| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/01195/и |
| Дугаар | 3834 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 3834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 25 дугаар байр, 137 тоотод оршин суух бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 дугаар баг, 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, Шыбарайгыр овогт Саясигийн Уалихан /РД: ШУ88081311/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 8 дугаар байр, 6 тоотод оршин суух, Аргын овогт Зулхумарын Ахмарал /РД: БЮ90112921/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хүүхдэд нэг удаагийн тэтгэлэгт 25 000 000 төгрөг гаргуулах, С.Уалиханыг хүү У.Нурымын өвчнийг бүрэн эдгэрэх хүртэл уулзахыг хориглох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Уалихан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батмандах, хариуцагч З.Ахмарал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Уалихан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд З.Ахмаралтай танилцаж, улмаар 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нурым гэж хүүтэй болсон. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэр бүлийг цуцалж, хүү Нурымыг эхийн асрамжид үлдээж өгнө үү. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч З.Ахмарал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2014 онд С.Уалихантай танилцаж, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Нурым төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдийг өөрийн асрамжинд авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч З.Ахмарал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү У.Нурым нь орчин тойрны дуу чимээнээс амархан айж цочирддог, танихгүй хүнээс айж их уйлдаг, эмнэлгийн байнгын хяналтад байдаг ба одоо зүрхэнд нь хэвийнхээс илүү ачаалал үзүүлсэн тохиолдолд амь насанд нь хүртэл аюултай үр дагавар үүсгэж, яаралтай хагалгаанд орох болно гэдгийг эмнэлгийн байгууллагаас бидэнд анхааруулсан. Дээрх өвчнийг заавал зүрхний нарийн хагалгаанд орж байж эмчилэх бөгөөд одоогоор Монгол Улсад тус төрлийн гажигийг эмчлэх, хагалгаа хийх боломжгүй байдаг, харин БНСУ-д мөн адил нарийн мэргэжпийн эмнэлэгт зохих хагалгааг хийлгэж, эмчилүүлснээр эдгэрэх боломжтой гэсэн туд сая хүүдийг хагалгаанд оруулсан. Цаашид хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээнийн төлбөрийн тал хувь болох 25 000 000 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т нэг удаа гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн С.Уалихан нь маш хурц ширүүн зан авиртай, ямар ч асуудлыг өөрийн дур зоргоор, хүч хэрэглэн шийдвэрлэх гэж зүтгэдэг, хань ижил, үр хүүхэддээ анхаарал тавихаасаа илүү зөвхөн өөрийн хувийн үзэл бодлыг бусдад тулгаж түүндээ нийцүүлэхийг шаарддаг, архи уухаараа догширч, хүүхдийн эрүүл мэндийг үл хайхран агсам тавьж, биеэ барих чадваргүй болдог, хүүхэд төрөхөөс өмнө ч, төрсний дараа ч надад удаа дараа гар хүрч басан. Энэ нь хариуцагч хүүхэдтэй уулзсанаар хүүгийн биеийг эдгээх, өвчнийг эмчлүүлэхэд сөрөгөөр нөлөөлөх тул У.Нурымын өвчнийг бүрэн эдгэрэх хүртэл хариуцагчийг уулзахыг хориглож өгнө үү. Бид өмнө нь сөрөг нэхэмжлэл болгон гаргасан эмчилгээний төлбөр болох 25 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Уалихан шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Гэр бүлийн тухай хуулийн 26.2, 26.4, 26.5 т зааснаар эрхээ хязгаарлуулаагүй эрүүл биетэй саруул ухаантай байна. Би цаашид эцэг хүний хувьд хүүхдийн өвчний эмчилгээний талаар чадах бүхнээ хийнэ. Харин хүүхдэд олгох тэтгэлийг нэг удаа 25 000 000 төгрөг төлөх үндэслэлгүй. Учир нь энэ талаар баримт байхгүй байна. Мөн эцэг хүний хувьд хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Түүнчлэн, би хүүхэдтэйгээ уулзсанаар түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Уалихан нь хариуцагч З.Ахмаралд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдэд нэг удаагийн тэтгэлэгт 25 000 000 төгрөг гаргуулах, хүү У.Нурымын өвчнийг бүрэн эдгэрэх хүртэл С.Уалихантай уулзахыг хориглох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч С.Уалихан болон хариуцагч З.Ахмарал нар 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсоныг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд гэрлэснийг бүртгэжээ. Улмаар гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тэдний дундаас хүү У.Нурым төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн, түүнчлэн, шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2018/11396 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 288 дугаар “эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү У.Нурым эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдийн насны онцлого болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн түүнийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
2. Хүүхдэд нэг удаагийн тэтгэлэгт 25 000 000 төгрөг гаргуулах, хүү У.Нурымын өвчнийг бүрэн эдгэрэх хүртэл С.Уалихантай уулзахыг хориглох сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь 25 000 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын үндэслэлээ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хүүхдийн эмчилгээний төлбөр болох 25 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хүүхдэд нэг удаагийн тэтгэлэгт 25 000 000 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн. Улмаар шүүх хуралдаанд “хүүхдийн эмчилгээний төлбөр болох 25 000 000 төгрөг гаргуулах” гэх шаардлагаасаа татгалзсан. Харин “...хүүхдэд нэг удаагийн тэтгэлэгт 25 000 000 төгрөг гаргуулах” шаардлагын үндэслэлээ “...уг 25 000 000 төгрөгийг хүүхдийн эмчилгээнд зарчуулах төлбөр” гэж тодорхойлсон. Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс 25 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ хүүхдийн эмчилгээнд зарчуулахаар өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэдийгээр шүүх хуралдаанд “хүүхдийн эмчилгээний төлбөр болох 25 000 000 төгрөг гаргуулах” сөрөг шаардлагаас татгалзаж байна гэх боловч энэ нь шаардлагаасаа татгалзсан бус, харин шаардлагын үндэслэлээ “...хүүхдэд нэг удаагийн тэтгэлэгт 25 000 000 төгрөг гаргуулах” гэж өөрчилсөн буюу 25 000 000 төгрөгийг хүүхдийн эмчилгээнд зориулж нэхэмжлэгчээс шаардсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар тэтгэлгийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр, мөн зүйлийн 41.2.2-т зааснаар уг тэтгэлгийг нэг удаа олгож болох бөгөөд тэтгэлэг нь хүүхдийн амьдралын болон өдөр тутмын байгын хэрэгцээнд зарцуулагдахтай холбоотой байдгаас гадна тэтгэлгийг нэг удаа гаргуулах зайлшгүй шаардлага бий болсон байхыг шаарддаг. Гэвч хэрэгт авагдсан баримтаар хүүхдийн тэтгэлэгийг нэг удаа 25 000 000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хүү У.Нурым нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, хэргийг хянан шийдвэрлэх үед 2 нас 5 сартай байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр түүнд олгох тэтгэлийн хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тооцоход 18 нас хүртэл хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээ 28 101 900 төгрөг болж байхаас гадна энэ нь өсөх магадлалтай юм. Иймд хүүхдийн тэтгэлэгт нэг удаа 25 000 000 төгрөг олгогуулах нь хүүхдийн эрх ашигт хохиролтой байна.
Нөгөөтэйгүүр, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү У.Нурым нь зүрхний Хөх хэлбэрийн хавсарсан гажиг-Фаллогийн дөрвөлсөн гажиг /ховдол хоорондын таславчийн цоорхой, гол судасны эмгэг байрлал, уушигны артерийн хүнд хэлбэрийн нарийсал, баруун ховдолын томрол/, хөхрөлтийн спелл гэсэн оноштой, уг гажигийг одоогоор Монгол улсад эмчлэх боломж бүрдээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хүүхдийг хүндээр өвчилсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хүүхдийн эмчилгээнд 25 000 000 төгрөг зарцуулсан, мөн тийм хэмжээний зардал гарах болсон нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, цаашид дээрх хэмжээний зардал гарах эсэх нь тодорхойгүй, ирээдүйд чиглэсэн шаардлагыг шүүх баримтгүйгээр хангах үндэслэлгүй. Харин хариуцагч нь уг баримтаа бүрдүүлсний дараа шүүхэд шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй. Түүнчлэн, эцэг, эх хүүхдийг асран хамгаалахад адил тэгш оролцох үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулснаас үл хамаарч эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ. Хүү У.Нурым дээрх өвчний улмаас чанга дуу чимээнд цочирдон, тайван бус болох эсхүл уйлах үед зүрхний баруун ховдолын гарах хэсгийн гэнэтийн агшилтын улмаас тархинд хүчилтөрөгч цочмогоор дутагдаж, хөрөлт нэмэгдэн, улмаар таталт өгч, түүний өвчин хүндэрч, амь насанд эрсдэлтэй байдал үүсэх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх боловч хүүхдийг эцэг С.Уалихантай уулзуулснаар дээрх нөхцөл байдал үүсэх, эсхүл уулзуулахгүй байснаар үүсэхгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлгийг эцэгээс нь гаргуулж хүүдэд олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Шыбарайгыр овогт Саясигийн Уалихан, Аргын овогт Зулхумарын Ахмарал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү У.Нурымыг эх З.Ахмаралын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү У.Нурымд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг С.Уалиханаас гаргуулан олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, 26 дугаар зүйлийн 26.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Уалиханд холбогдох, хүүхдийн тэтгэлэг нэг удаа 25 000 000 төгрөг олгох, хүү У.Нурымын өвчнийг бүрэн эдгэрэх хүртэл С.Уалихантай уулзахыг хориглох тухай хариуцагч З.Ахмаралын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтран нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 83 274 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13 074 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН