Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1285

 

 

 

 

 

 

 

 

      2022          10          17                                    2022/ШЦТ/1285

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

улсын яллагч: Н.Улсболд,

хохирогч: О.Г,

улсын өмгөөлөгч: Л.Амартогос,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.09.16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Б” ХХК-д мужаан ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрханы 0-00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Халтар овогт Бын Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг “орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1/ Хэргийн талаар:

 

1.1 Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэнж ” гэх дэлгүүрийн орчимд иргэн Н.Эын нүүрэн хэсэгт цохиж газарт унагах, газарт унасны дараа нуруу хэсэг рүү нь өшиглөх зэргээр цохиж зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-146/,

- Хохирогч Н.Эын “Би 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ очиж цэвэрлэчхээд гэртээ харих замдаа 1 шил хараа нэртэй архи уучхаад Дэнж дэлгүүрийн урд талын гудамжаар явж байхад зүс таних залуу миний араас дагаад явж байсан. Тэгээд надтай зэрэгцээд алхаж байгаад шууд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авах гэтэл арагшаа зугтсан. Тэр үед миний малгай унасан малгайгаа авах гээд тонгойход буцаж ирээд миний нүүр лүү хөлөөрөө өшиглөхөд би машин зам дээр хойшоо саваад ухаан алдаад унасан. ...Бага байхад нь 10 гаран жилийн өмнө л харж байсан. Манай дэнжээр жижигхэн шар банди тоглоод гүйдэг байсан” гэх мэдүүлэг /х.х-160-161/,

- Гэрч Х.Угийн “2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэртээ би байж байхад гаднаас манай нөхөр Э гэрт орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Э гаднаас орж ирсэн бөгөөд зодуулсан байдалтай нүүр ам нь нил цус болсон байсан. Тэр үед нь нөхөр Эоос юу болсон талаар асуухад Э гудамжинд дэнжийн зүс таних залууд зодуулсан гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш цагдаа дуудлага өгөөгүй 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр цагдаа дуудлага өгсөн. ...Манай нөхөр Э надад хандаж манай дэнжийн нэг шар өндөр залуу намайг зодсон гэж хэлсэн. Нэрийг нь мэдэхгүй гэсэн царайг нь бол харж байсан. 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр орой гэртээ орж ирэхэд нүүр амнаас нь цус гараад зодуулсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /х.х-165/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4436 дугаартай “Н.Эын биед гайморын хөндийн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын салстад няцарсан шарх, зүүн хацар, эрүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 8-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-169-170/,

- Яллагдагч *******ын “Тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. “Дэнж” нэртэй хүнсний дэлгүүрээс гараад явж байтал гудамжинд манай гэрийн ойролцоо амьдардаг зүс таних ах намайг мөргөсөн. Тэр үед тэр ах ч согтуу, би ч согтуу байсан. Бид хоёр маргалдаад барьж явсан архиа газар тавиад тэр ахын нүүр лүү 2,3 удаа цохиж газарт унагааж нуруу луу нь бас 2, 3 удаа өшиглөөд шууд гэр лүүгээ явсан. Би хашаандаа ороод хашааны завсраар гудамж руу харсан чинь тэр ах босоод хойшоо явж байсан” гэх мэдүүлэг /хх-183-184, 216-217/зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь үл ялиг зүйлээр шалтаглан иргэн Н.Эыг нүүр лүү нь цохих, газарт унаган нуруу луу нь өшиглөх зэргээр зодсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан шаардлага, журмыг хангаж гаргасан дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь танхайн сэдэлтээр, шууд санаатайгаар хүний халдашгүй эрх эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

1.2 Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрхан 0-00 тоотод оршин суух хохирогч О.Гын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн хазаар, мөнгөн ногт, халтан манан хөөрөг, эрэгтэй дархан нэхий, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлсийг  хулгайлан авсны улмаас хохирогч О.Гад 9580000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...нэг давхрын гал тогооны өрөөний урд хэсэгт байх вакум цонхны дотор талын бариул дээрээс 1 ширхэг гарын мөр, уг цонхны дотор талын раман дээрээс 1 ширхэг гарын мөр, уг өрөөний зүүн талын хэсэгт байх хөлдөөгчийн гадна хүрээнээс 1 ширхэг гарын мөр, нэг давхрын том өрөөний хойд хэсэгт байх цагаан цайвар стенкний хаалганы гадна бариул дээрээс 2 ширхэг гарын мөр, нийт 5 ширхэг гарын мөр бэхжүүлж авав” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-10-21/,

- С.Жаас 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1 ш мөнгөн ногт, 2 ш мөнгөн хазаар хураан авч хохирогч О.Гад 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х.х-23,24/,

- Хохирогч О.Гын “...Би эхнэр хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 2-56 тоотод амьдраад 22 жил болж байна. Энэ хугацаанд манай гэрт хулгай орж байгаагүй. Өнөөдөр 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ манай гэр бүлийнхэн 12 цаг 45 минутын үед гарсан. Тухайн үед гэрт хэн ч үлдээгүй бөгөөд ажил дээрээ байж байгаад орой 16 цаг болж байхад гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Хоёр ширхэг мөнгөн хазаар, нэг ширхэг мөнгөн ногт, халтан манан хөөрөг нэг ширхэг, 30 грамм мөнгөн бугуйвч, эрэгтэй дархан нэхий куртик, хоёр ширхэг дарс зэрэг эд зүйлс алдсан байна” гэх мэдүүлэг /х.х-35/,

- Иргэний нэхэмжлэгч С.Жы “Яг хэзээ гэдгээ сайн санахгүй байна манай нэг зүс таних дүү Баяраа гэдэг залуу надад хандаж манай нэг дүү хоёр ширхэг морины хазаар зарна гэж байна гэж хэлсэн. Тэр үед нь би 600000 төгрөгөөр өндөр шар царайтай залуугаас худалдаж авсан. ...Минийх, мөнгөний хэрэг гарсан гэхээр нь итгээд 600000 төгрөгөөр худалдаж авсан. Сүүлд хулгайн эд зүйл гэдгийг цагдаа дээр ирж мэдэж байна. 600 000 төгрөгөө *******аас  нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-39/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Ц-1320 дугаартай “нийт үнэлгээ 9580000 төгрөг” гэх тайлан /х.х-53-55/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04/212 дугаартай “Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 5 ширхэг гарын мөр, 2 хуудас гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх №5 дугаартай гарын мөн нь санд ММ004010009154, ММ00521008848, ММ0000СХД05815 дугааруудаар бүртгэгдсэн Батжаргал овогтой Өын гарын хээний дардасны зүүн гарын ядам хуруу хурууны хээтэй тохирно. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй” гэх дүгнэлт /хх-61-66/,

- Яллагдагч *******ын “2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гадуур явж байгаад архи уугаад гэр лүүгээ явж байх үедээ гэрийнхээ ойролцоо байрлах ногоон өнгийн хаалгатай улаан өнгийн тоосгон байшин байхаар нь цонхоор нь нэвтэрч орсон.тэр айлаас 2 ш мөнгөн хазаар, 1 ш мөнгөн ногт, 1 ш хөөрөг, 1 ш савхин куртка, мөнгөн бугуйвч аваад гарсан. 2 ш мөнгөн хазаар, 1 ш мөнгөн ногтыг зүс таних хүнд зарсан. Харин хөөрөг, мөнгөн бугуйвч хоёрыг согтуу явж байгаад гудамжинд унтаж байгаад сэрсэн чинь байхгүй болсон байсан. Савхин нэхий куртикийг тэр өдрөө согтуу өмсөж явж байгаад хаана орхиж үлдээсэн талаар мэдэхгүй байна. Би тэр айл руу ороод гарахдаа гараа цонхны шилэнд эсгэж гэмтээсэн. Уг хэргийг би ганцаараа үйлдсэн. Би дээрх гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү”  гэх мэдүүлэг /хх-216-217/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 2-56 тоотод оршин суух О.Гын гэрийн цонхоор нэвтрэн эд зүйлсийг хулгайлан авсны улмаас иргэн О.Гад мөнгөн дүнгээр 9580000 төгрөгийн хохирол учирсан үйлдэл  болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар  бусдын орон байранд цонхоор нэвтрэн эд зүйлсийг нь хулгайлан авсны улмаас бусдад 9580000 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар нотлогдож байх тул *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Н.Эын бие махбодид “гайморын хөндийн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын салстад няцарсан шарх, зүүн хацар, эрүүнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг /х.х-160-161/, шинжээчийн 2022.03.22-ны өдрийн 4436 дугаартай дүгнэлт /х.х-169-170/ зэрэг баримтуудаар, О.Гад мөнгөн дүнгээр 9580000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, мөн иргэн С.Жд “өөрийн эд зүйл” хэмээн ойлгуулж, 2 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг мөнгөн ногтыг 600000 төгрөгөөр зарж борлуулан С.Жд 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-23-25/, хохирогчийн мэдүүлэг /х.х-35/, иргэний нэхэмжлэгч С.Жы мэдүүлэг /х.х-39/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Ц-1320 дугаартай “их гарын халтар манан хөөрөг-3.800.000, эрэгтэй савхин куртик-700.000, гурвалсан сүлжээтэй мөнгөн бугуйвч-1.125.000, мөнгөн хазаар-1.600.000, 2 ш-3.200.000, мөнгөн ногт-850.000, дарс-22.500, 2 ш дарс-50.000 нийт үнэлгээ 9580000 төгрөг” гэх тайлан /х.х-53-55/ тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Н.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг, хохирогч О.Г, иргэний нэхэмжлэгч С.Ж нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******аас тус тус шаардах эрхтэй байна.

 

Хохирогч Н.Э нь шинжилгээ, эмчилгээтэй холбоотой зарцуулсан нийт 178150 төгрөгийн баримт /хх-174-176/ гаргаж өгсөн ба түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “178150 төгрөг нэхэмжилж байна” гэж шүүхэд мэдэгдсэн тул байх тул уг хохирол төлбөрийг *******аас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарсан эмчилгээ, шинжилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жичдээ нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, энэ талаар тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй байна. 

Мөн шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Гад нийт 9580000 төгрөгийн хохирол учирсан ба биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн 2 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг мөнгөн ногтны үнийг хасч тооцоход 5530000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй, мөн иргэний нэхэмжлэгч С.Жд учруулсан 600000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул *******аас нийт 6308150 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эод 178150 төгрөг, хохирогч О.Гад 5530000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Жд 600000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 971/А дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан 07 жил 01 сар хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд сургуульд орох, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргийг даалгаж, насанд хүрээгүй шүүгдэгчийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Ч.Бөмбөлөгт хариуцуулсан,

2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор ******* нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 03 жил 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 08 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ******* нь хорих ялыг биечлэн эдэлж байгаад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан оногдуулсан 08 жил 06 сарын хорих ялаас 04 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 3 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,  Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/157 дугаартай захирамжаар *******ын хорих ялд нэмж нэгтгэсэн 1 жил 1 сарын хорих ялыг эдлэхээс чөлөөлж, оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж 2 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, ялтан *******ыг нэн даруй суллахаар шийдвэрлэсэн,

3. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ын өдрийн 2020/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолоор ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ******* нь хорих ялыг биечлэн эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ХМШЗ/57 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон ба хяналт тогтоосон хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, зөрчил үйлдэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, байнгын ажил хөдөлмөр эрхлэх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-194/, шийтгэх тогтоолуудын хуулбар хувь, шүүгчийн захирамжуудын хуулбар хувь /х.х-99-114, 196-206/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан *******ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 7 сар 10 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх дүгнэлт , шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг 560 цагийн хугацаагаар тогтоож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, ******* нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж буй тул түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоох, мөн ******* нь шүүхээс хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний эдлээгүй үйлдсэн ял болох 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял болох 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ХМШЗ/57 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон ба хяналт тогтоосон хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, зөрчил үйлдэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, байнгын ажил хөдөлмөр эрхлэх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн арга хэмжээтэй холбоотой ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болгосон болох нь Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022.04.18-ны өдрийн 22/83 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдаж, хяналтад байх хугацаандаа санаатай 2 гэмт хэрэг үйлдсэний улмаас шийтгүүлж байгаа ба шүүхээс тэнсэн сулласан 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул дээрх Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ХМШЗ/57 дугаартай захирамжаар хэрэглэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхардуулан хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 17.1

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Халтар овогт Бын Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Халтар овогт Бын Өад 560 /таван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Халтар овогт Батжаргалын Өад 2 /жил/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан Халтар овогт Бын Өад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял руу дүйцүүлэн тооцоход 70 хоногийн хугацаагаар хорих ял болсныг нэмж нэгтгэн биечлэн 2 /хоёр/ жил 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сар 10 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 3 /гурван/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 84 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч *******ын хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжлүүлээгүй, хохирогч О.Гад нийт 4050000 төгрөгийн эд зүйлсийг *******аас хураан авч буцаан хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******аас нийт 6308150 төгрөг гаргуулж хохирогч О.Гад 5530000 төгрөгийг, хохирогч Н.Эод 178150 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Жд 600000 төгрөгийг тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С.СЭРЖМЯДАГ