| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 106/2022/0751/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/795 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Г.Онон,
шүүгдэгч Ш.Элбэгзаяа өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Элбэгзаяад холбогдох эрүүгийн 2205000002197 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа сантехникийн ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 2-5-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Шагдархорлоогийн Элбэгзаяа /Регистрийн дугаар: РФ87011272/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь 2022 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+21” гэх нэртэй караоке дотор хохирогч С.Сайханхангайг зодож, түүний биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Элбэгзаяа мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогчид хохирол төлбөрт 140,000 төгрөг төлсөн. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй.” гэв.
Хохирогч С.Сайханхангайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байдаг “+21” гэх нэртэй караоке орсон юм. Би гадуур явж байгаад ганц нэг хүнтэй уулзсан байсан тул бага зэрэг согтолттой байсан бөгөөд намайг тухайн газар ороход Энхцэцэг, эгч нь болох Энхмаа, найз Ундармаа, Ариунцэцэг, Дөлгөөн гээд эмэгтэй, түүний нөхөр гэх залуу, өөр үл таних хоёр эмэгтэй, нэг үл таних залуу байсан бөгөөд тухайн хүмүүсийн хувьд нээх халж согтсон гэхээргүй харагдаж байсан юм. Би тухайн газар ороод хүмүүстэй юм яриад байж байхад сүүлд ирсэн байсан Энхмаагийн найз гэх залуу надад хандаад намайг ирсэн байгаад дургүйцлээ илэрхийлээд үг сөрөөд байсан. Тухайн үед эхнэр нь тэр залууг аргадаад байгаа бололтой 00-н өрөө дагуулж ороод гараад ирсэн. Тэгээд ялгаагүй янз бүрийн зүйл хэлээд байхаар нь би чи одоо ямар учиртай хүн бэ гээд хэлсэн чинь чиний эд нарын захирал байх чинь хамаагүй шүү гэж хэлээд шууд намайг гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон бөгөөд энэ үед би нөгөө эрэгтэйн өөдөөс нь зуураад авсан чинь ширээн дээрх эд зүйл газар асгарсан. Тэгээд бид хоёрыг хүмүүс салгах гээд зууралдаж байх үед би газар саваад унасан юм. Энэ үед нөгөө эрэгтэй миний дээр гарч ирээд хэд хэдэн удаа гараараа нүүр, толгой хэсэгт цохисон ба энэ үед хамт байсан хүмүүс нөгөө эрэгтэйг салгасан. Би босоод ирсэн чинь миний хамар амнаас цус гараад байсан. Тухайн үед тэр залуугаас өөр надад халдаж, гэмтэл учруулсан хүн байхгүй. ...Би эмчилгээний зардал гэж 140,000 төгрөгийг дансаар авсан, надад одоо гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-08-10, 13 дугаар хуудас/,
Гэрч М.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн өдөр болж би төрсөн өдрөө +21 караокед тэмдэглэхээр болоод өөрийн найзуудаа дуудсан. Тухайн үед би тус караоке руу найз Элбэгзаяагийн хамт орсон. Тэгээд бид нар төрсөн өдрөө тэмдэглээд сууж байтал Сайханхангай сүүлд ирсэн. Тухайн үед Сайханхангай Элбэгзаяаг танихгүй байсан тул юун хүн бэ гээд асууж байсан. ...Тэгээд бид нар байж байтал Элбэгзаяа Сайханхангайг захирал байх чинь хамаагүй шүү гээд нүүр хэсэг рүү нь цохиод тэр хоёр барьцалдаж аваад ширээн дээрх эд зүйл унаад хагарсан. Тэгээд би болон манай найзууд тэр хоёрыг салгасан. Тухайн үед Элбэгзаяа, Сайханхангай хоёр бие биеэ танихгүй учраас хоорондоо муудалцсан. Сайханхангай тухайн үед ирэхдээ ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Харин маргаан гарсны дараа Сайханхангайн хамраас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13424 дугаартай: “С.Сайханхангайн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ш.Элбэгзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед миний уур хүрээд нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон чинь ажлынхан нь намайг хөөгөөд караокеноос гаргасан. Тухайн үед Сайханхангай бид хоёроос өөр хүн маргаанд оролцоогүй. Сайханхангайтай анх уулзахад ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Би Сайханхангайг цохисны дараа хамраас нь цус гарсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-71 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-32 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-33 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу, мөн хохирогч С.Сайханхангай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан байна.
Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+21” нэртэй караоке дотор хохирогч С.Сайханхангайг үл ойлголцлын улмаас зодож, түүний эрүүл мэндэд хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч С.Сайханхангай, гэрч М.Энхмэнд болон шүүгдэгч Ш.Элбэгзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13424 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяа мөрдөн байцаалтын үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс харахад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяагийн хохирогч С.Сайханхангайг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан түүний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяагийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Сайханхангайн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13424 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч С.Сайханхангай мөрдөн шалгах ажиллагааны явцад “...эмчилгээний зардал гэж 140,000 төгрөгийг дансаар авсан, гомдол санал байхгүй” /хх-13 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн бөгөөд дээрхтэй ижил агуулга бүхий хүсэлт /хх-80 дугаар хуудас/-ийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Ш.Элбэгзаяаг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокуророос шүүгдэгч Ш.Элбэгзаяад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Ш.Элбэгзаяа уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ш.Элбэгзаяагийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Элбэгзаяагийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ш.Элбэгзаяа цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Шагдархорлоогийн Элбэгзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Элбэгзаяаг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ш.Элбэгзаяад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ш.Элбэгзаяа нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Элбэгзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА