би сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-34 дүгээр хуудас/,

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан өргөдөл /хх-70 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын жолоодох эрхийн лавлагаа /хх-95 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны орой 19:00 цагийн үед мотоцикл унаад Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 13 дугаар сургуулийн арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн тусгаарлах цагаан зураас дагаад явж байсан чинь гэнэт миний баруун гар талаас явган зорчигч зам хөндлөн гарахаар хойноосоо урагшаа чиглэлтэй гараад ирэхээр нь би зогсоож чадалгүй тухайн хүнийг мөргөж осол гаргасан. Тухайн осол гарах үед би зам хөндлөн гарах гэж байгаа явган зорчигчийг хараагүй, машин дундуур гэнэт гараад ирсэн. Тухайн зам нь явган хүний гарцгүй зам байсан. Надад мотоцикл жолоодох А эрхийн үнэмлэх байхгүй. Авто машин жолоодох В ангилалтай” гэсэн мэдүүлэг /хх-86 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-71 дүгээр хуудас/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-72 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73 дугаар хуудас/, Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-75 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-95 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлт, хохирогч ******* шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ тус тус бичгээр гаргасан тул шүүгдэгч *******од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь “А” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 9 дүгээр байрны урд замд Suzuki TS125 загварын 32 86 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******ийг мөргөж, түүний эрүүл мэндэд гавлын баруун талд лямбда заадас дагасан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч ******* болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9817, 2379 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, өвчний түүхийн хуулбар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 04/3781 дугаартай албан бичиг, хавсралт, шүүгдэгч *******ын жолоодох эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Харин уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь А ангиллын механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, зөвхөн В ангиллын механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь зохих ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр “хохирлын төлбөр болох эм, эмчилгээний зардал, мөн харилцан тохиролцсон 3,500,000 төгрөгийг бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч *******ыг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******ийн эмчилгээ, гэмтлийн яаралтай тусламжийн зардалд нийт 1,568,000 төгрөг зарцуулсан /хх-94 дүгээр хуудас/ байх ба энэ зардлыг дээрх санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Энхтуяа гаргасан байна.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Тээврийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,568,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” /хх-91 дүгээр хуудас/ гэжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.

Иймд дээрх зардлыг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч *******ын жолоодож явсан “Suzuki TS125” загварын 32 86 УБ улсын дугаартай мотоцикл нь *******ын нэр дээр бүртгэлтэй боловч уг мотоциклийг иргэний хариуцагч ******* нь бусдад худалдан борлуулсан болох нь түүний “...2019 оны үед орж ирсэн мотоциклийг худалдан аваад өөрийнхөө нэр дээр 32 86 УБ дугаартай авсан. Түүнээс хойш 1 жил орчим зун унаж ашиглаж байгаад шинээр нь шахуу танихгүй хүнд 2,300,000 төгрөгөөр зарсан. Нөгөө хүн мөнгөө бүрэн төлөөд шилжүүлэн авна гэсэн боловч ажил болохгүй байсаар байгаад алга болсон. Одоо ямар хүнд байдгийг ч мэдэхгүй” гэсэн, шүүгдэгч *******ын “...тухайн мотоциклийг найзаасаа авсан, ямар нэгэн бичиг баримт байгаагүй” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа тул зөвхөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлээгүй үндэслэлээр *******т гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэх боломжгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч ******* нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээ мэдсээр байж мотоцикл жолоодсон, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 6 /зургаа/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч *******ын 1334085 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 6 /зургаа/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1,568,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данс/-т олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хураагдан ирүүлсэн 1334085 дугаартай *******ын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Алтанбаганад даалгасугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА