Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/748

 

    2022         10         11                                     2022/ШЦТ/748

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2205027852085 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 21-нд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, *******ял шийтгэлгүй, 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эфэс” худалдааны төвийн ар талд байрлах 15 дугаар байрны гадна хохирогч *******ийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, дух ясны өмнөд ханын далд хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Хамт ажилладаг хүний гэрийн найр болоод тэнд очиж ууж байгаад тасраад гэртээ ирсэн. Ажлын газрын хүн гэрт хүргэж өгөөд явахаар нь араас нь хайж явж байгаад Тэргэлтэй таарсан. Тэргэлийн найзууд машинд суулгахгүй гээд араас татаад байхаар нь би цохисон. Цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээр маргах зүйлгүй, хохирогчид хохирлын мөнгө 3,600,000 төгрөг төлсөн.” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны урд талд нэг найзын хамт сууж байтал үл таних согтуу ах ирээд хажууд зогсоод юм ярих гээд байсан, тэгж байтал манай нэг найз машинтайгаа ирээд бид хоёр машинд суутал нөгөө үл таних ах машины хаалганаас барьчхаад тавихгүй байсан, уг үл таних ахын эхнэр нь бололтой эмэгтэй гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй байхаар нь би машинаас буугаад нөгөө ахын гарыг тавиулаад манай найзууд хөдөлсөн, тэгтэл нөгөө ах миний дух хэсэг рүү маш хүчтэй цохисон. Тэгээд би газар суусан, нөгөө ахын эхнэр эгч гайгүй юу, түргэн дуудах уу гэхээр нь би гайгүй байх гэж бодоод цаашаа явсан, тэгтэл миний толгой өвдөөд байхаар нь буцаж очоод уг үл таних согтуу ахтай хамт явсан эгчид толгой өвдөөд байна гэж хэлээд, тэр эгч түргэн дуудъя гээд эмнэлэг, цагдаа дуудсан. Миний духны өмнөд хана далд хугарсан, мөн духанд цус хурж, зөөлөн эд гэмтсэн. Миний биед учирсан гэмтлийг ******* гэх ах миний дух хэсэгт нэг удаа цохиж учруулсан. Надад эмчилгээний зардал болон эм тарианд 3,600,000 төгрөг гарсан. Энэ мөнгийг бүрэн барагдуулж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-17-18 дугаар хуудас/,

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн манай нөхөр 15 дугаар байрны үүдэнд сууж байсан хоёр хүүхэд дээр очоод юм ярих гээд байсан, тэгсэн нөгөө хоёр залуу нь босоод явсан. Тэгсэн тэнд нэг приүс маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тэгсэн тэнд байсан хоёр хүүхэд уг машинд ороод суусан чинь манай нөхөр уг машины жолоочийг хажуу талын суудлаас очиж барьчхаад тавихгүй байсан чинь хохирогч хүү болох Тэргэл машинаас бууж ирээд би энэ эгчид туслаад ахыг гарыг нь тавиулаад машинаас холдуулаадахъя та нар жоохон хөдлөөд зогсчих гээд манай нөхрийн гарыг тавиулаад барьсан. Тэгтэл гэнэт манай нөхөр баруун гараараа Тэргэлийн дух хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиход нөгөө хүү яая гээд доош тонгойгоод суусан. Тэгээд би нөхөр лүүгээ уурлаад нөгөө хүүхдийг яасан гайгүй юу гэсэн чинь яая гээд байсан. Тэгээд би түргэн дуудах уу гэсэн чинь гайгүй, гайгүй гээд босоод явсан. Тэгээд би нөхөртэйгөө байж байтал нөгөө хүүхэд буцаж ирээд эгчээ миний толгой өвдөөд байна гэхээр нь би тэгвэл эмчид үзүүлье гээд түргэн болон цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-24-25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11954 дугаартай: “...*******ийн биед дух ясны өмнөд ханын далд хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53 дугаар хуудас/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-51 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу, мөн хохирогч ******* хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эфэс” худалдааны төвийн ар талд байрлах 15 дугаар байрны гадна хохирогч *******ийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, дух хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь дух ясны өмнөд ханын далд хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11954 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын хохирогч *******ийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан түүний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******ын биед зүүн 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн тохой, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, баруун тохой, зүүн мөр, тохой, цээжний зүүн ар хэсэг, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдож, уг гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11936 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ талаар яллагдагч ******* “...******* болон хамт байсан хүмүүс нь намайг цохисон зүйл байхгүй. Би тасрахаасаа өмнө газар 2 удаа унаж байснаа санаж байна. Тэгэхээр уг гэмтлүүд нь унаж туссанаас болсон байх” /хх-46 дугаар хуудас/ гэж, гэрч ******* “...Манай нөхрийг ******* болон хамт байсан хүүхдүүд цохиж зодоогүй. Намайг нөхрөө авах гээд гарахад манай нөхөр газар унасан бололтой хувцас хунар нь шороо болсон байсан бөгөөд унаж тусаж байгаад уг гэмтлүүдийг авсан байх. Манай нөхөр Мөөгий ахыгаа хайгаад босохдоо 2-3 удаа газар унаад хайгаад байсан” /хх-25 дугаар хуудас/ гэж, хохирогч ******* “...Би болон манай найзууд *******ыг цохиж зодсон зүйл огт байхгүй” /хх-18 дугаар хуудас/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн прокурорын тогтоолд “...*******ын биед хүндэвтэр гэмтэл учирсан байх ба гэрч *******, хохирогч ******* нарын мэдүүлэг зэргээр хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь харилцан зодолдсон, хохирогч ******* нь *******ын эсрэг идэвхтэй үйлдэл хийсэн буюу хохирогч *******ийн үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэгтэй холбогдуулан энэ хэргээс тусад нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр бүртгүүлэн шалгуулах нь зүйтэй” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч *******ын хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11954 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...эмчилгээ болон эм тарианд нийт 3,600,000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг ******* бүрэн барагдуулж өгсөн” /хх-18 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “эмчилгээний зардал болон учирсан хохиролд гарсан бүх төлбөр болох 3,600,000 төгрөгийг барагдуулсан тул гомдолгүй” гэж бичгээр хүсэлт /хх-55 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* уг саналыг хүлээн зөвшөөрсөн, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн Даваажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА