Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/796

 

       

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Онон,

хохирогч Т.Азбилэг,

шүүгдэгч О.Тэгшмандах өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тэгшмандахад холбогдох эрүүгийн 2205000001981 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кузов засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Бургасын 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ийжгээ овогт Оюунбатын Тэгшмандах /Регистрийн дугаар: НМ95100511/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Тэгшмандах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшил сангийн аж ахуйн 4-04 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.Азбилэгтэй маргалдан улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн зовхи, цээж, баруун мөр, бүсэлхий, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Тэгшмандах мэдүүлэхдээ: “...Тухайн газар байсан бүх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Би Т.Азбилэгийн эхнэрийг сайн танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Тухайн үедээ л Т.Азбилэгийн эхнэртэй өмнө нь уулзаж байсан гээд хэлчихсэн байсан. Хохирогчид хохирол, төлбөрт 600,000 төгрөг төлсөн. Би цаашид хөдөөгөөр явж засварын ажил хийж, ажиллаж амьдарна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Т.Азбилэг мэдүүлэхдээ: “...Би 4-5 хүнтэй нийлж барилгын бригад болж хүмүүстэй тохирч ажил хийдэг. Долоо хоногт 1 давхар байшинг бэлэн болгодог. Туслах ажилчдаа хоногийн 200,000 төгрөгөөр цалинжуулдаг. Би О.Тэгшмандахад зодуулсны улмаас 10-14 хоног ажилдаа яваагүй. Би өөртэй нь ярихад надад ийм их мөнгө барагдуулах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь адилхан залуу хүн учраас гэж бодоод 600,000 төгрөг нэхэмжилж авсан” гэв.

Хохирогч Т.Азбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Хүй долоо явж шоу үзчихээд шөнийн 01 цагт гэртээ ирсэн. Гэрт орж ирээд 1 литрийн “Эдэн” гэх нэртэй архийг зургуулаа хувааж уусан. Архи дуусчихаад архинд явахаар болж би нэг найзыгаа дуудаад машин бариулаад CU-гээс 1 шил 1 литрийн “Эдэн” нэртэй архи аваад гэртээ хариад дөрвүүлээ ууж суусан. Тэгшмандах гэх залуугаас манай эхнэрийг яаж таньдаг юм бэ гэж асуухад би танай эхнэртэй уулздаг, явалддаг байсан юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би уурлаж хоорондоо маргалдсан. Тухайн үед согтсон байсан учир яг юу гэж хэлж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн Тэгшмандах миний цээжин дээр дараад суусан гараараа нүүр рүү цохиж байхаар нь би болиоч ээ, одоо больё гэхэд ална чамайг, миний хутга хаана байна гэж хутгаа нэхэж орилоод байсан. Удалгүй манай найз Заяаням гаднаас орж ирж Тэгшмандахыг надаас салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.  Тэгшмандах намайг зодсон, өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Би өмнө нь Тэгшмандахыг харж байгаагүй, танихгүй. Анх удаа л гэрт харсан. Тэгшмандах манай эхнэрийн найз болох Баасанжаргалын найз гэж гэрт ирсэн байсан. Би Хэнтий аймагт баригдаж байгаа барилга дээр өдрийн 120,000 төгрөгөөр ажилладаг юм. Тэгшмандахад зодуулснаас болоод 10 хоног ажилдаа яваагүй. 10 хоногийн цалин 1,200,000 төгрөг, томографт харуулсан төлбөр 380,000 төгрөг, эм тарианы 120,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх гэж явсан бензиний мөнгө 80,000 төгрөг, нийт 1,780,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-5 дугаар хуудас/,

Гэрч Э.Тайванбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Хүй долоон худгаас шөнө 00 цагийн үед Азбилэгийн гэрт очсон. Тэдний гэрт очоод хоёр ширхэг том пиво уусан. Тэгтэл шөнө 02 цагийн үед Заяа гээд Азбилэгийн эрэгтэй найз ирсэн. Бид хэд ууж сууж байтал Тэгшмандах нь Азбилэгийн эхнэртэй явалддаг байсан гэж хэлтэл тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед би болон Заяа бид хоёр салгах гэж оролдсон ба салгах гэж байхад Тэгшмандах нь Азбилэгийн нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Тэр хоёр олон удаа салж нийлсэн ба Азбилэг нь салсныхаа дараа эхнэр лүүгээ тогоо авч шидээд гарыг нь хазсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд хойш нь түлхсэн. ...тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-9 дүгээр хуудас/,

Гэрч М.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт найз Баасанжаргал, Билэгдэлгэр, Тэгшмандах нар 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авч ирээд бид нар ууж суусан. Манай нөхөр гаднаас 16 цаг өнгөрч байхад орж ирээд Тэгшмандахтай танилцсан. Тухайн үед манай нөхөр пивоноос нэг ч уугаагүй. Орой Хүй долоон худаг дээр шоутай гэж байна, бөөнөөрөө үзэх үү явцгаая гээд 21 цаг өнгөрч байхад гэрээс гараад Хүй долоон худаг орчихоод шөнийн 01 цагт манай гэрт ирсэн. Гэрт 2 шил “Эдэн” архийг бүгд хувааж ууцгааж суусан. Баасанжаргал, Билэгдэлгэр 2 унтаад өгсөн. Би тухайн архинаас уугаагүй эрүүл байсан юм. Манай нөхрийн найз Заяаням гаднаас 2 цаг өнгөрч байхад орж ирээд нөхөртэй гадагшаа гараад дэлгүүр орчихоод ирэхэд Тэгшмандах манай нөхрөөс хэрүүл өдөөд байсан. Би тухайн үед юу гэж ярьсныг нь мэдэхгүй байна. Манай нөхрийг гэнэт нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиход нөхөр өөдөөс нь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй гарч яваад гэрийнхээ хойно ганцаараа суусан. Араас нь Тэгшмандах гараад манай нөхрийн хажууд сууж байснаа манай нөхрийн толгой руу хөлөөрөө 2-3 өшиглөхөөр нь чи болиоч гэж хэлтэл чи цаанаа бай гэж орилоод байсан. Би гэр рүү ороод Тайванбатаас тэр 2 дээр очиж салгаад өгөөч гэж гуйхад гаднаас Тэгшмандах манай нөхрийг чирч гэрт оруулж ирсэн. Тухайн үед нөхөр ухаан алдсан байсан болохоор газар гудсан дээр хэвтүүлсэн. Удалгүй сэргэж эхэлсэн. Манай нөхөр босож ирээд Тэгшмандах руу чи яаж байгаа юм бэ гэхэд ор руу түлхээд дээр нь гарчихаад толгой, нүүр рүү нь маш олон удаа цохисон. Тайванбат, Баасанжаргал 2 Тэгшмандахыг салгах гэж оролдоход гэрийн унь хажууд унахад татаж авчихаад манай нөхрийг ална гэж дайраад орилоод байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхэд Тэгшмандах нөхрийн нүүр рүү хөлөөрөө өшиглөөд байхаар нь боль гэхэд болихгүй байсан юм. Тэгшмандах л манай нөхрийг цохиж зодоод байсан. Өөр хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-11-12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10016 дугаартай: “Т.Азбилэгийн биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн зовхи, цээж, баруун мөр, бүсэлхий, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Тэгшмандахын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр найз Баасанжаргал 16 цагийн үед над руу залгаад хороололд уулзъя гэхээр нь явж очсон. Намайг очиход Баасанжаргал нэг найзтайгаа хамт байсан. Намайг Урнаа гэх эмэгтэйн гэрт очъё гэхээр нь цуг гэр рүү нь ороход Урнаа ганцаараа гэртээ сууж байсан. Тэгээд Баасанжаргал Урнаатай хамт 2,5 литрийн пиво ууж суусан. Би машин барьж байсан учир пивоноос уугаагүй. Удалгүй гаднаас Урнаагийн нөхөр Азбилэг орж ирээд Хүй долоон худаг дээр шоу үзье гэж хэлэхээр нь бүгд шоу руу явсан. Шоун дээр дөрвүүлээ 2,5 литрийн пиво уусан. Шөнийн 02 цагт байхаа бид нар Урнаагийнд ирээд үргэлжлүүлж 0,75 литрийн 3-4 шил архи уусан, олон архи, пиво уусан хэдэн шил байсныг нь санахгүй байна. Тухайн үед нилээн муудаж нэг мэдсэн Азбилэг миний хөл рүү гараараа цохиод байж байсан. Удалгүй эхнэр рүүгээ тогоо авч шидсэн. Би Азбилэг дээр очиход миний зүүн гарын дунд хурууг хазахаар нь би нүүр рүү нь гараараа цохиж, миний хурууг тавихгүй болохоор нь нүүр рүү нь хөлөөрөө жийсэн. Яаж байгаад миний хурууг хазсаныг мэдэхгүй байна. Удалгүй хадам ээж нь гэрт нь ирэхэд хадам ээж рүүгээ дайраад байхаар нь би нүүрийн мангасдаж газар унагаасан. Тухайн үед нилээн согтсон байсан болохоор тодорхой сайн санахгүй байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-31-32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-36 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч О.Тэгшмандах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч О.Тэгшмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.Тэгшмандах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 4 дүгээр гудамжны 4 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.Азбилэгтэй маргалдан улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн зовхи, цээж, баруун мөр, бүсэлхий, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Т.Азбилэг, гэрч М.Уранцэцэг, Э.Тайванбаяр нарын мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Тэгшмандахын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10016 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Т.Азбилэгийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.Тэгшмандахын гэм буруутай үйлдэл болох өшиглөх, цохих зэргээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Тэгшмандах нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч О.Тэгшмандахын хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Азбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...10 хоногийн цалин 1,200,000 төгрөг, томографт харуулсан төлбөр 380,000 төгрөг, эм тарианы 120,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх гэж явсан бензиний мөнгө 80,000 төгрөг, нийт 1,780,000 төгрөг нэхэмжилнэ” /хх-5 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...зодуулсны улмаас 10-14 хоног ажилдаа яваагүй. Би О.Тэгшмандахтай ярихад ийм их мөнгө барагдуулах боломжгүй гэж хэлсэн, би адилхан залуу хүн учраас гэж бодоод 600,000 төгрөг нэхэмжилж авсан. Одоо хуралд оролцох гэж Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу ирж очсон бензиний зардал болох 200,000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгч О.Тэгшмандах нь 2022 оны 10 дугаар сарын 20-нд хохирогч Т.Азбилэгт 600,000 төгрөг нөхөн төлсөн болох нь дансны дэлгэрэнгүй хуулга, шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзэв.

Иймд хохирогч Т.Азбилэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Тэгшмандахаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Тэгшмандахад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч О.Тэгшмандах нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч О.Тэгшмандахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчид 600,000 төгрөг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тэгшмандахыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Тэгшмандахын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.Тэгшмандах цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ийжгээ овогт Оюунбатын Тэгшмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тэгшмандахыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.Тэгшмандахад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч О.Тэгшмандах нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.Тэгшмандах цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч Т.Азбилэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Тэгшмандахаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тэгшмандахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА