Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч, хохирогч А.А, Д.Т,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                      

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн А-ын А, Ш овгийн Д-ийн Т нарт холбогдох 2228002030137 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт:     

А овгийн А-ын А ......     

Ш овгийн Д-ийн Т ....               

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Ханан” гэх газарт Д.Т-тай маргалдаж, харилцан зодолдон биед нь тархины доргилт, зүүн зулай дахь хуйхны, зүүн өвдөг дэх язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, баруун тохой, зүүн гарын ар гадаргуу, зүүн дал, зүүн сарвуу, шилбэ, 2 өвдөг дэх зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Ханан” гэх газарт А.А-тэй маргалдаж, харилцан зодолдон биед нь баруун дал, хоёр өвдөг дэх зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.А, Д.Т нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч А.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Одоо Д.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй, өвдөг шалбарсан байсан эдгэрсэн. Д.Т-аас хохирол төлбөр аваагүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2 сарын цалин 1,500,000 төгрөг, эмчилгээний болон буудлын зардал 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед дунд хурууны яс хугаралтай, өвдөг шалбарсан байсан. Дунд хурууны яс А.А-ийн үйлдлээс болоогүй, өөрөө чулуунд бүдэрч унах үед гараараа тулахдаа учирсан гэмтэл. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар хот руу Альфард машинтай явсан. Тэгээд А-тэй машины урд суудлаас болж маргалдаад явж байгаад 97 дээр бууж хоол идсэн. Хоол идсэнийхээ дараа машин дотор явж байгаад урд хойд суудал дээрээ маргалдаад ханангийн антены тэнд машин зогссон. Тэр үед машинаас буугаад А-тэй муудалцаж, заамдалцаж аваад ноцолдсон. Тэр үед А нүүр рүү 1 цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан, бас хөл рүү өшиглөсөн. Тэгээд хоорондоо заамдалцаж ноцолдож байхад өвдөг шалбарсан. Тэгж байхад У, М 2 машинаас бууж ирээд салгасан. Тэр үед Альфардны жолооч цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд У, М 2 салгасан байсан болохоор салаад сууж байсан чинь цагдаа ирээд А, У бид гурвыг аваад явсан. М-ыг цагдаа сүүлд нь дуудаж авчирсан... Эдгээр гэмтлүүдийг би А гэдэг залуутай харилцан заамдалцаж байгаад газарт унах үед би чулуун дээр хоёр өвдгөөрөө өвдөглөж унах үед миний зүүн хөлний өвдөгний хэсэгт язарсан, заамдалцаад газарт унаад салсны дараа би өөрөө газарт байсан чулуунд бүдрээд унахдаа гараараа тулах үед миний гарын 3 дугаар хурууны үенд гэмтэл учирсан. Бусад гэмтлүүд нь газарт унаад би А.А гэдэг залуутай дээр доороо орж газарт ноцолдож байх үед үүссэн гэмтлүүд юм... А миний эм, эмчилгээний төлбөрийг төлсөн учир надад А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй... А.А надад миний эмчилгээний зардал мөнгө болох нийт 4,500,000 төгрөг барагдуулж өгсөн... Би эм, эмнэлгийн зардлаа нөхөн төлүүлсэн учир надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 21-23, 31-32, 36-37 дахь тал/      

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Т бид хоёр машинаас буугаад зууралдаж байгаад би нүүр рүү нь цохисон. Дараа нь Т миний толгой руу 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад газар өнхөрсөн. Т миний толгой руу цохисон боловч надад учирсан хохирол байхгүй. Бусад шалбарсан хэсгүүд нь газар өнхрөх үед үүссэн. Т бид хоёр маргалдсан гэх газар нь чулуу ихтэй газар байсан. Надад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Цагаан хаднаас ховдын Булганаас ачааны машин хүргэж өгсөн хүмүүс Улаанбаатар хот руу явах унаа хайж надтай холбогдсоны улмаас тэр хүмүүсийг Цагаан хадны пижүтээс аваад Улаанбаатарын зүг хөдөлсөн. Явах замдаа тэр хэдийн ихэнх нь халамцуу байсан. Урьд шөнө нь уусан бололтой байсан. 2 нь эрүүл байсан байх. Тэгээд явж байх замд Уурхайн замын 2 дахь км дээр тэр хэд дэлгүүр орж ус ундаа авна гэж буусан. Тэр үед Ховд руу явсан асуудлаа яриад муудалцаад байсан. Урд Аа гээд байсан хүн нь, хойно Төрөө гэсэн хүн нь байсан. Тэгээд бүгд ус, ундаа тариа авна гээд буусан. Нэг харсан чинь Т, Аа гээд 2 хүн нь бие биенийгээ түлхэлцээд байсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс нь тэр хоёрыг салгаад байрлалыг нь сольж суулгасан. ... Ханангийн антен гэх газарт шээмээр байна гэхээр нь зогссон, тэгээд бүгд буусан. Замын хажуу талын жалганы цаашаа гараад нөгөө 2 хэрэлдэж, түлхэлцэж байгаад цохилцож эхэлсэн. У нь салгах гэж очсон ч миний зүгээс харахад Аа гэх хүнийхээ талд байх шиг байсан. У, М хоёр нь салгаж байсан ч Т, А хоёр хэрэлдэж байсан. Тэгээд наанаас бусад хүмүүс нь боль гэхэд салж байсан ч эргээд гэнэт цохилцоод эхэлсэн. Тэгээд У, М болон хүмүүс бүгд очиж салгахад Ты өвдөг шалбарсан байсан. Нөгөөх нь хувцастай байсан болохоор мэдэгдээгүй. Тэгээд салгаад байж байтал нөгөө 2 чинь ханангийн антены тэр хавьд хоёулаа алхаж явж байгаад дахиж муудалцаад Т чулуу авч шидээд байсан. А тэлээ барьчихсан байсан. Тэгээд Т 1 унасан. Тэр үед нь би за болихоо байлаа гээд цагдаа дуудсан.” /хавтаст хэргийн 45-47 дахь тал/

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 8 хүн цагаан хаднаас Улаанбаатар хот руу Альфард загварын машинд сууж явсан. Замдаа 97-ийн цайны газарт хоолонд орсон. Тэндээ бүгдээрээ 1, 2 шил архи уусан. Тэндээсээ хөдлөөд Улаанбаатар руу явах замдаа А, Т хоёр маргалдаж байсан. Тэгээд ханангийн антены тэнд зогсоод тэр хоёр суудлаасаа болоод маргалдаад машинаас буугаад заамдалцаад зууралдаад байхад нь М бид хоёр машинаас бууж салгасан. Тэгээд А, Т-ы хамар руу цохисон. Т-ыг газар чирээд өвдөг нь шалбарсан. Тэгээд М бид хоёр салгасан. Тэр үед машины жолооч цагдаа руу дуудлага өгсөн. 30 минутын дараахан цагдаа ирээд А, Т бид гурвыг авч явсан... Машинаас буугаад ирэхэд тэр хоёр зууралдаж байсан. Дараа нь А-ийн цээжийг харахад цохисон байсан. Т-ы хамар нь улайж өвдөг нь шалбарсан байсан.” /хавтаст хэргийн 56, 59-61 дэх тал/

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар руу Альфард машинд сууж явж байгаад Т, А хоёр хоорондоо машины урд хойно суух дээрээ маргалдаад ханангийн антены тэнд тэр хоёр машинаасаа бууж ноцолдоод байсан. Тэгээд У бид хоёр бууж тэр хоёрыг салгасан. Тэр үед А Т-ы нүүр рүү 1 цохисон, харин Т, А-ийн хавирга руу цохисон. Тэгээд У бид хоёр салгасан. Салгасны дараа тэр хоёр гадаа машины ард сууж хоорондоо юм ярьж байхад цагдаа ирээд У, Т, А гурвыг авч явсан. А, Т-ы нүүр рүү л цохих шиг болсон. Тэгээд Т-ы өвдөг нь халзарсан байсан... Т-ы өвдөг нь зулгарсан, хамар нь улайсан байх шиг байсан... Миний бие эрх чөлөөнд халдсан хүн байхгүй.” /хавтаст хэргийн 63, 66-67 дахь тал/

Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед Т-тай машины урд хойд талын сандал дээр суух дээр маргалдсанаас болж муудалцаж биед нь халдсан. Би хохирлыг бүрэн барагдуулсан.” /хавтаст хэргийн 96-97 дахь тал/

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед А-тэй машины урд хойно суух дээр маргалдаж толгойд нэг удаа цохиж, заамдалцаж газар унасан. А надад ямар нэгэн хохирол байхгүй гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 100-101 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Т-ы биед тархины доргилт, баруун гарын 3-р хурууны 2-р шивнүүрийн хугарал, зүүн зулай дахь хуйхны, зүүн өвдөг дэх язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, баруун тохой, зүүн гарын ар гадаргуу, зүүн дал, зүүн сарвуу, шилбэ, 2 өвдөг дэх зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун гарын 3-р хурууны 2-р шивнүүрийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл тус бүр нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.А-ийн биед баруун дал, хоёр өвдөг дэх зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.А, Д.Т нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.А, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.А нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Ханан” гэх газарт Д.Т-тай маргалдаж, харилцан зодолдон биед нь тархины доргилт, зүүн зулай дахь хуйхны, зүүн өвдөг дэх язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, баруун тохой, зүүн гарын ар гадаргуу, зүүн дал, зүүн сарвуу, шилбэ, 2 өвдөг дэх зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Ханан” гэх газарт А.А-тэй маргалдаж, харилцан зодолдон биед нь баруун дал, хоёр өвдөг дэх зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-ы “...Хоол идсэнийхээ дараа машин дотор явж байгаад урд хойд суудал дээрээ маргалдаад ханангийн антены тэнд машин зогссон. Тэр үед машинаас буугаад А-тэй муудалцаж, заамдалцаж аваад ноцолдсон. А нүүр рүү 1 цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан, бас хөл рүү өшиглөсөн. Тэгээд хоорондоо заамдалцаж ноцолдож байхад өвдөг шалбарсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/, хохирогч А.А-ийн “Т бид хоёр машинаас буугаад зууралдаж байгаад би нүүр рүү нь цохисон. Дараа нь Т миний толгой руу 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад газар өнхөрсөн. Т миний толгой руу цохисон боловч надад учирсан хохирол байхгүй. Бусад шалбарсан хэсгүүд нь газар өнхрөх үед үүссэн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, гэрч Ц.Д-ы “...Замын хажуу талын жалганы цаашаа гараад нөгөө 2 хэрэлдэж, түлхэлцэж байгаад цохилцож эхэлсэн. ...У, М хоёр нь салгаж байсан ч Т, А хоёр хэрэлдэж байсан. Тэгээд У, М болон хүмүүс бүгд очиж салгахад Т-ы өвдөг шалбарсан байсан. Нөгөөх нь хувцастай байсан болохоор мэдэгдээгүй.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/, гэрч Н.У-ын “... Улаанбаатар руу явах замдаа А, Т хоёр маргалдаж байсан. Тэгээд ханангийн антены тэнд зогсоод тэр хоёр суудлаасаа болоод маргалдаад машинаас буугаад заамдалцаад зууралдаад байхад нь М бид хоёр машинаас бууж салгасан. А, Т-ы хамар руу цохисон. Т-ыг газар чирээд өвдөг нь шалбарсан. ...Дараа нь А-ийн цээжийг харахад цохисон байсан. Т-ы хамар нь улайж өвдөг нь шалбарсан байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 56, 59-61 дэх тал/, гэрч Г.М-ын “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар руу Альфард машинд сууж явж байгаад Т, А хоёр хоорондоо машины урд хойно суух дээрээ маргалдаад ханангийн антены тэнд тэр хоёр машинаасаа бууж ноцолдоод байсан. Тэгээд У бид хоёр бууж тэр хоёрыг салгасан. Тэр үед А Т-ы нүүр рүү 1 цохисон, харин Т, А-ийн хавирга руу цохисон. Тэгээд У бид хоёр салгасан... Т-ы өвдөг нь халзарсан байсан... Т-ы өвдөг нь зулгарсан, хамар нь улайсан байх шиг байсан...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 63, 66-67 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн “Д.Т-ы биед тархины доргилт, зүүн зулай дахь хуйхны, зүүн өвдөг дэх язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, баруун тохой, зүүн гарын ар гадаргуу, зүүн дал, зүүн сарвуу, шилбэ, 2 өвдөг дэх зулгаралт гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн “А.А-ийн биед баруун дал, хоёр өвдөг дэх зулгаралт гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.А, Д.Т нар хоорондоо таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Т-ы биед баруун гарын 3-р хурууны 2-р шивнүүрийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ гэх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “заамдалцаад салсны дараа би өөрөө газарт байсан чулуунд бүдрээд унахдаа гараараа тулах үед миний гарын 3 дугаар хурууны үенд гэмтэл учирсан.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Д.Т-ы биед учирсан баруун гарын 3-р хурууны 2-р шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч А.А-ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл улсын яллагч 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 117 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар бичихдээ хохирогч Д.Т-ы биед учирсан дээрх хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч А.А учруулсан мэтээр бичсэн техникийн шинжтэй алдааг зөвтгөж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч, хохирогч, гэрч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Ханан” гэх газарт үйлдэгдсэн гэж мэдүүлсээр байтал улсын яллагч яллах дүгнэлтэд гэмт хэргийг хэзээ, хаана үйлдэгдсэн талаар огт бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана” гэснийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтоож хэргийг шийдвэрлэсэн бөгөөд прокурор цаашид яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэх шаардлагатай байна.    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Т-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А-ийн биед баруун дал, хоёр өвдөг дэх зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, мөн шүүгдэгч А.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-ы биед тархины доргилт, зүүн зулай дахь хуйхны, зүүн өвдөг дэх язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, баруун тохой, зүүн гарын ар гадаргуу, зүүн дал, зүүн сарвуу, шилбэ, 2 өвдөг дэх зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 72-73 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-ы хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад “А.А надад миний эмчилгээний зардалд нийт 4,500,000 төгрөг барагдуулж өгсөн... Би эм, эмнэлгийн зардлаа нөхөн төлүүлсэн учир надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, хохирогч А.А-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч А.А, Д.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгч нарын хувьд прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч А.А, Д.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Т нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч А.А, Д.Т нар нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч А.А, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-д 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч А.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Д.Т нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А овгийн А-ын А, Ш овгийн Д-ийн Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Т нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Т нар нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч А.А, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-д 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч А.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ВОЛОДЯ