Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ШШҮХд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 39 321 105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д- нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаар тушаалаар ШШҮХгийн дэд захирал, шүүх эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/64 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Энэ талаар 3 шатны шүүх үйл баримтыг тогтоож Г.Д-г үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаар дүгнэж, ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй тул дахин нэхэмжлэл гаргаснаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг шүүх шийдвэрлэсэн. Гэтэл уг байгууллага шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор өнөөдрийг хүртэл 2 удаагийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 28 сар 19 хоног буюу 635 хоногийн олговрыг нэг өдрийн 61 923 төгрөгөөр тооцон нийт 39 321 105 төгрөгийг ШШҮХгээс гаргуулж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэгчийг ажилдаа орохыг мэдэгдээгүй, ажил санал болгож байгаагүй, өнөөг хүртэл шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа хүсэлт гаргаж дансыг нь хаалгаж байсан ч шийдвэр гүйцэтгэлээс удахгүй дансыг нээчихдэг байсан. Нэхэмжлэгч одоо болтол ажилгүй байгаа. Хариуцагч байгууллагаас шийдвэрийн дагуу 2 724 636 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард олгосон нь үнэн. 2015 оны шүүхийн шийдвэрээр тогтоосон олговрыг өнөөг хүртэл төлөөгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн сайдын 2013 оны А/01 дүгээр тушаалаар тус байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан тул ШШҮХгийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/64 тоот тушаалаар тус хүрээлэнгийн Дэд захирал, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч Г.Д- шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр Г.Д-г албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2 724 636 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр биелэгдээгүй тул Г.Д- ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж дахин шүүхэд хандсанаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 8 дугаар 24-ний өдрийн 1123 дугаар магадлалаар ажилгүй байсан 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин болох нийт 27 918 716 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Манай зүгээс 2013 оны шүүхийн шийдвэрийг биелүүлж Г.Д-д нөхөн олговроос Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг суутган нийт 2 470 193 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Харин 2015 оны шийдвэрийн дагуух төлбөрийг 2016 оны төсөвт суулгуулахаар Хууль зүйн яаманд хүргүүлсэн боловч батлаагүй.

ШШҮХгийн удирдлага 2016 оны 9 дүгээр сард шинээр томилогдсоноор шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өмгөөлөгч О.Сарангэрэлтэй 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэгтэй 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус биечлэн уулзсан болно. Энэхүү уулзалтаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах 27 918 716 төгрөг төсөвт суугдаагүй байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яаманд төлбөрийн асуудлыг уламжлан төсөвт суулгуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллах талаар тайлбарлаж, өмнө ажиллаж байсан ажил байхгүй болсон тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх хэмжээний Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын чиглэлийн ахлах, эсхүл Аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргаар томилон ажиллуулах, Цагдаагийн ерөнхий газарт цолны асуудлыг нь шийдвэрлүүлэхээр хүргүүлэх тухай, мөн өндөр насны тэтгэвэрт гарах боломж байгаа талаарх саналуудыг тавихад өмгөөлөгч, шийдвэр гүйцэтгэгч нар нь нэхэмжлэгчид танилцуулаад хариу өгнө гэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч нарт удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/42 дугаар тушаалаар Шүүхийн шинжилгээний байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд энэхүү тушаалаар Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн даргын орон тоо цомхотгогдсон бөгөөд энэхүү ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд эгүүлэн томилох томилгооны тушаал гаргахын тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт заасны дагуу Г.Д-гийн өөрийн хүсэлт болон хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг зайлшгүй авах шаардлагатай. Харин Г.Д- нь тус хүрээлэнгээс хүргүүлсэн саналыг хүлээж авахгүй, ажилд эргэн орох хүсэлт, хөрөнгө оруулгын мэдүүлгээ бөглөж өгөхгүй байгаа нь ажилдаа эргэн орох хүсэл зориг байхгүй, ажил хийхгүй цалин, тэтгэмж бодуулан авах зорилготой байгаа нь харагдаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаартай шийдвэрээс хойшхи 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг өмнөх шийдвэрт заасан хэмжээгээр тооцон олгоход манай зүгээс татгалзах зүйлгүй. Харин 2016 оны 9 дүгээр сарын 04-нд бүтэц орон тооны өөрчлөлт орсон, манай зүгээс шийдвэрийг биеүүлэхээр адил чанарын ажил, албан тушаал санал болгосон ч нэхэмжлэгч ажиллах сонирхолгүй байгаа тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч 2014 оны 01-8 дугаар сарын хооронд “Элегантин интернэшнл инвестмент Монголий” ХХК-д буюу өөр байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг сарын 800 000 төгрөгөөр тооцон төлсөн байдаг тул дээрх хугацаанд авсан 6 400 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ШШҮХгээс 35 442 920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 878 185 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас 335 165 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас 335 165 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ. Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглээгүй тул ШШҮХгээс 335 165 төгрөгийн тэмдэгтийн хураамж гаргуулах шийдвэрийг хүчингүй болгож, мөн давж заалдах гомдлын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 165 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч ШШҮХд холбогдуулан ажилгүй байсан 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх олговорт 39 321 105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 35 442 920 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд талууд эвлэрч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх гэрээ байгуулсан ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02852 шийдвэрүүдийг биелүүлэх харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

 

Гэрээнд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 684 тоот шийдвэрт зааснаар Г.Д-гийн ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 2.724.636  төгрөгийг бүрэн биелүүлсэн, Г.Д-г 2017 оны 12 дугаар сард багтаан албан тушаалд нь эгүүлэн томилохоор,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1123 дугаартай магадлалд заасан 27.918.716 төгрөгийг ШШҮХгийн 2018 оны төсөвт суулгуулсан тул мөн оны нэгдүгээр улиралд олгохоор,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02852 дугаар шийдвэрт заасан нэхэмжлэгч Г.Д-гийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 17 636 939 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 352 739 төгрөг, хүн амын орлогын албан татвар 1 627 110 төгрөг, нийт 1 979 849 төгрөгийг суутган хасч 15 657 090 төгрөгийг ШШҮХгийн 2019 оны төсөвт суулгуулан олгохоор, мөн Г.Д-гийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч ШШҮХ бүрэн төлөхөөр тус тус тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нь нэхэмжлэгчийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 17 636 939 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 352 739 төгрөг, хүн амын орлогын албан татвар 1 627 110 төгрөг, нийт 1 979 849 төгрөгийг суутган хасч, үлдэх 15 657 090 төгрөгийг ШШҮХгийн 2019 оны төсөвт тусган нэхэмжлэгч Г.Д-д олгохоор, мөн Г.Д-гийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ШШҮХгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 335 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                             С.ЭНХТӨР