Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/757

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч *******,

шүүгдэгч ******* нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2205000002050 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 17-нд Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, , Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт гийн /Регистрийн дугаар: **********/,

2.Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 07-нд Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт , Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 01 сар хорих ял шийтгүүлсэн, ******* овогт *******ы /Регистрийн дугаар: **************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны гадна Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч *******, эргүүлийн офицер ******* нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүр рүү нь цохих, албаны хувцсыг урж тасдах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр тус тус гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хувцсыг нь урж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт 270,000 төгрөгийн хохирол төлсөн. Гэм буруугаа ухаарч байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хувцсыг нь урж хүч хэрэглэн эсэргүүцсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Дуудлагын жолооч дуудсан байсан. Ирсэн дуудлагын жолоочийг хүний амь нас, эд хөрөнгийг хариуцах гэж байгаа учраас хэдэн жил жолоо барьж байгаа юм бэ? Бичиг баримтаа шалгуулчих гэж би хэлсэн. Би архи уугаад муудаад байгаагаа мэдэж байсан. Би ажилтай болохоор 2-3 хоног нойргүй явдаг. Тэр өдөр байрны найртай гээд найзуудын гэр бүлийн уулзалт дээр очсон. Тэр айлаас архиар шахуулаад муудаад гарсан. Гарж ирээд дуудлагын жолоочтой маргалдсан. Энэ болсон зүйлийн талаар маргааш нь эхнэр хэлсэн. Би юу болсон талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээж, харамсаж байна.” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 01 минутанд Баянгол дүүргийн 07 дугаар хороо, 65 дугаар байрны гадна Приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй хүмүүс архидаад шуугилдаад амраахгүй байна гэх дуудлага мэдээлэл 3 удаа ирсэн. Тэгээд тухайн дуудлага мэдээллийн дагуу эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч *******ийн хамт очиход саарал өнгийн Приус 30 загварын 6193 УАР тээврийн хэрэгслийн гадна 2 эрэгтэй зогсож байсан бөгөөд машин дотор 1 эмэгтэй сууж байсан. Ингээд би ахлах дэслэгч Төгөлдөрийн хамт тухайн хүмүүс дээр очиж “амрыг эрье” гэж хэлтэл тухайн хүмүүс бид хоёрыг хэл амаар доромжилж зүгээр байхад та нар ирлээ гэж уурлаж бид хоёрыг цол нэрээр дуудаж, та нар бид нарыг согтуу байгаа гэдгийг нотолчих, архи уусан аяга шилийг нь гаргаад нотолчих гэж дайрч хэл үгээр доромжилж байсан тул Төгөлдөр бид 2 тухайн хүмүүсийн хувийн байдлыг тогтоох зорилгоор овог, нэр, регистрийн дугаарыг асуухад хэлэхгүй эсэргүүцэж гудамж талбайд шөнийн цагаар чанга дуугаар орилж байсан учир Төгөлдөр бид 2 цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суулгах гэтэл тухайн иргэн миний биед битгий хүрээд бай муу цагдаагийн ахлагч пизда минь гээд орилж хашгираад байсан тул Төгөлдөр бид 2 гэх иргэнд машинд суух шаардлага тавихад иргэн шаардлага эсэргүүцэж агсам согтуу тавьж байсан тул тухайн иргэнд хандаж та хувийн байдлаа тогтоолгох шаардлагатай байна, шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэж хэлсэн. Тэгэхэд намайг дэд ахлагч пизда минь миний биед битгий хүрээд бай гээд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохисон бөгөөд хажууд байсан гэх эрэгтэй мөн хажуугаас цохиж, миний хувцаснаас татаж хантааз гител хоёрыг ханцуйнаас нь татаж ураад энгэрийн камер руу цохиж газарт унагааж нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохисон. Тэгээд Төгөлдөр бид 2 Цагдаагийн албаны тухайн хуулийн дагуу биеийн хүч тусгай хэрэгсэл хэрэглэж, нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав ашиглахаар болсон. Тэгээд би иргэн ыг гавлах ажиллагаа хийж байхад ахлах дэслэгч Төгөлдөр ын найз гэх хүнд шаардлага тавьж байсан. Гэтэл тухайн иргэний найзууд гэх 3, 4 эрэгтэй эмэгтэй хүмүүс гарч ирээд Төгөлдөр бид хоёрын ажилд саад учруулж түлхэж биед халдаж эхэлсэн. Тухайн үед Төгөлдөр бид хоёр гэх хүнийг гавлаад машинд суулгах гэж байхад байрнаас гарч ирсэн найзууд нь гэх хүмүүс санаатайгаар Төгөлдөр бид хоёрт саад учруулж Балдангомбыг цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суулгалгүй гавтай нь зугтаалгасан. Тухайн үед Төгөлдөр бид 2 нэмэлтээр Бугат-112 чиглэлийг дуудсан байсан тул Бугат-112 чиглэлд ажиллаж байсан Нангилдорж, Баяртогтох нар ирж гавтайгаа зугтаасан иргэн Балдангомбыг Шүүтийн байрны 7 давхарт байх айлаас орж олж авсан. Тэгээд Бугат-112 чиглэл иргэн , нарыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэхээр авч явсан. ...Тухайн үед , нар дунд зэргийн согтолттой байсан. Тухайн үед Төгөлдөр бид хоёрын нэр цолыг хараад, нэр цолоор дуудаад орилоод байсан тул их хэмжээний согтолттой байгаагүй гэж бодож байна. ...Анх “байрны гадна хүмүүс архидаад амраахгүй орилолдоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн тул Төгөлдөр бид 2 дуудлагын дагуу очиж шалгахад , нар өөдөөс зөрчил гаргаагүй гэж уурлаж архи уусан гэдгийг та нар нотолчих гэж орилж хашгираад Төгөлдөр бид хоёрыг хэл үгээр доромжилж, хувийн байдлыг нь тогтоохоор овог нэрийг нь асуухад хариулахгүй орилж хашгираад байсан тул цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суулгах гэхэд битгий биед хүрээд бай гэж уурлаж Төгөлдөр бид хоёрын биед халдаж миний нүүр рүү цохиж, хувцас урж, энгэрийн камерыг цохиж унагаасан. ...Эхлээд миний өмсөж явсан цагдаагийн дүрэмт хувцасны зүүн талын ханцуй суга хэсгийг урж, энгэрийн нэр хэсгийг урж, зүүн талын мөрдөс тасалж, хантаазны зүүн хажуу хэсгийг урж, энгэрийн камерын урд дэлгэц нүүр хэсгээр нь унагааж зурагдсан, бариулыг нь хугалсан, тухайн үед энгэрийн камер асахгүй байсан. Харин Төгөлдөрийн өмсөж явсан хантаазыг урсан. Мөн миний нүүр хэсэг рүү удаа дараа цохиж шаардлага эсэргүүцсэн. ...Тухайн үед , нар л агсам согтуу тавьж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж Төгөлдөр бид хоёрын тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед халдсан” гэсэн мэдүүлэг /хх-07-09 дүгээр хуудас/,

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 01 цагийн үед “Баянгол дүүргийн 07-р хороо 65 дугаар байрны гадна Приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй хүмүүс архидаад амраахгүй байна” гэх дуудлага мэдээлэл 2-3 удаа ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Балжиннямын хамт Баянгол дүүргийн 07-р хороо Шүүт хотхоны гадна очиход саарал өнгийн Приус 30 загварын 61-93 УАР тээврийн хэрэгслийн гадна согтуу хоёр эрэгтэй хоорондоо юм ярьсан байдалтай зогсож байсан. Ингээд би дэд ахлагч Балжиннямын хамт тухайн хүмүүс дээр очиж “амрыг эрье” гэж хэлтэл тухайн хүмүүс бид хоёрын өөдөөс “та хоёр юу хийж яваа юм, яасан дэд ахлагчаа, дэслэгчээ” гэж хэл амаар доромжилж уурлаж “бид нарыг согтуу байгаа гэдгийг нотолчих та хоёр, яасан пизда минь, та хоёр архи уусан аяга шилийг нь гаргаад ир” гэж бид хоёрын өөдөөс дайрч хуруугаараа чичилж хэл үгээр доромжилсон тул Балжинням бид 2 тухайн хүмүүсийн хувийн байдлыг тогтоох зорилгоор овог, нэр, регистрийн дугаарыг асуухад та нарт яахаараа хэлдэг юм чадахгүй, хэлэхгүй гэж эсэргүүцэж чанга дуугаар орилоод байсан тул Балжинням бид хоёр за та хоёр албаны тээврийн хэрэгсэлд суучих, шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэтэл суухгүй хөдлөхгүй зогсоод байхаар нь Балжинням албаны тээврийн хэрэгсэл рүү суулгахаар гарт нь хүрэхэд гэх иргэн миний биед битгий хүрээд бай, муу цагдаагийн ахлагч пизда минь гээд орилж хашгираад байсан тул хажуугаас нь би мөн машинд суух шаардлага тавихад иргэн үгүй чадахгүй гэж улам чанга орилж хашгиран шаардлага эсэргүүцэж агсам согтуу тавьж байсан тул Балжинням бид 2 тухайн иргэнд хандаж та хувийн байдлаа тогтоолгох шаардлагатай байна, шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэхэд иргэн Балжинням руу дайрч дэд ахлагч пизда минь миний биед битгий хүрээд бай гээд миний зүүн шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохиод хажууд зогсож байсан гэх эрэгтэй мөн Балжиннямын хажуугаас нүүр рүү нь цохиж, хувцаснаас нь татаж урж, энгэрийн камер руу цохиж газарт унагаасан бөгөөд би дундуур нь орж шаардлага тавихад гэх иргэн миний хантаазнаас татаж нэг нь хажуугаас шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд Балжинням бид хоёр Цагдаагийн албаны тухайн хуулийн дагуу биеийн хүч хэрэглэж, нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав ашиглахаар болсон. Тэгээд иргэн ыг гавлаад найз д нь мөн шаардлага тавьж гавлах гэж байтал Шүүт хотхоноос үл таних 3-4 эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч ирээд Балжинням бид хоёрын ажилд саад учруулж Балдангомбыг цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суулгалгүй гавтай нь зугтаалгасан. Тухайн үед би ыг барьчихсан байж байсан тул Балжиннямд тусалж чадаагүй Балжиннямыг түлхээд цаашаа зугтаасан. Тухайн үед Балжинням бид хоёр нэмэлтээр Бугат-112 чиглэлийг дуудсан байсан тул удалгүй Бугат-112 чиглэлд ажиллаж байсан Нангилдорж, Баяртогтох нар ирсэн. Тэгээд Балжинням, Нангилдорж тухайн иргэдээс гэрийн хаягийг нь залгуулаад үл таних нэг эрэгтэйтэй нь хамт Шүүт хотхон руу орж Балдангомбыг барьж гарч ирээд Бугат-112 чиглэлийн тээврийн хэрэгсэлд суулгаж эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэхээр авч явсан. ...Тухайн үед , нар дунд зэргийн согтолттой байсан. Тэр хоёр Балжинням бид хоёрын нэр цолыг уншиж, нэр цолоор дуудаад орилж хашгираад байсан. ...Анх байрны гадна хүмүүс архидаад амраахгүй орилолдоод, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн тул Балжинням бид хоёр дуудлагын дагуу очсон. Тэгээд байрны гадна байсан согтуу хоёр иргэнд шаардлага тавьж шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй талаар хэлж, хувийн байдлыг нь тогтоохоор нэрийг нь асуухад өөдөөс уурлаж, улам чанга орилж хашгираад бид хоёрыг хэл үгээр доромжилж, асуусан асуултад хариулахгүй байсан тул цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суулгах гэхэд битгий биед хүрээд бай гэж Балжинням бид хоёрын биед халдаж нүүр рүү цохиж, хувцас урж, энгэрийн камерыг цохиж унагаан эвдэлсэн. ... гэх иргэн миний хантаазнаас татаж урсан бөгөөд хажуугаас нөгөө эрэгтэй нь нүүр рүү цохисон. Тэгээд удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлага биелүүлэлгүй шөнийн цагаар олон нийтийн газарт хашгирч орилон Балжинням бид хоёрын тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-14-16 дугаар хуудас/,

Гэрч С.Нангилдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би ахлах ахлагч Н.Баяртогтохын хамт Бугат 112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед Бугат 10-аас жижүүрийн ахлах утасдаж Бугат 113-д дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэж байна, Баянгол дүүргийн 7-р хороо Шүүт хотхоны гадна дуудлагаар очсон байгаа алба хаагч нарын шаардлагыг эсэргүүцээд байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Шүүт хотхоны хойд талд яваад очиход үл таних иргэн ардаа гавлуулсан байдалтай, цагдаагийн алба хаагч Балжинням, Төгөлдөр нар руу дайрч би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан пизда нараа тавь, яахаараа та нар ирдэг юм гэх зэргээр хараал хэлж орилж хашгирч байсан. бөгөөд нэг иргэн нь гавтайгаа зугтаачихлаа гэхээр нь би Балжиннямын хамт Шүүт хотхоны 55/3 тоотод ороход гавтай иргэн орон дээр сууж байсан. Тухайн үед байрны найр болоод дуусаж байна гэсэн олон хүн гэрт нь байж байсан. Тэгээд Балжинням бид хоёр тухайн гавтай иргэнийг аваад гадагшаа гарсан бөгөөд гарч ирэхэд Төгөлдөр, Баяртогтох нар нөгөө гавтай иргэнээ Бугат 112 чиглэлийн машинд суулгасан байсан тул гэр рүү орсон иргэнийг мөн Бугат 112 чиглэлийн автомашинд суулгасан. Тухайн үед Балжинням, Төгөлдөр нар тухайн хоёр иргэнд шаардлага тавьж драгер үлээлгэх гэсэн боловч үлээхгүй өөдөөс нь хэл үгээр доромжилж пизда гэх зэргээр хараал хэлж явахгүй, та нар хэн юм яах гэж ирсэн юм, яахаараа гавалдаг юм гэх зэргээр шаардлагыг эсэргүүцээд орилж хашгираад байсан тул Баяртогтох бид хоёр тухайн хоёр иргэнийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэхэд хүргэсэн. ...тухайн үед дэд ахлагч Балжиннямын мөрдөс, хувцас, хантааз нь урагдчихсан байдалтай байсан. Харин дэслэгч Төгөлдөрийн хантааз урагдсан байсан. Мөн Төгөлдөр, Балжинням нар тухайн үед нүүр шанаандаа цохиулчихлаа гэж хэлж байсан. Харанхуй байсан болохоор хаана нь ямар гэмтэл байсныг сайн анзаараагүй. ..., нар нилээн согтолттой байсан. Балдангомбыг эрүүлжүүлэхэд хүргэж ирээд үлээлгэж үзэхэд 1 бүхэлтэй гарч байсан, харин нь үлээхгүй гээд үлээгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-33-34 дүгээр хуудас/,

Гэрч А.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би дуудлагын дагуу 53 дугаар байранд 01 цагийн үед ирэхэд 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн гар ирээд надаар приус 30 загварын тээврийн хэрэгсэл бариулах гэсэн. Машинд нь суугаад хөдлөх гэхэд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад цагдаагийн хоёр албан хаагч ирээд намайг хэл амаар доромжлоод байсан хүмүүстэй уулзахад хоёр залуу нь цагдаа нартай муудалцаад биед нь халдсан. ...хоёр цагдаа ирээд намайг доромжлоод байсан хүмүүс дээр очоод амрыг эрье гэж асуухад тухайн залуучууд нэрийг нь уншиж байгаад та нар бид нартай ингэж харьцахгүй гээд цагдаагийн алба хаагчийн энгэр рүү түлхсэн. Тухайн үед цагдаагийн албан хаагч түлхүүлчихээд эвээр яриад та манай машин дээр очоод уулзъя гэтэл чи хуулиа мэддэг юм уу гээд уурлаад байсан. Тухайн албан хаагч би танд хууль уншуулъя гэхэд цагдаагийн албан хаагчийг цохиж түлхэж эхэлсэн. Тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Гуйвж дайвж яваагүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-18-19 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн БГ2-22-1379 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-63-64 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн 2632 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хантаазанд 95мм, хар өнгийн хүрэмд 60мм хэмжээтэй шинээр татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралтууд, хар өнгийн хүрэмний баруун мөрдөс тогтоогчны бэхэлгээний товч татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр унасан, хар өнгийн хүрэмд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн 100мм, 170мм хэмжээтэй шинэ урагдалтууд байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-67-68 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн 2633 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн төхөөрөмж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн төхөөрөмжид үүссэн 29х23мм, 26x15мм, 15мм, 8мм, 2мм, 5мм, 51х28мм, 28х5мм, 54х7мм, 13мм хэмжээтэй хатуу, мохоо гадаргуутай харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зулгаралт, зураасан мөрүүд байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-72-73 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-55-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-122 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-123 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-124 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-136 дугаар хуудас/, шүүгдэгч Р.Балдангомбын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-130 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-132 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-133 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-134 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-135 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны гадна хууль сахиулагч буюу Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч *******, эргүүлийн офицер ******* нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж тэдний нүүр рүү цохих, энгэрийн камерыг цохиж унаган, албаны хувцсыг ханзалж, урах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт хохирогч *******, *******, гэрч С.Нангилдорж, А.Төгсжаргал болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2632, 2633 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, тэдэнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс харахад тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ бүлэглэн хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч *******, ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, тэдний биед халдаж цохисон, энгэрийн камерыг цохиж унаган, албаны хувцсыг ханзалж урсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК хууль сахиулагчийн албаны хантаазыг 30,000 төгрөгөөр, гителийг 66,000 төгрөгөөр, энгэрийн камерыг 169,800 төгрөгөөр үнэлсэн буюу үнийг тогтоосон байх ба хохирогч *******, ******* нар “албаны хувцас болон энгэрийн камерын эвдрэлийн хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-163-164 дүгээр хуудас/-ийг бичгээр гаргасан тул шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт гийн , ******* овогт *******ы нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА